Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           20                                       2020/ШЦТ/380

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.М-,

шүүгдэгч Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Х-ын Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005003950323 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......... дүүргийн ... дугаар хороо ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Х-ын Г-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Мах маркетын хажууд байрлах нийтийн байрны 18 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрт байх үедээ Samsung S-7, Samsung note-4 маркийн 2 ширхэг гар утас, West нэртэй 8 хайрцаг тамхи, Соёрхол нэртэй 2 шил архи хулгайлан авч хохирогч Д.М-ад 366.250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Мах маркетын хажууд байрлах нийтийн байрны 18 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрт байх үедээ Samsung S-7, Samsung note-4 маркийн 2 ширхэг гар утас, West нэртэй 8 хайрцаг тамхи, Соёрхол нэртэй 2 шил архи хулгайлан авч хохирогч Д.М-ад 366.250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.М-ын “....Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркетын хажуу талд байрлах нийтийн байрны 2 давхарын 18 тоотод байж байхад нийтийн байрны 1 давхарын 8 тоотод байдаг хуурай ах Н ажлаасаа ирсэн байхаар нь би хамт архи уучих гэсэн чинь Н ах уухгүй гэж  хэлсэн. Тэгээд байж байхад Н ахын дүү ирсэн. Н ах гэртээ байсан дүү гэх үл таних эрэгтэйг дагуулж орж ирэхээр нь би тал байсан архиа Н ахын дүү гэх үл таних эрэгтэйтэй хамт хувааж уугаад танилцсан. Тэгээд танилцсан чинь  Н ахын дүү үл таних эрэгтэйг надад өөрийнхөө нэрийг Шараа гэж танилцаад хамт архи уугаад дуусгасан. Тэгээд би Шараагийн хамт дэлгүүр орж 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи аваад нийтийн байрны 18 тоот руу орсон. Тэгээд би Шараагийн хамт архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд би  сэрээд өөрийнхөө Samsung S7 маркийн гар утас, Samsung note 4 гэх гар утаснуудыг хайхад байхгүй байсан. Мөн миний  улаан West гэх нэртэй тамхинаас 8 хайрцаг, 2 шил Соёрхол 0.75 литрийн гэх эд зүйлүүдийг алдсан. ... нийтийн байрны 1 давхарт байрлах Н ах надад нөгөө чамтай архи уусан дүү Шараа ирж хувцас авах гээд ирж байгаа гэхээр нь хүлээж байгаад Шараатай уулзаад манай гэрээс хулгайлсан эд зүйлээ өгчих гэж хэлсэн. Тэгсэн Шараа гэх залуу юу яриад байгаа юм цагдаагаа дууд гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Н ахын дүү гэх Шараа намайг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гадаа дуудаад надад 399.000 төгрөг хохирлын мөнгө өгч миний хохирлыг барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“... Харин би өөрийн алдсан утасныхаа кодыг мэдэхгүй. Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. ... Миний хохирлыг Шараа буюу Г- нь бүрэн барагдуулсан. Миний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан тул гаргаж өгөх баримт байхгүй. Одоо надад гаргах санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Гэрч Н.Н-ийн “ ... Харин М- манай гэрт орж ирээд өөрийнхөө гар утас, архи, тамхи алга болчихсон гэж байсан. Би Шарааг эд зүйл авч байхыг хараагүй. ... Харин М-ынд анх уухдаа гар утас эд зүйл хулгайлсан гээд М-ын хохирлыг барагдуулсан гэж надад хэлж байсан. Би тийм юм байх гээд өнгөрсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ны №БГ2-20-178 дугаартай “Гар утас, архи, тамхийг 366.250 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Х.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Харин би тэр М- гэх нэртэй залуутай хамт 0.5 литрийн  Хараа гэх нэртэй архи хоёр шилийг уусан. Тэгээд архи уугаад байж байхад М- тасраад унтсан. Тэгэхээр нь би М-ын гэрт орон дээр байсан 2 ширхэг гар утас, зурагтын зүүн талд хайрцагтай тамхи байхаар нь авсан. Зурагтны баруун талд 2 шил Соёрхол архи байхаар нь аваад гарсан. Тэгээд би М-ын гэрээ гараад явж байхад ухаан орж гараад байсан. Архи согтууруулах ундаа хэтрүүлж уусан байсан болохоор М-ын гэрээс  авсан эд зүйлийг яг яаснаа санахгүй байна. Тэгээд тэр өдрөө хаана хэнтэй архи ууснаа мэдэхгүй байна. Хэд хоног дараалж архи уусан. ... Би согтуу байсан. Архи уух зорилгоор М-ын эд зүйлийг хулгайлсан. ... Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байнаа. Дахин энэ төрлийн гэмт хэрэг хийхгүй болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Г- 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Мах маркетын хажууд байрлах нийтийн байрны 18 тоотод оршин суух иргэн Д.М-ын гэрт байх үедээ Samsung S-7, Samsung note-4 маркийн 2 ширхэг гар утас, West нэртэй 8 хайрцаг тамхи, Соёрхол нэртэй 2 шил архи хулгайлан авч хохирогч Д.М-ад 366.250 төгрөгний хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Х.Г- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах явцад хохирогч Д.М-ын “... Миний хохирлыг Шараа буюу Г- нь бүрэн барагдуулсан. Миний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан тул гаргаж өгөх баримт байхгүй. Одоо надад гаргах санал хүсэлт байхгүй. ...” гэж мэдүүлсэн /хэргийн 10 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Х-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цаг хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ