Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00612

 

       А.У-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00022 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ч-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16 170 ам.доллар буюу 39 697 350 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ч 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, 4,5 хувийн хүүтэй 7 000 ам.доллар зээлсэн бөгөөд зэлээ төлнө гэж байгаад гадаад яваад сураггүй болсон тул цагдаад гомдол гаргасан. Цагдаагийн газраас шалгаад М.Ч-ийн дүү н.О-ийн тодорхойлолтыг үндэслэн тогтоол гаргасан. М.Ч-г Монголд ирэхээр шүүхэд өгч болно гэсний дагуу түүнийг Монголд ирэхийг хүлээж байсан. Ингээд 2017 оны 9 сарын дундуур Наран трейд дэлгүүрийн орчим тааралдахад Монголд ирээд 2 жил болсон гэж сонссон. Зээлийн төлбөр 7 000 ам.доллар, хүү 3 780 ам.доллар, алданги 5 390 ам.доллар нийт 16,170 ам.доллар буюу 39 697 350 төгрөгийг М.Ч-аас гаргуулж өгнө үү.

 Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хуулийн хугацаанд тайлбараа гаргаж өгөөгүй  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Зээлийн гэрээний үүрэг 2008 онд биелүүлэх байсан боловч төлнө гээд олдохоо байсан тул 2011 онд цагдаад хандсан. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгчтэй байнга уулзаж байсан гэж мэдүүллээ, сүүлд уулзаж зээлийн асуудал яригдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн байгууллагад хандаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Ч гадагшаа эмчилгээнд 1 жилийн хугацаатай явсан бөгөөд удаан хугацаагаар явсан, алга болсон зүйлгүй. Энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, холбоотой байнгын харилцаатай байсан гэдэг. Нэхэмжлэгч 2007 онд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үүргээ шаардах, гомдол гаргах хугацаа эхэлнэ. 2011 оны 11 дүгээр сарын 15 гэхэд шүүхэд хандах боломжтой бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа цагдаад хандсан. Хэрэв цагдаад хандсанаар хугацаа тасарсан гэж үзэхэд прокурорын тогтоол гарсны дараа хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой ч мөн хугацаа хэтэрсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ч-д холбогдох 39 697 350 төгрөг гаргуулах тухай А.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хариуцагчийг Монголд ирсэн эсэхийг шалгах эрхтэй байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой. Иргэний бүртгэлийн байгууллага, хил хамгаалах байгууллага М.Ч-ийн хилээр орсон гарсан талаар А.У-т хувь хүний нууц учраас лавлагаа өгөхгүй. Прокурорын тогтоол байхад цагдаагийн байгууллага хүлээж авахгүй, гадаадад гарсан гэдэг нь тогтоогдсон иргэнийг эрэн сурвалжлах болон хаяг нь тодорхойгүй нэхэмжлэлийг шүүх хүлээж авахгүй. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор заасан. Хариуцагч М.Ч шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлсэн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гадаадад байсан ба хариуцагч тал зөвшөөрдөг. Гэнэтийн нөхцөл нэхэмжлэл гаргах гаргах боломжгүй нөхцлийг хэлж болох ба М.Ч-г Монголд ирсэн өдрөөс эсвэл ирсэн гэдгийг мэдсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Шүүх хугацааг буруу тооцсон байна. Иймд дээрх 2 үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

         Нэхэмжлэгч А.У-г хариуцагч М.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 170 ам.доллар буюу 39 697 350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Зохигчдын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7 000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр хүртэл, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр  зээлийн гэрээ байгуулагдсан байна.

          Хэрэгт авагдсан М.Ч-ийн дүү н.О-ийн “Миний эгч М овогтой Ч нь 2011 оны 12 дугаар сарын 20-нд Герман улс руу хөлөө эмчлүүлэхээр явсан. Одоо Франц улсад хөлний хагалгаанд ороод эмнэлэгт байгаа бөгөөд ирэх хугацаа нь тодорхойгүй байгаа болно” гэх 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тодорхойлолт байгаагаас үзэхэд  хариуцагч нь Монгол Улсад хэдийд ирсэн гэх нөхцөл байдал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, дээрх тодорхойлолтыг н.О нь өөрийн гараар бичсэн бөгөөд эрх бүхий байгууллага хүлээн авсан бичилт байхгүй, уг бичгийн баримтыг н.О хэнд гаргаж өгсөн нь тодорхой бус байх бөгөөд хариуцагч гадаад улсад байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах боломжтой байсан эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой баримт юм.

       Хариуцагч М.Ч-г гадаад улсад хэдий хугацаанд байсан, хэзээ ирэх талаар зохих журмын дагуу н.О-ээс гэрчийн мэдүүлэг авсан тохиолдолд л нотлох баримтын шаардлага хангагдах бөгөөд түүнийг Монгол улсад хэзээ ирсэн, ямар хугацаагаар явсан, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал мэдсэн эсэхийг тодруулах нь хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай хуулийн заалтуудыг зөв хэрэглэхэд ач холбогдолтой.

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлэр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА