Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00970

 

К ХХК-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэр,

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00006 дугаар магадлалтай,                                                                                                                           

           К ХХК-ын  нэхэмжлэлтэй,

           Г, Б нарт холбогдох

      Зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,831,068 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч К ХХК-ын  шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Капитал банк” ХХК-ийн Дорнод салбар нь иргэн Г , Б нартай 2015 оны 03 сарын 10-ны өдөр ЗГ-42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,500,000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг 20 дугаар байрны 14 тоотын 46 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц /Ү-0614000392 дугаартай 000204189/ барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болох боловч иргэн Г , Б нар нь 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг хийгээгүй зээлийн эргэн төлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, үүргээ ноцтой зөрчиж банкны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өнөөг хүртэл явж байна. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 17,841,773 төгрөг 75 мөнгө, үндсэн хүү 11,680,577 төгрөг 97 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 101,620 төгрөг 07 мөнгө, нийт 29,623,971 төгрөг 79 мөнгийг төлөөд байна. Одоо үндсэн зээл 27,658,226 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 8,545,945 төгрөг, 626,897 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус төлөөгүй ЗГ-42 тоот Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудыг зөрчин банкинд хохирол учруулсан байна. Иргэн Г , Б нараас үндсэн зээл 27,658,226 төгрөг, 8,545,945 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, 626,897 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 36,831,068 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна гэжээ.

          Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхоны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Капитал банкны Дорнод салбар нь хариуцагч Г , Б нартай зээлийн гэрээ байгуулан, 45,500,000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэж явсан боловч 2016 оны 8 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй. Банкны зүгээс зээл төлүүлэх талаар 18 удаа уулзаж явцын хяналтыг 7 удаа хийж байсан. Ингээд 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс хойш нэг ч төлбөр хийгээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 18-ны өдөр дуусна. Манай банкны хувьд зээлийн гэрээгээ цуцалж байна гэж үзэж болно. Иймд хариуцагч Г , Б нараас 36,831,068 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

              Хариуцагч Г , Б нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бид Капитал банкны Дорнод аймаг дахь салбараас 2015 оны 03 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 45,500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар авч, гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 36 сараар тохиролцсон. Бид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, тухайн үед үндсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг төлөөд явж байсан. Гэвч улс орны хэмжээнд нүүрэлсэн санхүүгийн хямралаас болж бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд сар бүр төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн. Капитал банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкны Дорнод аймаг дахь салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан тохиролцож шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Г , Б нараас 36,831,068 төгрөг гаргуулан К ХХК-д  олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг 20 байрны 14 тоот Y0614000392 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 46 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,105 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г , Б нараас 342,105 төгрөгийг гаргуулан К ХХК-д  олгож шийдвэрлэжээ.

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00006 дугаар магадлалаар: Хариуцагч Г , Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 201/МО/2018/00006 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчсөн байх тул хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Бид 2015 оны 03 сарын 10-ны өдөр К ХХК-тай 45,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээг 3 жил буюу 36 сарын хугацаатай байгуулсан. Бидний хувьд тус банкнаас авсан зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж явсан боловч улс орны хэмжээнд санхүүгийн хямрал нүүрэлж, бизнесийн үйл ажиллагаа маань доголдсон. Капитал банк нь тохиролцсон ёсоор зээлийн гэрээний хугацаа дуусахад хагас жилийн хугацаа дутуу байхад буюу 2017.10.17-ны өдөр Г , Б бидэнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ ёсоор 36 сарын хугацаа дуусахад биднээс холбогдох мөнгийг нэхэмжилж шүүхэд хандах ёстой байсан гэж үзэж байна. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Г , Б болон К ХХК-ны хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаанд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн тус шүүх нь “...Г , Б нараас 36,831,068 төгрөгийг гаргуулан “К” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага нь “... нийт 36,831,068 төгрөгийг, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд "шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнөөс гаргуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах” тухай шаардлага байгаагүй юм. Тийм байхад шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй шаардлагыг өөрийн үзэмжээр хариуцагч бид нарт үүрэг болгож шийдвэрлэсэн, Капитал банкинд давуу байдал олгон хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Хариуцагч миний зүгээс дээрх үндэслэлээр Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 138/ШШ2018/00038 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хяналтын гомдол гаргаж байна. Гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д заасны дагуу Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.10-ны өдрийн дугаар 138/ШШ2018/00038 шийдвэр, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.23-ны өдрийн 201/МА2018/00006 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

       Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Г , Б нараас үндсэн зээл 27,658,226.00 төгрөг, үндсэн хүү 8,545,945.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 626,897.00 төгрөг, нийт 36,831,068.00 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч нь “...санхүүгийн хямралаас болж үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргажээ.

           Банк болон зээлдэгч Г, Б нарын хооронд 2015 оны 03 сарын 10-ны өдөр 45,500,000.00 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй   байхаар зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны 14 тоотын 46 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, БГ-42 дугаар барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан  гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           2016 оны 08 сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр хийгдээгүй талаар талууд маргаагүй, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 10-ны өдөр дуусна, хугацаа дуусаагүй байхад банк биднийг шүүхэд өгснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 10-ны өдөр дуусах боловч зээлдэгч Г , Б нар нь 2016 оны 08 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул К ХХК-ын гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудад үндэслэгдсэн нь хууль зөрчөөгүй байна.

           Иймээс  хариуцагч Г, Б нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 36,831,068.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 3-т нийцжээ.

            Барьцааны гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00006 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

           2. Хариуцагч Г-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 342,106.00 /гурван зуун дөчин хоёр мянга, нэг зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН