Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-3 тоотод оршин суух Даваацэрэн овогтой Сүхбатын /ФМ-57013075 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцагдах 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн актыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.           

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сүхбат, нэхэжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Хүдэрчулуун, Г.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Сүхбат нь Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-09-30-ны өдөр 23 дугаартай захирамжаар М.Энхчулуунд орон сууцны үнийн дүнгийн ногдох хувь, мөн шүүхийн 2015-05-26-ны өдрийн 2405 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Отгонбаярт 15.000.000 төгрөг төлөхөөр тогтсон боловч энэхүү захирамжуудыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн биелүүлэх боломжгүй болсон. Гэвч миний бие өөрийн эдийн засгийн бололцооны дагуу төлбөрийг төлж байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Хүдэрчулуун нь миний хувийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг Уурхайчин баг 3-13-3 тоот орон сууцыг 2016-08-16-ны өдөр битүүмжилж байгааг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие 3-13-3 тоот орон сууцанд одоо амьдардаг бөгөөд төлбөр авагч болох М.Энхчулуунд 30.845.000 төгрөг, Д.Отгонбаярт 3.050.000 төгрөг тус төлөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар М.Отгонбаярт 11.950.000, төгрөг, М.Энхчулуунд 10.700.000 сая төгрөгний төлбөртэй байтал шийдвэр гүйцэтгэгч Б.Хүдэрчулуун нь миний төлөх төлбөрийн хэмжээг 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх актандаа 27.555.353 төгрөг гэж тодорхойлон ямар ч мэдэгдэл өгөхгүйгээр шууд миний эд хөрөнгийг битүүмжилсэнд гомдолтой байна.Нөгөө талаас миний орон сууцыг битүүмжилж түүний үнийн дүнгээс бага хэмжээний төлбөр барагдуулахаар албадан дуудлага худалдаа явуулж болзошгүй байх тул миний бие энэхүү эд хөрөнгө битүүмжилсэн акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ/-т заасныг зөрчин миний эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлээд байна.Иймээс Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Орхон аймаг дахь Шүүхийн шшийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Наранбаярт 2016-08-22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2016-10-13-ны өдөр надад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Хүдэрчулуун хүлээлгэн өгсөн болно.

Миний бие гаргасан гомдлынхоо хариуг авахаар удаа дараа хандсан боловч удахгүй хариу өгнө гэж явсаар өдийг хүрсэн болно.Уг гомдлын хариу нь миний гаргасан эд хөрөнгө битүүмжилсэн актыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүй болгож өгнө үү.

... Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-09-30-ны өдрийн 23 дугаартай захирамжаар М.Энхчулуунтай эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан ба уг гэрээ болон захирамжинд “1. Нэхэмжлэгч М.Энхчулуун хариуцагч Д.Сүхбат нар аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-13-3 тоот 3 өрөө байрыг худалдаж, банкны өрийг төлөх, үлдсэн мөнгийг 50%-иар тус тус хуваан авах, охин Тэмүүлэн,  Сэргэлэн нарыг эх М.Энхчулууны асрамжинд үлдээх...” гэж заасан байтал тус захирамжийн бусад заалтууд нь хэрэгжсэн боловч энэхүү орон сууц барьцаалсан зээлтэй холбоотой хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлэхгүй байгаа билээ.Хэдийгээр орон сууцыг худалдаагүй боловч тухайн үеийн байдлаарх хамтран авсан зээлийг хамтран өмчлөх дундын өмчийн орлогоос тэнцүү хувиар хариуцахаар юм. Гэтэл орон сууцны үнэ буурч худалдан авах хүн олдохгүй байсан тул миний бие банкны зээл болох 15.411.000 /арван дөрвөн зуун арван нэгэн мянган/ төгрөгийг дангаараа төлсөн болно...Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгчийн 2014-09-30-ны өдрийн 23 дугаартай захирамжийн дагуу тухайн хамтран авсан зээлийн үлдэгдэл болох 15.411.000 /арван таван сая дөрвөн зуун арван нэгэн мянган/ төгрөгийн 50% болох 7.705.500 /долоон сая долоон зуун таван мянга таван зуу/ төгрөгийг М.Энхчулуунд төлөх төлбөрөөс хасч тооцохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Шүүгчийн 23 дугаар захирамж гарах үед би банкны зээлийн үлдэгдэл байсан.Дараа нь би 15 411 000 төгрөг төлж зээлээ хаасан.Энхчулуунд би 2016-10-04-ний байдлаар 30 845 000 төгрөг төлсөн байгаа.Энэ тооцоонд хүүхдийн хадгаламж 6 500 000 төгрөг байсныг Энхчулуун миний зөвшөөрөлгүй дангаараа авч хэрэглэсэн тул үүнийг оруулж тооцсон.Иргэн Отгонбаатарт 3 050 000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн байгаа гэв.Байрыг 85 сая төгрөгөөр үнэлсэн тул банкны зээлийг хасаад үлдсэнийг Энхчулуун бид 2 хуваахаар гэрээгээр тохирсон тул миний хувьд үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул ШШГА-ны битүүмжлэх ажиллагааг үндэслэлгүй гэж үзэж байна.Банкны зээл төлсөн 15 411 000 төгрөгний тал хувийг Энхчулууны төлөх төлбөрт тооцож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2405 дугаар захирамжаар иргэн Д.Сүхбатаас 14200000 төгрөг гаргуулж иргэн Д.Отгонбаярт, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 23 дугаар шүүгчийн иргэн Д.Сүхбатаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Уурхайчин багийн 3-13-03 сууцыг худалдаж, банкны өр төлөх, үлдсэн мөнгийг 50 хувиар тус тус хуваан авах, гэрийн тавилгыг харилцан тохиролцож хуваан авах, охидын хэрэглэдэг тавилгыг охин С Тэмүүлэн нарт үлдээхээр шийдвэрлэсэн.

       Төлбөр төлөгч Д.Сүхбатаас төлбөр гаргуулж төлбөр авагч Д.Отгонбаярт олгох 689 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, төлбөр төлөгч Д.Сүхбатаас төлбөр авагч М.Энхчлуунд олгох 447 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 04-25-ны өдөр тус тус хүлээн авч үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

      2016-10 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Д.Сүхбатаас тайлбар авч, шүүхийн шийдвэрийг тухай мэдэгдпийг гардуулсан.2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Д.Сүхбатын нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016-05-10-ны өдрийн лавлагаагаар бүртгэлийн Ү-2101006931 дугаартай 38 мкв талбайтай нэг хүний өмчлөлд бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-03 тоот 3 өрөө орон сууц бүртгэлтэй болох нь тогтоогдсон.Төлбөр төлөгч Д.Сүхбатад шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2016 оны 05 дугаар 05-ны өдрөөс хойш утсаар болон биечлэн удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр авагч нарт төлбөр шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тул төлбөр төлөгчөөс М.Энхчулуунд олгох 15305000 төгрөг, Д.Отгонбаярт олгох 12250000 төгрөг,нийт төлбөрийн 27555000 төгрөгийг барагдуулах зорилгоор 2016-08-16-ны өдөр 56/17 дугаар битүүмжлэх актаар төлбөр төлөгчийн аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-13-03 тоот 3 өрөө сууцыг битүүмжилсэн.

          Төлбөр төлөгч Д.Сүхбат нь эд хөрөнгийн битүүмжлэх ажиллагаа явуулснаас хойш төлбөр авагч Энхчулуунд 300000 төгрөг шилжүүлж, ХААН банкин дахь данснаас нь 300000 төгрөг суутгаж, төлбөр авагч Д.Отгонбаярт олгож, өнөөдрийн байдлаар төлбөр төлөгч Д.Сүхбатаас Отгонбаярт олгох 11950000 төгрөг, М.Энхчулуунд олгох 15005000 төгрөг нийт 26,9550,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байна.

... эвлэрлийн гэрээний орон сууц барьцаалсан зээлтэй холбоотой хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлээгүй байна гэжээ... Шинжилгээний байгууллага Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-13-3 тоот 3 өрөө байрыг орон сууцыг 85000,0 төгрөгөөр үнэлсэн байна.Гэтэл 2014-03-12 -ны өдөр төлбөр авагч С.Энхчулуун нь хүсэлт гарган гүйцэтгэх баримт бичгээ буцаан авсан бөгөөд хүсэлтдээ Д.Сүхбат нь М.Энхчулууныг хамтран зээлдэгчээс чөлөөлүүлж орон сууцаа барьцаалсан зээл авахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын бүртгэлийн битүүмжлэлээ нээлгэх шаардлагатай байна гэсэн тул гүйцэтгэх баримт бичгээ буцаан авч улсын бүртгэлийн битүүмжлэлийг чөлөөлүүлсэн байна.Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй ба төлбөр авагч М.Энхчулуун нь төлбөр төлөгч Д.Сүхбат төлбөрөө сайн дураар төлөхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна гэж ШШГТХ-ийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу тус албанд ирүүлсийг хүлээн авч 2016-04-25-ны өдөр үүсгэн дараах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу орон сууц битүүмжлэх ажиллагааг явагдсан.Шүүхийн 223 дугаар захирамжинд “орон сууцыг худалдан борлуулсан дүнгээс зээлийг төлөөд үлдсэн мөнгийг 50:50%иар хуваана” гэсэн байгаа ба төлбөрийн үлдэгдэл байгаа тул орон сууцыг битүүмжилж хураасан.Иргэн Отгонбаатарт 2 350 000 төгрөг төлсөн.иргэн Энхчулуунд 30 845 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч үүнд хүүхдийн хадгаламж 5 695 000 төгрөг,хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн 200 000 төгрөг багтаж байгаа юм.Манай албаар дамжаагүй,Өөрөө төлөлт хийж манайд баримтын хуулбарыг өгсөн байгаа юм.Өөрөө сайн дураар төлнө гэсэн боловч төлөөгүй тул байрыг битүүмжилсэн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт, 2014-9-30-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамж, 2015-5-26-ны өдрийн 2405 дугаартай шүүгчийн захирамж,эд хөрөнгө битүүмжлэх акт,гомдлын хариу бичиг,барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай Голомт банкны албан бичиг, зээлийн гэрээ,зээлийн дансны хуулга,шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны тэмдэглэлүүд, үнэлгээ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Сүхбат Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-03 тоот орон сууцыг битүүмжилсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, банкны зээлд төлсөн 15 411 000 төгрөгний тал хувийг М.Энхчулуунд төлөх төлбөрт тооцохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 56/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх”тухай актаар Д.Сүхбатын өмчлөлийн хөрөнгө болох  Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-03 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн үйл ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гаргасан ба гомдлын хариуг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн байх тул 10 сарын 17-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасныг хуулийн хугацаанд гаргасан гэж үзнэ.

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014-9-30-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2015-5-26-ны өдрийн 2405 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч Д.Сүхбатад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 56/17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх”тухай актаар Д.Сүхбатын өмчлөлийн хөрөнгө болох  Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-03 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн байна.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014-9-30-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Сүхбат нь өөрийн өмчлөлийн дээрхи орон сууцыг худалдаж,банкны өрийг төлөх,үлдсэн мөнгийг М.Энхчулуунтай 50:50 хувиар хуваан авахаар тохиролцож эвлэрсэн,тухайн үед орон сууц нь Голомт банкны зээлийн барьцаанд, 15,411,305.35 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь шүүхийн шинжлэн судалсан баримтууд зохигчдын тайлбараар нотлогдсон.

       Мөн,2016 оны 5 сард Д.Сүхбат зээлийг бүрэн төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн болох нь Голомт банкны “барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай”албан бичиг,зээлийн дансны хуулгаар,хариуцагч ШШГА орон сууцыг шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн ба 85 сая төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

        Нэхэмжлэгч “Энхчулуунд 30 845 000 төгрөг төлсөн”гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаанд зохигчид, дээрхи үнийн дүнд, хүүхдийн хадгаламж 5 695 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн 200 000 төгрөг зэрэг нь орж тооцогдсон талаар тайлбарлаж байна. Хүүхдийн хадгаламж 5 695 000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн 200 000 төгрөг зэрэг нь төлбөрийн дүнд орж тооцогдох үндэслэлгүй.

        Нэхэмжлгч болон төлбөр авагч М.Энхчулуун нар орон сууцны үнээс банкны зээлийг төлөөд үлдсэн мөнгийг тэнцүү 2 хувааж авахаар тохирсон боловч Д.Сүхбат дангаараа зээлийн төлбөрийг төлсөн ба мөн, М.Энхчулуунд 24 950 000 төгрөг төлсөн байна.Орон сууцны үнэ 85 000 000 төгрөгнөөс зээлийн төлбөр 15 411 305.35 төгрөгийг хасаад үлдсэн 69 588 695.66 төгрөгийг 2 хүнд хуваахад нэг хүнд 34 794 347.33 төгрөг ногдож байх ба үүнээс Д.Сүхбатын төлсөнийг хасахад 9 844 347 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна.Өөрөөр хэлбэл, Д.Сүхбатын М.Энхчулуунд төлөх төлбөрийн үүрэг бүрэн биелэгдээгүй 9 844 347 төгрөг төлөх үүрэг үлдсэн байна.    

         Түүнчлэн Д.Сүхбат нь иргэн Д.Отгонбаатарт шүүхийн 2015-5-26-ны өдрийн 2405 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 15 000 000 төгрөг төлөх үүргээсээ 2 350 000 төгрөг төлсөн талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

       Иймд хариуцагч, орон сууцыг худалдан борлуулах зорилгоор битүүмжлэх ажиллагаа явуулсаныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1,36.1.1-д заасанд нийцсэн гэж үзнэ.Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

      Нэхэмжлэгчийн “Банкны зээл төлсөн 15 411 305 төгрөгний тал хувийг Энхчулууны төлөх төлбөрт тооцож өгнө үү” гэсэн шаардлагын тухайд: 2014 оны 23 дугаартай шүүгчийн захирамжаар тохирсоны дагуу орон сууцны үнээс банкны зээлийг төлөөд, үлдсэнийг 2 хувааж авах тул зээлийн төлбөрийн 50% нь М.Энхчулуунд оногдох хэсгээс анхнаасаа тохирсоны дагуу хасагдана.Иймд дээрхи шаардлага үндэслэл муутай юм.

       Ийнхүү Д.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

       Нэхэмжлэгч хуулийн дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдлаа.                

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйл,160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                           

  1. .Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Д.Сүхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ