Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-22-54 тоотод оршин суух Иргэд овогт Магнайгийн Баатарын /ФМ52062611/ нэхэмжлэлтэй

Гэрлэлт бүртгүүлсэн байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г-08 гэсэн гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээ авч бүртгүүлсэн боловч улсын болон орон нутгийн бүртгэлийн жагсаалтанд ороогүй тул дахин тухайн гэрлэлт бүргүүлсэн байдлыг тогтоолгож баталгаажуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Баатар нь Г.Жаргалтогтохтой1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

М.Баатар, Г.Жаргалтогтох нар нь 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №08 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.Баатар, Г.Жаргалтогтох нарын гэрлэлтийн бүртгэл иргэний гэр бүлийн цахим бүртгэлд бүртгэгдээгүй болох нь 2017 оны 04  дүгээр сарын 07-ны өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 1205 дугаартай лавлагаагаар, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 534 дугаартай албан тоотоор, зохигчид хамт амьдардаг болох нь Оюут багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул М.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Иргэд овогт Магнайгийн Баатарыг Хард овогт Гомбожавын Жаргалтогтохтой 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №08 дугаарт бүртгүүлсэн болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэд овогт Магнайгийн Баатар, Хард овогт Гомбожавын Жаргалтогтох нарын гэрлэлтийн бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБАСҮРЭН