| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2017/01663/И |
| Дугаар | 001/ХТ2018/01098 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2018/01098
Б.Ггийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00060 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 649 дүгээр магадлалтай,
Б.Ггийн нэхэмжлэлтэй
П.Д, И.Б, Б.Г, НЗДнарт холбогдох
2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн НЗДын 523 тоот захирамж гарахаас өмнө хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Б.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Г нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамжны 527 тоот газрын хамтран өмчлөгч байсан бөгөөд амьдралын шаардлагаар 2007 онд Солонгос Улс руу яваад 2008 онд ирэхэд эзгүй хойгуур нь төрсөн дүү Б.Г нь И.Б гэдэг хүнд газрынхаа талыг нь худалдсан болохыг олж мэдсэн байдаг. Ингээд өөрийн эд хөрөнгөө буцаан авахаар цагдаа, шүүхийн байгууллагаар олон жил хөөцөлдөж хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улсын ерөнхий прокуророос өмчлөлөө иргэний шүүхээр тогтоолго гэсэн хариу авсан. Үүнээс өмнө Захиргааны хэргийн шүүхээр 4 жил хөөцөлдөөд хамгийн сүүлд Б.Гийг өмчлөгч биш гэсэн шийдвэр гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаар яваад Б.Гийн өмчийг бусдад зөвшөөрөлгүй худалдсан асуудлыг шалгахад бас л өмчлөлөө тогтоолго гэсэн. Уг газрын бичиг баримт нь нэхэмжлэгчид байсан бөгөөд тэрээр өөрөө гадаадад байсан учир заавал өмчлөлөө тогтоолгох шаардлагагүй гэж бодоод хөөцөлдөхөд эрх мэдэлтэй хүний хамаатан болох И.Б гэгч хүний танил талын нөлөөллөөс болж нэхэмжлэгч нь өөрийнхөө өмчийг өмчилж байсан болохоо тогтоолгох шаардлага үүслээ. Б.Г, И.Б, П.Д нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл болох газрыг худалдахдаа амаар тохироод дараа нь мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн байдаг.НЗД2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамж гаргахдаа 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэлцэл хийгдсэн байхад газрын албаны ажилтан Ш.Мааний гэдэг хүний хууль бус баримтыг үндэслэн газар өмчлөх эрхийг хариуцагч И.Б, П.Д нарын нэр дээр хууль бусаар гаргасан байдаг.Иймд НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж гарахаас өмнө 10 дугаар сард хийгдсэн газар худалдах, худалдан авах харилцаатай холбогдон хийгдсэн аман болон бусад хэлбэрээр Б.Г, И.Б, П.Д нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах бүх хэлцлийг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Г 2007 оны намар иргэн И.Бод өөрийнхөө хашааны хагас газрыг 2 давхар байшингийн хамт 3 700 000 төгрөгөөр үнэ тохирч зарахаар болсон бөгөөд тухайн үед 1 000 000 төгрөгийг урьдчилан авсан байсан. Биднийг наймаа хийх үед ах Б.Г БНСУ-д ажиллаад эзгүй, ээж Лхагва 11 дүгээр хороололд бие нь муу бусдын асрамжид байсан. Тэд хашаа байшин зарахыг зөвшөөрдөггүй байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн газрын албаны Загдсамбар гэдэг хүн дээр очиход хамтран өмчлөгч нар зөвшөөрсөн тохиолдолд бусдад шилжүүлдэг түүнээс бусад тохиолдолд болохгүй гэсэн. Би хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүй болохоор болохгүй юм байна гэдгийг нь мэдээд газраа зарахаа болилоо гэхэд И.Б нь манай хамаатан газрын албанд ажиллаж байгаа гээд газрын албан дээр очье гэсэн. Тэгэхэд Мааний гэдэг хүн чи хүүхдийн мөнгө авчихаад юу гээд байгаа юм бэ гэж хэлээд миний бичиг баримтыг аваад сейфэндээ хийчихсэн. Тэгээд газрын гэрчилгээгээ хаячихсан гэж бичүүлж авсан бөгөөд би И.Бын зааварласнаар газрын гэрчилгээг хаяж гээгдүүлсэн гэж хэлээд шинээр гаргуулсан. Үүнээс хойш удалгүй И.Б надтай тааралдаад хашааг 2 хуваагаад нэг нь над дээр нөгөө нь таны нэр дээр гарчихсан байна. Мааний ахаас хашааныхаа бичгийг аваарай гэсэн, бичиг баримт гаргахад 100 000 төгрөг ордог юм байна би тэр мөнгийг чинь Мааний ахад өгчихсөн шүү гэсэн. Хэд хоногийн дараа Мааний гуайтай уулзахад одоохондоо бичиг баримт чинь гараагүй байна хэд хоногийн дараа гарчихнаа тэгээд аваарай гэсэн. 2-3 хоногийн дараа очиход Мааний гуай надад газрын гэрчилгээ өгсөн. Дараа нь И.Б надад Мааний ах 100 000 төгрөг авчихсан үлдсэн нь энэ гээд 2 600 000 төгрөг өгсөн. Тэгээд бид мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ...гэжээ.
Хариуцагч И.Б, П.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б.Г нь П.Д, И.Б, Б.Г нарт холбогдуулан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аман гэрээг хүчингүйд тооцуулан, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сард хийгдсэн бүх аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Хариуцагч П.Д нь нөхөр И.Бын хамт 2007 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот хашааны газрыг хэсэгчлэн 3 600 000 төгрөгөөр худалдан авч, Б.Гид уг мөнгийг хүлээлгэн өгсөн байдаг. Иргэн Б.Г нь дээрх хашааны газрыг хэсэгчлэн худалдан авсан хэлцлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамж, 527 тоот хашааны газрыг хэсэгчлэн иргэн П.Д /И.Б/-д худалдсанаар өмчлөх эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгч Б.Г нь тухайн газрын өмчлөгч мөн эсэх, өмчлөх эрх нь хууль ёсны дагуу үүссэн эсэхийг тогтоох нь зайлшгүй юм. Иргэн Б.Г нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн И.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Лхагва, Б.Г нарын газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүх хянан хэлэлцэж, 180 дугаар шийдвэрээр иргэн Б.Г С.Лхагва, Б.Гид Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот хашааны газрыг өмчлөх эрх үүсээгүй болохыг тоггоосон байна. Энэхүү шийдвэрээр иргэн Б.Г, С.Лхагва нь Нийслэлийн газрын албанд хандан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр авсан боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗДын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасны дагуу Б.Г, С.Лхагва, Б.Г нар нь газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүйгээс тухайн иргэдэд өмчлөх эрх үүсээгүй байсан нь тогтоогдож байна хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны 111 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны 169 дүгээр тогтоолуудаар тус тус эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн иргэн Б.Г нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Ч.Батбилэгт хандан, өвлөх эрхийн гэрчилгээг 700 м.кв газрын 33.3 хувь дээр гаргуулсан байсан тул иргэн П.Д нь уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2094 дугаар шийдвэрээр нотариатч Ч.Батбилэгийн Б.Гд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Уг Б.Гд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэлцлийн дагуу газрын өмчлөгчөөс Б.Г, С.Лхагва нар хасагдаж, Б.Г Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-527 тоот хаягт 387 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, И.Б Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-527А тоот 403 м.кв газрыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан, П.Д нь И.Боос газрыг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан болох нь гэрчилгээнүүдээр тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Б.Г, Б.Г нар нь уг хашааны газрыг бусад худалдахаар эртнээс тохиролцож зар тавьсан гэж түүний ах Б.Г нь тухайн үедээ П.Д, И.Б нарт ярьж байсан бөгөөд Б.Г ч БНСУ-аас ирсэн даруйдаа хашааныхаа газрыг хэмжин хувааж, хашаа барих газрыг тэдэнд зааж өгч бариулсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгч Б.Г нь худалдах, худалдан авах хэлцлийг хожим дэмжин зөвшөөрч хашааны газраас өөрт ноогдох хэсгийг нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад худалдсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: Иргэн Б.Г, И.Б нарт НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар газрыг хуваан өмчлүүлсэн шийдвэр болон 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 000040403 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг зөвшөөрсний үндсэн дээр 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.Г, С.Лхагва нарыг хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл үйлдэн хашааны үлдсэн газар болох 387 м.кв газрыг Б.Г нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 000041885 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг.Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн шилжүүлэн авсан хашааны газрын урд хэсэгт байрлах байшингийн сууриар буюу 78 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хүсч Чингэлтэй дүүргийн газрын албанд 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гарган газар эзэмших эрхийн 0251560 дугаар гэрчилгээг 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авсан байна. Б.Гоос шилжүүлэн авсан хашааны газар болон байшингаа 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа 9,500,000 төгрөгөөр БНСУ-ын Гууд нэйборс ТББ-д худалдсан байдаг. Иргэн Б.Ггийн хашааны газраас хэсэгчлэн П.Д, И.Б нарт худалдсан болохыг мэдэж хүлээн зөвшөөрсөн тухайд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаар шийдвэрт Б.Г нь 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ЗДаас Согоотын 47-527Б тоотод ам бүл 1 оршин суудаг гэсэн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн газрын албанд миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47- 527Б тоотод 8x8 метрийн харьцаатай байшинд амьдардаг юм. Байшингийн суурийн 78 м.кв газарт газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү гэж 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл, 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн 18640316995623 дугаартай кадастрын зураг зэрэг баримтаас үзвэл маргаан бүхий газар нь 527 тоот хаягтай байсан нь 527А, 527Б гэсэн хаяг бүхий 2 тусдаа хашаа болсныг хүлээн зөвшөөрч дээрх үйлдлүүдээр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлалд: "... хэдийгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг бичгээр аваагүй боловч хамтран өмчлөгч нар нь өөрсдийн газрыг бусдад шилжүүлсэн болохыг мэдсэн хирнээ энэ асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна. Хашаа нь 2 хуваагдаж 527А, 527Б гэж 2 өөр тусдаа хаяг бүхий хашаа болж, 2007 оноос хойш И.Б маргаан бүхий хашаанд амьдарч байгааг мэдэж байсан болох нь 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүргийн 16 дугаар хорооны ЗДын тодорхойлолт, 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албанд газар эзэмших гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл мөн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн кадастрын зураг, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна гэсэн байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолд: ...Б.Г 2008 оны 5 дугаар сард БНСУ-аас ирээд өөрийн өмчлөлийн газраа бусдад зарагдсан болохыг мэдсэн гэх боловч зөрчигдсөн эрхийг хамгаалуулах талаар хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, өөрийн байшингийн сууриар буюу 78 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн ЗДын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар захирамжийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 1251560 дугаар гэрчилгээ авч, үлдэх газрыг төрийн бус байгууллагад эзэмшүүлсэн, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот хашааны газар нь 527А, 527Б гэсэн 2 өөр хаяг бүхий хашаа болж хуваагдсан, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ЗДын тодорхойлолт, Б.Ггийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөн дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл зэргээс үзэхэд хамтран өмчлөгч нар Б.Гийн бусдад газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна гээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна ... гэж дурдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж зааснаар иргэн Б.Г нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот газраас өөрт ноогдох газрын өмчлөх эрхээ Гүүд нейборс гэх ТББ-д худалдсан, эх С.Лхагва нь нас барсан, ах Б.Г нь худалдсан газрын хувьд маргаагүй байх тул хашааны газраас өөрт ноогдох хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч захиран зарцуулсан Б.Ггийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэнэ гэж тодруулсан учраас хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НЗДын итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот хаягт байрлах 700 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Гид НЗДын 2004 оны 522 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлсэн бөгөөд хамтран өмчлөгчөөр Б.Г, С.Лхагва нар бүртгэгдсэн байна. Б.Г өөрийн өмчийн газраас иргэн И.Бод зарим хэсгийг шилжүүлэн өгөхөөр иргэний хэлцэл хийсэн материалыг үндэслэн 2007 оны 523 дугаар захирамжаар уг газрыг 527Б, 527А гэсэн хаягтай хоёр газар болгон хувааж 527А хэсгийг иргэн И.Батгогтоход өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэн Б.Г, С.Лхагва нар нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд НЗДын 2007 оны 523 дугаар захирамжийн иргэн И.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Улмаар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийдвэрээр НЗДын 2007 оны 523 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар тус тус эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд НЗДын захирамж хууль зөрчсөн эсэх талаар маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Б.Ггийн нэхэмжлэлтэй Б.Г, И.Б, П.Д, НЗДнарт холбогдох иргэний хэрэгт НЗДын үйлдэл, эс үйлдэхгүйтэй холбоотой маргаан хэлэлцэхгүй. Энэ маргаан нь иргэд хоорондын хэлцэл хийсэнтэй холбоотой маргаан бөгөөд уг маргааны оролцогч нь НЗДбиш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00060 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Г, П.Д, И.Б, НЗДнарт холбогдох 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамж гарахаас өмнөх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аман бүх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэхийг хүссэн Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 649 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 243 дугаар зүйлийн 243.1 ... гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 93 дугаар зүйлийн 93.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. 649 тоот магадлалын хянавал хэсэгт “Б. Б.Г нь 2007 оны 10-р сарын 29- ний өдөр хариуцагч П.Д, И.Б нартай худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, худалдан авагч нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.” гэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхтэй ч нэхэмжлэлд дурьдаагүй, хариуцагч нар хэлээгүй, тайлбарлаагүй, хавтаст хэрэгт огт байхгүй. 2007 оны 10-р сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэжээ. Бид 10-р сард аман хэлцэл хийгдсэн гэдгийг мэдэх ба 10-р сард хэдэн удаа, хэдэн хэдний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдахаар аман хэлцэл хийгдсэн гэдгийг мэдэхгүй. Үүнийг тогтоох ч баримт байхгүй. Харин цаг хугацааны хувьд 2007 оны 10-р сарын 29-нөөс өмнө хийгдсэн гэдгийг хэргийн оролцогч нар бүгд зөвшөөрдөг. Ийм учир манай шаардлага 2007 оны 10-р сарын 29-ний өдрөөс өмнөх хэлцлийг хүчингүйд тооцуулах шаардлага байсан. Хэлцэл цаасан дээр анх удаа 2007 оны 11-р сарын 09-ний өдөр “мөнгө хүлээлцсэн” гэх баримт байдаг. Өөрөөр хэлбэл 2007 оны 10-р сарын 29-ний өдөр газар өмчлөх захирамж гарч захирамжийн дараа 7 хоногийн сүүлд 2007 оны 11-р сарын 06-ний өдөр газар хүссэн өргөдөл өгч захирамжаас хойш 10 хоногийн дараа 2007 оны 11-р сарын 09-нд “мөнгө хүлээлцсэн” гэх баримт үйлдэгдсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Оюунтунгалаг, Нармандах, Даваадорж нар 11-р сар гэдгийн нэгийн тоог 0 болгон харснаар захирамж гарсны дараа хийгдсэн хэлцлийг захирамж гарахаас өмнө болгож шийдвэрлэсэн байна. Шүүх, шүүгч нар бүхэл бүтэн 30 хоногийг алдаж тооцоолон гомдлыг хангахгүй орхижээ. 2. Мөн хянавал хэсэгтээ “П.Д, И.Б нар хамтран өмчлөгчөөр Б.Г бүртгэлтэй байсан гэх байдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ. Б.Г мөн магадлалд огт дурьдагдаагүй С.Лхагва нарын нэр 2007 оны 10-р сарын 29-ний өдөр хасагдсан байдаг. Б. Б.Ггийн нэрийг хассан хүн нь И.Бын хамаатан, газрын албаны менежер Мааний гэдэг хүн юм. 2007 оны 10-р сарын 29-нөөс өмнө Б.Г хасагдаагүй байсан байхад давж заалдах шатны шүүгч нар И.Б нь сохор учир гэрчилгээн дээрх Б.Г гэдэг үгийг уншиж чадахгүй учир мэдэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Иймд он, сар, өдрийг бүхэл бүтэн 30 хоногоор алдсан, хариуцагч сохор учир Б.Г гэдэг үгийг гэрчилгээн дээр байгааг мэдэх боломжгүй гэж үзсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэснээс гадна хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн анхан шатны шүүхийн алдааг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлтэй хэдий ч магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх талуудын огт хэлээгүй , хэрэгт байхгүй 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг дүгнэсэн, зохигчид 2007 оны 10 дугаар сарын 29-нөөс өмнө амаар гэрээ байгуулагдсан гэдгийг зөвшөөрдөг тул бид энэ хугацаанаас өмнөх бүх гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан, НЗДын захирамж 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарсан байхад үүнээс хойш буюу 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар олгохыг хүссэн өргөдөл гарч, 11 дүгээр сарын 09-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримт байгааг шүүх анхаараагүй, ...давж заалдах шатны шүүх П.Д, И.Б нар хамтран өмчлөгчөөр Б.Г бүртгэлтэй байсан гэх байдлыг мэдэх боломжгүй байсан гэж газар өмчлөх эрхийн гэрчилгээг байсаар байхад уншиж судалж дүгнээгүй...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдол “шүүх нотлох баримтыг бүх талаас нь бодитой, үнэн зөв үнэлж чадаагүй” гэсэн агуулгатай байх ба энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Д, И.Б, Б.Г, нарт холбогдуулан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацааг алдаатай бичсэн байх тул 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах гэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд НЗДыг хариуцагчаар оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн НЗДын 523 тоот захирамж гарахаас өмнө хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах бүх аман гэрээг хүчингүй болгох, өмчлөх эрхээ сэргээлгэх гэж тодорхойлон, уг нэхэмжлэлийг эдгээр 4 хариуцагч нарт холбогдуулж гаргажээ. /хх-1, 150, 169/
Хэлцлийг хүчингүйд тооцуулах, хүчингүй болгох гэж шаардлагаа тодорхойлсон Б.Ггийн нэхэмжлэл өөрийнх нь буюу хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хамтран өмчлөгч Б.Г нь дундын өмчлөлийн газрын зарим хэсгийг П.Д, И.Б нарт худалдсан гэсэн үндэслэлд тулгуурласнаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтын дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай байна.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн НЗДын 523 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, дундын өмчлөлийн газраас 403м2 газрыг хариуцагч П.Д, И.Б нарын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үр дагавар нь байх тул өмчлөх эрхээ сэргээлгэх нь НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж гарахаас өмнө талуудын хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аман тохиролцоо, захирамж гарснаас хойш амаар тохирсон хэлцлийг бичгээр баримтжуулсан 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний аль алинтай холбогдох тул нэхэмжлэлийн шаардлага нь 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх агуулгатай гэж үзнэ. Өмчлөх эрх сэргээлгэх шаардлагыг 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхгүйгээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.
ЗДын захирамж гарахаас өмнө буюу 2007 оны 10 дугаар сарын 29-нөөс өмнө талуудын амаар хийсэн тохиролцоог 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр баримтжуулсан худалдах-худалдан авах гэрээнээс тусад нь салгаж, дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь талууд амаар харилцан тохирсон тохиролцоог, хожим бичгийн хэлбэрт буулгах нь цаг хугацааны хувьд өөр боловч гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг өөрчлөгдөөгүй, гэрээний зорилго, гэрээний зүйл, үнэ, гэрээний гол нөхцөл амаар тохирч байсан хэмжээнд бичгийн хэлбэрээр хожим баталгаажсан тул өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээтэй холбоотой болно. 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь 403м2 газрыг хариуцагчид, 387м2 газрыг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэсэн НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж гарснаас хойш боловч уг гэрээнд, захирамж гарахаас өмнөх талуудын хооронд амаар хийгдсэн тохиролцоо тусгагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага гэж тодорхойлох нь зөв бөгөөд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.
Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.
Хэрэгт “нэг талаас Б.Г, Ш.Цэрмаа нөгөө талаас П.Д, И.Б нар харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-0527 тоот хашааг 3 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 300 000 төгрөг өгөв.” гэсэн эдгээр хүмүүсийн гарын үсэг бүхий, он сар өдөр бичээгүй бичгийн баримт, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр П.Д нь Ш.Цэрмаад 360 ширхэг 10 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт авагдсан байна.
Хариуцагч Б.Г нь хамтран өмчлөгч ах Б.Г, эх С.Лхагва нарын зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн газрын зарим хэсгийг бусдад худалдаж 3 600 000 төгрөгийг авснаа зөвшөөрсөн боловч хамтран өмчлөгч байхгүй, газрыг шилжүүлэх боломжгүй байхад хариуцагч нар гэрчилгээг үрэгдүүлсэн гэж баримт бүрдүүлүүлэн, өөрсдийн танил хүнээр захирамж гаргуулсан гэж хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Хариуцагч П.Д, И.Б нар нэхэмжлэлийг маргаж, Б.Г хожим нь ирээд газраа хувааж, хашаагаа өөрсдөө тат гэж байсан, худалдах-худалдан авах гэрээг зөвшөөрч байсан нь 527Б гэсэн хаяг бүхий 387 м2 газрын өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч, бусдад худалдсан, мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд энэ талаар тодорхой дүгнэсэн гэж мэтгэлцжээ. Хариуцагч НЗДнэхэмжлэлийг татгалзахдаа 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж хүчинтэй, уг маргаан Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн гэж маргасан байна.
НЗДын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамж, 527 тоот 700м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг, эзэмшиж байгаа өрхөд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрын өмчлөгч нь Б.Г, Б.Г, С.Лхагва нар болох нь газар өмчлүүлэх тухай шийдвэрээр тогтоогдсон /хх-61/, Б.Г нь уг газраас 403 м.кв газрыг 2007 оны 10 дугаар сард хариуцагч П.Д, И.Б нарт 3 600 000 төгрөгөөр худалдахаар тохирч, мөнгийг 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авсан, НЗДын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамжаар 527А хаяг бүхий 403м2 газрыг П.Дд, 527Б тоот 387м2 газрыг Б.Г, Б.Г, С.Лхагва нарт олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
Б.Г, Б.Г, С.Лхагва нар нь газар өмчлөх эрхээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр баталгаажуулаагүй байсан тул газрын зарим хэсгийг бусдад шилжүүлэх талаар НЗДзахирамж гаргасан байжээ. ЗДын захирамжаар 700м2 өмчлөлийн газраас 403м2 газрыг П.Дд, 387м2 газрыг Б.Г, Б.Г, С.Лхагва нарт олгосон нь өмчлөлийн газрын хэмжээнээс их боловч илүү хэсэг нь өмчлөлийн зүйлтэй холбоогүй тул өмчлөгчийн эрх ашгийг хөндөхгүй юм. Уг захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаар шийдвэр давж заалдах болон хяналтын журмаар хянагдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон, НЗДын захирамж хүчинтэй байна.
Б.Г нь хэлцэл хийх үед Монгол улсад байгаагүй, 2007-2008 онд Солонгос улсад амьдарч байсан, хамтран өмчлөгчийн хувьд Б.Гид эд хөрөнгийг бусдад худалдах талаар зөвшөөрөл өгөөгүй нь тогтоогдсон боловч Монгол улсад ирсний дараа, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасах хэлцэл байгуулж, Б.Г, С.Лхагва нарыг өмчлөгчөөс хасаж, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамж, 527Б тоот 387м2 газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан, Чингэлтэй дүүргийн ЗДад өргөдөл гаргахдаа 527Б тоот хашааны газар дээр байрлах байшингийн суурийн 78м2 газрыг эзэмшүүлэхийг хүссэн Чингэлтэй дүүргийн 16-р хорооны ЗДаас ...527Б тоот хаягт оршин суудаг талаар 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тодорхойлолт авч байсан, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн 387м2 газар, байшингаа бусдад худалдсан баримтаас дүгнэвэл 700м2 хамтран өмчлөлийн газраас зарим хэсэг бусдад худалдагдаж, 387м2 газрын өмчлөл үлдсэн, уг хэмжээнд өмчлөх эрхээ бүртгүүлж байсан байна. /хх-52,55,58,70,76,86,89/
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж заасан тул Б.Г нь хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн зүйлийг бусдад худалдсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасныг зөрчсөн хэдий ч хамтран өмчлөгч Б.Г хожим нь 387м2 газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн, уг хөрөнгийг бусдад худалдсан зэргээр өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлснээс үзэхэд 403м2 газрыг хариуцагч П.Д, И.Б нарт худалдсан Б.Гийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хэлцэл хийх үед хамтран өмчлөгчийн зөвшөөрөл олгоогүй байдлыг нэхэмжлэгч нь хожим зөвшөөрсөн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлаж, маргааны үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 93 дугаар зүйлийн 93.1-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заажээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 649 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Г, П.Д, И.Б, НЗДнарт холбогдох 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Г болон П.Д, И.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрх сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА