Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0622/з |
Дугаар | 221/МА2021/0452 |
Огноо | 2021-08-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0452
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэт нэг талыг барьсан эрх зүйн дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан ажиллагааг хийсэн болох нь дараах байдлаар нотлогддог. Тухайлбал: Маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдлын дагуу шалгалт зохион байгуулах ажлыг 2013 оноос хойш хийж хэрэгжүүлсэн, улмаар аж ахуйн үйл ажиллагаа нь холбогдох хууль, журамд нийцээгүй үндэслэлээр удаа дараа тухайн газруудын үйл ажиллагааг хааж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Мөн иргэдээс Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн удирдлагад хандан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг доройтуулж байгаа талаар гомдлууд удаа дараа гарч, тухайн ордод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг мөн удаа дараа эрх бүхий байгууллагад ирүүлж байсантай холбогдуулан нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор захиргааны шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд 2013 оноос хойш болсон үйл явдал нь өнөөг хүртэл үргэлжилсээр ирсэн болохыг шүүх анхаарч үзээгүй. Эдгээр үйл баримт нь захиргааны шийдвэр гаргах үндэслэл болсон, улмаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулж үнэлсний үндсэн дээр захиргааны шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх захиргааны шийдвэр гаргахдаа хэрэгжүүлсэн хариуцагчийн урьдчилан гүйцэтгэсэн, нотолсон ажиллагааг нийтэд нь үгүйсгэж, нэхэмжлэгчид шууд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг нь хавтаст хэргээс үнэлж, тэдгээрийг шүүхийн шийдвэртээ дурдаж шийдвэрлэсэн. Иймд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг үндэслэж гарсан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга цуцлах бүрэн эрхийг хөндөөгүй. Гэтэл шүүх Засаг даргын гаргасан захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг үндэслээгүй, захирамждаа заагаагүй гэж хэт явцуу дүгнэлт хийсэн. Газрын хэвлийн тухай хуулийн зохицуулалтын талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр орхигдуулж, нэхэмжлэгч нарт ашигтай эрх зүйн хэм хэмжээнд ач холбогдол өгч дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа” гэх үндэслэлээр нэр бүхий 6 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба үүнд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн MV-000857 дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.
Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохтой холбоотой харилцаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана гэж ойлгох бөгөөд энэхүү нарийвчилсан зохицуулалт бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг, 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тухайлан зааж өгсөн байна.
Тусгай зөвшөөрөл дуусгавар болох, тусгай зөвшөөрлийг цуцлах ойлголтууд нь ялгаатай, өөрөөр хэлбэл тухайн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг хуульд заасан үндэслэлээр дуусч байгааг “тусгай зөвшөөрөл дуусгавар болох” гэж, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй зэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасны улмаас эрх бүхий этгээдийн санаачилгаар эрх зүйн харилцааг зогсоож байгааг “тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж ойлгох бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхойлсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл нь хариуцлагын хэм хэмжээг өөртөө агуулсан зохицуулалт болно.
Гэтэл хариуцагч нь хуульд заасан аль үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар маргаан бүхий захирамжид заагаагүй, нэр бүхий 6 аж ахуйн нэгжийн аль нь хүн амын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болгосон эсэхийг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, “бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Иймд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй, Газрын хэвлийн хуулийн талаар дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/253 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэх үндэслэлээр сэргээн олгосон, тухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаагүй байх атал “хүн амын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болгосон” гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг хийгээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Ийнхүү захиргааны байгуулага шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн ямар үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тогтоосон аливаа хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа нь захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчөөгүй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэр буруу бичигдсэн, хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт” гэснийг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ Э.Зоригтбаатар
ШҮҮГЧ О.НОМУУЛИН