Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0601/З |
Дугаар | 221/МА2021/0453 |
Огноо | 2021-08-25 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0453
“Х и” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.Э, Ц.Г, Т.Б, хариуцагч Н.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Х и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х-и” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий /2008 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, Татварын ерөнхий /2019 о н/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.18, 82 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24, 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, Зөрчлийн тухай хуулийн /2017 он/ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг тус тус баримтлан “Х-и” ХХК-иас, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “...Нэг. Шийтгэлийн хуудасны салшгүй бүрдэл хэсэг болох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл 2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардлыг, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох ... 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг ... орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...”-тэй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль бусаар шийдвэрлэсэн байдаг.
Манай компани, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.1-д “Түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...”, 12.1.6-л “Урсгал засварын зардал...”, 12.1.9-д “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс...”, 12.1.21-д “Тээврийн зардал...”, 12.1.24-д “Холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал...” гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайлант үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно.
Гэтэл анхан шатны шүүх олон улсын сүлжээ “Новотел” зочид буудлын барилгыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус байна.
Учир нь тус “Новотел” зочид буудлын барилга нь 2013 онд бүрэн баригдаж дууссан бөгөөд улсын комисс баригдаж дууссанаас хойш таван жилийн дараа хүлээн авсан. Энэ хугацаанд тус барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон улсын “Новотел” зочид буудлын сүлжээтэй болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар гэрээ хэлцэл хийх зэргээр судалгаа, ярианы шатандаа байсан бөгөөд 2015 онд “Новотел”-тай хамтарч ажиллах тохиролцоонд хүрч тус буудлын төлөөлөгч нарт барилгыг 2015 онд танилцуулах, 2017 онд тус зочид буудлыг “Новотел”-ээс тавьсан шаардлагын дагуу туршилтаар ажиллуулж дээрх зардлууд гарсан болно.
Өөрөөр хэлбэл, энэ нь үндсэн хөрөнгө бий болгохтой холбогдон гарсан зардал бус тухайн тайлант хугацааны татвар ногдох орлогоос хасагдах зардалд орох зохион байгуулалт, менежментийн зардал болно.
Тэмдэглэлд: “...2. 2014 онд 29,745,049.63, 2015 онд 8,058,530.71 төгрөгийн валютын ханшийн зөрүүгийн алдагдлыг...татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...”-тэй гэж буруу шийдвэрлэсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд валютын ханш байнга өсөж ханшийн зөрүүгийн алдагдалд бүхий л компаниуд ороод байна. Татварын улсын байцаагч нарын дээрх буруу үйлдэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” 12.1.8-д “Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал...” гэж заасныг зөрчсөн.
Тэмдэглэлд: “... 3. 2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ...”” гэж заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.
Манай компани, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул хууль зөрчөөгүй болно.
Тэмдэглэлд: “... 4. 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй...” гэж заасныг...” зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.
2017 онд тус зочид буудлыг “Новотел” олон улсын сүлжээ буудлаас тавьсан шаардлагын дагуу туршилтаар ажиллуулж дулаан, цахилгааны худалдан авалт, мөн худалдан борлуулах зорилготой гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянаж баталгаажуулах ажил 3-н үе шаттай хийгддэг. Нэгт харилцагч татварын алба хянаад Татварын ерөнхий газарт хүргүүлнэ, хоёрт Татварын ерөнхий газар хянаад Сангийн яаманд хүргүүлнэ, гуравт Сангийн яам хянаад эцсийн илүүг тодорхойлдог.
Гэтэл манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн илүү төлөлт 964,622,482.50 төгрөгийг хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 (4,175,340,716.96*10%) төгрөгөөр бууруулан 547,088,410.80 төгрөгийн илүүтэй гэж үзсэн атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.2-д “Харьяалах татварын алба...хянаж баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...”, 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ...” 15.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана...” гэж заасныг хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж заасны дагуу Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын “...Дөрөв. Төсвөөс буцаан олгох, суутган тооцох нэмэгдсэн өртгийн албан татварыг шалган баталгаажуулах" хэсгийн 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...” гэж заасныг зөрчин нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдээгүй, илүү төлөлтийг бууруулж буй шийдвэрээ Татварын ерөнхий газарт танилцуулаагүй, хуульд заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд хүргүүлж хянуулаагүй нь байцаагч нарын гаргасан шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын дагуу хийгээгүй, актыг танилцуулж гардуулсан тэмдэглэл хөтлөөгүй, нэг хувийг татвар төлөгчид өгөөгүй нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ...акт...үйлдэнэ”, 33.2.2-т “Татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана...”, 34 дүгээр зүйлийн 34.3-т “Татвар төлөгчид акт...ийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно”, 34.4-т “Акт...нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна”, 34.5-д “Татварын улсын байцаагч акт...-ийг 3 хувь үйлдэж...2 дахь хувийг татвар төлөгчид өгч,...” гэж заасныг зөрчсөн.
Энэхүү хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 төгрөгийг манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар илүү төлөлтийг бууруулан шийдвэрлэсэн атлаа дахин давхардуулан эрх бүхий албан тушаалтны 0297783 дугаартай шийтгэлийн хуудсанд: “...нийт 464,255,688.90 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасугай.. ”, мөн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлд: “...1...нэмэгдсэн өртгийн албан татвар 420,319,526.30 төгрөгийг Улсын төсвийн орлого хяналтын газрын 100900000303 тоот дансанд” бэлнээр төлөхийг даалгасан нь мөн хууль бус байна.
Тэмдэглэлд: “...5. 2013, 2014, 2015, 2016, 2017 онд 24,758,000.00 төгрөгийн үнэ бүхий...2 давхар конторын барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, татвар төлөөгүй зөрчил нь...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль...” зөрчсөн гэжээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” 10 дугаар зүйлийн 10.1-д “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөөгүй байна.
Тэмдэглэлд: “...6...2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил”-тэй гэжээ.
Манай компани, 2017 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 964,622,482.50 төгрөгийн илүү төлөлттэй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 21,270,278.43 төгрөгийн татварыг хугацаандаа төлөөгүй гэж үзэн 1,211,980.49 төгрөгийн торгууль алданги ногдуулсан нь хууль бус байна
Учир нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ” 17.1.4-д “Илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” 58 дугаар зүйлийн 58.1-д “Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ”, 58.1.1-д “Тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “Татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-д “Буцаан олгох”, 58.2-д “Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.
Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ 2014 оны 371,903,106.90, 2015 оны 412,285,516.00 төгрөгийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцож 2016 онд 37,190,310.69, 2017 онд 41,228,551.60, нийт 78,418,862.29 төгрөгөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлбөл зохих татварын дүнг бууруулж өгөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ” 20.2-д “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох...” гэж заасныг зөрчсөн.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл /Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа/-ийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 6 дахь хэсэгт “...шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж уг хуулийн 1 дүгээр зүйлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан ба уг өөрчлөлт оруулах /Татварын хууль зөрчих/ тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн “Татварын ерөнхий хууль зөрчих” гэсэн 11.19 дүгээр зүйлийн 11.19-ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчилд тооцохгүй болсон.
Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасан “Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага” хэмээх зөрчил, түүнчлэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлээр хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан ч шүүхээс зөрчлийн тухай хуулийг төсөөтэй байдлаар огт хэрэглэж болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Зөрчлийн шинжийг бусад хуулиар тодорхойлж болох ч Зөрчил, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “... энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” буюу зөвхөн Зөрчлийн хуульд шийтгэл оногдуулахаар заасан тохиолдолд “зөрчил”-д тооцогдохоор хуульчилсан.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-ын 6.12-т заасан татварын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх зүйл, заалтад Татварын ерөнхий хуулийн дээрх зүйл, заалт огт тусгагдаагүй, эрх зүйн хийдэлтэй байгаа болно.
Энэ тохиолдолд илүү нарийвчлан зохицуулсан хууль нь юм уу сүүлд хүчин төгөлдөр болсон хууль нь Татварын ерөнхий хууль гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд ч санал гаргаж болох юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ :
Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
“Х-И” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нар “Х-И” ХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар шийтгэлийн хуудсаар 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор гомдол гаргагч “Х-И” ХХК-ийн гомдлын дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс нийт 24,580.00 төгрөгийг чөлөөлж, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийт 462,796,128.34 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг өөрчилж байжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч компани нь 2013-2017 онуудад мотоцикл болон автомашины дугуй, аккумляторын худалдаа, үйлчилгээ түүнчлэн шатахуун борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан /энэ нь тухайн компанийн “үндсэн үйл ажиллагаа” гэж үзэхээр/, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын сүлжээ “Новотел” зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилгын захиалагчаар “Х-И” ХХК, барилгын гүйцэтгэгчээр “БҮТИ” ХХК ажиллаж улмаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг зочид буудлын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Давж заалдах гомдлын агуулгаар үзэхэд татвар төлөгч аж ахуйн нэгжээс гарсан зардлыг үндсэн хөрөнгө бий болгохтой холбогдон гарсан зардал уу? эсхүл тухайн тайлант хугацааны татвар ногдох орлогоос хасагдах зардалд зардал уу? гэдэгт гол анхаарлаа хандуулж, маргасан байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний талаар маргасан гэж үзэхээр байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн хэрэглээ /аль хуулийг хэрэглэх/, алдагдлыг хянан баталгаажуулах талаар тус тус маргажээ.
“Новотел” зочид буудалтай холбогдсон зардлын тухайн анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Учир нь: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 -д “Дараах зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж татвар төлөгчийн үүргийг тус тус заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11-ийн Тодорхойлолт 5-д “Энэ стандартын зорилгоор барилгын гэрээнд дараах зүйлийг хамруулж үзнэ. (а) тухайн хөрөнгийг шууд хамаарах үйлчилгээ үзүүлэх гэрээ, “Гэрээний зардал” хэсгийн 21-д “гэрээг баталгаажуулах өдрөөс түүнийг бүрэн дуусгавар болгох хүртэлх үед хувилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэжээ.
“Х-И” ХХК нь 2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй харуул хамгаалалтын зардал болон 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, уилчилгээнии зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцон, татвар ногдох орлогоо бууруулсан нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй, харин тус компаниас “Новотел” зочид буудлыг барих үедээ авсан харуул хамгаалалтын үйлчилгээний зардал буюу барилгын өртөгт тооцогдох, хөрөнгө оруулалтын зардлыг хасаж тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 он) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24-т заасантай нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас дээрх зардлыг ”... Өөрөөр хэлбэл энэ нь үндсэн хөрөнгө бий болгохтой холбогдон гарсан зардал бус тухайн тайлант хугацааны татвар ногдох орлогоос хасагдах зардалд орох зохион байгуулалт, менежментийн зардал болно” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид татвар ногдох орлогоос хасагдах зардалд зохион байгуулалтын зардал, менежментийн зардал гэх мэт зардлын талаар тусгагдаагүй, хуульчлаагүй байна. Иймд шүүхээс хасаж тооцох боломжгүй.
Нөгөө талаар гомдол гаргагч компани нь татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 дахь хэсэгт зааснаар санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа олон улсын стандартын дагуу гаргах үүрэгтэй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11.5-ийн а-21-д “Гэрээг баталгаажуулах өдрөө түүнийг дуусгавар болгох хүртэлх үед хуваарилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэж, барилгыг барьж байгуулахтай холбоотойгоор гарсан зардлууд нь барилгын үндсэн өртөгт орж тооцогдох ёстой.
Давж заалдах гомдолд мөн алдагдлыг баталгаажуулаагүй, хасаж тооцоогүй буруутай талаар дурьджээ. Гэвч гомдол гаргагчийн зүгээс шүүхэд гаргасан гомдолдоо зөвхөн “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд алдагдлыг баталгаажуулахыг даалгах гэх мэт гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс алдагдлыг хянан баталгаажуулахыг даалгасан ямар нэгэн магадлал гаргах боломжгүй.
Нөгөө талаар хариуцагч нар нь татварын иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийсэн бөгөөд тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 371,903,106.89 төгрөгийн алдагдлыг 29,745,049.60 төгрөгөөр бууруулж, 342,158,057.29 төгрөгийн алдагдалтай, 2015 оны 412,285,515.96 төгрөгийн алдагдлыг 141,688,530.70 төгрөгөөр бууруулж, 270,596,985.26 төгрөгийн алдагдалтайгаар тус тус баталгаажуулсан боловч нэхэмжлэгч компани Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж заасны дагуу хуулийн хугацаанд харьяа татварын албанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр алдагдлыг хасаж тооцоогүйг буруутгах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Давж заалдах гомдолд мөн “... худалдан борлуулах зорилготой гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: ... Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно” гэж маргажээ.
Гэвч гомдолд дурьдаж байгаа гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэг нь худалдан борлуулах зорилготой бус харин тухайн зочид буудалд зориулагдсан, үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой болох нь тогтоогджээ.
Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал: Хариуцагч нар “Х-И” ХХК-ийн 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 417,534,071.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчилд 417,534,071.70 төгрөгийн нөхөн татвар ногдуулан, тус компанийн 2017 оны төсвөөс буцаан авах 964,622,482.50 төгрөгийг 417,534,071.70 төгрөгөөр бууруулан, тайлант онд төсвөөс буцаан авах татварыг 547,088,410.80 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. “Новотел” зочид буудлын барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарснаас үзвэл уг үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан гэж үзэх үндэслэлгүй, 2017 онд хамаарах 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалт нь үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэж үзэхгүй юм гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүхээс мөн Зөрчлийн хууль хэрэглээний талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтад хамааруулахгүй болсон боловч уг хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “Төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2-д “Төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 82.2-д “Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно” гэсэн агуулгаар оруулжээ.
Гэхдээ Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн зохицуулалт нь өмнөх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байх тул маргааны тохиолдолд шинэ хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх нь гомдол гаргагч компанийн эрх зүйн байдалд сөрөг нөлөөтэй тул шүүх шинэ хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймээс өмнө үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан зохицуулалтыг уг маргааны тохиолдолд хэрэглэх зүйтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Хурд интернешнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР