Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 02

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Засаг даргын  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: эрэгтэй, 1971 оны 03 сарын 07-нд төрсөн, 45 настай, Архангай аймгийн Чулуут сумын 2 дугаар багийн Арслан цохионы 01-03 тоотод оршин суух Боржигин овогт Лэгшидрэнцэнгийн Ганбаатарт /РД:АП71030771/  холбогдох

             2986000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, прокурор Б.Мээпам, хариуцагч Л.Ганбаатар, иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн  нар оролцов.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  болон түүний төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Ганбаатар нь Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн малчдын үүрэн холбооны сүлжээ тавих ажлын магадлашгүй ажлын зардал 1493000 төгрөг, техник хяналтын зардал 1493000 мянган төгрөг,  нийт 2986000 төгрөгийг сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалын 3.13, 3.19 дэх заалтуудыг зөрчиж гүйцэтгэгч компанид шилжүүлснээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд хохирол учруулсан байна. Энэ нь аймгийн Аудитын газрын 2016 оны 04  сарын 15-ны өдрийн 22/01ААГ-2016/01-СГА дугаартай актаар тогтоогдсон ба энэхүү актаар 2986000 мөнгөн төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлэхийг Чулуут сумын Засаг дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан боловч энэ төлбөр одоо хүртэл төлөгдөөгүй төсөвт хохирол учирсан хэвээр байна. Иймд, Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Ганбаатараас 2986000  төгрөг гаргуулж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн дансанд төвлөрүүлж өгнө үү.

Л.Ганбаатар гэдэг хүн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгээд хууль бус шийдвэрээр техник технологийн зардал, магадлашгүй ажлын зардал гэж захирамж гаргаж бусдад олгосон. Уг 2986000 төгрөг дээр аудитын акт тавигдсан байгаа. Энэ актаас сая 7 хоногийн өмнө 600000 төгрөг төлсөн байна. Үлдсэн 2386000 төгрөг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болчихсон боловч төлбөр төлөгдөөгүй төрийг хохироож байгаа учраас энэ мөнгийг гаргуулж орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Прокурор Б.Мээпам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын прокурор би төрийн байгууллагын санал хүсэлтийн дагуу иргэний хэргийн шүүх хуралдаанд дүгнэлт гаргахаар оролцож байна. Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч талын  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Чулуут сумын 2014 оны багийн Иргэдийн нийтийн хурлаар иргэдээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээнд тусгагдах ажлуудын саналыг хүлээн авдаг бөгөөд 2014 онд 5 багийн иргэдээс “Малчдын үүрэн холбооны сүлжээ буюу цамхаг барих” ажлын санал ирүүлсэн. Үүний дагуу сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон тухайн онд хийж хэрэгжүүлэх ажлуудын төсөвт өртгийг тооцоолон эрэмбэлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээг батлуулсан. Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/36 тоот захирамжаар малчдын үүрэн холбооны сүлжээ тавих , түүнтэй холбогдох дэд бүтэц , барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг 2015 оны 08 сарын 06-ны өдөр малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулахаар товлосон. Тендерт нэг компаний /“Мянган өндөр цахир” ХХК/ материал ирсэн тул харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах боломжгүй болж ажлын хэсэг дахин хуралдаад аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зөвлөмж авсны дагуу дахин тендер зарлахаар Архангай амьдрал сонинд тендерийн зарыг нийтлүүлж,  тендерийг 2015 оны 08 дугаар 17-ны өдрийн 1100 цагт нээхээр шийдвэрлэсэн. 2016 оны 08 сарын 17-ны өдөр дахин зарлахад тендерт нэг компаний буюу “Мянган өндөр цахир” ХХК-аас өөр компаний материал ирээгүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.4-д заасны дагуу ажлын хэсэг уг компанитай гэрээ байгуулахаар сумын Засаг даргад гэрээ шууд байгуулах зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.Зөвлөмжийн дагуу Засаг дарга 2015 оны 08 сарын 21-ний өдрийн А/94 тоот захирамжаар малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэгчээр “Мянган өндөр цахир” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг олгож, захиалагч болох Засаг даргын Тамгын газар уг компанитай гэрээ байгуулж гэрээний нийт төсөвт өртөг болох 74650000 төгрөгөөс 4 %-ийг нь буюу 2986000 төгрөгийг техник хяналтын зардал , магадлашгүй ажлын зардалд олгохоор тохиролцсон. “Мянган өндөр цахир” ХХК-аас ирүүлсэн 2015 оны 10 сарын 201 тоот албан хүсэлтэнд  “малчдын үүрэн холбооны цамхаг баригдаж байгаа ууланд бороо, цас их орсны улмаас шавар шалбааг ихтэй болж төсөвлөсөн төсөв хүрэлцэхгүй зардал их гарч байна” гэснийг үндэслэсэн мөн манай суманд бороо цас их орсон шалтгааны улмаас магадлашгүй ажлын зардлын төсөв болох 1493000 төгрөгийг олгосон. “Мянган өндөр цахир” ХХК-тай гэрээ байгуулж барилгын инженер, барилга хариуцсан даамал Эрдэнэ-Очирт малчдын үүрэн холбооны цамхаг баригдах ажлын газрын байршил товийг зааж өгсөн. Мөн дараа нь “Мянган өндөр цахир” ХХК-ний захирал З.Энхтөртэй хамт баригдаж байгаа ажлын байршил болон гүйцэтгэлд хяналт тавихаар  явсан. Өлзийт гол багийн Чавчилгын уулын оройд баригдаж байгаа малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэлд хяналт тавихаар Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг хэд хэдэн удаа очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан. Энэ хугацаанд бороо, цас их орсны улмаас шавар шалбааг ихтэй уулын урд хэсгээр гарах боломжгүй байсан учир Хүрэм багийн төвөөр дамжин уулын ар талаар жип автомашин болон 69 автомашинаар гарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд нь техникийн тодорхойлолт болон стандартад хэр нийцэж байгаа, хэдэн хувийн гүйцэтгэлтэй явагдаж буй, мөн бүрэн гүйцэд чанартай хийж дууссан эсэхэд тухай бүрт нь хяналт тавьж санхүүжилтийн эх үүсвэрийг олгох шаардлага гарч байдаг . Хяналт хийсний үр дүнд хийгдэж байгаа ажлууд нь үр өгөөжтэй байж сумын ард иргэдийн сэтгэл ханамжинд нийцэж байна. Малчдын үүрэн холбооны цамхаг нь баригдсанаар сумын хэмжээнд 100% нь Жи-Мобайлын сүлжээнд хамрагдаж 5 багийн иргэдийг харилцаа холбоогоор хангаж чадсан нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдсэн маш үр дүнтэй ажлуудын нэг болсон. Иймд гэрээнд тусгагдсаны дагуу магадлашгүй ажлын зардал болон техник хяналтын зардлыг зарцуулсан учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие нь сонгуулийн үр дүнгээр Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг хариуцах боломжгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн  тайлбар  болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга хариуцагч Л.Ганбаатарт холбогдуулан  2986000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2386000 төгрөг нэхэмжилжээ.

          Үндэсний Аудитын  газрын харьяа Архангай аймгийн Аудитын  газрын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 22/01ААГ-2016101-СГА дугаар актаар техник хяналтын зардал 1493000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 1493000 төгрөг, нийт 2986000 төгрөгийг холбогдох албан тушаалтан,  компаниас гаргуулан  сумын орон нутгийн хөгжлийн  сангийн дансанд  2016 оны 06 сарын 01-ний дотор  төвлөрүүлэхийг Чулуут сумын Засаг дарга, нягтлан бодогч  нарт хариуцуулсан байна.

          Л.Ганбаатар Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн нь түүний тайлбараар нотлогдож байх тул тэрээр энэ хэргийн хариуцагч биш байна.

          Иймд Л.Ганбаатарт холбогдох 2386000 төгрөг  гаргуулах тухай Архангай аймгийн Засаг даргын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж анхан шатны  шүүх хуралдаанаас дүгнэв.  

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд  заасныг  удирдлага болгон

 

                                                                    ТОГТООХ  нь:

         

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Л.Ганбаатарт холбогдох 2386000 төгрөг гаргуулах тухай Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийг  тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                              Б.САРАНТУЯА