Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0440

 

“С” ОНӨААТҮГ-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагч Т.М нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.М-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “С” ОНӨААТҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалт, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх энэ маргаж байгаа асуудал нь зөрчлийн хэрэг мөн үү, биш үү гэдэгт эхэлж дүгнэлт хийх ёстой байтал дүгнэлт хийлгүй зөвхөн улсын байцаагчийн гаргасан гэрээ хийгээгүй дулаан өгсөн байна гэдэг байдлаар хандаж хэргийг шийдвэрлэсэн. Дулаан эрчим хүч авч хэрэглэж ая тухтай байж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан дэлгүүр кафены дулааны шугам нь зарим хэсгээрээ тохиолдлоор хөлдөж хагарсан байна. Гэтэл үүнд айл өрх, иргэдийг дулаан байлгах гэж хичнээн зүтгэж ажиллаж байгаа манай байгууллагыг зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй зүйл юм. Энэ бол зөрчлийн хэрэг биш гэж үзэж байна. Гомдол гаргасан иргэдийн дэлгүүрийн дулааны шугамд гэмтэл гараагүй байхдаа зөрчил биш, гэтэл гарахаар зөрчил болж дулаанаар хангаж байгаа байгууллага нь шийтгүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.М нь иргэн С.Отгонбаатар, Ц.Болормаа, М.Сарнай нарын эзэмшлийн “Мишээл” нэртэй кафе дэлгүүрийн дулааны шугам хөлдөж ус алдсаны улмаас эд хогшилд хохирол үүссэн гэсэн гомдлын дугаа шалгаж манай байгууллагыг гэрээ байгуулаагүй дулаан өгсөн гэж торгох шийтгэлийн хуудас бичсэн. Шүүх хохирогч нарын хүсэлт зорилгоос өөрөө буюу “С” ОНӨААТҮГ-г хариуцагч гэж үзэж буруутгасан нь гомдол гаргасан иргэдийн мэдүүлээд байгаа “Бид олон жилийн хугацаанд хууль журам зөрчиж дулаан түгээх үйл ажиллагаа явуулж байсан урьдын компанид гомдолтой, тэр компанийг ажиллуулах зөвшөөрөл өгч байсан төрийн байгууллагад гомдолтой гэсэн тайлбар шүүхэд өгөөд байхад шүүх хохирогч нарын энэ тайлбарыг анхаарч үзээгүй юм.

Манай байгууллага нь иргэдийг өвлийн улиралд дааруулахгүй гэсэн зорилгоор дулаанаар хангаж байгаа бөгөөд тус иргэд ч гэсэн зөвшөөрч дулаан авч хэрэглэж байгаа. Энэ байдал нь дулаан өгч байгаа болон дулаан авч байгаа талууд бодит байдал дээр хүлээн зөвшөөрөгдөж гэрээ хийгдсэн байна гэдгийг үйлдлээрээ баталж байгаа ойлголт юм. Ийм тодорхой байдал байхад шүүх заавал бичгээр гэрээ хийгдсэн байх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ тус иргэд бид дулаан авахгүй, дулааны шугамаа салгуулъя гэж өргөдөл хүсэлт өгөөд байхад манай байгууллага хүчээр дулаан өгсөн бол нэг өөр асуудал юм. Манай байгууллага нь төр захиргааны байгууллагын шийдвэрийн үндсэн дээр Алтанбулаг сумыг дулаанаар хангах үүрэг хүлээж үүргээ бүрэн гүйцэтгэж байгаа байгууллага юм. Манай байгууллагаас өмнө Алтанбулаг сумыг дулаанаар хангаж байсан гэх компанийн ажиллаж байх үед тус иргэдийн дулааны шугам нь энэ л байдлаар холбогдсон байсан юм. Бид тус иргэдийн шугамын холболтыг өөрчлөөгүй юм. Улсын байцаагч Т.М нь бодит байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй, ямар учраас дулааны шугам нь хөлдөж хагарсан шалтгааныг тодруулаагүй, мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулахгүйгээр шууд л шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой бөгөөд энэ баримтууд хэргийн материалд байгаа болно. Шүүх хэрвээ энэ гомдлуудын утга агуулгад анхаарч үзсэн бол гомдол гаргасан иргэдийн дулааны шугам ямар хүчин зүйлээс болж хагарч гэмтсэнийг тогтоолгох нь зүйтэй юм байна, эрчим хүчний мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулъя, нотлох баримтыг бүрэн цуглуулъя, дараа нь хэргийг шийдвэрлэж үнэн зөвийг тогтооё гэсэн зорилготой байх байсан гэж үзэж байна. Дулаан хангах гэрээг хоёр тал хийдэг. Гэтэл гомдол гаргасан дулаан авч байгаа иргэд ч гэсэн гэрээнд гарын үсэг зураагүй. 

Дулааны шугам хөлдөж хагарч байгаа байдал нь гэрээтэй огт хамааралгүй юм. Гэрээ байгуулсан атлаа дулааны шугам гэмтэх тохиолдол олон байдаг билээ. Ийм учраас гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар шугам хагарсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шүүх дулааны шугам гэмтэхээс өмнөх үйл явдал болох гэрээ хийсэн үү гэдэгт анхаарах биш, харин дулааны шугам юунаас болж хагарсан, хэн нэгний буруутай үйлдэл байсан уу? гэдэгт анхаарах ёстой байсан. Иймд гомдол гаргасан иргэдийн дулааны шугам хагарч эд зүйл усанд норж гэмтсэн хохирлыг урьд өмнө нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэх компани хариуцах ёстой гэсэн хохирогч иргэдийн гомдол үндэслэлтэй юм. Зөрчлийн тухай хуулийн 2.1-р зүйлийн 1 дэх хэсэгт хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Эндээс дүгнэлт хийхэд манай байгууллага буруутай үйлдэл хийгээгүй учир зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-р зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан байна. Гэтэл улсын байцаагч нь дулааны шугам ямар хүчин зүйлээс болж гэмтэл гарав гэдгийг тогтоож чадаагүй, нотолж чадаагүй байхад шүүх шийтгэлийн хуудсыг нь зөв гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсаар “С” ОНӨААТҮГ-ыг дулааны эрчим хүчний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож, 951.500 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “С” ОНӨААТҮГ нь дээрх Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үеийн нөхцөл байдал, иргэн Ц.Болормаа, С.Отгонбаяр, М.Сарнай нарын үйлдэл, эс үйлдэхүйн талаар харилцан уялдаатай дүгнэлт хийж чадаагүй байна.

Аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэхэд гэм хор учирсан байх, уг гэм хортой холбогдогчийн үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой байх, улмаар холбогдогчийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн гэм буруу байх ёстой.

“С” ОНӨААТҮГ-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь тухайн хагарсан гэх халаалтын хэвтээ шугам нь “С” ОНӨААТҮГ-ын өмч бус байна. Холбогдох хуулиас үзэхэд, тодруулбал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн “Мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг” гэсэн 19 дүгээр зүйлийн  19.1-д Мэргэжлийн байгууллага дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 19.1.4. “Орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах” гэж заажээ. Энэхүү заалтаас үзэхэд мэргэжлийн байгууллага болох Сэлэнгэ-Энерго ТӨААТҮГ нь тухайн орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг хүлээж байна. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 хэсэг 2 дугаар байрны 01 тоотыг өмчлөгч С.Отгонбаатар нь өөрийн өмчлөлийн орон сууцны дотор байрлах тоног төхөөрөмж, халаах хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг хүлээхээр байна. 

Энэхүү орон сууц дотор байрлах дулааны шугам сүлжээ нь Сууц өмчлөгчдийн холбоонд мөн адил хамааралгүй болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна” гээд уг зүйлийн 15.1.1-д “... орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд ... “ гэж заажээ. Иймд СӨХ нь орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хүртэлх хэсэг хамаарахаар байна.

С.Отгонбаатар нь хэрэглэгч болохынхоо хувьд Эрчим хүчний тухай хуулийн “Хэрэглэгчийн эрх, үүрэг” гэсэн 30 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээх ёстой. Уг зүйлийн  30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй” гэж заагаад дараах үүрэг хүлээхийг хуульчлан тогтоожээ. Тухайлбал:

30.1.2.эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;

30.1.3.техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;

30.1.4.эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;

30.1.8.өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах; үүрэг хүлээж байна.

2131000067 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Отгонбаатар, М.Болормаа /хамт амьдардаг/ нар нь "... эрчим хүчээр хангах гэрээ хийх гэж... удаа дараа очсон тэгэхэд бид танай байгууллагаас өмнөх Алтанбулаг сумын халаалтыг хариуцдаг байсан компанитай маргаантай байгаа ... гэх зэргээр тайлбар шалтгаан хэлж гэрээ хийдэггүй байсан ... иргэн С.Отгонбаатар нар дулаан авч хэрэглэж байгаа атлаа хэрэглэснийхээ төлбөрийг 2017 оны 10 сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл төлөөгүй байгаа ... бид дулаан авахгүй дулаанаар хангахыг зогсоож өгнө үү гэсэн бол бид дулаан хангамжийг зогсоож болох байсан ...” гэх зэргээр тайлбар гаргаж байсан,  “... мөн дулаанаар хангагч эрх бүхий этгээдийн төлөөлөгчийг орон байранд нэвтрүүлдэггүй, үзлэг хийх боломжоор хангадаггүй, дулааны гэрээ байгуулдаггүй гэж сум хариуцсан инженер Г.Отгонсайханы тодорхойлолт гаргаж байжээ.

Тухайн орон сууц нь иргэн С.Отгонсайханы хууль ёсны өмч болох нь 000185528 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн  дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд С ТӨААТҮГазрын тухайд тухайн орон сууцанд хүчээр нэвтрэх боломжгүй,  халаалтын холболтыг өөрчлөх, салгах боломжгүй байсныг харгалзан үзээгүй байна.

Мөн эрчим хүчээр хангах гэрээ нь 2 талын гэрээ бөгөөд зайлшгүй 2 тал гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Гэтэл С.Отгонбаатар, Ц.Болормаа нар нь гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан байна. Түүнчлэн тухай орон сууц нь нийтийн зориулалттай 64 айлын орон сууц бөгөөд тухайлан нэг айлыг тойруулж дулааны шугамыг дахин холболт хийх бодит боломжгүй, хэрвээ С.Отгонбаатарын шугамыг хаавал дараагийн айлуудад халаалт очихооргүй байна. Иймд С.Отгонбаатар, Ц.Болормаа нарыг гэрээгүй дулааны эрчим хүчээр хангасан, дулаанаар хангахаас татгалзах байсан гэж шууд буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Зөрчлийн хэргийн 45 дугаар хуудас /захиргааны хэргийн 75 дугаар хуудас/ С.Отгонбаатар, Ц.Болормаа нарын өргөдөл авагдсан байх бөгөөд тухайн өргөтгөл нь  стандарт бусаар салаалсан байж болзошгүйг Мэргэжлийн хяналтын байгууллагаас  шалгаагүй байна.

Зөрчлийн хэргийг нээхдээ Ц.Болормаагийн эзэмшлийн орон сууцанд  зөрчил гарсан  гэж нээсэн боловч зөрчлийн хэргийг шалгах явцад С.Отгонбаатар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ц.Болормаа нь гэрчээр оролцсон, тэрээр хамтран амьдрагч гэж мэдүүлсэн байна.  Шийтгэлийн хуудсын тухайд зөвхөн энэ зөрчлийг шалгаж шийтгэл ногдуулсан бөгөөд “С” ОНӨААТҮГ-тай холбогдох өөр гомдлыг энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар /0066130 дугаартай шийтгэлийн хуудсаар/  шийдвэрлээгүй байх тул В.Ганболд, Ц.Сарнай нарын тухайд ямар нэгэн дүгнэлт шүүхээс өгөөгүй болно. Түүнчлэн гомдол гаргагчийн зүгээс зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасныг баримтлан “С” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.М-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066130 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч “С” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР