Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0442

 

 

“М р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М р” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “Ч” ХХК-д олгосон газрын давхцлыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оын 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоож “М р” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалган” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Бх шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “..."М р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ эхэнд нэхэмжлэлийн шаардлагыг “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалын 1 дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох тухай...” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалын талаар “... Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/12 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Шүүхийн шийдвэр биелүүлж газар ашиглах эрхийг сэргээх тухай “Ч” ХХК-д 2007 оны 311 дугаар тушаалаар анх олгосон гэх 1 га газрын эрхийг сэргээснээр манай компани нийт хүсэлт болгосон байсан газрыг тус компанид олгож манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/12 дугаар тушаал гаргахдаа “Ч” ХХК-д анх олгосон Зайсангийн аманд олгосноо сэргээсэн мэт боловч уг тушаалд яг хаана орших ямар хэмжээ солбилцол бүхий болгох тухай дурдаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхийлэл алдаатай захиргааны акт бөгөөд уг илт хууль бус захиргааны актыг үндэслэж газрын солбицлыг тогтоохдоо манай ашиглаж буй Зуун модны амаар ЧХХК-ийг ашиглах эрхтэй мэтээр тогтоосноор манай компани газар аишглах эрхийг зөрчсөн юм...” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох үндэслэлээ “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0665 дугаартай магадлалыг үндэслэн гаргасан уг тушаалын 1 дэх заалтаар “Ч” ХХК-д хамаарах 3.0 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн боловч уг газар нь Залаатын зүүн богинод байршилтай газар, “М р” ХХК-ийн хүсэлт болгосон газартай байршлын хувьд давхцалгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ч” ХХК-ийн 3 га газартай давхцуулан өгсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр тус компанид анх олгосон 1 га газрын эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн атал манай компанийн ашиглах эрх бүхий нийт газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгож улмаар 2,13 га газрыг Хүрхрээгийн аманд олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд манай компанид ашиглах эрх олгосон А/12 дугаар тушаалын талаар огт заагаагүй байхад А/12 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа 2,13 га газрыг манай компанид ашиглуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ манай компанийн эрх ашиг сонирхлыг илт зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна... гэж тус тус тайлбарласан байдаг.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар цуцалсан. Шүүхийн энэ тогтоол нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “М р” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээд гарсан тогтоол байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтаараа өөрийн гаргасан 2016 оны А/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн нь шүүхийн дээрх тогтоолд нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус шинжийг огт агуулаагүй.

 Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/60 дугаар тушаалын 1 дэх заалтыг илт хууль бус гэж үзэж буй хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй ба шүүх ч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нэхэмжлэгчийн тайлбарласнаас огт өөр агуулгаар тайлбарлаж, “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй.

“Ч” ХХК нь анх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 516 дугаартай шийдвэрээр “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан” шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/12 дугаар тушаал нь энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн гарсан байдаг бөгөөд “М р” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 516 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ “... 516 дугаар шүүгчийн шийдвэрийг хариуцагч биелүүлэн А/12 дугаар тушаалыг гаргаж, “Ч” ХХК-ийн газар ашиглах эрх сэргээсний улмаас 2 хуулийн этгээд 1 газарт үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээд байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/12 дугаар тушаалын талаар маргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 516 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлэхээр болсон.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ”ЧДЧГ” ХХК нь анхны гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаа нэмэгдүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын оны 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалын “М р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор “Ч” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байршилтай Зуун модны ам нэртэй газарт 3 га талбай бүхий газрыг ашиглах эрхтэй эсэх”, “тус компанийн ашиглалтад хамаарах газартай давхцуулан “М р” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаал нь илт хууль бус байсан эсэх”, ““Ч” ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх” зэрэг үйл баримтын талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтаар “М р” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 2,13 га газар олгохоор шийдвэрлэсэн нь “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, тус компанийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/236 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, тус компанийн ашиглалтад байгаа газартай давхцуулан "М р” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/321 дугаартай тушаалын “М р’ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолыг биелүүлэх хүрээнд гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/60 дугаар тушаалын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэж байна.

“М р" ХХК-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалын 1 дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох...” шаардлага гаргасан гэж үзвэл энэ шаардлага нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримт гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний А/60 дугаар тушаалын 1 дэх хэсгийг “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг болохыг тогтоож өгнө үү...” гэсэн хэсэг нь хэдийгээр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээс хойно гарсан захиргааны акт боловч энэ акт нь тэдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан захиргааны акт учир энэ захиргааны актыг шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримтаас ангид авч үзэх үндэслэлгүй юм.

“М р” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийн улмаас тус компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрхэн зөрчигдөж байгааг болон тус хэсгийг илт хууль бус гэж үзэж буй хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй байхад анхан шатны шүүх тус компанийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад нийцээгүй.

Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Энэ нь шүүхээр өмнө шийдвэрлэсэн маргааны үйл баримтаас өөр, тухайлбал шүүхэд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас, “Ч” ХХК-д олгогдсон 3 тусдаа байршил бүхий 1.0 га газруудыг байршлын хувьд нэгтгэсэн үйл ажиллагаа болон “Ч” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааны талаар маргаан үүсээгүй, шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй.

Гуравдагч этгээд “Ч” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байршилтай Зуун модны ам нэртэй газарт 1 га, эсхүл 3 га газар ашигладаг эсэх үйл баримтын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолтой захиргааны хэргийн явцад маргаж, тус маргаантай холбоотой асуудлаар шат шатны шүүхүүд өөр, өөрийн дүгнэлтийг өгсөн.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар "М р” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах захиргааны акт нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн болох нь тогтоогдож байгаа. Энэ хугацаатай холбоотой асуудлаар талууд болон оролцогчид маргадаггүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байсан талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх ч үйл баримтыг тогтоогоогүй.

“Ч” ХХК-ийн ашиглалтад байсан маргаан бүхий газрыг ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаал гарснаар тухайн газар хэн нэгэн өөр этгээд газар ашиглах эрх хүсэх хууль зүйн үр дагавар үүссэн.

Энэхүү хууль зүйн үр дагавар үүссэн учир “М р” ХХК тухайн газарт газар ашиглах хүсэлт гаргаснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар тус компанид “Ч” ХХК-ийн ашиглалтад байсан газраас 2 га газрын тус компанид давхардуулан олгосон байдаг.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дээрх үйл баримтаар маргаан бүхий газарт “М р” ХХК газар ашиглах хүсэлт гаргах эрх үүсэхээс 2 жил орчмын өмнө гарсан захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байгаа.

Гэтэл нэхэмжлэгч өөрт эрх үүсээгүй байх үед гарсан захиргааны актын талаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна ... 52.5.1-д захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол хэрхэн зөрчигдсөн...” гэсэнд, анхан шатны шүүх уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... ” гэсэнд тус тус нийцээгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бодит байдал болон нотлох баримтад нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “...Шийдвэр ... үндэслэл бүхий байна..” мөн зүйлийн 106.4 дэх хэсгийн “...Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна...'” гэсэнд тус тус нийцээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/160 дугаар тушаалаар “Ч” ХХК-ийн ашиглалт байсан 3 га газрын ашиглах эрхийг цуцалсныг 2010 оны 7 дугаар сарын 05 -ны өдрийн А/212 дугаар тушаалаар буцаан сэргээсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

Дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ““Ч” ХХК-ийн ашиглалтад байгаа 3 га газар нь 3 өөр байршилд байсныг нэг байршилд болгон өөрчилсөн”, “тус 3 га газрыг ашиглах эрхийг нь цуцалсан захиргааны акт нь илт хууль бус байсан эсэх”, “уг илт хууль бус захиргааны актыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг 2015 оны ... дугаар тушаалаар “М р” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 5,2 га газрын 2 га газар нь “Ч” ХХК-ийн ашиглалтын газартай давхцаж байсан эсэх” зэрэг үйл баримтыг тогтоосон.

Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн “... Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад Сайдын тушаалгүйгээр гэрчилгээний хугацааг сунгах, газрын байршлыг тогтоох эрх олгогдоогүй...” гэх тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн .. шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..”, “...34.2 дахь хэсгийн “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэсэнд нийцээгүй хууль бус дүгнэлт хийсэн.

Урд шийдвэрлэгдсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “'Ч” ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалын “М р” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 502 дугаар тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Гэтэл анхан шатны шүүх тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтаар “.. “М р”ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах... ”-аар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно ...” гэснийг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй...”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “...Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэлийн энэ хоёр шаардлагыг хангах болсон үндэслэл нь “...Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “Ч” XXК-д олгосон газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбон тайлбарласан байна.

Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийн талаар бидний гаргасан гомдлын үндэслэл нь энэ хэсэгт дурдсан нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болно.

Дээр дурдсан тайлбарын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6. 109 дүтээр зүйлийн 109.2 дахь хэсэг, ... тус тус заасныг үндэслэн “М р” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүсье” гэв.

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд ‘‘Ч” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянав.

Тус хэргийг хянан шийдвэрлээд гарсан 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан боловч тухайн гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан байсан тул  буцаасан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.32 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу зөвхөн гуравдагч этгээд ‘‘Ч” ХХК-ийн гомдлын хүрээгээр хянав.

 Анхан шатны шүүхээс “1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2.Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн, “Ч" ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож 3."М р” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцжээ.

Давж заалдах шатны шүүхээс маргааны дэс дарааллыг ойлгомжтой илэрхийлэх, үндэслэл бүхий шийдвэрлэхэд тустай тул магадлалын эхний хэсэгт “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “Ч” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд” дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хамгийн анх “Ч” ХХК-д  Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд 1 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зуун модны ам гэх газарт  3 га газар ашиглах эрхийг олгосон ямар нэгэн тушаал гарч байгаагүй ажээ. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10/882 тоот албан бичгээр тогтоогдож байна. Ийнхүү ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай  гэх хүн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газрын байршлыг өөрчилж Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн амнаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Зуун модны амруу шилжүүлж, хэмжээг нэмэгдүүлэн 1 га газрыг 3 га болгож 497 тоот гэрчилгээг, 5 жилийн хугацаатайгаар, хууль бусаар бичиж олгожээ. Уг гэрчилгээнд бичигдсэн солбицлоор нь шүүн үзвэл тухайн 3 газрын 1 газар нь Туул голын гольдрол дотор, 1 газар нь Хүрхрээгийн аманд,  үлдэх 1 га газар нь маргаан бүхий байршилд байрлаж байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Ч” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий газрыг нэгтгэж тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан байна.

Г.Эрдэнэчимэг тухайн үйлдлийг хийж байх үед 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.”захиргааны албан тушаалтан”-ыг тодорхойлсон,  мөн зүйлийн 3.1.4-д ”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан байсан. Иймд Г.Эрдэнэчимэг нь захиргааны албан тушаалтан, түүний үйлдэл захиргааны акт байжээ. 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу ч түүний үйлдлийг захиргааны акт гэж үзнэ.  Энэ талаар гарсан ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй. Иймд анхан шатны шүүхийн хийсэн “Энэ нь шүүхээр өмнө шийдвэрлэсэн маргааны үйл баримтаас өөр, тухайлбал шүүхэд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс, “Ч” ХХК-д олгогдсон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг байршлын хувьд нэгтгэсэн үйл ажиллагаа болон “Ч” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааны талаар маргаан үүсгээгүй, шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагаа...-ны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэв” гэж үзсэн нь үндэслэлтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, 2022 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж тус тус заажээ.

Гэтэл төрийн албан хаагч Г.Эрдэнэчимэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 9/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам...ыг тогтоох, 36 дугаар зүйлд “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах”, мөн хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг зөрчжээ.

Тодруулба, дээрхи хуулийн заалтуудаас үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд Байгаль орчин аялал жуулчлалын сайд тогтоох эрхтэй, түүнчлэн уг хуулийн 30 дугаар зүйлийн “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа” хэсэгт зааснаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын шийдвэрээр хуулийн этгээдэд ашиглуулахаар нэгэнт олгосон газрын байршлыг өөрчлөн тогтоох эрх хэмжээ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад /Г.Эрдэнэчимэгт/ олгогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, газрын байршлыг өөрчлөн тогтоох шийдвэрийг тухайн бүс нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд гаргахаар хуульчилсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас ийм шийдвэр гараагүй байхад тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгээс, “Ч” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан үйл ажиллагаа нь бүхэлдээ илт хууль бус.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж, 47.1.3-д “тухайн захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гаргасан” гэж тус тус заасан тул энэ үндэслэлээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Ч” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааг илт хууль бус болно. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах гомдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасныг иш татан гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл Г.Эрдэнэчимэг тухайн үйлдлийг хийж байх 2013 онд “М р” ХХК-д тухайн байршилд газар ашиглах эрх үүсээгүй байсан тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “М р” ХХК-ийн ашиглаж байсан тус компанийн гүний  худаг байгаа болох нь тогтоогдсон. Энэ талаарх баримт хэргийн 2 дугаар хавтасны 1-4 дүгээр хуудсанд авагджээ. Дээрх байдлаас дүгнэхэд хэдийгээр “М р” ХХК-д газар ашиглах эрх үүсээгүй байх боловч тухайн газрыг ашиглах “хууль ёсны ашиг сонирхол” байжээ. Захиргааны хэргийн шүүх “эрх”-ээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээс гадна “хууль ёсны ашиг сонирхол”-ыг нэгэн адил хамгаална.

Тухайн тохиолдолд хариуцагчаас  бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хээрийн судалгаа хийгээгүй, ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим хангагдаагүй байна.

Нөгөө талаас “Эрх зүйт нийгэмд илт хууль бус акт оршин байх боломжгүй” гэж үзэв.

Бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ЧХХК-н тухайд 497 дугаар гэрчилгээгээр 1 га газрыг тухайн байршилд ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба 2 газрын байршлыг тухайн байршилд шилжүүлсэн нь буруу, 1 га газар нь угаасаа тухайн байршилд байсан тул шилжүүлсэн гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байжээ:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

А/60 дугаар тушаалаар “М р” ХХК-д 2.13 га газрыг Хүрхрээгийн аманд олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Хүрхрээгийн ам болон Зуун модны ам нь 2 өөр газар гэж ойлгогдоно. Нэгэнт “М р” ХХК-н газрын байршлыг Хүрхрээгийн ам болгон өөрчилж буй тохиолдолд одоо үйл ажиллагаа явуулж буй  хөдлөх эд хөрөнгөө хэрхэх нь ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болжээ.

Эсхүл энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын Зуун модны аманд  өмнө нь ашиглуулахаар шийдвэрлэсэн байсан  газар нь хэвээр үлдээд, “М р” ХХК-д  нэмж  2,13 га газар ашиглуулахаар шийдвэрлэж буй эсэх нь  ойлгомжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаартай тушаалыг гаргахдаа тухайн байршилд Ч ХХК-д зөвхөн 1 га газар ашиглуулахаар 497 дугаар гэрчилгээнд бичигдсэн, харин  үлдэх 2 га газар нь өөр өөр газарт байрлаж байгаа болохыг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу үүсээгүй  эрхийг сэргээж байгаа нь ойлгомжгүй байна.

Гурав. “М р” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” агуулгатай шийдвэр гаргадаг. Энэхүү хэргийн тухайд хуульд заасан дээрх урьдач нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл  хариуцагчийн зүгээс хууль бус татгалзал гаргасан гэж үзэхээргүй байна.

3 шатны шүүхийн энэ шийдвэрээр “Ч” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3 өөр байршил бүхий газрыг нэгтгэсэн болон гэрчилгээний хугацааг сунгасан хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоосон тохиолдолд “М р” ХХК-ийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байсан газрын эрхийг сэргээх хүсэлтээ гаргаад, уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд хандаж дээрх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой болно.

Ийм дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... нэхэмжлэгч “М р” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч” ХХК-д холбогдох 2 га газрын эрхийг сэргээсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэнэчимэгийн “Ч” ХХК-д олгосон газрын давхцлыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааны 2 га газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “М р” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР