Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01038

 

Х Бны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Х Бны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Ц.Н, Я.Снарт холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6 715 440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х Б-ны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.Н, Я.Снар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 12-р сарын 25-ны өдөр ЗГ/ТЗЗХ/14/1215 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалттай авсан юм. ...Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 161 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах: 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 6 337 896.96 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 350 714.91 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.829 төгрөг нийт 6.715.440.87 төгрөг Улсын тэмдэгтийн хураамжийн 122 397.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны 12 дугаар сарын 25-нд ЗГ/ТЗЗХ/14/1215 тоот зээлийн гэрээ байгуулан Х Бнаас Ц.Н нь 20 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлээ төлж явж байгааг 2016 онд Япон улсад сурахаар яваад цалингийн зээлийн төлөлт тасарсан. Банк удаа дараа зээл төлөх талаар шаардсан. Цалингийн орлогогүй байгаа учир 2018 оны 08 дугаар сарын 20-нд ажилдаа орно. Тэр хугацаанд түр түдгэлзүүлээд өгөөч. Цалин орлоготой болоод ирхээрээ цалингийн зээлээ хугацаанд нь төлөөд явъя гэсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан Х Бны гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт би итгэмжлэлээр орж ирээд тайлан тооцоог нь үзэхээр өнөөдрийн гаргаж өгсөн хүсэлт дээр дурдагдсан зөрүү гараад байна. Би энэ мөнгийг Х Бны нэхэмжлэлээс хасаж тооцох юм бол хүлээн зөвшөөрөх боломжтой байна гэжээ.

Хариуцагч Я.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уг зээл нь цалингийн зээл бөгөөд цалингийн орлогоос төлөх үндсэн нөхцөлтэй зээл гэж тохиролцож уг зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Охин Ц.Н нь суралцах шалтгааны улмаас цалингийн орлогогүй болсноор зээлийн төлөлт тасалдсан болно. Нэхэмжилж буй зээлийн төлбөр тооцоотой холбоотой тайлбарыг Ц.Н гаргах ба Ц.Нгийн тайлбарыг дэмжинэ гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н, Я.Снараас 6 715 440.87 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Х Б-ны Сэлэнгэ салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 397.06 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас уг 122 397.06 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар хариуцагч Ц.Н, Я.Снараас 6 715 440.87 төгрөг гаргуулж, Х Б-нд олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэн үндэслэх хэсэгтээ дурдахдаа “Хариуцагч банкны зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл болон зээлийн хүүгийн тооцоо нь өөрсдийн төлбөрт хийсэн тооцоотой зөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 953,668.23 төгрөг хасуулах тухай хүсэлт гаргасан боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.” гэжээ. Гэтэл Х Б нэхэмжлэл гаргахдаа барьцаат зээлийн гэрээ гэгчийг л нэхэмжлэлд хавсаргасан байсан ба зээлийн дансны хуулга, зээлдэгчийн харилцах дансны хуулга, тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг төрийн захиргааны төв байгууллагын баталсан санхүүгийн анхан шатны баримтаарх болон банкны нягтлан бодох бүртгэлийн баримтаарх байдлаар огт гаргаагүй байсан юм. Ийнхүү Х Б нь цалингийн зээлийн үлдэгдэл тооцоо болох нэхэмжлэлийн үнийн дүнгээ дараах хууль журмуудын дагуу нягтлан бодох бүртгэлийн журмаар нотолж чадаагүй юм. Үүнд: 1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 ба 14 дүгээр зүйлүүд, 2.Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Стандарт болон монгол улсад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмуудад нийцүүлж боловсруулсан “Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх журам”-ууд: 2.1 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор батлагдсан “Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн журам”-ын 1-5.2. Авлага, 1-3.2. Зээлийн хүүгийн бүртгэл, 1-5.1.Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага зүйл, заалтууд, 2.2 Монголбанкны Ерөнхийлөгч.Сангийн Сайдын хамтарсан 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А35-20 дугаартай тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай” журам, зааврын 4.3.Д.2, 4.5.Д.1 зүйл, заалтууд. Иймд бид уг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гаргаж, уг хүсэлтдээ зээлийн дансны хуулга болон цалингийн дансны хуулга гаргуулах хүсэлтийг мөн давхар гаргаж байж тухайн хуулагуудыг гаргуулж авсан юм. Уул нь дээр дурдсан хууль, журмуудаар банк зээлийн авлагын бичилтээ улирал тутам нягтлан бодох бүртгэлд бүртгэж тайлагнахдаа зээлдэгч, зээлдүүлэгч талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан тооцоо нийлсэн акт бүхий анхан шатны санхүүгийн баримтыг үндэслэн бүртгэсэн байх ёстой билээ. Энэ шаардлагаар банк хаяж л 36 сарын буюу 36 удаагийн зээлийн авлага, өглөгийн тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгааг тухайн актанд хавсаргагдсан анхан шатны кассын орлогын баримт, зээлийн дансны хуулга, банкны данс хоорондын гүйлгээний бичилтийн баримтуудын хамт гаргаж өгөх үүрэгтэй билээ. Гэтэл шүүх банкны нэхэмжлэлдээ дурдсан тоо баримтыг тулгаж шийдвэр гаргасныг нь магадлалд зөвтгөж “Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд уг хуваарьт заасан хэмжээ, хугацааны дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд талууд нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохирч үүнийхээ дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах, зээлийн гэрээнийхээ үүргийг хариуцагч нар нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ” гэж магадалсан нь шүүхийн шийдвэр үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтанд тулгуурлах зарчмыг илтэд зөрчихийн сацуу уг шийдвэр нь Х Б Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиас ангид байж болохыг тусгайлан дархалж зөвшөөрсөн шийдвэр, магадлал хэмээн хүлээн авч дүгнэхэд хүргэж байна. Бид шүүхэд хүсэлт тавьж Х Бнаас гаргуулсан зээлийн дансны хуулгатай 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр танилцаад нэгэнт Х Б анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн бичилтээ өгөөгүй тул өөрсдөө өглөгийн бүртгэлээ дансны ангиллаар нягтлан бодох бүртгэлийн бичилт хийж тулгалт хийж үзэхэд манай тооцоогоор 953 668.23 төгрөг зөрсөн юм. Уг зөрүүг тооцоолсон 3 хуудас дансны бичилтээ шинжээчээр тогтоолгох хүсэлтэнд хавсарган шүүхэд өгсөн билээ. Дахин хэлэхэд миний бие нь МУИС-ын банк, санхүүгийн ангийг бакалавр, магистраар дүүргэсэн одоо Бээжин их сургуулийн докторант билээ. Ийнхүү шийдвэр, магадлалд юуг үндэслэж Х Бны нэхэмжилж буй тооцооны дүнг үнэн зөв гэж үзэж буй талаар огт дурдагдсангүй. Энэ нь угтаа банк гэрээ хийгээд нэхэмжлэл гаргасан л бол зээлдэгч нэхэмжилсэн дүнг үг дуугүй хүлээн зөвшөөрч төлж бай гэх зарчмын шийдэл үү эсвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 ба 14 дүгээр зүйлд заагдсан баримт тооцоогүй тохиолдолд гэрээний хавсралт дахь зээлийн төлөлтийн хуваарийг үндэслэн шүүх тооцож тогтоосон тооцоо юу гэдэг нь зээлдэгч миний хувьд огт ойлгомжгүй эргэлзээтэй асуудал болоод байна. Иймд миний энэ эргэлзээг хууль зүйн үндэслэлээр тайлж өгнө үү. Мөн Х Бны гэрээ гэрээний стандарт нөхцлийг хангасан эсэх тухай, цалингийн зээл бүтээгдэхүүн нь сонголтгүй хийгдсэн гэрээ эсэх тухай хууль зүйн тайлбарыг гаргаж өгнө үү. Х Бны зээлийн тооцооны үлдэгдлийн талаарх эргэлзээг тайлахын тулд шинжээч томилуулан 953 668.23 төгрөгийн зөрүүг тогтоолгон Х Бны нэхэмжлэлийн дүнгээс хасаж шийдвэрлэн миний гомдлыг ханган шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х Б нь хариуцагч Ц.Н, Я.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6 715 440 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нар цалингийн зээл авснаа хүлээн зөвшөөрсөн боловч цалингийн орлогогүй байгаа тул зээлээ төлөөгүй, зээл төлөхийг түдгэлзүүлэхийг хүссэн боловч шийдэж өгөөгүй, зээлийн тооцоо зөрүүтэй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

Зээлдэгч Ц.Н, Я.Снар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй тул Х Б 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаарджээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Давж заалдах шатны шүүх шаардах эрхийг зохицуулаагүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, маргааны үйл баримтад хамаарахгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээл төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй үр дагаврыг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсгийг баримталж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...зээлийн гэрээ гэрээний стандарт нөхцлийг хангасан эсэхийг шүүх дүгнэж чадаагүй, зээлийн тооцоолол эргэлзээтэй, анхан шатны санхүүгийн баримт хэрэгт байхгүй, шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, ...баримтаа тулгаж, тооцоо хийж үзэхэд 953 668 төгрөгийн зөрүү гарч байгаа тул...” хасч, шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул, гомдлыг хангахгүй орхив.  

Х Б болон хариуцагч Ц.Н, Я.Снарын байгуулсан 2014 оны 12-р сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба зээлдүүлэгч нь гэрээний дагуу 20 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар хариуцагчид  шилжүүлсэн байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар зээлийг авсан тул гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу зээлийг буцааж өгөх үүрэг үүсчээ. Зохигчийн байгуулсан гэрээг хууль зөрчсөн,  хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд цалин барьцаалсан, зээлдэгч цалингийн орлогогүй болсон нь зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь зээлдэгч нар зээлийг буцааж төлөх үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн тул барьцааны зүйл байхгүй болсон эсэхээс үл хамаарч үүргээ биелүүлэх ёстой байна. Үндсэн үүргийн салшгүй хэсэг болох барьцааны гэрээ биелэгдэх боломжгүй болох нь үндсэн гэрээний үүргийг биелүүлэхэд нөлөөлөхгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн тооцоололтой холбоотой зээл буцаан төлөх хуваарь, үүргээ биелүүлэхийг сануулсан мэдэгдэх хуудсууд, хариуцагчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж, Х Бнаас хариуцагч Ц.Нгийн харилцах дансны 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09 хүртэлх хугацааны хуулга /хх-66-71/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх ба эдгээр баримтын хэмжээнд зээлийн тооцоолол хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 6 337 896 төгрөг, зээлийн хүү 350 714 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 829 төгрөгийг шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Хариуцагч нь харилцах дансны хуулгаас өөр зээл буцааж төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлаж дүгнэлт хийх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд шаардлагатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Зээлийн тооцоонд 953 668 төгрөгийн зөрүү гарсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цалингийн зээл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс зохих хариуг ирүүлжээ./хх-71-74/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13   дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА