Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 150

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Ж.Ци,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Атарцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Т.Цд холбогдох эрүүгийн 2018001210125 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт Т.Ц /РД: /, Булган аймгийн Хангал суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, асрагч ажилтай, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Бы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 00 байрны 00 тоот 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Бтай харилцан тохиролцож, байрны төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан тухайн байрыг түрээслэн амьдарч байсан ба С.Бд байрны үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй болсны улмаас 2018 оны 10 дугаар сард иргэн Ж.Циид 35.000.000 төгрөгөөр уг байрыг худалдаж, урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Цгийн өгсөн: ...Бтай байр худалдаж авах гэрээ байгуулаад урьдчилгаа 7.000.000 төгрөг өгсөн байсан. Үлдэгдэл төлбөрийг 3 хувааж төлөх байсан. Манай нөхөр хэрэг хийгээд ажлаасаа гараад байрны мөнгийг төлөх боломжгүй болсон байхад Цитэй таарсан. Циид хувь лизингээр байр авсан, төлбөр төлөх хугацааг нь тохирсон, би үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байна гэж хэлсэн. Бтай байгуулсан хэлцлээ харуулсан. Бд өгсөн урьдчилгаа мөнгөө буцааж авсан боловч тэр үед шүүх цагдаагаар яваад хүүтэй мөнгө зээлсэн байсан учраас буцааж авсан мөнгөө түүндээ өгсөн. Миний буруу. Хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 3.600.000 төгрөг, өнөөдөр 1.000.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Циийн өгсөн: ...Би Ц рүү утастаад “байр худалдаж авахаар хайж байгаа” гэж хэлэхэд “би байраа зарах гэж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдийнхээ хамт очиж үзээд авахаар болсон. Ц нь “би худалдаж авсан юм, мөнгөө өгч чадахгүй байгаа тул зарах гэж байгаа” гэж хэлсэн. Б гэх хүнтэй байгуулсан гэрээ үзүүлсэн. Мөн байрны төлбөрийг хуваагаад төлж болно гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд байрандаа ороод засвар хийсэн. Тэгээд байрныхаа үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй болчихлоо, байраа зарах зарлалаа тавиарай гэж хэлсэн. Тэгээд Ц нь миний урьдчилгаа мөнгийг өгөхгүй “хүнээс мөнгө авах гэж байгаа, шүүх хурал нь болж байгаа, мөнгөө авах гэж байгаа, нөхрөөрөө цалингийн зээл авахуулах гэж байна, ээжээс мөнгө аваад өгнө” гэх мэт шалтаг тоочсоор өдий хүрсэн. Тэгээд би аргаа барахдаа цагдаад өргөдлөө өгсөн. Хохирлоос өмнө нь 3.600.000 төгрөг авсан. Сая шүүх хурлын өмнө 1.000.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл мөнгө, засвар хийсэн мөнгө нийт 15.400.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Ц.Бсийн өгсөн: ...Ц гэх эмэгтэй нь Цэргийн 30 айлд 2 өрөө байрыг төлбөрийг нь 2 хувааж төлөх боломжтойгоор зарна гэхээр нь байрыг очиж үзээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17.500.000 төгрөгийг ээж Циээр дамжуулан Цд бэлнээр өгсөн. Тэгээд 2018 оны 10 дугаар сард байрандаа ороод шалны паркет, ханын цаасыг сольж, хана таазыг будаж 2.500.000 төгрөгийн засвар хийсэн. Ингээд тухайн байрандаа амьдарч байгаад үлдэгдэл 17.500.000 төгрөгийг өгөх боломжгүй болоод 2019 оны 4 дүгээр сард байрнаасаа гарсан. Гэтэл Ц нь байрны урьдчилгаа төлбөр болох 17.500.000 төгрөгийг буцааж өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч П.Хгийн өгсөн: Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б гэх хүнээс 00 байрны 00 тоот 2 өрөө байрыг 33.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг нүүж орохын өмнө Ц гэх хүн байрыг үзүүлж байсан. Тухайн байрны түлхүүр нь Цд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

Гэрч С.Бы өгсөн: Би өөрийн өмчлөлийн байрыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хувь линзингээр Т.Цд 35.000.000 төгрөгөөр худалдахаар хэлцэл хийсэн. Ц нь хэлцлийнхээ дагуу эхний ээлжинд 7.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгөөд 5.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар авсан. Нийт 12.000.000 төгрөг надад өгсөн. Цтэй 2018 оны 3 дугаар 01-ний өдөр хэлцэл хийхдээ орон сууц хөлслөх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулж, сарын 250.000 төлөхөөр тохирч Ц надад түрээсийн мөнгөө 1 жилээр буюу 3.000.000 төгрөг өгсөн. Ц нь байр худалдаж авах үлдэгдэл мөнгөө хугацаанд нь өгөхгүй 2019 оны 4 дүгээр сар хүртэл хүлээгээд өгөөгүй учраас Цд хэлж, байраа өөр хүнд зарахаар болсон. Тэгээд Цгийн өгсөн урьдчилгаа 12.000.000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон халуун, хүйтэн усны төлбөр гээд 600.000 төгрөгийг суутгаад 11.400.000 төгрөгийг Цд буцааж өгсөн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байраа П.Х гэх хүнд 32.000.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Гэрч С.Б нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 00 байрны 00 тоот 36.9 м.кв 2 өрөө байрыг шүүгдэгч Т.Цд 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 16.000.000 төгрөгөөр барагдуулахаар харилцан тохиролцсон хэлцэл /хх-ийн 49/,

Шүүгдэгч Т.Ц нь гэрч С.Бы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 00 байрны 00 тоот 36.9 м.кв 2 өрөө байрыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 12 сарын хугацаатайгаар түрээслэх тухай орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 50/,

Гэрч С.Б нь шүүгдэгч Т.Цгээс авсан 12.000.000 төгрөгөөс байр ашиглалтын төлбөр, 2 сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөгийг суутгаад 11.400.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Т.Цд хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 51/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Т.Цгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Бы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 00 байрны 00 тоот 2 өрөө байрыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Бтай хэлцэл байгуулсан боловч тухайн байрны төлбөрийг төлөх боломжгүй болж, уг байрыг 2018 оны 10 дугаар сард иргэн Ж.Циид 35.000.000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөг авсан үйлдлийг иргэн С.Бы өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг 00 байрны 00 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр бодит байдлыг нуух замаар Ж.Циийг төөрөгдөлд оруулан 35.000.000 төгрөгөөр зарна гэж тохиролцож урьдчилгаа болгон 17.500.000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурах, итгэл эвдэх болон баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэргээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг олж авч хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн санаа зорилготой, шунахайн сэдэлттэй үйлдэл байна.

Шүүгдэгч Т.Ц нь анхнаасаа хохирогч Ж.Циийг хуурч мэхлэн мөнгийг нь авах зорилгоор, С.Бы өмчлөлийн орон сууцыг өөрийнх гэж итгүүлэн хохирогчид зарж, урьдчилгаа 17.500.000 төгрөгийг авсан гэх нөхцөл байдал нь шүүгдэгч Т.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Циид хувь лизингээр байр авсан, байрны төлбөр мөнгөө өгч чадахгүй болоод зарж байгаа гэдгээ хэлсэн. Бтай байгуулсан хэлцлээ харуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Циийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ц нь “би худалдаж авсан юм, мөнгөө өгч чадахгүй байгаа тул зарах гэж байгаа” гэж хэлсэн. Б гэх хүнтэй байгуулсан гэрээгээ үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Бы ...“Би өөрийн өмчлөлийн байрыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хувь линзингээр Т.Цд 35.000.000 төгрөгөөр худалдахаар хэлцэл хийсэн. Ц нь хэлцлийнхээ дагуу эхний ээлжинд 7.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгөөд 5.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар авсан. Нийт надад 12.000.000 төгрөг надад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батсуурийн ...”ээж Циээр дамжуулан Цгээс 2 өрөө байр худалдаж авч урьдчилгаа 17.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 17.500.000 төгрөгийг өгөх боломжгүй болоод 2019 оны 4 дүгээр сард байрнаасаа гарсан. Гэтэл Ц нь байрны урьдчилгаа төлбөр болох 17.500.000 төгрөгийг буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Ц нь тухайн орон сууцыг С.Баас худалдаж авсан, мөнгөө өгч чадахгүй болсон гэдгээ хэлж, С.Бтай байгуулсан хэлцлээ үзүүлсэн. Хохирогч үүнийг нь хүлээн зөвшөөрч уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа мөнгөө өгсөн боловч мөн үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй болж орон сууцыг Т.Цд буцаан өгч урьдчилгаанд өгсөн 17.500.000 төгрөгөө шаардсан. Шүүгдэгч Т.Ц нь урьдчилгаа болгож авсан 17.500.000 төгрөгөө төлөлгүй удаасан гэх үйл баримт тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Т.Цгийн үйлдэлд хохирогчийн мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байгаагаас гадна хохирогчийг хуурч мэхэлсэн, баримт бичиг ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан, өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжүүд тогтоогдохгүй байна.

 Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Цд холбогдох эрүүгийн 2018001210125 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Цг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ж.Ци нь байрны төлбөрийн урьдчилгаанд өгсөн 17.500.000 төгрөг, байранд засвар хийсэн зардал 2.500.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийн хохирлоос Т.Ц нь 4.600.000 төгрөг төлсөн тул нийт 15.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Гэвч шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино. 

Шүүгдэгчийг цагаатгасан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Цд холбогдох эрүүгийн 2018001210125 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Цг цагаатгасугай.

2. Хохирогч Ж.Циийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР