Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1322

 

 2020          10            13                                         2020/ДШМ/1322

Ч.Жд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогч А.Цэрэнлхам,

иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай,

шүүгдэгч Ч.Жгийн өмгөөлөгч Б.Зулбаяр, Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/495 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Жгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2003000700088 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

......................, 19.......... оны ........... дугаар сарын .............-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон их сургуульд номын санч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-802 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Шүүгдэгч Ч.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд “Тоёота Виш” загварын 05-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Цэрэнлхам, Т.Батмагнай, Б.Никкол нарыг мөргөж, А.Цэрэнлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Батмагнайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтад 3.994.650 төгрөгийг хохирогч А.Цэрэнлхам, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Ч.Жгаас нийт 2.282.161 төгрөг гаргуулан хохирогч А.Цэрэнлхамд 1.862.161 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнайд 420.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Цэрэнлхам нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нь өвчтэй байсан хугацааны болон өвчтөн асрамжилсан чөлөөтэй байсан хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүүг тус тус нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт Ч.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшихийн сацуу хохирогчид яаралтай тусламж үзүүлж, бодитоор хохирсон хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч барагдуулсан. Миний бие хавтаст хэрэгт авагдсан бодит буюу баримт нотолгоотой хохирлыг барагдуулсан байтал А.Цэрэнлхам нь дахин цалингийн зөрүү 1.352.477 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг гэсэн хохирлын баримт гэх баталгаажуулаагүй өөрөө хийсэн хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх уг баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Т.Батмагнайд учирсан эмчилгээний хохирлыг бүрэн төлсөн бөгөөд шүүхээс гаргасан “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж үзсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Тус шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие “Орхон” их сургуульд номын санч ажилтай, сард 1311552 төгрөгийн цалинтай бөгөөд ам бүл 5, нөхөр, 3-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээр тархсан Цар тахлын өвчний улмаас боловсролын бүх л байгууллагын үйл ажиллагаа зогссон боловч Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс их, дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн байдалд орсонтой холбогдуулан миний бие эрхэлсэн тодорхой ажилтай тул торгуулийн ял хүссэн боловч ялыг хүндрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан билээ. Иймд дээрх шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг үндэслэлтэй үнэн зөв тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ч.Жгийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Жд ял оногдуулахдаа нийтэд илэрхий үйл баримтыг илт гуйвуулсан. Тухайлбал, дэлхий нийтээр тархсан цар тахлаас болж боловсролын байгууллагын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор хохирлыг бүрэн төлж барагдуулах боломжгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нийтэд илэрхий үйл баримт гэдэгт боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсоогүй, цахимаар явагдаж байсан. Мөн ажилтнуудынхаа цалинг бүрэн олгож байсан. 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэвийн горимд шилжсэн. Иймэрхүү нөхцөл байдал байхад шүүх эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ хариуцлагыг хүндрүүлсэнд гомдолтой байна. Мөн шүүх явган хүний гарц дээр осол гаргасан гэж хүндрүүлж шийдвэрлэсэн. Явган зорчигчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэх ганц үндэслэл явган хүний гарц байдаг. Тэгэхээр зам тээврийн ослоос явган зорчигч хохирсон тохиолдолд бүгд явган хүний гарц дээр бий болдог. Ийм учраас дээрх 2 нөхцөл байдлыг харгалзан ялыг хүндрүүлсэнд санал нийлэхгүй байгаа тул ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчийг хохирлоо төлөх, амьдралаа залгуулах боломжоор хангаж торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Жгийн өмгөөлөгч Н.Болортуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Зулбаяртай ижил байр суурьтай байна.” гэв.

Хохирогч А.Цэрэнлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би нийгмийн даатгалын дэвтрийнхээ сүүлийн хувилбарыг бүрэн өгсөн, хөдөлмөрийн дэвтэр 24 гарын үсэгтэй, 12 тамгатай, мөн байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ 4 гарын үсэг, 2 тамгатай, ажил байдлын тодорхойлолтыг захирлын тамгатай бланк дээр гаргаж өгсөн. Гэвч эдгээр баримтууд шүүгдэгч талд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна гэж байгаад гомдолтой байна. Мөн 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийхгүй гэж хуулийн өмнө өөртөө ял сонгож байгаа юм шиг байдал нь ойлгомжгүй байна. Анх шүүгдэгчид торгох ял оногдуулахад би мөнгөгүй, төлөхгүй гэсэн. Улмаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад мөн хийхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд шүүгдэгчид ял хүндрүүлсэн гэж үзэхгүй байна. Түүнд оногдуулсан ял тохирсон.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхнэр А.Цэрэнлхамын тайлбартай санал нэг байна. Энэ хэрэг 2020 оны 1 дүгээр сарын дундуур гарсан бөгөөд биднийг гарцаар явж байхад мөргөж, эрүүл мэнд болон санхүүгийн хохирол учруулсан илт тодорхой хэрэг. Хэн нэг хүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн юм уу, залилсан ямар ч асуудал байхгүй. Зөвхөн гарсан хохирлоо нэхэмжилсэн. Ч.Ж мөрдөн байцаалтын явцад торгуулиа төлнө гэдэг ч бүх шатны шүүхэд гомдол гаргаж, хэрэг болсноос хойш бүтэн 10 сарын хугацаанд торгууль төлөхгүй, бидэнд учирсан санхүүгийн хохирлыг гүйцэд төлөхгүй явж байгааг ойлгохгүй байна.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хохирол төлбөрөө бүрэн төлж чадахгүй байгаа, цалингийн зээл авсан гэж мэдүүлсэн учир шүүх торгох ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ч.Ж нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд “Тоёота Виш” загварын 05-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Цэрэнлхам, Т.Батмагнай, Б.Никкол нарыг мөргөж, А.Цэрэнлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Батмагнайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Цэрэнлхамын “...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Оргил Зайсан” худалдааны төвийн хойд талын замын хойд талаас урд тал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин гарч ирээд, манай нөхрийг эхэлж мөргөөд, намайг болон миний хажууд явж байсан охиныг мөргөн газар унагасан. Би босоод биеэ үзэхэд миний зүүн хөл өвдгөөрөө маш их өвдөж байсан ба манай нөхөр, хүүхдийн бие гайгүй юм шиг байсан. Бид хэд өөрсдийнхөө машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослын улмаас миний зүүн хөлийн яс хугарсан. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй байсан. ...” /хх 16-17/,

иргэний нэхэмжлэгч Т.Батмагнайгийн “...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 45 минутын орчим би эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Оргил Зайсан” худалдааны төвийн хойд талын замд хойноос урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад замын зүүн талаас баруун тийшээ явж байсан мөнгөлөг өнгийн суудлын машин ирээд намайг эхэлж мөргөөд, миний хажууд зэрэгцээд явж байсан манай эхнэр, хүүхдийг бас мөргөсөн. Тэгээд би зам дээрээс босоод харахад манай эхнэр бид хэдийг мөргөсөн машины урд хэвтэж байхаар нь эхнэрээ татаж босгосон. Харин манай охин эхнэрийг мөргөх үед газар унасан байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирж, бид хэдийг үзчихээд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд явсан. Дараа нь бид өөрсдийн машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослын улмаас миний нуруу гэмтсэн. Намайг зам хөндлөн гарч байхад тэр уулзварын гол зам нь хоёр талдаа машин дүүрэн, зам түгжрээтэй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, сайн харагдаж байсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй байсан. ...” /хх 38-39/,

гэрч М.Равдмаагийн “...Машиныг манай охин Ч.Ж жолоодож явсан ба би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. ...Тухайн үед уулзвар дээр манай машины урд 2 машин бас гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан ба хэсэг хугацааны дараа гэрэл солигдож ногоон гэрэл асахаар нь манай машины өмнө зогсож байсан 2 машин уулзвар руу орох үед төв замын урдаасаа хойшоо явдаг чиглэлд машинууд дүүрэн, зам түгжрэлтэй байхаар нь манай машин тэр машинуудын араар тойроод чигээр баруун явах үед гэнэт замын хойд талаас хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн зам хөндлөн гараад ирсэн. Манай машин тоормосоо гишгээд тэр 3 хүнийг мөргөсөн. ...” /хх 43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1713 дугаартай “...А.Цэрэнлхамын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний өмнөд чагтан холбоос, баруун, зүүн хажуугийн холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 57-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1712 дугаартай “...Т.Батмагнайгийн биед бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 60-61/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 114 дугаартай “Toyota Wish” маркийн 05-03 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д заасан “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Цэрэнлхам, Т.Батмагнай, Б.Никкол нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 86/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Жг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Жгийн Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч А.Цэрэнлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Батмагнайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Ж “...А.Цэрэнлхам нь дахин цалингийн зөрүү 1.352.477 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг гэсэн хохирлын баримт гэх баталгаажуулаагүй өөрөө хийсэн хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх уг баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тус шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иймд дээрх шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг үндэслэлтэй үнэн зөв тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Шүүхээс Ч.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ “...хохирогч А.Цэрэнлхамын осолд орсны улмаас дутуу авсан цалин хөлс болох 1.352.477 төгрөг, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг, “Монос” эмийн сангаас Барагшун авсан 23.498 төгрөг, нийт 1.862.161 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 Хэрэгт авагдсан хохирогч А.Цэрэнлхамын осолд орсны улмаас дутуу авсан цалингийн зөрүү 1.352.477 төгрөг /хх 213/, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 486.186 төгрөг /хх 214/ зэрэг баримтуудыг судалж үзэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар байгууллагаас гаргасан талаар хариуцсан хүний гарын үсэг, тамга тэмдэггүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хохирогчийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож “Монос” эмийн сангаас Барагшун авсан 23.498 төгрөгийг шүүгдэгч Ч.Жгаас гаргуулж хохирогч А.Цэрэнлхамд олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 4 дэх заалтад оруулав.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Жгийн гаргасан давж заалдах гомдлын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/495 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтад 3.994.650 төгрөгийг хохирогч А.Цэрэнлхам, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Ч. Жүгдэрнамжилмаагаас нийт 2.282.161 төгрөг гаргуулж хохирогч А.Цэрэнлхамд 1.862.161 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнайд 420.000 төгрөг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтад 3.994.650 төгрөгийг хохирогч А.Цэрэнлхам, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнай нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Ч.Жгаас нийт 443.498 төгрөг гаргуулж, хохирогч А.Цэрэнлхамд 23.498 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Батмагнайд 420.000 төгрөг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Жгийн гаргасан давж заалдах гомдлын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ