Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00396

 

“Д” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэр,                                                      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2390 дугаар магадлалтай,

“Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Т-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч Б.Т-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т- нь тус ББСБ-тай 2016 оны 7 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дууссан, зээлдэгч зээл,  хүүгийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 328.952 төгрөг, хүү 613.334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.114 төгрөг  нийт 995.400 төгрөгийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр төлсөн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй. 2017 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож 433 хоногийн хүү 2.866.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577.189 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нийт 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: би нэхэмжлэгчтэй 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлсэн, энэ талаар маргахгүй. Зээлийн гэрээний хугацаанд нийт 995.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 4 сарын 13-ны өдөр миний өмчийн өмнө талд байдаг барилгад гал гарч өмчийн минь ихэнх хэсэг шатаж нуранги үүссэний улмаас үлэмж их хэмжээний хохиролд орж төлбөр төлөх чадваргүй болсон. Энэ талаар тус байгууллагын захирал болон эдийн засагч нарт мэдэгдэж байсан. Д ББСБ нь үндэслэлгүйгээр 8.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцооллоор үндсэн зээл 3.671.048 төгрөг үлдсэн. Энэ үнийн дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолж бодох ёстой. Мөн гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн хүнд байдалд орсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар хөнгөлж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Т-оос зээлийн гэрээний үүрэгт 5.712.150,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.287.850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Т-оос тэмдэгтийн хураамж 106.344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2390 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хурлаас гарсан 101/ШШ2017/03066 шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 2390 тоот магадлалд гомдол гаргах нь:

2017 оны 04 дүгээр сар 13 ны өдрийн 16 цагаас 18 цагийн хооронд иргэн Б.Т- миний өмчийн СХД-гийн 14 хороонд байрлах 3 давхар барилгад түймэр гарч, 3 давхрын ихэнх хэсэг ба 2-р давхрын ихэнх хэсэг бүрмөсөн, 1-р давхрын тэн хагас, подвалийн хэсгүүд нь шатаж, нуранги үүссэний улмаас үлэмж их хохирол гарсны дээр цаашид зарим хэсэг нь нурах хажуугаар нь явах явган хүний зам 1 метрт баруун ар талд нь орон сууцны арк 7-8 метр зайд байдаг тул хүн, хүний амь нас эрдэх аюулын байдалтай болж, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай болсноор төлбөр төлөх төлбөрийн чадваргүй байдалд хүрсэн. Энэ талаар би зээл авсан “Д” ББСБ-ийн зээлийн эдийн засагч болон захиралд нь мэдэгдсэн. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэлийн зөрүү ба ББСБ-ууд залилан шүүхийн шийдвэр гаргуулдгийг баримтуудаар нотлон мэдүүлж, би өмнө нь 995.000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн төлбөрт 3.671.048 төгрөг үлдсэн , энэ дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодох ёстой. “Д” ББСБ-аас барьцаалж авсан Зээл болон хүү, алданги төлөх хугацааг 6 сараар түдгэлзүүлэх буюу эс бол үндсэн зээлийг 100% зээлийн хүү ба нэмэгдүүлсэн хүүг 50%-иар төлөхөөр шийдвэр гарган өгч иргэнд учирсан гамшиг ба эрсдэл дээр нь нэмж дарамт, цаг хугацааны хүчирхийлэлд өртөхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү.

Иймд дээрх шийдвэрт заасан хариуцагч иргэн Б.Т-оос үндсэн зээлийн төлбөрт 3.671.048 төгрөг, зээлийн хүү 1.700.918,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340.283,7 төгрөг ба бүгд 5.712.150,5 төгрөг гаргуулан “Д” ББСБ олгохоос үндсэн зээлийн төлбөрт төлөх 3.671.048 төгрөгийг хэвээр үлдээж, зээлийн хүү 1.700.918,8 төгрөгийн 50% болох 850.459,4 төгрөг ба нэмэгдүүлсэн хүү 340.283,7 төгрөгийн 50% болох 170.140,8 төгрөг бүгд 1.020.600,2 төгрөгийг чөлөөлж дээрх төлбөрийн дүн 5.712.150,5 төгрөгөөс энэхүү 1.020.600,2 төгрөгийг хасч нийт 4.691.550,3 төгрөг ба түүнд тохирсон дүн бүхий тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид төлөхөөр тус тус шийдвэрлэн өгч, эдийн засгийн хямралт нөхцөл байдал ба тохиолдсон гамшгийн үед иргэндээ хандсан хуулийн зарчмаар дүгнэж, шударга зарчмуудыг ханган, асуудлыг эрх зүйн үүднээс зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК нь хариуцагч Б.Т-оос зээлийн гэрээний үүрэгт  8.000.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр хариуцагч нь 4.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, Hummer H3 0 маркийн 4770 УББ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч зээлийн төлбөрт 995.400 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж,   гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зээлийн үлдэгдэл төлбөр 3.671.048 төгрөгөөс гэрээний болон хэтэрсэн хугацааны хүүг тооцож, төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоож, нэхэмжлэлээс 5.712.150 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гал түймрийн улмаас эд хөрөнгөнд хохирол учирч зээл төлөх боломжгүй болсон тухай тайлбараа хариуцагч нотолж чадаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2390 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/21082 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ