Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.О нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газарт холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагчийн Х.О миний 2016 оны ээлжийн амралтыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 2-р сарын 1-ны өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2017 оны 2-р сараас хойших цалин, 2016 оны амралтын мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгох тушаал гаргахыг даалгах, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай

“2017 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Ж.Амгаланшоо, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Миний бие 2015 оны 01-р сараас эхлэн Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016.08.01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтын хугацаа дууссан учир 2016 оны 12 сарын 01-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах хүсэлтээ хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Ээлжийн амралт олгох эсэх талаар хариу өгөхгүй байсан тул тус газарт 2017.02.01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох тухай хүсэлтийг 2017.01.19-ний өдөр бичгээр гаргасан боловч “түр хүлээж бай" гэсэн хариу амаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байна. Очиж уулзахад хоёр хэлтэс нийлсэн тул орон тоо цомхтгосон гэсэн хариуг мөн амаар өгдөг. Хоёр хэлтэс нийлсэн боловч миний ажил байсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо одоог хүртэл байгаа бөгөөд өөр хүн ажиллаж байна. Энэ тухай гомдлоо Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2017.04.16-ны гаргасан боловч таны өргөдлийг төрийн албаны зөвлөлийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн гэсэн хариуг 2017.04.18-ны өдөр өгсөн. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь таны өргөдлийг харьяалах салбар зөвлөл буюу Ховд аймгийн салбар зөвлөл рүу шилжүүллээ гэсэн хариуг 2017.05.09-ны өдөр шуудангаар ирүүлсэн байна. Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс шилжүүлсэн миний өргөдлийг 2017.05.05 өдөр хүлээн авсан байдаг ба энэ тухай албан бичиг хүлээн авсан бүртгэлдээ тэмдэглэсэн байна. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд иргэдийн өргөдлийг төрийн байгууллага 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хугацаа сунгах тохиолдолд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөл нь өргөдлийг хэрхэн шийдсэн болон хугацаа сунгасан эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төрийн албан хаагч миний бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийддэггүй, хуульд заасны дагуу ажлын байрыг хадгалаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, хууль бусаар орон тооны цомхтголд оруулсан ээлжийн амралтыг олгоогүй Төрийн албаны салбар зөвлөлүүд нь харьяалах асуудлын талаараа маргадаг, хугацаа алдуулдаг зэрэг үйлдлүүдээс болж иргэн миний хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй МУ- ын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

           

Хариуцагч, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ажлын байрны санал тавьсан боловч нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд манай байгууллага нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны бүтцийг баталсан. Уг нь 2012 онд Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс нь нэг байгууллага байсан ба тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй салж, эргээд 2016 онд нэгдэхдээ 21 хүний бүрэлдэхүүнтэй орж ирсэн. Ингээд 2016 оны бүтцээр манай байгууллага нь 45 орон тоонд багтаж ажиллахаар болсон. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх гэх ажлын байр нь шинээр батлагдсан бүтэц орон тоонд байхгүй юм.

Өөрөөр хэлбэл шинэ бүтцээр Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг дээр Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг нь нэмж нэгтгэсэн юм.

Өмнө нь 3 мэргэжилтний хийж байсан ажлыг одоо нэг хүн хийж байгаа юм. Шинэ батлагдсан ажлын байрны тодорхойлолтод Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос 2 заалт нь орсон. Нэхэмжлэгчийн хувьд жирэмсний амралтаа авахдаа дотоод журамд заасны дагуу өргөдөл бичиж, даргаасаа зөвшөөрөл аваагүй, ажил хүлээлцсэн акт байхгүй байсан. Мөн байгууллага татан буугдаж байхад эргэж уулзаж байх ёстой байсан. Гэтэл Х.О нь 2016 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа авна гэж хүсэлт өгсөн боловч төсвийг нь шинээр батлахдаа 45 орон тоотойгоор батлагдаж ирсэн учир Х.О-д амралтын мөнгийг нь өгье гэхэд төсөв хүрэхгүй байсан.

Би Х.О-д эвлэрэх талаар 2 удаа санал тавьж байсан. Өмнө нь Х.О-д гэрээт ажилтан болон мэргэжилтний ажил санал болгож байсан. Бид бүтцийн өөрчлөлтөөр, ажлын байргүй болсон ажилтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлын санал тавих ёстой. Үүний дагуу бид нэг цонхны үйлчилгээнд ажиллах мэргэжилтнээр, мөн гэрээт ажилтнаар ажиллах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. 21 аймгийн 8 аймагт залуучуудын загвар төв гэж шинээр байгуулагдсан юм. Манай аймаг нь уг гэрээт ажилтныг байнгын ажил болгоно гээд санал тавьж шийдвэрлүүлсэн. Ингээд Х.О-г уг албан тушаалд томилсон тушаалын төсөл, эвлэрлийн гэрээтэй нь танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд цаашид нэхэмжлэгчийг авч ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

Бид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний албан тушаалд томилох эрх бидэнд байхгүй юм гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Амгаланшоо шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өмнө нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс гэх нэртэй байгууллага байхад сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сард бүтцийн өөрчлөлт орж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ, ажлын байрын зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн гэх 3 ажил хавсарсан албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн хэлтэс гэх 21 ажилтан ажиллаж байсан байгууллагыг татан буулгахад Хөдөлмөрийн хэлтсээс 5 мэргэжилтэн үлдэж ажилласан юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2012 онд анх ажилд томилогдож, 2013 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

2016 онд жирэмсний амралттай аваад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2016 оны ээлжийн амралтаа авъя гэх хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгчийг амралттай байх хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, бүх ажилчдыг ажлаас чөлөөлж, буцааж томилсон байдаг. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар нэхэмжлэгч нь өөр ажилд томилогдсон байдаг. Ингэж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд Х.О  ажиллаж байсан орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн ба шилжүүлж томилсон тушаалын 8 дугаарт Х.О нэр байдаг юм. Байгууллагын бүтэц зохион байгуулалт нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлахдаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, зөвлөгөө өгөх мэргэжилтний орон тоо хэвээр үлдээсэн байгаа юм.

Гэтэл уг албан тушаалд нэхэмжлэгчийг ажиллуулаагүй хэрнээ Ж.Амгаланшоог ажиллуулсан юм. Х.О урд эрхэлж байсан ажлын байрны орон тоо нь хэвээр байгаа, Х.О-г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, төрийн жинхэнэ албан хаагч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны ээлжийн амралт надад олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн байдаг. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа буцаж орохоор өргөдөл өгсөн боловч шийдвэрлээгүй юм. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажилдаа оръё, хүүхэд асрах чөлөө авъя гэсэн боловч үүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Хамгийн гол нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Х.О-оор ажил гүйцэтгүүлээгүй, ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй юм. Шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 289 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг давж заалдах гомдол гаргасан байдаг. Х.О нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Х.О-г ажлаас халсан гэж үзэх үндэслэл байхгүй учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгч нь ажилдаа оръё гэж хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны төв зөвлөлд хандаж, хариуг нь авсны дараа шүүхэд хандсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Х.О нь 2016 оны хэдэн сард ээлжийн амралт авах ёстой байсан, хэдэн сарын хэдний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх ёстой байсан нь тодорхойгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энд тушаал гаргуулахыг даалгах шаардлага гаргасан юм уу, ямар эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нь ойлгомжгүй байна.

Мөн ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол буюу 2017 оны ажилгүй байсан хугацааны цалин, 2016 оны ээлжийн амралтын цалин олгох тушаал гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2016 оны амралтын мөнгө дээр нь тушаал гаргах юм уу ойлгомжгүй зүйл байна. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаал гарсан бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалд гомдол гаргаагүй юм. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байгаа. Уг тушаал нь өнөөдөр хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон бөгөөд Х.О нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/21 дугаар тушаалын хамт өөрчлөгдөж ирсэн. Өмнө нь 3 хүн ажиллаж байсан орон тоо нь 1 хүн хариуцахаар болж, нэгтгэгдэж орж ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалын дагуу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээний мэргэжилтний албан тушаалаар чөлөөлөгдсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн хэлтсийг цалингийн сантай нь бүтцийг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/18 дугаар тушаал хүчин төгөлдөр болсон байхад чөлөөлөгдсөн албан тушаалд эгүүлэн томилогдохоор нэхэмжлэл гаргасан байна.

Иймд огт байхгүй орон тоон дээр шүүх томилж шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн орон тоо нь байхгүй, байхгүй орон тоонд шүүх томилох боломжгүй, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/18 дугаар тушаал нь хүчин төгөлдөр байгаа ба одоог хүртэл уг тушаалтай нэхэмжлэгч тал маргаагүй юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсангүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тоо нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан. Энд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь 6 орон тоотой байгаа юм. Өмнө нь Хөдөлмөрийн хэлтэс нь 24 ажилтантай байсан ба 24 ажилтныг чөлөөлсөн үндэслэлийг хариуцагчийн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлалаа.

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар 22 хүнийг чөлөөлсөн юм. Харин шинээр батлагдсан бүтэцтэйгээ уялдуулж, хэдэн ажилтанг шилжүүлэх вэ гэдэг асуудал гарсан.

Х.О нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт авах хүсэлтээ гаргасан гэдэг. Тухайн байгууллага нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөлтөд орсон байхад жирэмсний амралттай байгаа, хүүхдээ асрах уу асуудлаа хугацаа дуусах үед шийдвэрлэх талаар тухайн байгууллагад хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрхээ хэрэгжүүлээгүй юм. Нийт 24 албан тушаалтны орон тоог 6 албан тушаалд багтаасан тул Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан зохицуулалт нь байгууллага татан буугдвал жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд үйлчлэхгүй юм. Хэрвээ Х.О нь эрх нь хөндөгдөж байна гэж үзсэн бол Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалд гомдол гаргах ёстой байсан боловч уг тушаалд өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй юм. Хариуцагчийн ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэдгийг нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар нь ойлгомжгүй байна.

Х.О нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан орон тоо нь шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ба гуравдагч этгээд Ж.Амгаланшоо нь 3 хүний ажлыг хийж байгаа юм. Х.О нь Төрийн албаны төв зөвлөлд хандахдаа хугацаа хэтрүүлж хандсан байна. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18 тоот албан бичгээр гомдлыг шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан

1.Хариуцагчийн Х.О миний 2016 оны ээлжийн амралтыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

2.2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

3. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2017 оны 02 дугаар сараас хойших цалин, 2016 оны амралтын мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн  хамт олгох тушаал гаргахыг даалгах

4.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. /хх-223/

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.О  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Х.О нь анх Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалаар  Хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээгээр /хх-30/,  2014 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр /хх-95/  ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна. /хх-88/

Улмаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс жирэмсний  амралт  авсан, 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болох нь жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн №0347324 дугаар хуудас /хх-138/, №0000266181 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх- 108/ нотлогдож байна.  

1.Хариуцагчийн Х.О миний 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны амралтын мөнгийг олгох тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.О нь 2016 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасан  амралтаа дуусгаад  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт “2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт олгож өгөх тухай” хүсэлтийг гаргасан ба  уг хүсэлтийг хариуцагч  шийдвэрлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй байх ба өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Хариуцагч “....Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс татан буугдаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар  болж шинээр төсөв батлагдаж ирсэн. Энэ төсөвт Х.О амралтын мөнгө  байхгүй тул олгох боломжгүй” гэж тайлбарлаж байна.

Х.О нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д  “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх” баталгаагаар хангагдах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд  жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ...”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд  ээлжийн амралтын олговор олгоно” гэж зааснаас үзвэл Х.О  2016 оны ээлжийн амралтыг олгож, ээлжийн амралтын олговрыг  бодож олгох нь Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үүрэг юм. 

Иймд хариуцагчийн Х.О 2016 оны ээлжийн амралт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Х.О-ын 2016 оны ээлжийн амралтын олговрыг тооцож олгох нь үндэслэлтэй байна. 

2. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа  хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших цалин гаргуулахыг, нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  нөхөн төлүүлж,  дэвтэрт  бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.О нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтийг өгсөн боловч  одоо хүртэл миний ажилд орох хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн намайг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ажиллах эрхийг хязгаарлаж байна гэж маргаж байна.

Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Х.О-г ажиллуулахгүй байгаа үндэслэлээ “...Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Х.О-г ажлаас нь чөлөөлсөн ба Х.О уг тушаалтай маргаагүй тул ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний газрын  бүтэц орон тоог баталсан бөгөөд уг баталсан бүтэц орон тоонд Х.О томилуулах гээд байгаа  ажил мэргэжлийн  чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна...” гэж мэтгэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 5-д зааснаар “...хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж иргэн хүний эдлэх үндсэн эрхийг баталгаажуулсан.

Мөн Төрийн албаны тухай хуульд нь жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн харилцаатай асуудлыг нарийвчлан зохицуулаагүй боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална" гэжээ.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн “намайг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох гэхэд ажиллуулахгүй байгаа нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй,  өөрөөр хэлбэл хуулийн шууд хориглосон заалтыг захиргааны байгууллага зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан буруутай байна гэж шүүх үзлээ

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “...Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө…” гэж заажээ.

Хэдийгээр Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар  бүтэц, орон тоогоор ажилтны тоо цөөрсөн  гэж тайлбарлах боловч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар захиргааны байгууллага нь Х.О-д өөр ажил олж өгөх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний газрын  бүтэц орон тоонд өөрчлөлт орж тухайн ажилтны эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон ч жирэмсэн, амаржсаны амралттай  байсан ажилтны хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ талаар захиргааны байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчаас “Х.О-ын ажлын байр байхгүй болсон гэхдээ  хариуцагчийн зүгээс Х.О-д ажлын байрны санал тавьсан ч Х.О нь өмнө ажиллаж байсан ажлын байрандаа ажиллана гэсэн тул ажиллуулах боломжгүй” гэж  тайлбарлах  боловч хариуцагч нь Х.О-г ямар нэгэн ажлын байранд томилсон шийдвэр гаргаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг биелүүлсэн гэж үзэхгүй юм.

Хариуцагч нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Х.О-г  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалаар Х.О-г чөлөөлсөн бөгөөд уг тушаалтай  нэхэмжлэгч маргаагүй  гэж тайлбарлаж байна.

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Х.О нарын нийт 22 албан тушаалтныг  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон  үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт  Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн байх ба үүнийг Х.О-г ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь уг тушаалаар Х.О-г Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн ба захиргааны байгууллага жирэмсэн, амаржсаны амралттай байгаа төрийн жинхэнэ албан  хаагчийн баталгааг цааш нь хангаж ажиллаж ёстой.

Мөн Х.О 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төлж байсан болох нь Х.О нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хх-224/ нотлогдож байх ба энэ нь Х.О-г ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг үгүйсгэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч  Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн,иймд  ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

Захиргааны байгууллага нь ажилтныг ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу  нэхэмжлэгч Х.О-д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан.

 Хариуцагчийн “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний газрын  бүтэц орон тоог баталсан, уг баталсан бүтэц орон тоонд Х.О томилуулах гээд байгаа  ажил мэргэжлийн  чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй  ...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

Учир нь Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-40-42/-оор Х.О нь 4 үндсэн зорилтын хүрээнд ажиллаж байсан ба, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх123-129/-д 10 үндсэн зорилттой болж  нэмэгдсэн ба уг зорилтууд дотор Х.О Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын Иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, Үндсэн ажлын онцлогт тохируулан  шударга ёсны шалгуурт нийцүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэн ил тод, нээлттэй ажиллах зорилтууд орсон байна.

Өөрөөр хэлбэл  дээрх зорилтууд нь  Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод  үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээний 75%-ийг эзэлж байсан бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод  үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээний 15%-ийг эзэлж байгаа нь нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэдгийг үгүйсгэж байна.

Иймд нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй байна. 

Дээрх бүгдээс дүгнэхэд хариуцагчийн Х.О 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Х.О 2016 оны ээлжийн амралтын олговор, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тус тус тооцож Х.О-д олгохыг,  Х.О-ын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид /Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт/  тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн Х.О 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Х.О-ын 2016 оны ээлжийн амралтын олговор, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тус тус тооцож Х.О-д олгохыг хариуцагчид /Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт/ даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан Х.О-ын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид /Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт/  даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас/ 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ