Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 39

 

                                               Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 02-36 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, ОЮ89072018 регистрийн дугаартай, Борлууд овогтой Цэнд-Аюушийн Мэндбаярын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 55 айлын 02-34 тоотод байрлах, “Баян цагаан зам” ХХК-д холбогдох,

       Орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Мэндбаяр нь 2014 онд “Баян цагаан зам” ХХК-ийн 55 айлын орон сууцанд 57 м.кв хэмжээтэй байрыг 1 м.кв-ыг 1.300.000 төрөгөөр тооцож, нийт 74.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс урьдчилгаа төлбөр 30 хувь болох 22.230.000 төгрөгийг бэлнээр хийж, үлдсэн 51.870.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сард Хас банкны ипотекийн зээлд хамрагдаж “Баян цагаан зам” ХХК-д гаргуулж өгсөн. Байрны талбайн хэмжээ зөрчилтэй байсан тул 2016 оны 4 дүгээр сард барилгын зураг төсвийн “Барилгын инженерүүд” ХХК-д хүсэлт гаргаж, хэмжилт хийлгэхэд 51.67 м.кв  буюу 5.33 м.кв-ын зөрүүтэй гарсан. Энэ нь мөнгөн дүнгээр 5.33 м.кв  х 1.300.000 = 6.929.000 төгрөг болж байна. Мөн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Хас банкинд илүү төлөгдсөн 6.929.000 төгрөгийн нийт 23 сарын хүү болох (1 сард ногдох хүү 45.731)  45.731х23=1.051.813 төгрөг байна. Иймд хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас байрны талбайн зөрүү 5.33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

        Хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цэнд овогтой Мэндбаяр нь тус компаниас 2014 онд 57 м.кв байр авсан нь үнэн болно. Тухайн үед авахдаа орон сууцны зээл гаргуулахдаа урьдчилгаа бага төлөх үүднээс 1 метр квадратын үнийг 1.300.000 төгрөгөөр тооцон материал бүрдүүлж зээл авсан. Тухайн үед зах зээлийн ханшнаас доогуур үнээр доогуур тохиролцож байрны зээл нь гарсан болно. Тухайн иргэн байрны метр квадратыг тогтоохдоо хувийн кампаниар тогтоолгосон байгаа болно. Уг компани нь ашиг сонирхлын зөрчилтэй, тухайн иргэнтэй ах дүүгийн холбоотой байж болох талтай гэж үзэж байна. Иймд тухайн байрны метр квадратыг тогтоохдоо манай компаниас төлөөлөл, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа гэх мэт байгууллагын төлөөллийг оролцуулан тухайн байрны метр квадратыг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд манай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж нар 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Ц.Мэндбаяр миний бие “Баян цагаан зам” ХХК-иас орон сууцны талбайн метр квадратын зөрүү 7.980.813 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцоод “Баян цагаан зам” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2.600.000 төгрөгийг Ц.Мэндбаярт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь хариуцагч “Баян цагаан зам” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн метр квадратын зөрүү 5,33 м.кв-ын үнэ 6.929.000 төгрөг, мөн Хас банкинд төлөгдсөн 23 сарын хүү 1.051.813 төгрөг, нийт 7.980.813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 төгрөгийг хариуцагч “Баян цагаан зам” ХХК 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь үлдэх хэсэг болох 5.380.813 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж нар 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 142.645 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 2.600.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.550 төгрөгний тал хувь 28.275 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 114.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас 28.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мэндбаярт олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-ийн захирал М.Батдорж нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.980.813 төгрөгөөс 5.380.813 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 2.600.000 төгрөгийг нь хариуцагч “Баян цагаан зам” ХХК 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 28.275  төгрөг, хариуцагч “Баян цагаан зам” ХХК-иас 28.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мэндбаярт олгосугай. 

      3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР