Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0221

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0273

Улаанбаатар хот

 

 

Г.Ганболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Наранчулуун, Я.Наранчимэг, Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 05 сараас эхлээд 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 7 давхар 35 айлын орон сууцыг А.Наранхүүтэй хамтран барьсан. Бид барилга барихдаа улсаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүч, хөрөнгөд түшиглэн банкны зээлээр барьж босгосон. Барилгаас ямар нэгэн орлого олоогүй байхад барьж байгаа барилгад 59,921,443 төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ асуудал дээр эрүү үүсч, цагдаагийн газар шалгагдаж, прокурорт шилжээд 25,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн. Уг мөнгийг би төлсөн. Прокурорын газраас эхлээд хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дахин хэрэг үүсгэлээ гэснээ Өршөөлийн тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн. Надад орлогоо нууж хаасан зүйл байхгүй. Энэ барьсан барилгаас ямар ч ашиг олоогүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Ганболд нь 2013 онд тус аймагт 35 айлын орон сууц барих ажлыг эхлүүлж, 2014 оны эхний улиралд улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хугацаанд Татварын хэлтэст ямар нэгэн татвар, мөнгө төлсөн асуудал байхгүй. Татварын хэлтсээс санхүүгийн шалгалт хийж 462,964,174 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж акт тогтоосон. Г.Ганболдын гомдлоор Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдаж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 01 дүгээр тогтоолоор дээрх төлбөрөөс 403,042,725 төгрөгийг хасч, 255,379,300 төгрөгийн зөрчилд нийт 59,921,443 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоол нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Татварын хэлтсээс Г.Ганболд, А.Наранхүү нарт 462,964,174 төгрөгийн татвар төлөх акт тогтоож Татварын маргаан таслах зөвлөл энэ мөнгөн дүнг 59,921,443 төгрөг болгон бууруулж НӨАТ-тай холбоотой мөнгөн дүнг хүчингүй болгосон. Үүнээс Г.Ганболд, Наранхүү нар нь 25,537,930 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж, үлдэгдэл 34,383,513 төгрөгийн татварыг төлөхийг үл зөвшөөрч Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаатай санал нийлэхгүй байна. Маргаан таслах зөвлөлөөс тогтоосон 59,921,443 төгрөг нь НӨАТ-тай хамааралтай мөнгөн дүн тусгагдаагүй, хувь хүний орлогын албан татвартай холбоотой нотлогдсон мөнгөн төлбөр юм. Иймд 01 дүгээр тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Г.Ганболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн 59,921,443 төгрөгийн зарим хэсгийг буюу 25,537,930 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар, 17,513,583.4 төгрөгийн хүү, алдангийг өршөөлийн хуульд хамруулахаар, үлдэгдэл 16,869,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар давж заалдах гомдолдоо: Г.Ганболд нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 35 айлын 2 орон сууц барьж борлуулсан. 1 дэх 35 айлын орон сууц нь 2014 оны 01 дүгээр сард, 2 дахь 35 айлын орон сууц нь 2014 оны 08 дугаар сард ашиглалтад орсон. Татварын шалгалтыг 1 дэх 35 айлын орон сууцны барилга барьсан үйл ажиллагааны санхүүгийн баримтад хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар тус аймгийн Татварын хэлтсээс Г.Ганболд нарт нийт 462,964,174 төгрөгийн татвар төлөх акт тогтоосон. Г.Ганболд нь тус актыг үл зөвшөөрч татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, зөвлөлөөс дээрх мөнгөн дүнгээс НӨАТ-тай холбоотой бүх мөнгөн дүнг хүчингүй болгож, 59,921,443 төгрөг болгон бууруулсан. Гэтэл Г.Ганболд нар нь 25.537.930 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа төлсөн, үлдэгдэл 34,383,513 төгрөгийг үндэслэлгүй гэж Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг.

Уг тогтоолоор тогтоосон 59,921,443 төгрөгийн актыг хэрхэн тогтоосон талаар дурдахад 2013 онд барилгын ажил гүйцэтгүүлсэн ажилчдад болон тээврийн хөлс, бэлэн мөнгөний зарлагын баримт, жагсаалтаар 130,936,600 төгрөгийн ажлын хөлс олгохдоо хувь хүний орлогын албан татвар суутгаагүй зөрчил, 2013 онд хувиараа 35 айлын орон сууц бариулж, борлуулаад тайлагнаагүй, татвар төлөөгүй 531,439,300 төгрөгийн татвар ногдуулах зөрчил юм. Г.Ганболд нь шалгалтын явцад зардлын баримт олдохгүй байж байгаад шүүх шинжилгээний хүрээлэнгээр шалгуулахдаа мөн татварын магадлах шалгалтын явцад татвар төлөгч нь шаардлагатай хасагдах зардлын баримтуудыг нэмэлтээр авч ирсэн тул тэдгээр зардлуудыг авч үзэн, тоног төхөөрөмж худалдан авсан болон газар худалдан авсан зардлыг зардал гэж тооцолгүй бусад зардлыг хасаж тооцон хувь хүний орлогын албан татварт 1,973,868,600 төгрөгийн орлоготой 1.680.725.900 төгрөгийн зардалтай гэж үзэн 293,142,700 төгрөгийн татвар ногдуулах орлоготой байгаа учраас 29.314,200 төгрөгийн нөхөн төлбөр 8,794,260 төгрөгийн торгууль, 3,320.419.4 төгрөгийн алданги төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Нэргүй нь дээрх нөхцөл байдлыг дутуу ойлгож /НӨАТ-тай холбоотой асуудлыг ойлгоогүй/ гаргасан шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч дээрх барилгуудыг барьж, хуулийн мэдлэггүйгээс татварын хэлтэст бүртгэлгүй, ямар нэг ашиг, орлого олоогүй байхад зарим татвар ногдуулсан нь буруу байна гэж үзлээ” гэх дүгнэлтэд дээрх барилгууд гэж ямар асуудлыг яриад байгаа юм бэ? энд 1 барилгын татвар төлөөгүй асуудал яригдаж байгаа, татварын мэдлэггүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш юм. Ашиг орлого олсон нь хэрэгт баримтаар 1.973.868.600 төгрөг байхад ашиг олоогүй гэж, зарим татвар ногдуулсан нь буруу байна гэж ямар татварыг хэлж байгаа нь ойлгомжгүй, хэргээ ойлгоогүй хүн л бөөрөнхий, тойруулсан дүгнэлт хийх байх.

2. Шүүхийн  шийдвэрийн  үндэслэх  хэсэгт “Мөн  иргэн  Г.Ганболд, А.Наранхүү нар нь хамтарч барилга барьсан гээд байхад ганцхан иргэн Г.Ганболдод татварын акт, тогтоол оногдуулсан нь үндэслэлгүй болжээ” гэж үзэж байгаа нь туйлын гайхалтай, хэрэгт авагдсан бүх баримтууд Г.Ганболдын нэр дээр байдаг. Г.Ганболд нь иргэн  А.Наранхүүтэй хамтарч барилга барьсан боловч ганцхан намайг шалгаад байна гэсэн гомдол нь тухайн барилгын бүх гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл Г.Ганболдын нэр дээр хийгдсэн. Харин А.Наранхүү гэдэг хүн хөрөнгө оруулалт хийж оролцсон байхад үндэслэлгүй гэсэн нь энэ хэрэгт субъектив талын санаа зорилго байгаа мэт санагдана.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуралдаан даргалагч шүүгч Ц.Нэргүй нь шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг уншихдаа ...“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.10, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Татварын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын зарим хэсгийг буюу 34,383.513 төгрөгийг хүчингүйд тооцсугай” гэсэн бөгөөд шийдвэрийг тайлбарлах явцад “тухайн зөрчил нь НӨАТ-ын хуультай холбоогүй шүү дээ яагаад хүчингүй болгож байгаа юм бэ” гэж хэлэхэд та гомдлоо гаргах эрхтэй гэж хэлсэн. 07 дугаар шүүхийн шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардаж авахад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт өөрчлөгдөж, Өршөөлийн тухай хуулийг баримталсан нь үнэхээр байж боломгүй, хэргийн оролцогчдыг доромжилсон, хуулийг уландаа гишгэсэн ёс зүйгүй үйлдэл болсон.

4.  Энэ шүүх хуралдаанаас гарсан шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ганболд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...12,444,270 төгрөгийг төлсөн баримт иргэний хэргийн материалд байгаа учраас төлсөн татварыг дахин төл гээд байгааг ойлгохгүй байна. Татварын хуулийг ноцтой зөрчиж, акт үйлдэхдээ татвар төлөгчөөр гарын үсэг зуруулдаггүй, гардуулж өгдөггүй, өөрсдөө дур мэдэн дуртай тоогоо бичдэг үйлдэл нь ...баримтуудаар батлагдаж байна. Прокурорын болон мөрдөн  байцаалтын шатанд шалгагдаж байсан бүх татварын маргаантай хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдана гэж өөрсдөө хэлсээр байж ямар ч үндэслэлгүй тоонуудыг дур мэдэн бичиж, хууль шүүхийн байгууллагад ойлгогдохооргүй бичиг баримт бүрдүүлж өгөөд шүүхийн ажлыг хүндрүүлж байгаад маш их харамсаж байна. Уг хэрэг Өршөөлийн хуульд бүтнээрээ хамрагдах эсэхийг нягтлан шийдвэрлэхийг хүсье... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Шүүх хуралдааны шийдвэрийг шүүгч тайлбарласныг хуралд оролцогчид зөрүү буруу ойлгож болох ч шийдвэр бичигдээд оролцогчдод хүргэгдсэнийг зөв үнэлэх үүрэгтэйг ойлгох ёстой. Г.Ганболд эрүүгийн хэргээр шалгагдаж  байхдаа хүсэлт гаргаснаар Н.Наранхүүтэй хамт шалгаж шийдвэрлүүлсэн. Урьд нь хийсэн шалгалтын баримт, акт энэ хэргийн шийдвэрийн үндэс болж байгаа тул Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар өөрсдийн тавьсан актын үндэслэлд Г.Ганболдоос заавал төлбөр гаргуулах сонирхолтой нь зайлшгүй холбоотой юм. Хариуцагч нарын “Г.Ганболд нь банкинд өртэй, түүний хүүг нь хасаж тооцсон” гэсэн тайлбараар Г.Ганболд барилга бариад ашиг олоогүй нь нотлогдож байна... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Энхбат, Я.Наранчимэг нар нь иргэн Г.Ганболдын 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, “2013 онд хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэн, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1000000663 тоот улсын байцаагчийн дүгнэлт бичиж, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн ба 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тус аймгийн Прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар тогтоолоор “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дахин хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаар тогтоолоор яллагдагч Г.Ганболд, А.Наранхүү нар нь “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, “гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшсэн, аймгийн Татварын хэлтэст нөхөн төлөх ёстой 25 сая төгрөгийн хохирлыг сайн дураар төлж барагдуулсан” гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Татварын улсын байцаагч нар дээрх санхүүгийн баримтаар илэрсэн 3.151.296.900 төгрөгийн зөрчилд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 тоот актаар 315.129.690 төгрөгийн нөхөн татвар, 134.016.279 төгрөгийн торгууль, 13.226.044.9 төгрөгийн алданги, 592.160.6 төгрөгийн хүү, нийт 462.964.174,5 төгрөгийн төлбөрийг ногдуулсаныг нэхэмжлэгч Г.Ганболд эс зөвшөөрч тус аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “татварын улсын байцаагчийн 100005282 тоот актаар ногдуулсан нийт 462.964.174.5 төгрөгийн төлбөрөөс 2.727.217.600 төгрөгийн зөрчилд ногдох 272.721.830 төгрөгийн нөхөн татвар, 121.293.921 төгрөгийн торгууль, 8.434.819.5 төгрөгийн алданги, 592.160.6 төгрөгийн хүү нийт 403.042.725.1 төгрөгийг хасч, 255.379.300 төгрөгийн зөрчилд ногдох, 42407860 төгрөгийн нөхөн татвар, 12.722.358 төгрөгийн торгууль, 4.791.225.4 төгрөгийн алданги, нийт 59.921.443.4 төлүүлэхээр тогтоожээ.

Татвар төлөгч нь татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4-д “Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд” гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг тусгайлан заасан байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй атал үүнийг зөрчиж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлоо тус аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нь буруу байна.

Зүй нь, Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4-д зааснаар дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гомдлоо гаргаж шийдвэрлүүлэн улмаар тухайн зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Татварын ерөнхий хуулийн 72.2-д заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуульд захиргааны журмаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан заасан байхад түүнийг анхаараагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан нэхэмжлэлийг татгалзах үндэслэл бий эсэхийг нягтлан шалгалгүй, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан улмаар хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Тус зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР