Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0446

 

“М 15” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М 15” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д энэ хуулийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М 15” СӨХ-ны нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаартай шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... “М 15” СӨХ-оос нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 152.42 м.кв талбай нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “Тавин мянгат” СӨХ-ны орон сууцны орчны газрын зориулалтаар эзэмшүүлсэн 8637 м.кв талбайтай давхцуулан олгосноор нэхэмжлэгч “М 15” СӨХ-ны нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс “Тавин мянга” СӨХ-ны орон сууцны орчны газрын зориулалтаар эзэмшүүлсэн 8637 м.кв талбайтай давхцал буй 152.42 м.кв талбайн эзэмшлийг хэсэгчлэн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “М 15” СӨХ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулан” гэж бичжээ.  

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү тодорхойлон, тодорхойлон шаардлагынхаа хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “М 15” СӨХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичгийг хууль бусад тооцуулах, нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар олгосон иргэн Б.Б-ы эзэмшлийн 456 м.кв газрыг хууль бус эзэмшил болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 тоот захирамжийг хүчин төгөлдөрт тооцуулах” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөж, “нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулах” гэсэн.

Анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8510 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 803 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 058-ны өдөр гаргасан “нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын20-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д 456 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.

Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлээ өөрчилсөн буюу энэ талаар маргаагүй болох нь тодорхой байдаг.

Гэтэл ийнхүү маргаагүй асуудлаараа жил гаруйн дараа дахин нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилж байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд тус нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дуусгавар болсон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Б.Б-д нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 м.кв газрыг эзэмшүүлсэн нь “Тавин мянгат” СӨХ-ны ашиглаж байсан газартай давхцалтай... “ гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан газрууд нь давхцалтай болохыг харуулсан ямар ч баримт байхгүй байтал зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй байтал энэ талаар дүгнэж, өмнөх шүүхийн шийдвэрээр дүгнэгдэн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.

“М 15” СӨХ нь “Тавин мянгат” СӨХ-ны эрх залгамжлан авч байгуулагдаагүй шинээр байгуулагдсан СӨХ бөгөөд “Тавин мянгат” СӨХ-ийн ашиглаж байсан газрын асуудлаар шаардах эрх нэхэмжлэгчид байхгүйн дээр “Тавин мянгат” СӨХ-ны газар ашиглах эрх 2014 онд дуусгавар болсон байна.

Нийслэлийн Засаг даргаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульд заасан хугацаанд ажлын хэсэг байгуулан ажилласан боловч “М 15” СӨХ нь шийдвэрийг эс зөвшөөрснөөс үүдэн захиргааны акт гаргах боломжгүй болсон тул үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг биелэлтийг зохих журмын дагуу шаардаагүй буюу шүүхэд гүйцэтгэх хуудас гаргуулах, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргаагүй атлаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил гаруйн хугацааны дараа шүүхэд энэ асуудлаар хандан, үүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллагыг биелүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь биелэгдэх боломжгүй юм.

Сууц өмчлөгчдийн холбоо л тухайн газарт хүүхдийн тоглоомын талбай барих ёстой гэсэн хууль, дүрэм, журам огтоос байхгүй бөгөөд иргэн хүний хувьд эзэмшил газартаа тоглоомын талбай барьж, тохижилтын ажил хийх эрхтэй байтал удаа дараа энэ нөхцөл байдлыг үгүйсгэж, тоглоомын талбай барина гэж буй нь худлаа гэх мэтээр гүтгэж, доромжилсоор байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ :

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

            1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүхийн шийдвэрт “М 15” СӨХ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулан” гэж бичжээ. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү тодорхойлон, тодорхойлсон шаардлагынхаа хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн” гэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан

            Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 152.42 м.кв талбай нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “Тавин мянгат” СӨХ-ний орон сууцны орчны газрын зориулалтаар эзэмшүүлсэн 8637 м.кв талбайтай давхцуулан олгосноор нэхэмжлэгч “М 15” СӨХ-ийн нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын дагуу иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс “Тавин мянгат” СӨХ-ийн орон сууцны орчны газрын зориулалтаар эзэмшүүлсэн 8637 м.кв талбайтай давхцаж буй 152.42 м.кв талбай эзэмшлийг хэсэгчлэн хүчингүй болгуулах” гэж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаартай шийдвэрийн дагуу захиргааны актыг гаргахгүй байгаа нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-02/6008 дугаар албан бичгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч талд эерэг үйлчлэл бүхий нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004, А/1002 тоот захирамж хүчингүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэжээ.

            Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлээ өөрчилсөн, энэ талаар маргаагүй бөгөөд жил гаруйн дараа дахин нэхэмжлэлийн шаардлага болгож байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж маргажээ. 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр “... Нийслэлийн Засаг дарга хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004, А/1002 дугаар захирамжийн “М 15” СӨХ-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх” гэж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг байгуулж ажилласан. Гэвч “М 15” СӨХ, Б.Б нар нь зөвшилцөлд хүрээгүй тул тус албанаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-02/6008 дугаар албан бичгээр “М 15” СӨХ-д захиргааны акт гаргах боломжгүй талаар мэдэгдсэн байна.

            Нэхэмжлэгч нь анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тооцуулах ... нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжийг хүчин төгөлдөрт тооцуулах” гэсэн нэхэмжлэл гаргасан. 

            Дээрхээс дүгнэж үзвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаар шийдвэрийг биелүүлж, эерэг нөлөөлөх бүхий захиргааны актад холбогдуулан хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах байсан боловч ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй талаар албан бичгээр нэхэмжлэгч “М 15” СӨХ-д хариу мэдэгдсэн байна.

            Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг гаргасан, нэхэмжлэгчээс дахин акт гаргуулах хүсэл зоригтой байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэлүүд, түүний шаардлагаас харагдаж байх бөгөөд эцсийн байдлаар хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан нь өмнө нь энэхүү нэхэмжлэлийг гаргаагүй гэж үзэх боломжгүй, хариуцагчийн захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй одоо хүртэл үргэлжилж байх тул анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв байна.

            3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “Тавин мянгат” СӨХ-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 8637 м.кв газрыг, нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар “М 15” СӨХ-д 2531 м.кв газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэжээ.    

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар Б.Б-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 м.кв газрыг, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 м.кв газрыг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны 30 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М 15” СӨХ болон гуравдагч этгээд Б.Б нарын газар 153 м.кв хэмжээгээр давхацсан талаар дүгнэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/3991 дүгээр албан бичгээр газрын давхцлыг харуулсан зураг ирүүлсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “М 15” СӨХ нь “Тавин мянгат” СӨХ-ны эрх залгамжлан авч байгуулагдаагүй шинээр байгуулагдсан СӨХ бөгөөд “Тавин мянгат” СӨХ-ийн ашиглаж байсан газрын асуудлаар шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй, “Тавин мянгат” СӨХ-ны газар ашиглах эрх 2014 онд дуусгавар болсон” гэжээ.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж хуульчилсан.

 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 50 мянгатын 15 дугаар байрны оршин суугчдын 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээс үзвэл “Тавин мянгат” СӨХ-оос “М 15” СӨХ-г тусгаарлан байгуулсан байна.   

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ.

 “Тавин мянгат” СӨХ болон Б.Б нарын газар байршлын хувьд өөрчлөгдөөгүй, хэргийн оролцогчид энэ талаар маргадаггүй, “Тавин мянгат” СӨХ-оос “М 15” СӨХ салж тусдаа байгуулагдсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалтай байх тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар анхан шатны шүүхийн “... 456 м.кв газрыг Б.Б-д эзэмшүүлсэн нь “Тавин мянгат” СӨХ-ны газартай давхцуулсан, дахин шинэ акт гаргаагүй нь “М 15” СӨХ-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, шүүх нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульд заасан хугацаанд ажлын хэсэг байгуулан ажилласан боловч “М 15” СӨХ нь шийдвэрийг эс зөвшөөрснөөс үүдэн захиргааны акт гаргах боломжгүй болсон тул үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллагыг биелүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь биелэгдэх боломжгүй” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.  

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг биелүүлж газар эзэмшүүлэх эсэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлээгүй байна.

Тодруулбал, бусдад эерэг үйлчлэлтэй захиргааны актыг түдгэлзүүлсэн тохиолдолд захиргааны байгууллага уг шийдвэрийн дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гаргах үүрэгтэй боловч хариуцагч уг үүргээ биелүүлээгүй, акт гаргах боломжгүй гэж хариу мэдэгдсэн нь эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                   ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР