Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 35

 

Д.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0082/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Г.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Туяа

Хохирогч                                       Д.О-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн Л-т холбогдох, 2018000360038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Л- болон хохирогч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь:

-  2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял,

-  2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр  шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2019 онд 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-гийн Л-.

Шүүгдэгч Д.Л- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Д.О-ыг зодож эрүүл мэндэд нь цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт Д-гийн Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Л-т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4.т заасныг журамлан шүүгдэгч Д.Л-ын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сар 3 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 1 жил 1 сар 3 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Д.Л- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Д.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 4- ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Л- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.12 дугаар лийн 4., болон 6.9 дүгээр зүйлийн 1.т заасныг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Д.Л- миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Д.Л- миний бие 2017.09.13-ны өдөр шийтгүүлж шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 11 сар 23 хоногийн  хугацаанаас өмнө суллагдаж хяналтын хугацаанд 11.6 дугаар зүйлд асан гэмт хэрэгт холбогдсон, гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж ял оногдуулахдаа хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж өмнөх 237 дугаар шийтгэх тогтоолын хугацаанаас өмнө суллагдсан 11 сар 23 хоног ял дээр  сүүлийн гэмт хэрэгт оногдуулсан ял 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 3 хоног ял болгож өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 1 жил 1 сар 3 хоногийн хорих ял оногдуулсан нь буруу, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа тохиолдолд тус гэмт хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгггэх байдлаар ял оногдуулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хэрэгт хамгийн хүнд ял шийтгэл нь 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан байна. Хэрвээ 720 цагийг хорих цагт шилжүүлж тооцох тохиолдолд тус зүйл ангид заасан гэмт хэрэгт 90 хоногийн хорих ял шийтгэх боломжтой. Ингээд 40 хоногийн буюу 1 сар 3 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын 11 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх тохиолдолд шийтгүүлж буй тухайн зүйл хэрэгт заасан хамгийн хүнд ял шийтгэл 720 цагийг хорих ялд шилжүүлэн тооцоход ноогдож буй 3 сар хорих ялаас хэтрүүлэхгүйгээр шүүгдэгч Д.Л- надад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шүүх гомдлыг  хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.О- давж заалдах гомдолдоо:

Миний бие 2019.12.26-ны өдөр Г-гийн хамт согтуу явж байхдаа Д.Л-тай таарсан. Энэ үед би түүнээс архи нэхэж хэрүүл зодоон болсон байсан. Д.Л- миний хавиргыг хугалсан гээд шалгагдсан. Өмнө нь хоригдож байгаад гарч ирсэн байсан.

Гэтэл би энэ хэргийг болохоос 3 хоногийн өмнө үхэртээ тариа хийж байгаад эвэрт нь мөргүүлсэн. Энэ өдрөөс хойш миний хавирга хөндүүрлэж амьсгалж чадахгүй хүнд өвдөөд 2 хоног гэртээ хэвтсэн.

Тэгээд өвчин намдаах гээд Г-тэй 1 шил архи уусан. Ингэж явахдаа бид нар ийм хэрүүл маргаан болсон билээ. Ингээд би архи гарснаас хойш гэртээ бодож хэвтсэн. Тэгээд би цагдаад очиж тайлбар өгсөн.

Ингэхдээ би үхэрт мөргүүлснээ хэлээгүй. Байцаагчид би гомдолгүй гэж хэлсэн. Миний бие Д.Л-ын талаар сая мэдээд өргөдөл бичиж байна. Миний буруутай үйлдлээс болж Д.Л- гэх хүн хэлмэгдчихсэн тул хэргийг дахин шалгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.О- тайлбартаа:

Миний бие үхэрт мөргүүлснээ байцаагчид хэлээгүй. Түүнд зодуулсандаа гомдож худал мэдүүлэг өгсөн. Намайг үхэрт мөргүүлснийг ээж мэднэ. Одоо шүүгдэгчид ямар нэгэн гомдолгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Гэрчийг хэлмэрч орчуулагчгүйгээр байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн гэрчийн биеийн байцаалт хавтаст хэрэгт огт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулж тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж байцаалт авсан бөгөөд түүний мэдүүлэг хууль ёсны байх шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Л-ыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Д.О-ыг зодож эрүүл мэндэд нь цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт үйлдсэн  гэм буруутайд тооцож, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт  1 жил 1 сар 3 хоног хорих ял оногдуулжээ.

              Шүүгдэгч Д.Л-ын үйлдэл нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч Д.О-, гэрч П.Г-, Р. А.В- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-01-03-ны өдрийн 72 дугаар дүгнэлт.,/ х.хийн 15-16-р хуудас / Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас., /х.хийн 18-19-р хуудас/  “Саран-Элит” эмнэлгийн рентген  оношлогооны дүгнэлт, зураг., / х.хийн 21.,22-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт  заасан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

              Харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан  байна. Үүнд :

              - шүүгдэгч Д.Л- нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйл., мөн 6.12 дугаар зүйлийн 4.д заасан журмаар нийт эдлэх ялыг тогтоох  боловч  шүүгдэгч нь  шинээр  үйлдсэн гэмт хэрэгтээ   хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байхад  энэ ялыг хорих ялд шууд шилжүүлэн нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан .,

              - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4., 5.6 дугаар зүйлийн 9.д зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг “...биелүүлээгүй., шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн.. ”  тохиолдолд  нийтэд тустай ажил хийлэх ялыг  хорих ялаар солихоор зохицуулагдсан бөгөөд шүүгдэгч Д.Л-ыг дээрх ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэхгүй.,

              - шүүгдэгчид хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлаагүй., мөн шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх  журмыг зөрчсөн байна.

              Иймд шийтгэх тогтоолд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулж., шүүгдэгч Д.Л-, хохирогч Д.О- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4  дугаар заалтыг:

              - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4.,  6.9 дүгээр зүйлийн  1., 2.т заасныг журамлан  шүүгдэгч Д.Л-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлэх ял., 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоног хорих ялыг тус, тусд нь  эдлүүлсүгэй гэж.,

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 11 сар 23 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  Д.Л-, хохирогч  Д.О- нарын давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА