Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00412

 

  Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01764 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2406 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 10.197.311 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбоотой зардал 80.000 төгрөг, урамшуулал 704.545 төгрөг нийт 10.981.856 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/459 дугаар тушаалаар бүтэц орон тоо, чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон. Энэхүү шийдвэрийг “М” ХХК биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэн 2017 оны 06 сарын 06-ны өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан. Иймд шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд томилсон өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгө, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардалд 10.981.856 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүх Б.Б-ын нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 182/ШШ2016/00467 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. М ХХК уг шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Гэтэл Б.Б- нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэснийг зөрчиж хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/13097 тоот албан бичгээр  мэдсэн бөгөөд Б.Б-тай уулзахад МҮОНРТ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа тухай мэдсэн. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ХХК нь шүүхийн шийдвэрийг мэдсэн даруйдаа биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаж шийдвэр гүйцэтгэлийн дансанд нөхөн олговрын мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд ажиллагааны зардлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01764 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу хариуцагч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-аас 80.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2406 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  182/ШШ2017/01764 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар “М” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 10.197.311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны зардал 80.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 704.545 төгрөг, нийт 784.545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтын “4.550” гэснийг “178.107” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 21.460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 2406 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдсэн гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон өдөр хүртэлх өдрийн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “...зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” гэсэн шүүхийн эрхэм зорилготой нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор ажилтны хөдөлмөрлөх эрх сэргээгдэнэ гэж ойлгоно. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажилд томилсон тушаал гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа үйл явдал болохоос биш нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн үйлдэл биш. Уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд орох бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн маргааны талаар гомдол гаргах хугацаанд хамаарна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24 ний өдрийн 2406 дугаар магадлалын ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 10.197.311 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн холбогдох хэсгийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “М” ТӨХХК-д холбогдуулан 10.981.856 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа  буруу халсан үеийн олговор, шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой зардал гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ыг М ТӨХХК-ийн Олон улсын бизнесийн газрын харьяа Дата сүлжээний хэлтэст систем хангамж хариуцсан  ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 00467 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна /хэргийн 4-6 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг ба дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явагджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс ажилд томилсон өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 6-ний өдөр биелүүлж, Б.Б-ыг компанийн олон улсын бизнес хөгжлийн газрын мэдээлэл технологийн хэлтсийн ажилтнаар томилсон тушаал гаргасан, нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 10.197.311 төгрөг гаргуулж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2406 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 178.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ