Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01036

 

Ж.Ц, П.Ннарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр магадлалтай,

Ж.Ц, П.Ннарын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Цийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Ннар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29865 дугаартай шийдвэрээр Ж.Ц, П.Нбид 83 233 640,14 төгрөгийг Хас банк ХХК-д төлөхөөр болсон. Төлбөр авагчийн хүсэлтээр НШШГГт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бидний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон. Хотын А бүс цэвэр агаартай, төвийн халуун хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд холбогдсон, Гангар Инвест ХХК-ийн барьсан бүрэн цутгамал, 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орсон, дотор заслыг өндөр үнэтэй материалаар өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан 3 өрөө орон сууцыг 170 260 000 төгрөг буюу 1 м.кв-ийг нь 1 800 000 төгрөгөөр үнэлсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн дээрх үнэлгээний 70 хувь буюу 119 182 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Ннараас 83 233 640 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ж.Ц, П.Ннарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, Намьяанжу гудамж 75 дугаар байрны 33 тоот орон сууцыг битүүмжлэн хураан авч үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлүүлэхэд 170 269 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц, П.Ннарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараахь хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Ж.Ц, П.Ннараас шийдвэрээр Хас банкинд 83 233 640 төгрөгийг гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн. Тус Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 29865 дугаар шийдвэрт хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох үнэлгээ тогтоох ажиллагаа илт хууль бус, зах зээлийн үнээс хэт доогуур үнээр бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 хороо 75 байр 33 тоот 94.38 м.кв 3 өрөө орон сууцыг 2017 оны 09 сарын 28-нд очиж үнэлгээтэй танилцахад 1 м.кв үнийг 1 700 000 төгрөгөөр үнэлж 170 260 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж хэт доогуур үнэлсэн байна. Бидний Баянзүрх дүүргийн 25 хороо 75 байр 33 тоот 94.38 м.кв 3 өрөө орон сууц нь хотын төвийн үйлдвэр үйлчилгээ ойр, хамгийн хямдхандаа 2 000 000 төгрөгөөс 1 м.кв үнэ буурахгүй байхад шийдвэр гүйцэтгэх газар санаатайгаар бага үнэлж, худалдан борлуулах санаатай байна. Баянзүрх дүүргийн 25 хороо 75 байр 33 тоот 94.38 м.кв 3 өрөө орон сууцны шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 170 269 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56, 44 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Цийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Ннар хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, уг үнэлгээний 70 хувь буюу 119 182 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Ннараас 88 233 640 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба мөнгийг төлөөгүй тул гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 75 дугаар байрны 33 тоот 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан бөгөөд энэ ажиллагаанд төлбөр төлөгч нар гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа хүчинтэй болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн тул энэ үеэс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг хуулийн дагуу явагджээ.

Төлбөр төлөгч Ж.Ц, П.Ннар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 350 000 000 төгрөг гэж, санал гаргасныг төлбөр авагч Хас банк ХХК  зөвшөөрөөгүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХКомпанийн зүгээс Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхон 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94,38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 170 260 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэл муутай, зах зээлийн үнээс хэт доогуур гэх үндэслэлээ нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтын хэмжээнд, бодитой, үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх Ж.Ц, П.Ннарын НШШГГт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Цийн гомдлыг хангахгүй орхисугай.                     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА