Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 116/2021/0008/З |
Дугаар | 221/МА2021/0450 |
Огноо | 2021-08-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0450
Д.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.Г нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй, Д.Г-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-ын Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах Худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 м.кв талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар сумын нутаг дэвсгэрт тухайн жилд газар дээр хийгдэх бүхий л арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд үндэслэн аймаг, сумын Засаг дарга нар газрын нэгдмэл сангийн тайланг гарган тайлагнадаг. Энэ нь газрын нэгдмэл сангийн тайлангийн кадастрын ажиллагаа бөгөөд энэхүү кадастр нь Газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн гэж Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд тодорхой заасан байдаг.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг аймаг, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тус актыг гаргах эрх байхгүй юм. Газрын тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг зохицуулсан ямар нэгэн зохицуулалт байхгүй боловч иргэний хүсэлтийн дагуу энэхүү газрын зориулалтыг өөрчлүүлэх асуудлыг манай байгууллага нь холбогдох хууль, тогтоомж, норм, стандартад нийцэж байгаа эсэх талаарх мэдээллийг бэлтгэн аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүлсэн байдаг. Тухайн хурлаас иргэдийн орц гарц, галын аюулгүй байдлыг хангасан төлөвлөлт хийлгэн аймгийн Ерөнхий архитектортай зөвшилцсөний үндсэн дээр зориулалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Энэхүү асуудал нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг ч Ерөнхий архитектор нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр гарын үсэг зурж, тэмдэглэгээ хийсэн бөгөөд үүнийг хурлын үеэр асууж тодруулсан.
Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгахгүйгээр газрын зориулалтыг өөрчилсөн захиргааны акт гаргахыг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт даалгасан нь хуульд нийцэхгүй юм. Учир нь хариуцагч газрын зориулалт өөрчлөх захиргааны акт гаргах эрх бүхий байгууллага биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд “Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа, үйлчилгээний зориулалттай 2000 м.кв талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлж өгөхийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ “Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа, үйлчилгээний зориулалттай 2000 м.кв талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж” гэж зөрүүтэй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн ойлгомжгүй шийдвэр болсон байна.
Нэхэмжлэгч Д.Г-т Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/443 дугаар захирамжаар нэгж талбарын 2106027419 дугаартай, 2000 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000067381 дугаар гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлүүлэхийг хүссэн, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахыг шаардсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бөгөөд нэхэмжлэлийг чухам Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасныг шүүх тодруулаагүй, өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлуулаагүй нь буруу байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэд, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх эрхийг тухайн шатны Засаг дарга эдлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тодорхойлж, түүнийг хуулиар олгосон ямар эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн уг эрхээ сэлгээлгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодорхой болголгүйгээр шууд хариуцагч байгууллагад захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.
Тодруулбал, хариуцагчид газрын зориулалтыг өөрчлөх эрх хэмжээ хуулиар шууд олгогдоогүйг анхан шатны шүүх анхаараагүй төдийгүй нэхэмжлэгчээс хариуцагчийг өөрийн гаргасан хүсэлтийг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан, эсхүл захиргааны акт гаргахаас татгалзсан нь хууль бус гэж чухам аль үндэслэлээр даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тодорхойлж дүгнэлт өгөөгүй нь буруу юм.
Ялангуяа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй ...иргэн хүнээс шаардлагагүй баримт бичгийг шаардсан” гэх тайлбартай холбогдуулан хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, газрын зориулалтыг өөрчлөхөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүйгээр шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР