Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

                                                                иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ганбаатарт холбогдох

2986000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Б.Мээпам, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  болон түүний төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Ганбаатар нь Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн малчдын үүрэн холбооны сүлжээ тавих ажлын магадлашгүй ажлын зардал 1493000 төгрөг, техник хяналтын зардал 1493000 мянган төгрөг,  нийт 2986000 төгрөгийг сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалын 3.13, 3.19 дэх заалтуудыг зөрчиж гүйцэтгэгч компанид шилжүүлснээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд хохирол учруулсан байна. Энэ нь аймгийн Аудитын газрын 2016 оны 04  сарын 15-ны өдрийн 22/01ААГ-2016/01-СГА дугаартай актаар тогтоогдсон ба энэхүү актаар 2986000 мөнгөн төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлэхийг Чулуут сумын Засаг дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан боловч энэ төлбөр одоо хүртэл төлөгдөөгүй төсөвт хохирол учирсан хэвээр байна. Иймд, Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Ганбаатараас 2986000  төгрөг гаргуулж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн дансанд төвлөрүүлж өгнө үү. Л.Ганбаатар гэдэг хүн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгээд хууль бус шийдвэрээр техник технологийн зардал, магадлашгүй ажлын зардал гэж захирамж гаргаж бусдад олгосон. Уг 2986000 төгрөг дээр аудитын акт тавигдсан байгаа. Энэ актаас сая 7 хоногийн өмнө 600000 төгрөг төлсөн байна. Үлдсэн 2386000 төгрөг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болчихсон боловч төлбөр төлөгдөөгүй төрийг хохироож байгаа учраас энэ мөнгийг гаргуулж орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Чулуут сумын 2014 оны багийн Иргэдийн нийтийн хурлаар иргэдээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээнд тусгагдах ажлуудын саналыг хүлээн авдаг бөгөөд 2014 онд 5 багийн иргэдээс “Малчдын үүрэн холбооны сүлжээ буюу цамхаг барих” ажлын санал ирүүлсэн. Үүний дагуу сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон тухайн онд хийж хэрэгжүүлэх ажлуудын төсөвт өртгийг тооцоолон эрэмбэлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээг батлуулсан. Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/36 тоот захирамжаар малчдын үүрэн холбооны сүлжээ тавих , түүнтэй холбогдох дэд бүтэц , барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг 2015 оны 08 сарын 06-ны өдөр малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулахаар товлосон. Тендерт нэг компаний /“Мянган өндөр цахир” ХХК/ материал ирсэн тул харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах боломжгүй болж ажлын хэсэг дахин хуралдаад аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас зөвлөмж авсны дагуу дахин тендер зарлахаар Архангай амьдрал сонинд тендерийн зарыг нийтлүүлж,  тендерийг 2015 оны 08 дугаар 17-ны өдрийн 1100 цагт нээхээр шийдвэрлэсэн. 2016 оны 08 сарын 17-ны өдөр дахин зарлахад тендерт нэг компаний буюу “Мянган өндөр цахир” ХХК-аас өөр компаний материал ирээгүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.4-д заасны дагуу ажлын хэсэг уг компанитай гэрээ байгуулахаар сумын Засаг даргад гэрээ шууд байгуулах зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.Зөвлөмжийн дагуу Засаг дарга 2015 оны 08 сарын 21-ний өдрийн А/94 тоот захирамжаар малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэгчээр “Мянган өндөр цахир” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг олгож, захиалагч болох Засаг даргын Тамгын газар уг компанитай гэрээ байгуулж гэрээний нийт төсөвт өртөг болох 74650000 төгрөгөөс 4 %-ийг нь буюу 2986000 төгрөгийг техник хяналтын зардал , магадлашгүй ажлын зардалд олгохоор тохиролцсон. “Мянган өндөр цахир” ХХК-аас ирүүлсэн 2015 оны 10 сарын 201 тоот албан хүсэлтэнд  “малчдын үүрэн холбооны цамхаг баригдаж байгаа ууланд бороо, цас их орсны улмаас шавар шалбааг ихтэй болж төсөвлөсөн төсөв хүрэлцэхгүй зардал их гарч байна” гэснийг үндэслэсэн мөн манай суманд бороо цас их орсон шалтгааны улмаас магадлашгүй ажлын зардлын төсөв болох 1493000 төгрөгийг олгосон. “Мянган өндөр цахир” ХХК-тай гэрээ байгуулж барилгын инженер, барилга хариуцсан даамал Эрдэнэ-Очирт малчдын үүрэн холбооны цамхаг баригдах ажлын газрын байршил товийг зааж өгсөн. Мөн дараа нь “Мянган өндөр цахир” ХХК-ний захирал З.Энхтөртэй хамт баригдаж байгаа ажлын байршил болон гүйцэтгэлд хяналт тавихаар  явсан. Өлзийт гол багийн Чавчилгын уулын оройд баригдаж байгаа малчдын үүрэн холбооны цамхаг барих ажлын гүйцэтгэлд хяналт тавихаар Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг хэд хэдэн удаа очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан. Энэ хугацаанд бороо, цас их орсны улмаас шавар шалбааг ихтэй уулын урд хэсгээр гарах боломжгүй байсан учир Хүрэм багийн төвөөр дамжин уулын ар талаар жип автомашин болон 69 автомашинаар гарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд нь техникийн тодорхойлолт болон стандартад хэр нийцэж байгаа, хэдэн хувийн гүйцэтгэлтэй явагдаж буй, мөн бүрэн гүйцэд чанартай хийж дууссан эсэхэд тухай бүрт нь хяналт тавьж санхүүжилтийн эх үүсвэрийг олгох шаардлага гарч байдаг . Хяналт хийсний үр дүнд хийгдэж байгаа ажлууд нь үр өгөөжтэй байж сумын ард иргэдийн сэтгэл ханамжинд нийцэж байна. Малчдын үүрэн холбооны цамхаг нь баригдсанаар сумын хэмжээнд 100% нь Жи-Мобайлын сүлжээнд хамрагдаж 5 багийн иргэдийг харилцаа холбоогоор хангаж чадсан нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдсэн маш үр дүнтэй ажлуудын нэг болсон. Иймд гэрээнд тусгагдсаны дагуу магадлашгүй ажлын зардал болон техник хяналтын зардлыг зарцуулсан учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие нь сонгуулийн үр дүнгээр Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг хариуцах боломжгүй гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Л.Ганбаатарт холбогдох 2386000 төгрөг гаргуулах тухай Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийг  тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж;  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтнаар дамжуулан аваад, уг шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Чулуут сумын 2 дугаар багт оршин суугч иргэн Л.Ганбаатар нь тус сумын Засаг даргаар ажииллаж байхдаа өөрийн албан тушаалыг хэтрүүлэн хууль журам зөрчиж шийдвэр гаргасны улмаас тухайн орон нутгийн хөгжлийн санд буюу төрд 2986000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь аймгийн Аудитын байгууллагаас тавьсан актаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх. ... актаар Чулуут сумын Засаг дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан тул Засаг даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Л.Ганбаатар уг хохирлыг төлөхгүй гэж дүгнэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь: Л.Ганбаатар нь Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын шийдвэр гаргах эрхийг ашиглаж, төсвийн буюу төрийн хөрөнгийг Төсвийн тухай хуулийн төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах зарчим, уг хуулиар төрийн захиргааны төв байгууллагад олгосон эрхийн дагуу гаргасан Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтын санхүүжилтийн журам”-ын 3.13, 3.19 дэх заалтуудыг зөрчиж, өөрийн захиалгын дагуу тус суманд хийгдсэн Малчдын үүрэн холбооны сүлжээ цамхаг барих ажпын магадлашгүй ажпын болон техник хяналтын зардлыг гаргаж олгосон нь төрд хохирол учруулсан үйлдэл болсон юм. Төрийн зүгээс Л.Ганбаатарыг хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн санаатай хууль зөрчсөн шийдвэр гаргасны улмаас уг хохирлыг төрд учруулсан, уг хохирол төлөгдөхгүй байгаа гэж үзсэн ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн төрд албан тушаалтны санаатай учруулсан үйлдлийн улмаас учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаа чөлөөлж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга хариуцагч Л.Ганбаатараас 2986000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн үндэс болсон Аудитын газрын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 22/01ААГ-2016/01-СГА дугаартай актаар Малчдын үүрэн холбооны сүлжээ тавих ажлын техник хяналтын зардал, магадлашгүй ажлын зардал болох 2.986.0 мянган төгрөгийг холбогдох албан тушаалтан, компаниас гаргуулан сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансанд 2016 оны 06 сарын 01-ний дотор төвлөрүүлэхийг Чулуут сумын Засаг дарга Л.Ганбаатар, нягтлан бодогч С.Цэвэлмаа нарт хариуцуулахаар тогтоосон байна.

 

            Түүнчлэн актыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж зааны дагуу хариуцлага тооцуулахыг анхааруулж байна гэжээ.

 

            Л.Ганбаатар нь Чулуут сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Засаг даргын 2015 оны 03 сарын 27-ны өдрийн А/36 дугаар захирамжаар Малчдын үүрэн холбооны сүлжээ тавих, түүнтэй холбогдох дэд бүтэц, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан байх ба 2015 оны 08 сарын 21-ний өдөр 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй малчдын үүрэн холбооны барилга, цамхаг барих ажлын гүйцэтгэгчээр “Мянган өндөр цахиур” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох тухай А/94 дугаартай захирамж гаргасны үндсэн дээр 2015 оны 08 сарын 24-ний өдөр Чулуут сумын З.Д.Т.Г-ын дарга Ц.Мөнхбат, “Мянган өндөр цахиур” ХХК-ны ерөнхий инженер З.Энхтөр нар “Архангай аймгийн Чулуут суманд малчдын үүрэн холбооны барилга, цамхаг барьж байгуулах ажлын гэрээ”-г байгуулжээ.

 

            Гэрээний дагуу малчдын үүрэн холбооны барилга, цамхаг барих ажил явагдаж, захиалагчийн техник хяналт гүйцэтгүүлэх гэрээ болон уг ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үзэхэд нэхэмжилж буй 2.386.0 /нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр багасгасан/ мянган төгрөгийг Л.Ганбаатарт хариуцуулах үндэслэлгүй байх ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 12 сарын 22-нд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР