Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 93

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Д.Л /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х......овогт Д............-ийн Л-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000360038 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Д-ийн Л  /регистрийн дугаар: ТД................/, 19..... оны ....... дүгээр сарын ..........-ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, эрэгтэй, ...... настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... аймгийн ........... сумын ............... дугаар баг .............. дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгүүлсэн. Үүнд:

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            - Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр өмнөх 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Д.О-г зодож эрүүл мэндэд нь цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найзыгаа дуудаж галаа түлүүлсэн. Миний гар хугарсан тул галаа түлэх боломжгүй байсан. Тэгээд түүнийг гаргаж өгөхөөр гэрээсээ гарсан. Тэгтэл хашааны үүдэнд Д.Очбадрах, П.Ганхүү нартай таарсан бөгөөд намайг архи авч өг, шоронгийн хадаас гэх зэргээр дарамталсан. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй, авч өгөхгүй гэхэд Д.Очбадрах куртикнээс татаж бид хоёр хамт цасан дээр унасан. Би босоод Д.О-г 2 удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн 201800360038 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.О-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны орой би гэрээсээ найз Ганхүүгийн хамт гараад дэлгүүр орох гээд явж байгаад Лутбаярын хашаа дөнгөж өнгөрөөд явж байсан чинь манай найз Ганхүүг Сашка гэх залуу Лутбаярын хашаанаас гарч ирээд цохиод авсан чинь Лутбаяр гарч ирээд намайг шууд нүүр хэсэг рүү гараараа цохиод газар унасан чинь дээрээс дэвсээд хавирга руу өшиглөөд байсан, тэгсэн чинь Сашка, Ганхүү 2 болиулаад цаашаагаа Ганхүү бид хоёр явсан бөгөөд би явж байхдаа цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Р А В-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны орой намайг гэртээ байж байтал манай найз Лутбаяр “манай гэрт ирээд мод хагалаад гал түлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очоод гал түлж өгсөн, учир нь Лутбаяр гараа хугалж гэмтээснээс хойш хамаагүй юм хийж болохгүй болчихсон юм. Тэгээд гэрт нь галыг нь түлчхээд би харих гээд намайг гаргаж өгнө гээд бид хоёр хамт хашаанаасаа гараад явж байсан чинь Очбадрах, Ганхүү нар согтуу явж байсан. Тэгсэн Очбадрах Лутбаяраас “танай ахыг танина, ганц юм аваад өг” гээд янз бүрийн юм яриад байсан. Лутбаяр архи авч өгч чадахгүй гэсэн чинь Очбадрах уурлаад Лутбаярыг шоронгийн хулгайч гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад зууралдаж байгаад 2-уулаа газар унасан, тэгэхээр нь Ганхүү бид хоёр очоод тэр хоёрыг салгах гэхэд Лутбаяр босоод ирсэн. Би Лутбаярыг араас нь татсан боловч дийлдэхгүй байж байгаад Очбадрахын хавирга, нуруу руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөчихсөн юмаа.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Очбадрахын гэрт бид хоёр 0.75 литртэй хараа архи уучхаад дахин архи авах гээд дэлгүүр явж байхдаа Лутбаяр, Сашка нартай таарсан. ...юм яриад зогсож байсан чинь Сашка цаана чинь Лутбаяр Очбадрахыг зодоод байна гэхээр нь би очоод Лутбаярыг болиулах гээд түлхсэн. Намайг очиход Очбадрах газар суучихсан Лутбаяр хөлөөрөө 2-3 удаа цээж, зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч ээ гэж хэлээд Лутбаярыг түлхээд О-г босоход нь тусалсан. Харин Сашка Л-ыг цаашаа түлхээд аваад явсан. Тэгээд Очбадрах бид хоёр дэлгүүр явсан.” гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Хэсэг газрын шинж: Цээжний зүүн хажуу хэсэгт босоо байрлалтай 9х7 см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн цус хуралттай. Биеийн ил харагдах бусад хэсэгт гэмтэлгүй. А/Д 147/101, судасны цохилт 1 минутад 93 удаа.

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16:40 минутад зовуур: цээжээр өвдөнө, үзлэгт: биеийн байдал дунд зэрэг, арьс салст хэвийн, хүүхэн хараа гэрлийн урвалж жигд, зүрхний авиа тод хэм жигд, уушги цулцангийн амьсгалтай, хэсэг газрын үзлэгт: баруун шанаа хавдсан, шанаа баруун склер улайсан, баруун талын цээжинд зулгарч улайсан. Онош: цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Саран-Элит” эмнэлгийн рентген оношлогоонд: зүүн талын 10 дугаар хавирганы хугарал зөрүү багатай бороололт явагдаж байна. 2 уушгины талбайд нэвчдэст сүүдэржилт үгүй. Уушгины агааржилт хэвийн. Уушгины зураглал ердийн 2 талын уушгины уг өргөсөөгүй. 2 талын хавирга өрцний синус нээлттэй гэжээ.

Дүгнэлт: “Д.О-ын биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.О-ын биед  учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлтэд [4],

 

Шүүгдэгч Д.Л-ын  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[5] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Л-ын  холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна иргэн Д.О-г зодож эрүүл мэндэд нь цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Л нь хохирогч Д.Очбадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Л нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Л-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Д.О-ын согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусадтай зүй бус харьцсан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.О-ын эрүүл мэндэд учирсан духны шарх, зүүн нүдний цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Л-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 96.220 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Д.Л нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байхдаа хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийг журамлан эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох, хорих ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Л-ын  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Харин шүүгдэгч Д.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Л-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор  оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Л-рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т    320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Л-ын  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сар 3 хоногоор тогтоосугай.

                                                             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т    оногдуулсан 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Л-т    урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2]  Хавтаст хэргийн 9-10 тал

[3] Хавтаст хэргийн 11 тал

[4] Хавтаст хэргийн 15-16 тал

[5] Хавтаст хэргийн 38-58, 62 тал