Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00397

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00375 дугаар шийдвэр,

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00033 дугаар магадлалтай,

  Д-ийн нэхэмжлэлтэй,

           Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох

         2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.032.228 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгч Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Д нь Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл уг захирамжид хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан байсан тул аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлд 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан гэх боловч Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулахаар хүргүүлсэн байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох чөлөөлөх тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1.10-т зааснаар Дорноговь аймгийн Засаг дарга нь Д-г  ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Д нь Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар ... 97,9 сая төгрөгийн бараа материал 2622.1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө тоолсон нотлох баримт, тооцоо бодсон акт бусад анхан шатны баримт байхгүй, ажилчдад 3106.0 мянган төгрөгийн хоолны хөнгөлөлтийг цалингийн зардлаас олгосон зэрэг зөрчлүүд гаргасан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” заалтын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн сумын Засаг даргын 2017 оны Б/25 дугаар захирамжийн хууль тогтоомж үндэслэх хэсэгт ... Хөдөлмөрийн тухай хуулийн гэх үгийг бичихдээ бичвэрийн алдаа гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтад Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж хуульчилсан тул дээрх актад гаргасан бичвэрийн алдааг засаж Д-д 2017 оны 05 дугаар сарын 16, 22-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч актыг хүлээн авахгүй тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00375 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д-г  Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 4.032.288 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 79.466 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00033 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00375 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д-ийн “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний Давж заалдах шатны шүүхийн 2017.12.05-ны өдрийн 202/МА2017/00033 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх анхаараагүй байна гэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй зүйл дээр дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017.05.12-ны өдрийн ажлаас халсан шийдвэрийг гардаж авсан атлаа гомдлоо шүүхэд гаргалгүй Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан байх ба Дорноговь аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид хариу хүргүүлснийг 2017.06.09-ний өдөр гардан авч түүнээс хойш 36 хоногийн дараа ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсанаас хойш 64 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. 2017.06.09-ний өдрөөс 2017.06.28 өдөр хүртэл буюу түүнийг эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй гэсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж Дорноговь аймгийн Засаг даргад хуульд байхгүй зүйл заалт хэрэглэж илэрхий алдаатай захирамж гаргасан байна. Тиймээс хүчингуй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй ба Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар ... эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагүү засаад 2017.06.09-ний өдөр албан бичгээр хүргуүлсэн /хх5/. Үүнээс хойш шүүхэд гомдол гаргах хүгацаа Хөдөлмөрийн тухай хүүлийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын дотор гаргах эрхтэй байна. Гомдол гаргах сарын хугацаа нь нэг сарыг 30 хоногтой гэж үзвэл дүүсах хугацаа 2017.07.09-ний өдөр, 31 хоногтой гэж үзвэл 2017.07.10-ны өдөр болж байгаа. Энэ хугацаа нь бүх нийтээр амрах амралтын өдөр таарч байгаа нь Иргэний хуулийн 72.2 дахь хэсэгт зааснаар тоолох хүгацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж зааснаар шүүхэд 2017.07.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Иймээс Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017.12.05-ны өдрийн 202/МА2017/00033 дугаартай магадлалыг ИХШХШТХуулийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн  байна.

          Нэхэмжлэгч Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар “хязгаарлалттай санал дүгнэлт” авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

            Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс томилогдож, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.

          Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Д-г  аудитын дүгнэлтээр “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан зөрчил гаргасан гэж үзэж тус сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлснийг ажилтан Д эс зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ. 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргасан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

            Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан ба тэрээр Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар ажил олгогч буюу хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжинд Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар захиргааны актад засвар оруулж, энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан авсан байна. Тэрээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд бүх нийтээр амрах баярын өдөр таарсан тул нэхэмжлэлээ 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д нь түүнийг ажлаас халсан тухай ажил олгогчийн гаргасан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан боловч энэ гомдлоо шүүхэд гаргалгүй Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан байх ба Дорноговь аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид хариу хүргүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан авч түүнээс хойш 36 хоногийн дараа, ажил олгогчоос шийдвэрийг анх гардаж авснаас хойш 64 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өвчтэй, эмнэлэгт хэвтсэн гэж амбулатороор эмчлүүлэгчдийн картыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтанд тусгагдсан эмчийн тэмдэглэгээ нь огноогүй, мөн огноо засвартай байх тул энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байгааг анхаараагүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах”-аар хуульд тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрийг хүлээн авснаас хойш 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

           Иймд нэхэмжлэгч Д нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн гэж үзнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН