Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00060

 

 

 

 

 

 

 

 

                               Д.Сүхбатын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Сүхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймаг дахь ШШГА-нд холбогдох

“2016.08.16-ны өдрийн 56/17 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн актыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Сүхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сүхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун, Ц.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 3-13-3 тоот орон сууцанд одоо амьдардаг бөгөөд төлбөр авагч болох М.Энхчулуунд 30.845.000 төгрөг, Д.Отгонбаярт 3.050.000 төгрөг тус төлөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар М.Отгонбаярт 11.950.000, төгрөг, М.Энхчулуунд 10.700.000 сая төгрөгний төлбөртэй байтал шийдвэр гүйцэтгэгч Б.Хүдэрчулуун нь миний төлөх төлбөрийн хэмжээг 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх актандаа 27.555.353 төгрөг гэж тодорхойлон ямар ч мэдэгдэл өгөхгүйгээр шууд миний эд хөрөнгийг битүүмжилсэнд гомдолтой байна. Энэхүү эд хөрөнгө битүүмжилсэн акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ/-т заасныг зөрчин миний эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлээд байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016-08-16-ны өдрийн 56/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-09-30-ны өдрийн 23 дугаартай захирамжаар М.Энхчулуунтай эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан ба уг гэрээ болон захирамжинд “1. Нэхэмжлэгч М.Энхчулуун хариуцагч Д.Сүхбат нар аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-13-3 тоот 3 өрөө байрыг худалдаж, банкны өрийг төлөх, үлдсэн мөнгийг 50%-иар тус тус хуваан авах, охин Тэмүүлэн,  Сэргэлэн нарыг эх М.Энхчулууны асрамжинд үлдээх...” гэж заасан байтал тус захирамжийн бусад заалтууд нь хэрэгжсэн боловч энэхүү орон сууц барьцаалсан зээлтэй холбоотой хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлэхгүй байгаа билээ.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгчийн 2014-09-30-ны өдрийн 23 дугаартай захирамжийн дагуу тухайн хамтран авсан зээлийн үлдэгдэл болох 15.411.000 /арван таван сая дөрвөн зуун арван нэгэн мянган/ төгрөгийн 50% болох 7.705.500 /долоон сая долоон зуун таван мянга таван зуу/ төгрөгийг М.Энхчулуунд төлөх төлбөрөөс хасч тооцохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу орон сууц битүүмжлэх ажиллагааг явагдсан. Шүүхийн 223 дугаар захирамжинд “орон сууцыг худалдан борлуулсан дүнгээс зээлийг төлөөд үлдсэн мөнгийг 50:50%иар хуваана” гэсэн байгаа ба төлбөрийн үлдэгдэл байгаа тул орон сууцыг битүүмжилж хураасан. Иргэн Отгонбаатарт 2 350 000 төгрөг төлсөн.иргэн Энхчулуунд 30 845 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч үүнд хүүхдийн хадгаламж 5 695 000 төгрөг,хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлсэн 200 000 төгрөг багтаж байгаа юм. Манай албаар дамжаагүй, Өөрөө төлөлт хийж манайд баримтын хуулбарыг өгсөн байгаа юм. Өөрөө сайн дураар төлнө гэсэн боловч төлөөгүй тул байрыг битүүмжилсэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Д.Сүхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Сүхбат давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн актыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.09.30-ны өдрийн 23 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Д.Сүхбат, М.Энхчулуун нарын Голомт банкнаас хамтран авсан зээлийн үлдэгдэл 15.411.000 төгрөгийн 50 хувийг М.Энхчулуунд төлөх төлбөрийн дүнгээс хасаж тооцохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм. Гэтэл анхан шатны шүүх анхны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь шийдвэрийн тогтоох хэсгийн агуулагатай зөрүүтэй байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох "Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.09.30-ны өдрийн 23 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Д.Сүхбат, М.Энхчулуун нарын Голомт банкнаас хамтран авсан зээлийн үлдэгдэл 15.411.000 төгрөгийн 50 хувийг М.Энхчулуунд төлөх төлбөрийн дүнгээс хасаж тооцохыг Орхон аймаг дахь Шүүхийн шиийдвэр гүйцэтгэх албанд даалгах “ гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэл нь гомдлоор үүсдэг маргаан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан олгохоор заах ёстой байтал ийнхүү заагаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтанд шүүх бүх талаас нь бүрэн бодитойгоор дүгнэлт хийгээгүйг харуулж байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тухай, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулан олгох тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Сүхбат өөрийн өмчлөлийн 3-13-33 тоотод байрлалтай 38 кв/м талбай бүхий 3 өрөө орон сууцыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албанаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилсэн 56/17 тоот актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн алдаа зөрчлийг гаргажээ. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Сүхбатын өмчлөлийн 3 өрөө бүхий орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилснийг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуульд заасан хугацаанд гомдол гаргасан эсэх нь тодорхой бус тэрээр гомдлын хариуг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүхэд 10 дугаар сарын 17-ны өдөр гомдлоо гаргаснаас үзэхэд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хэзээ гарсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэхийг тодруулаагүй, шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Сүхбат 12 дугаар сарын 27-ны өдөр “би банкинд төлөх ёстой байсан 15.411.000 төгрөгийг өөрөө төлсөн тул 7.705.500 төгрөгийг М.Энхчулууны төлөх төлбөрийг хасч тооцохыг даалгаж өгнө үү..” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Г.Наранбаярт гардуулсан эсэх нь эргэлзээтэй /овог буруу бичигдсэн/, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш шүүхэд хариуцагч талаас ирүүлсэн 17 хуудас нотлох баримтыг шүүх хуралдаан хийх өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Сүхбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба тухайн хэрэгт төлбөр авагч М.Энхчулууны эрх ашиг хөндөгдсөн эсэх дээрх төлбөрийг М.Энхчулуун төлсөн эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа шүүх “... нэхэмжлэгч үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд дээрх алдаа зөрчил нь 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                           Б.БАТТӨР

                                                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ