Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 50

 

Т.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0128/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Т.Дэлгэрмэнд

Хохирогч                                       Ж.Ц-

Хохирогчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Цагаатгагдсан этгээд                   Т.Ц-

Цагаатгагдсан этгээдийн

өмгөөлөгч                                     Л.Цуурай

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаар цагаатгах тогтоолтой, Т-ын Ц-д холбогдох, 2018001210125 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ж.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М- улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь  2019 -11-18-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. ********** регистрийн дугаартай, М- овогт Т-ын Ц-.

Шүүгдэгч Т.Ц- нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Б-тай харилцан тохиролцож, байрны төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан тухайн байрыг түрээслэн амьдарч байсан ба С.Б-д байрны үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй болсны улмаас 2018 оны 10 дугаар сард иргэн Ж.Ц-ид 35.000.000 төгрөгөөр уг байрыг худалдаж, урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Т-ын Ц-д холбогдох эрүүгийн 2018001210125 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Ц-г цагаатгаж,

Хохирогч Ж.Ц-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Т.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Шүүгдэгч Т.Ц- нь анх 2018 оны 03 сарын 01-ний өдөр иргэн С.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг хувь лизингээр 35 сая төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн. Мөн энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд амьдарсан хугацаанд түрээсийн төлбөр авахаар гэрээг давхар байгуулсан.

            Шүүгдэгч Т.Ц- нь С.Б-д байрны төлбөрт 2018 оны 10 сарын өдрийн байдлаар нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэлцэлд заасан сүүлийн мөнгө өгөх хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болохоос 6 сарын өмнө, байрны өмчлөгч үлдэгдэл мөнгөө нэхээгүй, амаар хийсэн хэлцэлд заасан сүүлийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад өмчлөгч С.Б-д мэдэгдэлгүй, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийн өмчлөлд шилжээгүй байсан бусдын өмчийн орон сууцыг өөрийн өмч мэтээр бодит байдлыг нуун дарагдуулан, бие биенээ таньдаг, хамт ажиллаж байсан гэх урдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч Ж.Ц-д дээрх орон сууцыг 35 сая төгрөгөөр худалдан борлуулахаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаа гэж 17.500.000 төгрөг авч бусдад хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тухайлбал:

            Хэрэгт авагдсан баримтуудаас С.Б- нь Т.Ц-тэй 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож мөнгийг хэсэгчлэн 2019 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулсны дараа үл хөдлөх хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх, хэлцэл биелэгдээгүй тохиолдолд Т.Ц-г байранд амьдарч байсан хугацааг байр түрээслүүлэх гэрээний журмаар үнэ хөлсөө тохиролцон суутгаж авахаар тохиролцсон байхад шүүх тухайн байрыг шүүгдэгч Т.Ц-гийн өмчлөлд иргэд хоорондын хийсэн хэлцлээр бүрэн шилжиж түүнийг захиран зарцуулах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь тухайн хэлцэл нь иргэд хооронд байгуулсан хүчин төгөлдөр болоогүй хэлцэл бөгөөд байрны өмчлөх эрх Т.Ц-гийн өмчлөлд бүрэн шилжээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаар тогтоогдсон Мөн уг гэрээ хэлцлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.

            Гэтэл Т.Ц- нь дээрх орон сууцыг өөрийн өмч биш гэдгийг мэдсээр байж зориуд С.Б-тай байгуулсан дээрх хэлцлийн дагуу төлбөр төлөх хугацаа болоогүй байхад, мөн тухайн байрыг бусдад худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад өөрийн танил Ж.Ц-ийг “хямд байр хайж байгаа” байдлыг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дээрх нөхцөл байдлыг буюу бодит байдлыг нуух замаар “...дээрх орон сууцыг би өөрөө худалдаж авсан юм, мөнгөө өгч чадахгүй байна...” гэж тухайн байрыг өөрийн өмчлөлд байгаа мэтээр хуурч мэхлэн 17.500.000 төгрөгийг авч хохирол учруулсан байна.

            Шүүгдэгч Т.Ц- нь хохирогч Ж.Ц-ээс 17.500.000 төгрөгийг буцаан өгөхгүй байх санаа зорилгоор буюу анхнаасаа бусдыг залилан мэхлэх субьектив санаа зорилгоор бусдыг мөнгийг авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нөхцөл байдлаар тогтоогдсон байна. Үүнд:

            Шүүгдэгч Т.Ц- нь хохирогч Ж.Ц-д С.Б-ы өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж 17.500.000 төгрөг авсан атлаа уг мөнгийн хууль ёсны өмчлөгч С.Б-д шилжүүлэн өгөх боломж байсаар байтал өгөлгүй өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан байна.

            Мөн байрны хууль ёсны өмчлөгч С.Б- 2019 оны 03 сарын 01-ний өдөр Т.Ц-тэй байгуулсан хэлцлийн хэлцлийн хугацаа дуусмагц Т.Ц-д түүний анх урьдчилгаа гэж өгсөн 12.000.000 төгрөгөөс түүний байранд амьдарсан хугацааг “байр түрээслэх” гэрээний журмаар үнийг суутган 11.400.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 28- ны өдөр Т.Ц-д буцаан өгсөн байна.

            Гэтэл Т.Ц- нь хохирогч Ж.Ц- худалдаж авах байрны үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй болсноо мэдэгдэж байрыг чөлөөлөн өгч түүнд урдчилгаа гэж өгсөн 17.500.000 төгрөгөө буцаан авах нөхцөл байдал үүссэн байхад Т.Ц- нь зориуд С.Б-аас авсан 11.400.000 төгрөгийг Ж.Ц--д өгөх боломж байсаар байхад түүнд өгөлгүй мөн хувьдаа захиран зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Т.Ц- нь хохирогч Ж.Ц-ээс 17.500.000 төгрөгийг буцаан өгөхгүй байх санаа зорилгоор буюу анхнаасаа бусдыг залилан мэхлэх субьектив санаа зорилгоор бусдыг мөнгийг авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүх Т.Ц-гийн үйлдэлд хохирогчийн мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдоогүй, залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг цагаатгаж шийдвэрдлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

            М- Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Хохирогч Ж.Ц- давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Т.Ц- нь санаатайгаар намайг төөрөгдөлд анхнаасаа оруулсан, надтай танил урьдын харилцааны байдлаараа намайг хүүдээ байр авах гэж хайж байгааг мэдэн, миний байрны мөнгийг авах зорилготойгоор байр үзүүлсэн, би итгээд байрны урьдчилгаанд хүүгийнхээ цалингийн зээл авсан байсан 17,500,000 төгрөгийг Ц-д бэлэн өгсөн. Ц- надаас байрны урьдчилгаа мөнгө авсны дараа байнга худлаа ярьж байсан. Намайг байр бүтэхгүй байгааг мэдсэний дараа мөнгийг чинь өгнө ш дээ, өгнө, юухан байхав гэж үргэлж худлаа ярьж явсаар өдий хүрсэн. Залилангийн хэрэг биш гэж харагдуулах зорилгоор надад уван цувуулж 4 600 000 төгрөг өгсөн.

Хамгийн сүүлд шүүх хуралд орохын өмнө 1 000 000 төгрөг өгсөн энэ мэтчилэн намайг хуурсан шигээ, хуулийн байгууллагыг төөрөгдүүлж хуурлаа. Хүү маань зовж хөдөлмөрлөсөн цалин мөнгөө ээждээ өгснийг нь би энэ залилангийн эмэгтэйд өгөөд алдсанаас хойш хүү бид хоёр сэтгэл санаагаар унаж архи уудаггүй хүүхэд маань архи ууж ирээд би арай гэж ажилд орж цалингийн зээл авсаныг та тэр авгайтай хуувилдаж намайг орох оронгүй болголоо, би хий дэмий цалингийн зээл сард 700,000 төлж байна та мөнгийг маань олж ир гэж хямарч байна. Бидний эх хүүгийн эвтэй харьцааг амьдралын уур амьсгалыг ийм муухай байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг цагаатлаа. Иргэд хоорондын мөнгө зээлийн харилцаа байсан юм бол миний мөнгийг өчнөөн олон сар хоног өгнө гэж хуурсаар өдий хүрдэг юм уу.

 Ц- өөрөө надад шүүх хурлаас өмнө миний буруу би таныг ойлгож байна, аргагүй аргагүй гэж хэлж байсан. Надаас байрны урьдчилгааг бэлэн мөнгөөр авах үедээ ч залилсан, авсныхаа дараа ч мөнгө буцааж өгөхгүй үргэлж худлаа ярьж явдаг. Би Ц-г бодоод анхан шатны шүүх хуралд гэрээ үзүүлсэн гэж хэлсэн, яг бодит үнэн дээр Ц- надад ямар гэрээ үзүүлээгүй. Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь нягталж дүгнэлт өгөөгүй, зөвхөн шүүх хуралд яригдсан байдлаар дүгнэлт хийсэн. Би Ц-д залилуулж бүх зүйлээрээ хохироод үлдлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Гомдолтой байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Ц- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанаас хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Т.Ц- өөрийн өмчлөлийн биш эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн мэт ойлгуулаад бусдад зарах нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 243-р зүйлд байрыг зарах эрх нь зөвхөн өмчлөгчид л байгаа. Үүнийг мэдсээр байж бусдад зарсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Т.Ц- тайлбартаа:

Би Ж.Ц-д худлаа хэлээгүй, үнэнээ хэлж авсан. Нөхөр маань ажилгүй болсон тул мөнгөө төлж чадахгүй байна гэж хэлсэн. Хугацаа нь тулсан учраас зарлаа шүү гэж хэлсэн гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн  өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Залилангийн шинж байхгүй. Хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ж.Ц-т зарна гэж нотариатын бичгийг үзүүлсэн байдаг. Ж.Ц-ийн өөрийнх нь хүсэлтээр хэлцэл байгуулсан. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дархан-Уул аймгийн Прокуророос Т.Ц-г 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Б-тай харилцан тохиролцож, байрны төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан тухайн байрыг түрээслэн амьдарч байсан ба С.Б-д байрны үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй болсны улмаас  байрыг 2018 оны 10 дугаар сард иргэн Ж.Ц-ид 35.000.000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөг авч бодит байдлыг нуух замаар Ж.Ц-ийг төөрөгдөлд оруулж  бусдын эд хөрөнгийг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд шүүгдэгч Т.Ц-гийн үйлдэлд хохирогчийн мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байгаагаас гадна хохирогчийг хуурч мэхэлсэн, баримт бичиг ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан, өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзээд Т.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож,  түүнийг цагаатгаж., хохирогч Ж.Ц-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

             Хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын эсэргүүцэл мөн хохирогч Ж.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл :

            Т.Ц- нь 2018 оны 03 сарын 01-ний өдөр иргэн С.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг хувь лизингээр 35 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч  төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх,  мөн энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд амьдарсан хугацаанд түрээсийн төлбөр авахаар гэрээг давхар байгуулсан.,

          Дараа нь Т.Ц- С.Б-д байрны төлбөрт 2018 оны 10 сарын өдрийн байдлаар нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэлцэлд заасан сүүлийн мөнгө өгөх хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болохоос 6 сарын өмнө, байрны өмчлөгч үлдэгдэл мөнгөө нэхээгүй, амаар хийсэн хэлцэлд заасан сүүлийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад  дээрх өөрийн өмчлөлд шилжээгүй байсан бусдын өмчийн орон сууцыг өмчлөгч С.Б-д мэдэгдэлгүй, өөрийн өмч мэтээр бодит байдлыг нуун дарагдуулан, бие биенээ таньдаг, хамт ажиллаж байсан гэх урдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч Ж.Ц-д 35 сая төгрөгөөр худалдан борлуулахаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаа гэж 17.500.000 төгрөг авсан., 17.0 сая төгрөгийг Ж.Ц-ийн хүүхэд цалингийн зээл авч өгсөн бөгөөд банкинд зээлийг хүүтэй төлж байгаа., одоо хохирогч Ж.Ц- хүүхдийн хамт айлын байр түрээслэн амьдарч байгаа үйл баримт болжээ.

              Энэ үйл баримт нь хэрэг мөрдөн  шалгах явцад  хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт болох Т.Ц-, хохирогч  Ж.Ц-,  гэрч Ц.Батсуурь, С.Б- нарын мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдсон байна.

              Тухайлбал Т.Ц-гийн үйлдэлд анхнаасаа хохирогчийг төөрөгдөлд оруулж,  хуучин танил  харилцааны байдлаа ашиглан,  түүнийг  хүүдээ байр авах гэж хайж байгааг мэдэж байсан учраас  мөнгийг авах зорилготойгоор хохирогчийн байрны урьдчилгаанд  өгөх гэж хүүгээрээ авхуулсан  цалингийн зээл  17,500,000 төгрөгийг бэлнээр  авсан.,   

             Дээрх байр нь иргэн С.Б-ы өмчлөлийн байр бөгөөд өөрийн өмчлөлд шилжээгүй байсан бусдын өмчийн орон сууцыг өөрийн өмч мэтээр бодит байдлыг нуун дарагдуулан, хохирогчтой бие биенээ таньдаг, хамт ажиллаж байсан гэх урдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашигласан .,

              Мөн байрны хууль ёсны өмчлөгч С.Б- 2019-03-01-нд Т.Ц-тэй байгуулсан хэлцлийн хугацаа дуусмагц Т.Ц-д түүний анх урьдчилгаа гэж өгсөн 12.000.000 төгрөгөөс түүний байранд амьдарсан хугацааг байр түрээслэх гэрээний журмаар үнийг суутган 11.400.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 28-нд Т.Ц-д буцаан өгсөн байхад энэ мөнгийг хохирогч Ж.Ц- худалдаж авах байрны үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй болсноо мэдэгдэж байрыг чөлөөлөн өгч түүнд урьдчилгаа гэж өгсөн 17.500.000 төгрөгөө буцаан өгөх  нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ үед  Т.Ц- нь С.Б-аас авсан 11.400.000 төгрөгийг Ж.Ц-д өгөх боломж байсаар байхад түүнд өгөлгүй мөн хувьдаа захиран зарцуулжээ.

              Өөрөөр хэлбэл Т.Ц- дээрх орон сууцыг авах боломжгүй, өөрөө мөнгөгүй, бусдад өртэй, бусдын байранд түрээслэн амьдарч байгаа атлаа хохирогч  Ж.Ц-ийг  төөрөгдөлд оруулж бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар хохирогчтой урьдын танил  харьцааны байдлаа ашиглаж хохирогчийг байр хайж байгаа, хүүгээрээ цалингийн зээл авуулсан нөхцөл байдлыг ашиглан  түүнийг хуурч мэхлэн 17.500.000 төгрөгийг залилан авсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

              Анхан шатны шүүх хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, Т.Ц-гийн үйлдлийн арга хэлбэр, үйлдлийн улмаас учирсан  хохирол,  хэргийн улмаас хохирогч одоо хүртэл  айлын байр түрээслэн амьдарч хүүхэд нь цалингийн зээл авч банкинд хүүтэй төлж байгаа бодит  хор уршигт хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг  хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

              Иймд Т.Ц-д холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  шүүх хуралдаанаар дахин  хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд  буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ж.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыгхүлээн авсугай.  

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА