Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0445

 

М.Г-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Г-ын гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч М.Г-н “Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Татварын улсын байцаагч Д.Д-д холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... М.Г-д холбогдох зөрчил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 20 хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үүсч үүнээс хойш 1 жил 1 сар 10 хоног өнгөрсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д “Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан хугацаа өнгөрсөн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүссэн.

            Гомдол гаргагч нь маргаан бүхий актыг хуулийн хүчин төгөлдөр болж, үр дагавар үүсэхээс өмнө гомдол  гаргасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шүүх дээр явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар холбогдогч М.Г-ыг 10 сая төгрөгөөр торгох хууль зүйн үр дагавар үүсэх боломжгүй болсон.

            Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, актыг хэвээр үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Г-д холбогдох зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176582 тоот шийтгэлийн хуудсаар “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Үндэсний аудитын газрын 2879 тоот албан бичгийг зөрчсөн гэх үндэслэлээр М.Г-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” байна.  

Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар М.Г-оос Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-д холбогдуулан гаргасан гомдлыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Гомдол гаргагч М.Г “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Хаан банкны төв салбарт данс нээлгэсэн. Данс нээсэн гэрээний маягт, нэр дэвшигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбарын хамтаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн хооронд Үндэсний аудитын газрын жижүүр дээр үлдээсэн” гэж зөрчлийн хэрэгт холбогдуулсан өгсөн мэдүүлэгтээ дурдсан байх бөгөөд банканд данс нээлгэсэн нь Хаан банкны тодорхойлолт, гэрээгээр тогтоогдож байна. 

Гэвч уг дансны дугаар, банкны нэр зэрэг холбогдох баримтыг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлсэн гэх тайлбар нь Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1053 дугаар албан бичиг, тус газрын ирсэн бичгийн бүртгэл, гэрч Н.Чулуунбаатар, Д.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, гомдол гаргагч М.Г нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д-ын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176852 тоот шийтгэлийн хуудас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу гарсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар “...М.Г-д холбогдох зөрчил 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үүсч үүнээс хойш 1 жил 1 сар 10 хоног өнгөрсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хугацаа өнгөрсөн нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавартай” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.  

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 7-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдөр буюу Улсын Их Хурлын сонгууль болохоос 20-оос доошгүй хоногийн өмнө, эсвэл данс нээснээс өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш эхлэн тоолоод, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн буюу зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гарсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааг тооцоход хуульд заасан хөөн хэлэлцэх  1 жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

Гомдол гаргагчийн зөрчил үйлдсэн эсэхийг шалган тогтоохоор зөрчлийн хэрэг нээсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа зогсох тул давж заалдах гомдолд дурдсанаар 1 жил 1 сар 10 хоног өнгөрсөн гэх тайлбар үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

 Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч М.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч М.Г-н өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР