Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 679

 

Ж.Ц, П.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ж.Цийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29865 дугаартай шийдвэрээр Ж.Ц, П.Н бид 83 233 640,14 төгрөгийг Хас банк ХХК-д төлөхөөр болсон. Төлбөр авагчийн хүсэлтээр Н-шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бидний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон.

Хотын А бүс цэвэр агаартай, төвийн халуун хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд холбогдсон, Гангар Инвест ХХК-ийн барьсан бүрэн цутгамал, 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орсон, дотор заслыг өндөр үнэтэй материалаар өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан 3 өрөө орон сууцыг 170 260 000 төгрөг буюу 1 м.кв-ийг нь 1 800 000 төгрөгөөр үнэлсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн дээрх үнэлгээний 70 хувь буюу 119 182 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Н-ар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Н нараас 83 233 640 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ж.Ц, П.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056409 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, Намьяанжу гудамж 75 дугаар байрны 33 тоот орон сууцыг битүүүмжлэн хураан авч үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлүүлэхэд 170 269 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжу гудамж 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2204056409 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 170,269,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 29865 дугаар шийдвэрээр Ж.Ц, П.Н нараас 83.233.640 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох үнэлгээ тогтоох ажиллагаа илт хууль бус, зах зээлийн үнээс хэт доогуур үнэ буюу 170.260.000 төгрөгөөр үнэлсэн байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 75 дугаар байрны 33 тоот 94.38 м.кв 3 өрөө орон сууц нь  хотын төвийн үйлдвэр үйлчилгээ ойр, 1 м.кв-ын үнэ хамгийн хямдаар 2 сая төгрөгөөс буурахгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар санаатайгаар бага үнэлж, худалдан борлуулах санаатай байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56, 44 дүгээр зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж.Ц, П.Н нар нь хариуцагч Н-холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/29865 дугаар захирамжаар Ж.Ц, П.Н нараас 88 233 640 төгрөгийг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Уг ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан бөгөөд энэ ажиллагаанд төлбөр төлөгч нар гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоолгохоор санал авахад төлбөр төлөгч Ж.Ц, П.Н нар нь 350 000 000 төгрөг гэх санал гаргасныг төлбөр авагч “Хас банк” ХХК эс зөвшөөрсөн тул хариуцагч байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. /хх 41-43, 45 дахь тал/

Түүнчлэн шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхон 75 дугаар байрны 33 тоотод байрлах, 94,38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 170 260 000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09/27 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн газарт хүргүүлснийг хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт мөн сарын 28-ны өдөр танилцуулсан болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/24382 дугаар мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгэсэн гэж үзнэ. /хх 15, 46-50 дахь тал/

Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

           

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД