Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0454

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, А.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штаб, ЗХЖШ/202101010 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 499 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх” гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн шаардлага болох нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг буюу “нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ёстой гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гомдол гаргалаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн субъектив эрхээ сэргээлгэхээр, уул эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...захиалагчийн зүгээс тендерийг хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зохих ёсоор дахин үнэлэх, эсхүл тендерийг хүчингүй болгож, дахин зарлах гэх мэт Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломж байгаа тул...” гэж дүгнэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр хэнд, ямар байдлаар үр дагавар үүсгэх вэ гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарахыг хүсье.

Хэргийн оролцогч биш, маргалдагч биш этгээдүүд /жишээ нь: тендерт оролцогч “А” ХХК тендерийг шинээр зарлавал оролцож болох хэн нэгэн компани/-д үр дагавар бий болгож, цаашлаад тендерт шалгарах боломж нээж өгснөөрөө анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг анхан шатны шүүх зөрчжээ.

Тендерийн багц 4-д “Б” ХХК, “М” ХХК, “А” ХХК-ууд л оролцсон бөгөөд тендерийн Үнэлгээний хороо “А” ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй, үнэ тодорхойгүй гэж дүгнээд тендерээс татгалзсан.

Тус компани гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Тендерт шалгарсан “М” ХХК нь шаардлага хангаагүй, энэхүү компанийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрүүд хууль бус гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн атлаа удаах хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч болох “Б” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг хангасангүй.

Нэхэмжлэгч нь тендерийн шалгуур, шаардлагыг хангасан болохыг тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /дүгнэлт/, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл /дүгнэлт/ болон тендерийн баримт бичиг, бусад үйл баримтуудаар хангалттай тогтоох боломжтой.

Нэгэнт шаардлага хангасан тендер байхад түүнтэй гэрээ байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжтой.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэрэгт үнэлэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

“М” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан ЗХЖШ/202101010 дугаартай хувцас, хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад оролдож, холбогдох тендерийн дүрэм, журмын дагуу оролцож, шалгарсан.

Манай компанийн зүгээс тендерийн шалгаруулалтад заагдсан материалыг хугацаанд нь бүрдүүлж өгсөн ба мөн түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (б)-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг өөрийн тендерт ирүүлэх шаардлагагүй бөгөөд 2019, 2020 оны тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглан шалгана” гэж заасан ба 2020 оны жилийн эцсийн “санхүү байдлын тайлан”-г хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Цахим санхүүгийн тайлангийн систем”-д илгээсэн бөгөөд Нийслэл аудит компаниар аудит хийлгэж, Хан уул дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулалт хийлгэсэн, 2020 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг “Цахим татварын систем”-д хуульд заасан хугацаанд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр илгээж татварын албаар баталгаажуулсан.

Дээрх баримт нь нийтэд илэрхий буюу татварын албаны цахим системээс харах бүрэн боломжтой баримт бөгөөд манай компанийн зүгээс аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн ба аудитын тайлан нь санхүүгийн зөрчил буюу татварын өргүй байсан болохыг нотлох бичгийн баримт юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэж заасныг зөрчсөн гэж маргасан ба анхан шатны шүүх мөн үндэслэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Дээрх маргаан бүхий Үнэлгээний хорооны шийдвэрийг “Б” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1647 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтын дагуу хүчингүй болгож, мөн зүйлийн 55.3.3 дахь заалтад заасны дагуу зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардаж шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3“Энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараахь баримт бичгээр нотолж болно”, 14.3.1 “шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг”, 14.3.2“үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Татварын ерөнхий газарт хандан нотлох баримт шаардсаны дагуу тус газраас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1750 дугаар албан бичгээр “...”М” ХХК-ийн татварын өрийн мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 26-ны болон 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар татварын өргүй байна” гэсэн хариуг өгсөн бөгөөд хуульд заасан гомдол шалгах эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1647 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хуульд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг, үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг гэж заасан ямар бичгийн нотлох баримтыг үндэслэж мөн дүгнэлтийг гаргаж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргаж байсан болох нь тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн зүгээс хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, шалгах үүргийхээ хүрээнд мөн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт хангалттай шалган тогтоох ажиллагааг хийлгүйгээр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/396 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1750 дугаартай албан бичгээр тус тус гуравдагч этгээд “М” ХХК татварын өргүй байсан гэх бичгийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, түүнийгээ нотолж нотолгооны эх сурвалжийг зааж чадаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэжээ.

Хариуцагчийн зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу нэгэнт эрх бүхий захиргааны байгууллага буюу Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татварын өргүй талаарх лавлагаа, тодорхойлолтыг хүргүүлсэн тохиолдолд Сангийн яамнаас даалгасан зөрчил арилсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд харин ч анхан шатны шүүхийн зүгээс хэргийн хувьд хөндлөнгийн байр сууринаас хандаж мөн нотлох баримтуудын эх сурвалжийг шалган тодруулж, Сангийн яам болон Татварын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн баримтуудын зөрүүг тогтоож, хуульд нийцсэн дүгнэлтийг хийх ёстой байсан.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргасан 2021/57 дугаартай итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын дүнд дурдсан оёдлын утасны даалтад хамаарах MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг “М” ХХК-ийн бэлтгэж буй бүтээгдэхүүн хангасан эсэхийг захиалагч мөн нягтлах ёстой байсан гэж дүгнэсэн нь шүүх бүхий л боломжит байдлаар (энгийндээ бөөс түүх зарчмаар) хариуцагчийг болон гуравдагч этгээдийг буруутгах зорилготой байсан гэж хардах үндэслэлийг төрүүлж байна.

Учир нь 2021/57 дугаар бүхий итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын дүгнэлт нь зөвхөн тухайн дээжид хамаарах үзүүлэлт ба гуравдагч этгээдийн үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт биш юм. Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргадаггүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мөн үндэслэлийг гаргаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн бэлтгэн нийлүүлж буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоох (тусгай мэдлэг боловсрол бүхий шинжээчийн дүгнэлт гаргаагүй), мөн бүтээгдэхүүн бодит байдал дээр ямар байгаа зэрэгт үзлэг хийх зэрэг ажиллагаа огт хийгдээгүй болно.

Түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 /д/ “шаардлагатай техникийн тодорхойлолтод заагдсан бараа, бүтээгдэхүүн хүлээн авна” гэж, “техникийн тодорхойлолт”- д Цегейк захтай салдаг дотортой савхин дээл: Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан загварыг баримтална, МNS6414:2013, МNS6415:2013 стандартын шаардлагыг баримтална гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын 2021/57 дугаар бүхий дүгнэлт нь MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг баримталсан байгаа нь илт өөр стандарт, шаардлага байгаа ба тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-д заасан шаардлага биш байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах нь үндэслэлгүй юм.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ нь тендерт оролцогчдын тендерийн үндсэн баримт бичиг бөгөөд түүнд харшлаагүй тендерийн материалыг бүрдүүлж оролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцнэ.

Мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа нь барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт шаардлагатай нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тендерийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэх байсан ба гуравдагч этгээдийн тендерийн материал нь ТОӨЗ-д заасан шаардлагыг хангаагүй, зөрсөн гэх зүйл байхгүй юм.

Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллагын бүхий л хууль бус үйл ажиллагааг хянаж, зөвтгөхийг даалгах үүрэггүй, гагцхүү захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаар гэрээ байгуулах мэдэгдэл, “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр дахин тендер явуулж, үнэлгээ хийх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байх ба “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ”-нд болон ТОӨЗ-д заасан бараа материал хүлээн авах хугацаа дууссан (хавсралт №2 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цегейк захтай савхин дээл 500, савхин бээлий 500, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цегейк захтай савхин дээл 450, савхин бээлий 200-г тус тус хүлээн авч дуусах ёстой байсан ба мөн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс алба хаагч нарт хүлээлгэн өгнө), мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой.

Маргаан бүхий тендерийг хүчингүй болгосноор дахин тендер зарлах, дахин үнэлгээг хийж, шалгаруулалтыг явуулснаар тендерийн гол зүйл болох цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэлийг цаг хугацаанд нь хүлээн авах, цэргийн алба хаагчдыг өвлийн хувцас хэрэглэлээр хангах боломжгүй болох юм.

Хэдий нэхэмжлэгч нь мөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэж тайлбарласан боловч түүнийгээ нотолсон зүйлгүй. Харин гуравдагч этгээд “М” ХХК-ийн хувьд мөн бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг бэлэн болгосон ба түүнийг нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан болно.

Иймд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 499 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабаас зарласан зэвсэгт хүчний 2021 оны хэрэгцээт хувцас, хэрэглэл бэлтгэн нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн 4 дүгээр багцад зарлагдсан “Цегейк захтай савхин дээл, савхин бээлий” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б” ХХК болон гуравдагч этгээд “М” ХХК-ууд оролцож, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тендерийн шалгаруулалтын хурлаар аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийж “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “М” ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлыг Сангийн яам хянаад 6-1/1856 дугаар албан бичгээр ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчсөн хэмээн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

Үүний дагуу тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр хурлаар тендерүүдэд дахин үнэлгээ хийж нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “М” ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1790 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “шалгарсан аж ахуйн нэгж байгууллагаас өндөр үнийн санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр татгалзаж байгааг мэдэгдэж, гуравдагч этгээд “М” ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шаардлага хангаагүй буюу татварын өр төлбөртэй байсан “М” ХХК-ийн тендерээс татгалзах ёстой байтал мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж, тендерт үнэлгээ хийсэн. “М” ХХК-ийн тендерийн санал нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, тендерт оролцогчийн мэдээлэлд санхүү, татварын тайлан байхгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байхад шалгаруулсан нь шударгаар тендерт оролцсон “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/396, Татварын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1750 дугаар албан бичгүүдээр гуравдагч этгээд “М” ХХК нь тендер нээх үед буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар татварын өр төлбөргүй болох нь тогтоогдож байх төдийгүй, энэ тохиолдолд мөн хуулийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж дүгнэсэн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Сангийн яамнаас шалгарсан аж ахуйн нэгж нь тендер шалгаруулалтын нээлтийн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн татварын албаны дугаар бүхий тодорхойлолтоор “татварын өртэй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар дурдаж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгдсэнийг тендерийн Үнэлгээний хороо хүлээн авч, дахин хянан үзэхдээ нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн “...Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл буюу дүгнэлтийг гаргахдаа тус хорооны бүх гишүүдийн гарын үсгийг зуруулах, хэрвээ эсрэг саналтай гишүүн байсан бол тэр тухай тэмдэглэл бичүүлж гарын үсэг зуруулах талаар хуулийн императив шаардлага тавигдсан болохыг хайхралгүй зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангах нэг үндэслэл болгосон нь буруу байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд халдвар тархалтын улаан түвшинг тогтоож төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг чанд мөрдүүлэхээр арга хэмжээ авсан байх бөгөөд үүнтэй уялдан Үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар хуралдаж, тухайн хуралдааны тэмдэглэлд 3 гишүүний гарын үсэг зурагдаагүй байгааг буруутгах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...оёдлын утасны даалтад хамаарах MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг хангасан эсэхийг захиалагч нягтлан шалгах ёстой байсан” гэж маргасан бөгөөд техникийн тодорхойлолтод Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан загварыг баримтална, MNS6414:2013 MNS6415:2013 стандартын шаардлагыг баримтална гэж зааснаас үзэхэд “М” ХХК-ийн бэлтгэн нийлүүлсэн бүтээгдэхүүний оёдлын утасны даалт дээрх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2021/57 дугаар бүхий итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын дүгнэлт нь зөвхөн тухайн дээжид хамаарах үзүүлэлт ба гуравдагч этгээдийн үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт биш ... “техникийн тодорхойлолт”- д Цегейк захтай салдаг дотортой савхин дээл: Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан загварыг баримтална, МNS6414:2013, МNS6415:2013 стандартын шаардлагыг баримтална гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын 2021/57 дугаар бүхий дүгнэлт нь MNS ISO 23910:2016 стандартын шаардлагыг баримталсан байгаа нь илт өөр стандарт, шаардлага” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хэдий эд ангийн тодорхойлолтоор дээр дурдсан чанарын стандартын шаардлагыг баримтлах хэдий ч тендерийн техникийн тодорхойлолтод оёдлын утасны даалт хэд байх талаар нарийвчлан тусгаагүй, нөгөөтэйгүүр итгэмжлэгдсэн лаборатори №44 сорилтын дүнгээр “М” ХХК-ийн ирүүлсэн хувцасны зориулалттай арьсны оёдлын утасны даалт 60, бээлийний савхины оёдлын утасны даалт 64 байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.

Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрээр захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дүгээр мэдэгдлийг үндэслэн “М” ХХК-тай Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх 04 тоот гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “уг гэрээг тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан атал гэрээний эхний хэсэгт 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэсэн өөр огноотой байна” гэж маргасан боловч нэгэнт гэрээний хоёр тал харилцан тохиролцож, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох заалттай байх, нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэсэн огноо нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Б, “М” ХХК-ийн ерөнхий захирал А.Г нарын гэрээ байгуулсан хугацаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Г уг гэрээг баталгаажуулан гарын үсэг зурсан” гэж тайлбарлаж байх тул тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд “Б” ХХК-ийн гаргасан ЗХЖШ/2021/01010 дугаартай тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл худалдан авах тухай” гэрээг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 499 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, “М” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх” гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугайгэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ