Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 38

 

                                 

 

 

 

                    

 

 

 

2018          01           10                                                      138/ШШ2018/00038

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: К банк нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Г.Б, Б.Л нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 36831,068 төгрөг гаргуулах төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “К банк” ХХКомпаний Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “К банк” ХХ-ний Дорнод салбар нь иргэн Г.Б, Б.Л нартай 2015 оны 03 сарын 10-ны өдөр №ЗГ-42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45.500.000 /дөчин таван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг 20 дугаар байрны 14 тоотын 46 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц /Ү-0614000392 дугаартай 000204189/ барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болох боловч иргэн Г.Б, Б.Л нар нь 2016 оны 8 сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг хийгээгүй зээлийн эргэн төлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, үүргээ ноцтой зөрчиж банкны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өнөөг хүртэл явж байна. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлнээс 17841773 төгрөг 75 мөнгө, үндсэн хүү 11680577 төгрөг 97 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 101620 төгрөг 07 мөнгө нийт 29623971 төгрөг 79 мөнгийг төлөөд байна. Одоо 27658226 /хорин долоон сая зургаан зуун тавин найман мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөг, 8545945 /найман сая таван зуун дөчин таван мянга есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, 626897 /зургаан зуун хорин зургаан мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус төлөөгүй “К банк” ХХК, иргэн Г.Б, Б.Л нарын хооронд байгуулсан №ЗГ-42 тоот “Зээлийн гэрээ”-ний 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудыг тус тус зөрчин банкинд хохирол учруулсан байна. Иргэн Г.Б, Б.Л нараас үндсэн зээл 27658226 /хорин долоон сая зургаан зуун тавин найман мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөг, 8545945 /найман сая таван зуун дөчин таван мянга есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, 626897 /зургаан зуун хорин зургаан мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 36831068 /гучин зургаан сая найман зуун гучин нэгэн мянга жаран найман/ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна гэжээ.

        Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банкны Дорнод салбар нь хариуцагч Г.Б, Б.Л нартай зээлийн гэрээ байгуулан, 45.500.000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэж явсан боловч 2016 оны 8 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй. Банкны зүгээс зээл төлүүлэх талаар 18 удаа уулзаж явцын хяналтыг 7 удаа хийж  байсан. Ингээд 2016 оны 8 сарын 12-ны өдрөөс хойш нэг ч төлбөр хийгээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 сарын 18-ны өдөр хугацаа дуусна. Манай банкны хувьд зээлийн гэрээгээ цуцалж байна гэж үзэж болно. Иймд хариуцагч Г.Б, Б.Л нараас 36831068  төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагч Г.Б, Б.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч “К банк” ХХК-иас Г.Б, Б.Л бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид “К банк”-ны Дорнод аймаг дахь салбараас 2015 оны 03 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 45500000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар авч, гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 36 сараар тохиролцсон. Бид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, тухайн үед үндсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг төлөөд явж байсан. Гэвч улс орны хэмжээнд нүүрэлсэн санхүүгийн хямралаас болж бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд сар бүр төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн. “К банк”-ны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкны Дорнод аймаг дахь салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан тохиролцож шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  

 

 

Нэхэмжлэгч “К” банкны Дорнод салбар нь хариуцагч Г.Б, Б.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 36831068 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох 0614000392 дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ. 

Хариуцагч Г.Б, Б.Л нар нь  “К” банкны Дорнод салбартай 2015 оны 3 сарын 10-ны өдрийн БГ-42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45 500 000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизенисийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээгээр батлагдаж байна.

 

Хариуцагч Г.Б, Б.Л нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй, зээлийг хугацаанд нь төлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа учир банкны зүгээс удаа дараа мэдэгдэл өгсөн боловч 2016 оны 8 сараас хойш зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж одоог хүртэл нэг ч төлбөр хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “К банк”-ны Дорнод салбар нь хариуцагч Г.Б, Б.Л нараас үндсэн зээл 27658226 төгрөг, үндсэн хүү 8545945 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 626897 төгрөг, нийт 36831068  төгрөгийг шаарджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч нь зээлийн эргэн төлөлт, гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөн нь улс орны хэмжээнд нүүрэлсэн санхүүгийн хямралтай байдлыг холбож тайлбарлаж байгаа боловч өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлсөн талаар нотлох баримтаар нотолж үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкны зээлийн үндсэн нөхцлүүдийн нэг нь хүү байдаг ба талуудын гэрээнд туссан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар гэрээндээ харилцан тохиролцсон байна.

 

        Иймд хариуцагч Г.Б, Б.Л нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 36831068 төгрөг гаргуулж “К банк”-ны Дорнод салбарт олгож хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг 20 байрны 14 тоот Y0614000392 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 46 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

 

 

        1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Г.Б, Б.Л нараас 36831068 төгрөг гаргуулан “К банк”-ны Дорнод салбарт олгож хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг 20 байрны 14 тоот Y0614000392 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 46 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

          2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 342105 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Б, Б.Л нараас 342105 төгрөгийг гаргуулан  “К банк”-ны Дорнод салбарт олгосугай.  

 

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА