Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 224

 

Г.Ганболдын нэхэмжлэлтэй 
захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар магадлалтай, Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Г.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганболд миний бие А.Наранхүүгийн хамт 2013 онд Арвайхээр сумын 8-р багт 35 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Бид барилга барихдаа улсаас ямар нэг дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүч, хөрөнгөнд түшиглэн банкны зээлээр барьж босгосон бөгөөд үүнээс ашиг олж чадаагүй юм.
Гэтэл аймгийн татаварын албанаас биднийг их хэмжээний ашиг орлого олоод түүнийгээ нууж татварын албанд мэдээлээгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шилжүүлснээр бид жил гаруй хугацаанд ямар ч ажил хөдөлмөр эрхлээгүй эдийн засгийн болон нэр хүндийн хувьд маш их хохирол хүлээсэн.
Ингээд прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 67 тоот тогтоолоор бидэнд холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, асуудал дууссан байхад прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд огт гомдол гаргаагүй байж байгаад нэг сарын дараа Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 100005282 тоот акт бичиж түүнийгээ татвар төлөгчид гардуулж өгөөгүй татварын хуулийг ноцтой зөрчиж ямар ч үндэслэлгүй их хэмжээний татвар, алданги, торгууль, хүү тооцон акт бичсэнийг үндэслэлгүй гэж аймгийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Аймгийн Татварын маргаан таслах зөвлөлийн хурал нь хүчингүй актыг хэлэлцэн нийт 59921443 төгрөгийн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад зөвшөөрөөгүй юм.
Учир нь эрүүгийн хэрэгт татагдахаас өмнө тогтоосон актаа үндэслэн асуудал бүрэн шийдэгдэж дууссаны дараа дахин уг актын утга агуулгаар төлбөр тавьсныг Маргаан таслах зөвлөл хуралдаж 59921443 төгрөг төлүүлэх тогтоол гарсан нь үндэслэлгүй.
Иймд Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Ганболд нь 2013 онд тус аймагт 35 айлын орон сууц барих ажлыг эхлүүлж, 2014 оны эхний улиралд улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хугацаанд Татварын хэлтэст ямар нэгэн татвар, мөнгө төлсөн асуудал байхгүй. Татварын хэлтсээс санхүүгийн шалгалт хийж 462,964,174 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж акт тогтоосон. Г.Ганболдын гомдлоор Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдаж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 01 дүгээр тогтоолоор дээрх төлбөрөөс 403,042,725 төгрөгийг хасч, 255,379,300 төгрөгийн зөрчилд нийт 59,921,443 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоол нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Татварын хэлтсээс Г.Ганболд, А.Наранхүү нарт 462,964,174 төгрөгийн татвар төлөх акт тогтоож Татварын маргаан таслах зөвлөл энэ мөнгөн дүнг 59,921,443 төгрөг болгон бууруулж НӨАТ-тай холбоотой мөнгөн дүнг хүчингүй болгосон. Үүнээс Г.Ганболд, Наранхүү нар нь 25,537,930 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж, үлдэгдэл 34,383,513 төгрөгийн татварыг төлөхийг үл зөвшөөрч Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаатай санал нийлэхгүй байна. Маргаан таслах зөвлөлөөс тогтоосон 59,921,443 төгрөг нь НӨАТ-тай хамааралтай мөнгөн дүн тусгагдаагүй, хувь хүний орлогын албан татвартай холбоотой нотлогдсон мөнгөн төлбөр юм. Иймд 01 дүгээр тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна гэжээ. 
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Г.Ганболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн 59,921,443 төгрөгийн зарим хэсгийг буюу 25,537,930 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар, 17,513,583.4 төгрөгийн хүү, алдангийг өршөөлийн хуульд хамруулахаар, үлдэгдэл 16,869,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Тус зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 2013 оны 05 дугаар сарын 01-ээс Өвархангай аймгийн Арвайхээр суманд 8-р багийн нутаг дэвсгэрт 7 давхар 35 айлын орон сууцны барилгыг Улаанбаатар хотын “Хас стемп” компаниар гүйцэтгүүлж 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилга угсралтын ажил эхлээд явж байтал 2013 оны 06 дугаар сард аймгийн татварын хэлтсээс шалгалтын хүмүүс ирж бичиг баримт шалгаад гүйцэтгэгч компанийн хүмүүстэй уулзна захиалагч хамаагүй гээд явсан. Би Татварын хуулийн мэдлэггүй учраас ингээд болох юм байх гэж бодоод барилгаа ашиглалтанд өгөөд барьсан орон сууцаа худалдан борлуулсан. Байраа худалдахдаа НӨАТ-ыг шингээж зараагүй. Барилгын засал хийлгэсэн болон ажилласан хүмүүсээс нэг ч төгрөгийн татвар суутгаагүй НӨАТ төлөгчөөр бүртгүүлдэг гэдгийг мэдэхгүй учраас НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй байсан.
Гэтэл 2014 оны 09 дүгээр сард аймгийн Татварын хэлтсийн хяналтын улсын байцаагч Наранчимэг дуудаж шалгана гэсэн. Бүх падаан, бичиг баримтаа өгч шалгуулсан. Гэтэл намайг 460 гаруй сая төгрөгийн татвар төл гэсэн. Татварын шалгасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Энэ барилгыг бариад ямар ч ашиг олоогүй банкнаас их хэмжээний зээл авч, мөн захиалгын мөнгөөр энэ барилгаа барьж дуусгасан учраас татвар төлөх ямар ч мөнгөгүй, төлөх боломжгүй гэтэл Татварын хэлтсийн байцаагч Наранчимэг, Наранчулуун нар нь намайг их хэмжээний орлого олж түүнийгээ нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Цагдаад шилжүүлсэн дүгнэлтэндээ иргэний эрхийг ноцтойгоор зөрчин 1973868600 төгрөгийн төсөвтэй барилгыг 3 тэрбум 151296900 төгрөгийн зөрчил гэж ямар ч үндэслэлгүй бичин их хэмжээний татвар төлөөгүй мэтээр цагдаад өгч бүтэн жил гаруй хугацаагаар маш их хохирсон. Уг хэргийг прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болгохдоо татвар ногдох орлого нь 124442700 төгрөг тул 12444240 төгрөрийн татвар, мөн суутган татвар 13093660 төгрөгийг төл гэсний дагуу нийт 25 сая 600 гаруй мянган төгрөг төлсөн байгаа. Гэтэл аймгийн татварын хэлтсээс прокурорын дүгнэлтийн дагуу өгөх хугацаанаас нь бараг 2 сарын дараа дахин цагдаад өгсөн дүгнэлтээ акт болгон хувиарлахдаа дүгнэлтэнд бичсэн тоогоо тэр чигээр нь акт болгоод тавьсан актаа татварын хуулийг ноцтойгоор зөрчин бичсэнээ иргэн надад огт танилцуулаагүй Татварын хуулийг зөрчсөнийг хянан шийдэж өгнө үү. 
Татварын байцаагч Наранчимэг, Наранчулуун нар нь акт бичсэн бол актаа танилцуулах буюу мэдэгдэх ёстой татварын хуулинд акт нь татвар төлөгч, татварын байцаагч нарын гарын үсэг зурж байж хүчинтэй болдог хуулийг ноцтой зөрчин хүчингүй актаар аймгийн маргаан таслах зөвлөл хэлэлцээд нийт 59 сая төгрөгийн татварыг төлөхөөр шийдвэр гаргасан. Үүнээс татварт төлсөн 25 сая төгрөгийг хасаад 34 сая төгрөгийг төлөхөөр шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэтэл татварын байцаагч Наранчулуун нь та захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй захиргааны зөрчил учраас захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж болно Татварын ерөнхий газраас тийм чиглэл өгсөн Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандах шаардлагагүй гэж хэлсний дагуу шүүхэд хандан 2 шатны шүүхээр хэлэлцэгдлээ. 
Энэ 34 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь барилга бариулаад ямар ч ашиг олоогүй мөн Эрээн хотоос татаж ирсэн орон сууцны 38 ширхэг бүргэд хаалга, угаалтуур 35 ширхэг, 75 ширхэг модон хаалга, вань 35 ширхэг, суултуур 35 ширхэг, паркетан шал 1840 м2, шатны болон коридорын чулуу, бүх ариун цэврийн өрөөний плита, вакум цонх зэрэг 90 гаруй сая төгрөг, мөн барилга барихад зориулж 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийн нийт дүнгээс хасаад өг гэж гуйтал татварын хяналт хариуцсан Даваасүрэн байцаагч хэл амаар доромжилсон. 
... Наранчимэг нь маргаан таслах зөвлөлийн гишүүн биш, маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг төлөөлсөн хүмүүс биш учраас давж заалдах шатны шүүх хуралд хууль ёсны бус төлөөлөгчид ороцсон байна. 
... Татварын байцаагч ямар нэг акт дүгнэлт үйлдээд түүнийгээ танилцуулж гардуулан өгнө гэж хуулинд заасан байгааг ноцтой зөрчсөнийг хянан шалгаж өгнө үү. Дараагийн барилгаасаа ашиг олно гэж бодон барилгаа барьсан. Гэтэл дараагийн барилга нь борлуулагдахаа байгаад одоо эдийн засгийн маш их хямралд ороод дампуурлын ирмэгт хүрээд байгааг харгалзан үзнэ үү. 
Дээд шатны татварын албаны маргаан таслах зөвлөлд хандахад ямар ч боломжгүй /хугацааны хувьд/ Наранчимэг, Наранчулуун нар нь байгууллагыг төлөөлж хариуцагчаар оролцож байгаа нь хуульд нийцэхгүй байгааг хянаж өгнө үү. 
7 давхар 35 айлын орон сууцныг барихад 1973868600 төгрөгийг орлого олоод түүнээсээ 1849425900 төгрөгийг зардал гаргасан гэж миний шалгуулсан баримтанд байгаа юм. Үүнд барилгын Эрээн хотоос татсан бараа, барилга барихад зориулсан тоног төхөөрөмжийн зардлыг хасчихвал ямар ч ашиггүй болоод байхад 197386860 төгрөгийн НӨАТ-ыг төл гэх, 531439300 төгрөгийн ашиг олсон гэх, мөн барилга бариулсан компанийн төлөх ёстой татварыг “Хас стемп” компаниар төлүүлэхгүй надаар төлүүлэхээр акт тавьсан нь хуульд нийцэхгүй. Мөн ямар ч үндэслэлгүй их хэмжээний алданги торгууль хүү зэргийг бодож байгаа нь иргэн хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг хянаж шалгаж өгнө үү гэжээ.          
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 273 дугаар магадлалд дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна
Үүнд: 1. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар нэхэмжлэгч цаашид хэрхэхийг зааж өгөөгүй байна.
2. Нэхэмжлэгч одоо дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандахад, хугацааны хувьд боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна.
 3. Маргаан бүхий актыг анх Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар тогтоосон атлаа шүүх хуралдаанд байгуулагыг төлөөлөн хариуцагчаар оролцож байгаа нь хуульд нийцэхгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн магадлалтай хэргийг хянаж өгнө үү гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүх Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтыг буруу хэрэглэж, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчилд үнэлэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Шүүх "... захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй атал үүнийг зөрчиж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч гомдлоо тус аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нь буруу" гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч Г.Ганболд татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.Уг зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Татварын маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нэг үе шаттай байхаар хуульчилсан байна. Ийм учраас захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Ганболдын хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн, түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-т заасныг зөрчөөгүй.
Иймд Өвөрхангай аймгийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж, өгнө үү гэжээ.
                                                                                  ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Ганболд нь анх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж татварын улсын байцаагч Я.Наранчимэг, М.Энхбат нарын “...2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100005282 дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар захирамжаар “... урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Г.Ганболд нь татварын улсын байцаагчийн дээрх актыг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсаны дагуу уг Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “... актаар тогтоосон ... /нийт/ төлбөрөөс 403,042,725.1 төгрөгийг хасч, ... 59,921,443.4 төгрөгийг төлүүлэхээр” тогтоожээ. 
Нэхэмжлэгч Г.Ганболдоос 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж “... /Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх/ Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...орон сууц барьж ... ашиг олоогүй байхад ... татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100005282 дугаартай акт бичиж, ... их хэмжээний татвар, алданги, хүү тооцсон” гэж тодорхойлсон, анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжаар “... Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн дарга Р.Наранчулуунд” холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамжаар хариуцагч Р.Наранчулууныг “... Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяраар” сольжээ. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “…хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг” ойлгохоор заасан, тухайн тохиолдолд, Г.Ганболдын нэхэмжлэлд дурдагдсан “...татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100005282 дугаартай акт”, “...Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоол”-ын аль нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, аль нь урьдчилан шийдвэрлэх журмаар тогтоосон захиргааны актад хамаарах талаар шүүх анхаарч үзээгүйгээс хариуцагчийг буруу тодорхойлон хэргийг шийдвэрлэж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчөөс татварын улсын байцаагчийн өөрт холбогдох актыг “хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй, энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “урьдчлан шийдвэрлэх” ажиллагаа бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас ... гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн /бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах/” гэсэн нь захиргааны журмаар урьдчлан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа захиргааны актад холбогдуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх агуулгатай зохицуулалт тул татварын Маргаан таслах зөвлөлөөс татвар төлөгч Г.Ганболдын гомдлыг хянаад гаргасан “...актаар тогтоосон төлбөрийг бууруулсан” шийдвэр нь тухайн тохиолдолд бие даасан захиргааны акт болохгүй юм.
Иргэн, хуулийн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч түүний нэрлэн заасан “хариуцагч” болон “захиргааны акт” нь өөрийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсон байдалтай нийцэхгүй буюу зөрчилдөж байвал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хариуцагчийг солих эсхүл хамтран хариуцагчаар татах талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т тус тус нарийвчлан заасан байхад анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн “зөрчигдсөн” гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, дээрх журмыг баримтлан холбогдох хариуцагчийг зөв тодорхойлоогүй нь буруу, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Түүнчлэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... иргэн ... захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл ... тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас ... гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах иргэн, хуулийн этгээдийн эрхийг хуульчилсан, нэхэмжлэгч Г.Ганболдоос татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100005282 дугаартай актад холбогдуулан татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн байх тул “...урьдчилан шийдвэрлүүлээгүй” гэх үндэслэлгүй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандаагүй нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах иргэний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасан “татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх” журам нь татварын улсын байцаагчийн шийдвэрт холбогдуулан гаргасан татвар төлөгчийн гомдлыг татварын байгууллага захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх тул уг хуулийн заалтыг захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлахгүй,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын хувьд шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага болох Татварын хэлтсийн татварын Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргасан бөгөөд түүнээс гарсан  шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол иргэн Г.Ганболд захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлсэн, ... нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.3-т заасныг зөрчөөгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар ... шүүх хуралдаанд байгуулагыг төлөөлөн хариуцагчаар оролцож байгаа нь хуульд нийцэхгүй”,  “...нэхэмжлэгч цаашид хэрхэхийг зааж өгөөгүй”, “... одоо дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандахад, хугацааны хувьд боломжгүй болсон”, “...ямар ч үндэслэлгүй их хэмжээний алданги, торгууль, хүү ногдуулж байгаа нь иргэн хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа” гэх зэргээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.   
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар магадлалыгтус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганболдоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.


ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ 

ШҮҮГЧ                                                        Д.МӨНХТУЯА