Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 812

 

Г.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Д.Ганбат,  

хохирогч Б.Золзаяа, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Од холбогдох эрүүгийн 1905033620097 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Золзаяаг машины толь шүргэлээ гэсэн шалтгаанаар цавь тус газарт нь өшиглөж, биед нь баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ооос шүүхэд баримтаар ирүүлсэн 352.855 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Золзаяагийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардалд олгож, хохирогч Б.Золзаяа нь цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэх Б.Золзаяа нь 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгч Б.Оргилд зодуулж “Цавь, умдаг, бэлгийн их уруулын орчимд 15*13 см хэмжээтэй цус хуралт бүхий гэмтэл авсан” гэдэг нь дараах баримтуудаар шууд үгүйсгэгдэнэ.

            1. Шинжээч эмч Т.Амартүвшин нь “Аливаа хохирогч цавь, умдаг, эмзэг эрхтэндээ 15*13 см том хэмжээний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл авах дариуд хир зэрэг эмзэглэл мэдрэх вэ? Өвчнөө мэдрэхгүй яваад байсан байх боломжтой юу? гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултанд хариулахдаа “Тийм байх боломжгүй. Маш их өвдөлт өгнө” гэж хариулсан. Гэтэл хохирогч Б.Золзаяа нь 2019 оны 8 дугаар сарын 10-нд анх мэдүүлэг өгөхдөө энэ талын ямар ч гомдол мэдүүлээгүй. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү өөрөө шүүгдэгчийн хамт ямар ч зовиур шаналгаагүй эрүүл мэт явж мэдүүлэг өгсөн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... миний гуянд, өвдгөнд өшиглөсөн... гэж мэдүүлсэн байдаг.

            2. Шүүгдэгч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 9-нд зуны бороо орсны дараах дулаан өдөр байсан тул хөнгөн нимгэн хувцастай, цагаан өнгийн зөөлөн углааш, шаахай өмсөж явснаа мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг нь хохирогч нотлодог.

            3. Анх цагдаад дуудлага өгч гомдол гаргасан хүн нь миний үйлчлүүлэгч Г.О бөгөөд харилцан маргаж, ноцолдож байх явцад гар утсаа унагаж гэмтээлгэсэн тул цагдаад хандаж гомдол гаргах болсон.

            4. Г.О нь биеэр хохирогчийг бодвол жижиг бөгөөд өөрөө анх хэрэгт шалгагдаж эхлэх үеэс хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл эмзэг эрхтэнд нь огт өшиглөөгүй тухайгаа тогтвортой мэдүүлж ирсэн.

            5. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтэлтэй холбогдуулж хохирогч ямар нэг эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зэрэг баримт хэрэгт огт байдаггүй.

            Иймд дээрх баримтуудыг хянан үзэж, Г.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

  

Хохирогч Б.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Оын гэм буруутай үйлдлийн талаар анхан шатны шүүх хянан хэлэлцсэн өдөр би “...тухайн өдөр Улаанбаатар хот бороотой байсан тул би пүүзтэй явж байсан...” гэдгээ хэлж мэдүүлсэн. Г.О нь намайг зодсон өдрийн орой би Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна мэдүүлэг өгөх гээд хүлээж байх үеийн бичлэгээс үзвэл миний юу өмссөн байсныг харах боломжтой. Мөн энэ талаар бүх зүйл шүүхээр тогтоогдсон байдаг. Би хэрэг гарсны маргааш босож чадахгүй байсан тул гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлгээр явсан бүх баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шинжлэх ухааны тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч, өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлаж, анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцсон. Ингэхдээ дүгнэлтийнхээ талаар ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг шинэ гэмтэл гэж дүгнэсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч оролцохдоо дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хохирогчид үүсэн байх боломжтой талаар тодорхой тайлбарлаж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс “над руу гараараа самардах гээд байхаар нь би нэг удаагаа өшиглөсөн. Дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан. Мөн гэрч Тогтохбаярын “хоёр эмэгтэй хоорондоо зууралдсан байдалтай бие бие рүүгээ дайраад байсан. Гэтэл автомашины жолооч эмэгтэй гар утас уначихлаа гэж орилж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээрээс дүгнэхэд тухайн үед хохирогч, шүүгдэгч нар хоорондоо зууралдаж маргалдсан үйл баримт болсон байдаг. Түүнээс биш дундуур нь ямар нэг байдлаар өөр хүн орсон, эсхүл унаж бэртсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Од холбогдох эрүүгийн 1905033620097 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Золзаяатай “...машины толь шүргэлээ...” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Золзаяагийн цавин тус газарт нь өшиглөж “...баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

 

хохирогч Б.Золзаяагийн: “...урдаас нэг Тоёота приус загварын машин ирээд миний цүнхийг шүргэсэн. Тэгээд тэр машины жолооч өнгөрч зогсоод машинаасаа бууж ирээд хөөе чи машин эвдчихлээ гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь эргэж хараад явах гэтэл араас нөгөө эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж очоод машин чинь зүгээр байна шүү дээ гэж хэлэх гээд очиход тэр жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд миний цавь, аарцаг хэсэг рүү үгийн зөрөөгүй баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би яасан гэж намайг өшиглөж байгаа юм бэ? хоёулаа цагдаа дээр очоод учраа олно гэхэд ноосон цамцнаас татаад миний цамцыг урж гэмтээсэн. Цамцнаас чангааж зулгааж байснаа тэр эмэгтэй гэнэт миний гар утас эвдэрчихлээ гэж байсан. Би гар утсыг нь эвдээгүй, надтай зууралцаж, түлхэлцэж байхад гар утсаа өөрөө гартаа барьж байсан. Тэгээд намайг гар утас эвдчихлээ гэж хэлээд уурлан намайг шавар шавхайтай ус руу унагаасан. Уг нь тэр өдөр би сувилалд эмчлүүлж гарч ирээд гам барьж байхад тэр эмэгтэй намайг шавхай руу унагаасан. Тэгээд тухайн үед түгжрээ үүсээд жолооч нар тэр эмэгтэйг болиоч гэж хэлээд тэр эмэгтэй машинаа зогсоолд байрлуулсан. ...Тэр жолооч эмэгтэй аарцаг яс руу хүчтэй нэг удаа өшиглөсөн. Бас шавар шавхай руу түлхэж оруулсан. Энэ асуудлаас болоод миний бие маргааш өглөө нь цавиар хөхөрч няцарсан байсан. ...Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн.  ...” /хх 11-13/, “…Би Оргил гэх эмэгтэйн гар утсыг булааж аваад газар шидээд ч юм уу санаатай байдлаар эвдээгүй. Гарт нь утас байсныг хараагүй. Намайг өшиглөхөөр нь би буцаагаад цүнхээрээ далайгаад цохих үед гэнэт гар утас нь эвдэрчихлээ гээд орилоод байсан. …” /хх 55/, 

 

Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед бороо орсон гадаа шалбааг ихтэй байсан учир хүмүүс рүү ус цацахгүй гээд зогсож байтал бараан өнгийн өмд цамцтай эмэгтэй хажуугаар гарахдаа гараараа машины толь шүргээд гарчихаар нь та яасан муухай явдаг юм бэ гэж хэлэхэд эргэж хараад “зайл чи, чиний наад машин чинь үнэтэй юм уу” гээд буцаж ирээд надтай маргаад байхаар нь би “та эрүүл юм уу, согтуу юм уу шулмас шиг хүн рүү дайраад байхын” гэж хэлэхэд машины цонх онгорхой байхад гараа оруулж ирээд миний нүүр рүү самардахаар нь машиныхаа цонхыг хаатал машины цонх болон хойд талын хаалга руу гараараа болон цүнхтэй юмаараа цохиж өшиглөөд байхаар нь би машинаасаа буугаад утсаараа цагдаа дуудах гэтэл цагдаа дуудуулахгүй гээд дахин нүүр рүү самардаад баруун гар хөшөөд түлхээд байхаар нь би хөлөөрөө уг эмэгтэй рүү хариу өшиглөсөн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Золзаяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Золзаяа над руу дайраад байхаар нь өөрийгөө хамгаалах гээд эсэргүүцэл үзүүлсэн. Санаатайгаар энэ хүнийг гэмтээе гэж бодоогүй. ...” /хх 53-54/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.Золзаяагийн биед баруун цавь, умдаг, бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх 9835 дугаартай дүгнэлт /хх 25/, тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Т.Амартүвшингийн: “…Хөлөөр өшиглөх үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл..” /хх 30/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Оын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны арын замд иргэн Б.Золзаяатай “...машины толь шүргэлээ...” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Золзаяагийн цавин тус газарт нь өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас торгох ялыг сонгон авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр оногдуулсан нь Г.Оын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ