Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2017/00033

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай     

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Д.Б -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох,

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4032228 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Оын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012.10.08-ны өдрийн б/51 тоот Сайншанд сумын Засаг даргын захирамжаар миний бие Сайншанд сумын Ерөнхий боловсролын ......дугаар сургуулийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2017.05.11-ний өдрийн б/25 тоот Сайншанд сумын Засаг даргын хууль бус захирамжаар уг ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Сайншанд сумын Засаг дарга нь 2017.05.11-ний өдрийн б/25 тоот захирамжаа гаргаад надад гардуулсан. Аваад үзтэл хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан. Ингээд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Аймгийн Засаг даргад уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс 2017.06.07-ны өдрийн 1/1112 тоот албан бичгээр захирамжийн бичилтийн алдааг зөвтгөлөө гэсэн агуулга бүхий албан бичгийг б/25 тоот захирамжийн хамт 2017.06.09-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр “хязгаарлалттай санал дүгнэлт” авсан тул ... гэжээ. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулахаар хүргүүлсэн байхад намайг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. Хууль бус акт гаргаж миний төрийн албанд тасралтгүй ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчлөө. Иймээс 2017.05.11-ний өдрийн б/25 тоот Сайншанд сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Б нь Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар “...97.9 сая төгрөгийн бараа материал, 2622,1 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг тоолсон нотлох баримт, тооцоо бодсон акт бусад анхан шатны баримт байхгүй, ажилчдад 3106,0 төгрөгийн хоолны хөнгөлөлтийг цалингийн зардлаас олгосон” зэрэг зөрчлүүд гаргасан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдож хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” заалтын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сайншанд сумын Засаг даргын 2017 оны б/25 дугаар “Д.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хууль, тогтоомж үндэслэх хэсэгт “... Хөдөлмөрийн тухай хуулийн” гэх үгийг бичихдээ бичвэрийн алдаа гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтад “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул дээрх актад гаргасан бичвэрийн алдааг засаж иргэн Д.Б-д 2017.05.16-ны өдрийн 09:47, 11:32 цагт, 2017.05.22-ны өдрийн 11:14 цагт удаа дараа мэдэгдсэн боловч “...актыг хүлээн авахгүй тухай” хариу мэдэгдсэн. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-г Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 4032288 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас  гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 79466 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.О давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг томилж чөлөөлнө. Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь хэсэгт сумын харъяалагдах төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн  захирал нь томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд буюу ажил олгогч байна гэж үзлээ” гэж шүүхийн шийдвэрт үндэслэсэн бөгөөд шүүхээс Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн нь дараах үндэслэлээр тодорхойлогдож байна. Үүнд:

  1. Төсвийн тухай хуулийн 14.1.8 дахь хэсэгт зааснаар “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харъяалуулсан бусад байгууллагын төсөв”-ийг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас тусгай зориулалтын шилжүүлгээр төсөв хуваарилагдаж Дорноговь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажилладаг.
  2. Төсвийн тухай хуулийн 19.6.2 дахь заалтад “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр орон нутагт шилжүүлсэн төсвийн төвлөрүүлэн захирагчид харъяалагдах төсвийн байгууллагын ахлах нятлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөж” буюу аймгийн засаг дарга сургуулийн нягтлан бодогчийг томилж, чөлөөлөхөөр хуульчилсан байна.
  3. Хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч болон Дорноговь аймгийн Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан 2017 оны 06 дугаар гэрээнд Тусгай зориулалтын шилжүүлгээр ЕБС-ын ТЗШ 15,872,841,8 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн баталсан.
  4. Аймгийн Засаг даргаас Сумын засаг даргатай 2017 онд байгуулах “Төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтрах ажиллах гэрээний 20 дугаар хуудасны 11 дүгээр    заалтад “...Төрийн сангийн дарга, мэргэжилтэн, нягтлан бодогч нарыг томилж чөлөөлөхдөө зөвшилцөнө” гэж заан өөрийн бүрэн эрхээ Сумын Засаг даргад төлөөлүүлэн олгосон.
  5. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн /Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх/ 66.1.3 дахь заалтад “аймаг, нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж ажиллах” гэж хуульчилсны дагуу гэрээнд тусгагдсанаар нягтлан бодогчийг чөлөөлөх нь эрх зүйн үндэслэлтэй юм.

Мөн “...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйн зэрэгцээ зөвхөн хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажил олгогч нь сахилгын шийтгэл нордуулах эрхтэй байх ба ажил олгогч нь ажилтан Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул түүнд үүрэг ногдуулах эрхгүй ба Сайншанд сумын Засаг дарга нь Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна” гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:

 

  1. Сумын Засаг даргын 2012 оны Б/51 дүгээр тушаалаар “Д.Б-г ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” захирамжийн 3 дахь хэсэгт “...хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллахыг 5 дугаар сургуулийн захиралд үүрэг болгосугай” гэж заан ажил олгогчоос гэрээ байгуулах эрхээ 5 дугаар сургуулийн захиралд шилжүүлсэн.
  2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу   Нягтлан бодогч нь “...Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах...” зэрэг 13 үүргийг хуулинд тусгагдсан байна.
  3. Иргэн Д.Б нь сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар “...97.9 сая төгрөгийн бараа материал, 2622.1 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг тоолсон нотлох баримт, тооцоо бодсон акт бусад анхан шатны баримт байхгүй, ажилчдад 3106.0 мянган төгрөгийн хоолны хөнгөлөлтийг цалингийн зардлаас олгосон” зэрэг зөрчлүүд гаргасан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдож хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” заалтын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 Д.Б нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь холбогдох санхүүгийн хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 136/ШШ2017/000375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухайд хэлэхэд ...дугаар сургууль дээр эд хөрөнгийн тооллогын комисс нь тооцоогоо нягтландаа хянуулаагүй байхад нь шалгалт хийгдсэн байдаг, энэ нь Б-г ажлаас халах үндэслэл болсон, түүнээс биш ажилдаа хайнга хандсан асуудал байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар 5 дугаар сургууль нь Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээний 14 дүгээр заалтад төрийн сангийн дарга, нягтлан бодогчийг чөлөөлөхдөө аймгийн Засаг даргатай зөвшилцөнө гэж байгаа. Сахилгын шийтгэл оногдуул гэж байхад нь ажлаас чөлөөлсөн нь буруу. Б нь захирамжийг гардаж аваад Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга нь доод шатныхаа Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг утгаар нь аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Аймгийн Засаг дарга захирамжийн алдааг засаад 6 сарын 9-нд Бд гардуулсан байгаа. Б нь толгойны өвчтэй учраас 2017.06.28-ны өдрөөс 2017.07.07 хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Өвчтэй байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга нягтлан бодогчийг ажлаас халах эрхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа 2016 оны жилийн эцсийн аудитын хяналт шалгалтаар 97 сая төгрөгийг тоолсон тухай үндсэн хөрөнгийн тооллого, анхан шатны баримт байхгүй, ажилчдад 3 сая төгрөгийн хоолны мөнгийг цалингийн сангаас олгосон зэрэг зөрчлийг илрүүлсэн учир Сайншанд сумын Засаг дарга 2017 оны Б/45 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн.  Анхан шатны шүүхээс сумын Засаг даргыг ажил олгогч биш гэж үзсэнд  гомдолтой байна.  Яагаад гэхээр Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд орон нутагт тусгай шилжүүлгээр ирсэн хөрөнгийн хувьд төсвийн төвлөрүүлэн захирагч нь нягтлан бодогчийг томилж чөлөөлдөг байгаа. Үүний дагуу аймгийн Засаг дарга болон Сайншанд сумын Засаг дарга хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж нягтлан бодогчийг томилж чөлөөлөх эрхийг аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад олгосон талаар хэрэгт авагдсан байгаа. Өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу сумын Засаг дарга Д.Б-г ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. 2017.05.11-нд гарсан захирамжийн бичилтийн алдааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу засаад нэхэмжлэгчид өгөхөөр 3 удаа мэдэгдсэн боловч Б нь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан учир гардаж авахгүй гэх шалтгаанаар аваагүй. 2017.06.09-нд аймгийн Засаг даргаас Б-д шийдвэрийг гардуулж өгсөн байдаг. Бг мөнгө болон эд хөрөнгө хариуцаж байгаа этгээд нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзсэн, гэвч хувьдаа завшсан эсэх талаар тогтоосон зүйл байхгүй. Сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хүнийг ажлаас чөлөөлсөн учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэл /гомдол/ гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар “хязгаарлалттай санал дүгнэлт” авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас халсан гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр эс зөвшөөрч “Сумын Засаг даргыг Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийг ажлаас халах бүрэн эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж үзэв.

            Учир нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Д.Бг аудитын дүгнэлтээр “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан зөрчил гаргасан гэж үзэж тус сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлснийг ажилтан буюу нэхэмжлэгч Д.Б эс зөвшөөрч шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд буюу 1 сарын дотор гаргаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан ба тэрээр Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар ажил олгогч буюу хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжинд Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар захиргааны актад засвар оруулж, энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, улмаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд бүх нийтээр амрах баярын өдөр таарсан тул шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэж тайлбарласан байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан атлаа гомдлоо шүүхэд гаргалгүй Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан байх ба Дорноговь аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид хариу хүргүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардан авч түүнээс хойш 36 хоногийн дараа, ажил олгогчоос шийдвэрийг гардаж авсанаас хойш 64 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч нэхэмжлэгч Д.Бгийн хувьд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өвчтэй, эмнэлэгт хэвтсэн гэж тайлбарлаж, энэ талаарх нотлох баримт буюу амбулатороор эмчлүүлэгчдийн картыг /хх-17-18/ шүүхэд ирүүлсэн боловч уг бичгийн баримтанд тусгагдсан эмчийн тэмдэглэгээнд огноогүй, мөн огноо засвартайгаас уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар” тодорхой заасан байхад нэхэмжлэгч Д.Б нь ажил олгогчийн дээд шатны байгууллага буюу Дорноговь аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйн гадна Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрийг хүлээн авсанаас хойш буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу түүнийг эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдолд дурьдаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00375 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ  

                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ