Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01075

 

А.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 612 дугаар магадлалтай,

А.Уийн нэхэмжлэлтэй

М.Чд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16 170 ам.доллар буюу 39 697 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ч 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, 4,5 хувийн хүүтэй 7 000 ам.доллар зээлсэн бөгөөд зэлээ төлнө гэж байгаад гадаад яваад сураггүй болсон тул цагдаад гомдол гаргасан. Цагдаагийн газраас шалгаад М.Чгийн дүү н.Отгонцэцэгийн тодорхойлолтыг үндэслэн тогтоол гаргасан. М.Чг Монголд ирэхээр шүүхэд өгч болно гэсний дагуу түүнийг Монголд ирэхийг хүлээж байсан. Ингээд 2017 оны 9 сарын дундуур Наран трейд дэлгүүрийн орчим тааралдахад Монголд ирээд 2 жил болсон гэж сонссон. Зээлийн төлбөр 7 000 ам.доллар, хүү 3 780 ам.доллар, алданги 5 390 ам.доллар нийт 16,170 ам.доллар буюу 39 697 350 төгрөгийг М.Чгаас гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хуулийн хугацаанд тайлбараа гаргаж өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Зээлийн гэрээний үүрэг 2008 онд биелүүлэх байсан боловч төлнө гээд олдохоо байсан тул 2011 онд цагдаад хандсан. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгчтэй байнга уулзаж байсан гэж мэдүүллээ, сүүлд уулзаж зээлийн асуудал яригдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн байгууллагад хандаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Ч гадагшаа эмчилгээнд 1 жилийн хугацаатай явсан бөгөөд удаан хугацаагаар явсан, алга болсон зүйлгүй. Энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, холбоотой байнгын харилцаатай байсан гэдэг. Нэхэмжлэгч 2007 онд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үүргээ шаардах, гомдол гаргах хугацаа эхэлнэ. 2011 оны 11 дүгээр сарын 15 гэхэд шүүхэд хандах боломжтой бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа цагдаад хандсан. Хэрэв цагдаад хандсанаар хугацаа тасарсан гэж үзэхэд прокурорын тогтоол гарсны дараа хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой ч мөн хугацаа хэтэрсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00022 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Чд холбогдох 39 697 350 төгрөг гаргуулах тухай А.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 612 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр энэхүү хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч А.Унь өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох ёстой ба анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч А.Уболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны явцад өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй болно. Нэхэмжлэгч А.Унь 2007 оноос 2012 оны 2-р сарыг хүртэл хугацаанд болон 2012 оны 2-р сараас хойш 2017 оны 11-р сар хүртэлх хугацаанд М.Чд холбогдуулан шүүх болон эрх бүхий байгууллагад хандаж байсан тухай нотлох баримт хэрэгт огт байхгүй. А.Унь шүүх болон эрх бүхий байгууллагад хандах боломж байсан ба түүний эрхийг нь хэн ч хязгаарлаагүй, хориглоогүй билээ. Ийнхүү Иргэний хуульд заасан хугацаа тоолох, хугацаа тасалдах, хугацаа дуусгавар болох гэсэн нөхцөл байдал тодорхой нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Монгол улсын хуулийг нотцойгоор зөрчиж 612 дугаартай магадлалыг гаргасан тул энэхүү магадлалыг бүхэлд нь хүчингүй болгоно уу. 2/ Магадлалыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...“, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж, хууль бус буруу шийдвэр болсон тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгоно уу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25.2.2-т “нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд энэ шаардлага хэргийн бүх оролцогч нарт ижил тэгш хамаарах ёстой билээ. Гэтэл энэ үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нягтлан анхаарч, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд бүрэн тулгуурлан зөв дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн нотлох баримтанд тулгуурлаагүй хэт нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт хийж хууль бус шийдвэрийг гаргасан тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Ухариуцагч М.Чд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 170 ам.доллар буюу 39 697 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэл зааснаас өөрөөр гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 7 000 ам.долларыг 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлбэл хоног дутам, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх талаар талууд тохиролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагч М.Ч нь гадаад улсад хэдий хугацаанд байсан, Монгол Улсад хэдийд ирсэн, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал мэдсэн эсэхийг тодруулснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэх боломжтой гэж үзэж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, гэрээний үүргийн харилцаанд ач холбогдол бүхий уг эрх зүйн асуудал тодорхой бус тохиолдолд шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэх, эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.  

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 612 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА