Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           04            07                                         2020/ШЦТ/198                                 

                                                                                                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-гийн Жд холбогдох эрүүгийн 20030 0070 0088 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Оюунжаргал /тээвэр/, хохирогч А.Ц, иргэний нэхэмжлэгч Т.Б, шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Н.Болортуул нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон их сургуульд номын санч ажилтай, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-гийн Ж /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц, Т.Б, Б.Н нарыг мөргөж, А.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.     

                                            

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Жгийн өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Би мөрдөн байцаалтын шатанд хохирогчид баримттай хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлын баримттай бодит хохирлыг төлж барагдуулна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс цалингийн алдагдал нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Учир нь хохирогч сургуулийн багш ба онц байдал зарласантай холбогдуулан одоогоор сургуулиуд хичээллэхгүй байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Цын өгсөн: 

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 50 минутын үед зам тээврийн осолд орсон. Тухайн гэмт хэргийн улмаас миний хөлний үе хоорондын тулгуур яс гэмтсэн. Эмч надад 48 хоногийн турш хэвтрийн дэглэм барьж, улмаар хөдөлгөөн хийж хөлөө эдгээхийг зөвлөсөн. Авто ослын улмаас би мөргүүлж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Шүүгдэгч миний хохирлын мөнгийг төлнө гэдэгт итгэж байгаа.

Би багш мэргэжилтэй бөгөөд шүүгдэгчээс үр дүнгийн болон гадаад харилцааны ажилтны нийт 616.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би цалингаа эмнэлгийн акттай гэх шалтгааны улмаас бүрэн аваагүй. Би өвчтэй байсан хугацааны эмнэлгийн актын хуулбарыг шүүгдэгчид өгсөн. Би сарын үндсэн 775.000 төгрөгийн цалинтай. Мөн нэмэлт цалин авч, нийт 1.600.000 төгрөгөөр цалинждаг. Би нийгмийн даатгалаа 1.600.000 төгрөгөөс бодуулж төлдөг. Би одоогоор шүүгдэгчээс төлсөн 3.995.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлснөөр тооцон хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Бгаас өгсөн:

“...Би Төв аймагт байрлах “Тэргүүн“ ХХК-ийн “Намир” амралтын газарт гал тогоо хариуцсан менежер ажилтай, сарын 1.500.000 төгрөгийн цалинтай. Тухайн байгууллагад би 3 жилийн турш ажиллаж байна. Бид гэр бүлийн бизнес эрхэлдэг тул нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Манай байгууллага одоогоор ажиллахгүй байгаа.

Шүүгдэгч бид нарт эмчилгээний зардлын мөнгийг төлсөн. Даатгалаас 2.770.000 төгрөгийг авсан. Би шүүгдэгчээс сар гаруй хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговорт  2.225.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Учир нь би гэмт хэрэг гарсан үеэс хойш 1 сар хагасын хугацаанд ажилдаа яваагүй. Зогсоолын төлбөр гэдэг нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн урд машинаа зогсоосны төлбөр байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20030 0070 0088 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-09х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Цын хохирогчоор өгсөн:

“...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил Зайсан худалдааны төвийн хойд талын замын хойд талаас урд тал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин гарч ирээд, манай нөхрийг эхэлж мөргөөд, намайг болон миний хажууд явж байсан охиныг мөргөн газар унагасан.

Тэгээд би босоод биеэ үзэхэд миний зүүн хөл өвдөгөөрөө маш их өвдөж байсан ба манай нөхөр, хүүхдийн бие гайгүй юм шиг байсан. Бид хэд өөрсдийнхөө машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослын улмаас миний зүүн хөлийн яс хугарсан. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Жолоочоос өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан болон бусад зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, /,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил Зайсан худалдааны төвийн хойд талын замд хойноос урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин ирээд, намайг эхэлж мөргөөд, миний хажууд зэрэгцээд явж байсан манай эхнэр, хүүхдийг бас мөргөсөн.

Тэгээд би зам дээрээс босоод харахад манай эхнэр бид хэдийг мөргөсөн машины урд хэвтэж байхаар нь эхнэрээ татаж босгосон, харин манай охин эхнэрийг мөргөх үед газар унасан байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирж, бид хэдийг үзчихээд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд явсан. Дараа нь бид өөрсдийн машинаар Гэмтлийн эмнэлэг явсан.

Энэ ослын улмаас миний нуруу гэмтсэн. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Энэ ослоос болж манай эхнэр гэмтсэн байгаа, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд одоо ажлаа ч хийж чадахгүй, эхнэрээ асраад гэртээ байна. Жолоочоос өөрийнхөө болон эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулсан болон бусад зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Равдмаагийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын үед би охиныхоо Тоёота Виш маркийн хххх улсын дугаартай автомашинтай Нарантуул захаас Хан-Уул дүүргийн Тамгын газрын хажууд байх гэртээ очих гээд явж байсан. Машиныг манай охин Ч.Ж жолоодож явсан ба би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Удирдлагын академийн хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ замынхаа баруун гар талыг бариад явж байгаад Оргил Зайсан худалдааны төвийн зүүн хойд талын уулзвар дээр ирэхэд уулзвар дээр улаан гэрэл асаж байхаар нь гэрэл солигдохыг хүлээж зогссон.

Тухайн үед уулзвар дээр манай машины урд 2 машин бас гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан ба хэсэг хугацааны дараа гэрэл солигдож ногоон гэрэл асахаар нь манай машины өмнө зогсож байсан 2 машин уулзвар руу орох үед төв замын урдаасаа хойшоо явдаг чиглэлд машинууд дүүрэн, зам түгжрэлтэй байхаар нь манай машин тэр машинуудын араар тойроод чигээр баруун явах үед гэнэт замын хойд талаас хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гараад ирсэн. Манай машин тоормосоо гишгээд тэр 3 хүнийг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1713 тоот актын:

1. А.Ц-н биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 57-58х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1712 тоот актын:

1. Т.Бгийн биед бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 60-61х/,

 

7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 114 тоот:

1.Toyota Wish маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ч.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д заасан “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч А.Ц, Т.Б, Б.Н нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 86х/,

 

8. Хохирогч А.Ц болон иргэний нэхэмжлэгч нараас эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт гаргасан нэхэмжлэл, баримтууд /хэргийн 23-30х, 31-36х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Жгийн яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын үед би Тоёота Виш маркийн хххх улсын дугаартай автомашинаа бариад Нарантуул захаас Хан-Уул дүүргийн Тамгын газрын хажууд байх гэртээ очих гээд явж байсан. Тэгээд Удирдлагын академийн хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ замынхаа баруун гар талыг бариад /20-30 км цагийн хурдтай/ явж байгаад Оргил Зайсан худалдааны төвийн зүүн хойд талын уулзвар дээр ирэхэд уулзвар дээр улаан гэрэл асаж байхаар нь гэрэл солигдохыг хүлээж зогссон.

Тухайн үед уулзвар дээр манай машины урд 2 машин бас гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан ба хэсэг хугацааны дараа гэрэл солигдож ногоон гэрэл асахаар нь манай машины өмнө зогсож байсан 2 машин уулзвар руу орсон, би ч хөдлөөд уулзвар руу ороход төв замын урдаасаа хойшоо явдаг чиглэл машинууд дүүрэн, зам түгжрэлтэй байхаар нь би тэр машинуудын араар тойроод чигээр баруун явах үед гэнэт замын хойд талаас хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гараад ирсэн. Би тоормосоо гишгэсэн боловч машин гулгаад явган хүний гарц руу орж тэр 3 хүнийг мөргөсөн.

...Би энэ машиныг нагац эгчээсээ 2019 оны 10 сард худалдаж аваад, одоогоор машиныхаа эзэмшигчийн шилжүүлгээ хийлгэж амжаагүй явна. Тухайн үед миний машинд манай ээж надтай хамт явж байсан юм. Ослын улмаас автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би энэ хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалын байгууллагаас мөнгө авч нөхөн төлөх гээд материалаа өгчихсөн байгаа. Би 2011 онд жолооч болсон, жолооч болсноосоо хойш тасралтгүй жолоо барьж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 97-98х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Ганзоригийн мэдүүлэг /хэргийн 24х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 106х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 102х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 109х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 112х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц, Т.Б, Б.Н нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч А.Цын эрүүл мэндэд “...зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Т.Бгийн эрүүл мэндэд “...бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчлагдсан.  

 

Шүүгдэгч Ч.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц, Т.Б, Б.Н нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаснаас явган зорчигч А.Цэрэнхлхамын биед  “...зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, явган зорчигч Т.Бгийн биед “...бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

Тээврийн прокуророос шүүгдэгч Ч.Жд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв. 

  

Иймд шүүгдэгч Ч.Жг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх  үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан байна.  

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч А.Ц, иргэний нэхэмжлэгч Т.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба гэмт хэргийн хор уршигт тооцон хохирогч А.Цэрэнхлам болон түүний гэр бүлийн гишүүн болох иргэний нэхэмжлэгч Т.Б, охин Б.Н нарын оношилгоо эмчилгээ, эм тарианы зардлыг баримтаар нотлогдсон /хэргийн 23-36х/ хэмжээнд 3.994.650 /гурван сая есөн зуун ерөн дөрвөн мянга зургаан тавь/ төгрөгийг шүүгдэгч Ч.Ж нь нөхөн төлсөн, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжилсэн төлбөр нөхөн төлөгдсөн хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тус тус баримттай байна. /хэргийн 122х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч А.Ц нь хөдөлмөрийн чадвар түр алдсанаас дутуу авсан цалин, хөдөлмөрийн хөлсний алдагдал 308.000 төгрөг, үндсэн ажил дээр хавсран гүйцэтгэх гадаад харилцааны ажилтны 2 сарын нэмэгдэл 616.000 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч Т.Б нь өвчтэй байсан хугацааны болон өвчтэн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд ажилгүй байсан цалин хөлсөнд 2.250.000 тус тус шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мэр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Учир нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй, хохирогч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажил олгогч болон тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр тооцож авсан эсэхийг тодорхойлох баримтгүй, түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалин хөдөлмөрийн хөлс авч байсныг тодорхойлох ажил олгогч “Тэргүүн трейд” ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримт зэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул дутуу авсан цалин, тэтгэмжийн зөрүү, ажилгүй байсан гэх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг шүүх тооцон тодорхойлох боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрдлэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс нэхэмжилсэн 3.091.000 төгрөгийн  шаардлагад хамаарах болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлд хамаарах баримт нотлогоог зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.   

 

Хэргийн шүүгдэгч Ч.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 102 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.    

 

 Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт баримттай гарсан эмчилгээний зардал төлбөрийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Ч.Жд 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.     

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-гийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Жг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  Ч.Ж нь 3.994.650 /гурван сая есөн зуун ерөн дөрвөн мянга зургаан тавь/ төгрөгийг хохирогч А.Ц, иргэний нэхэмжлэгч Т.Б нарт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч А.Ц, иргэний нэхэмжлэгч Т.Б нарын нэхэмжлэлээс үлдэх өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсний 3.091.000 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар түр алдсанаас дутуу авсан цалин, хөдөлмөрийн хөлсний зөрүүтэй холбоотой нэхэмжлэлд хамаарах, иргэний нэхэмжлэгч Т.Б нь өвчтэй байсан хугацааны болон өвчтэн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа тус тус зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэдгээрт тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Ч.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД