Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0472

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 451 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус тогтоолгож, Баян-Өгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Эрүүл мэндийн төвийн барилга, төслийн сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Хариуцагч тал нотлох баримтаар ирүүлсэн захиргааны акт нь илэрхий алдаатай байсан мөртлөө түүнийг алдаатай байдлыг шүүх зөвтгөн зөвхөн нэр төдий техникийн алдаа мэтээр дүгнэсэн нь шударга бус байна. Энэ захиргааны акт буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан дагаж мөрдөх гадагшаа чиглэсэн эрх олгосон захиргааны акт мөн бөгөөд энэ захиргааны актад үнэлгээний хорооны дарга, гишүүд бүгд уншиж танилцаад гарын үсэг зурсан болохоор аливаа техникийн бичвэр алдаа гэж үзэхээргүй байна.

Энэ алдааг ганцхан үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ч.Д-ийн тайлбараар үгүйсгэж салаа утгыг илэрхийлээгүй, санамсаргүй алдаатай бичигдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Үнэхээрийн үнэлгээний хорооны хурал 14 цагт хийгдсэн бол Үнэлгээний хорооны бүх гишүүд нэгэн зэрэг гэрчлэн хүлээн зөвшөөрч, тэд захиргааны актыг дахин гаргах, эсхүл алдааг өөрсдөө засаж залруулах нь зүйд нийцэх байлаа.

Нэхэмжлэгч бидний зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа энэ өдрийн хурал хийгдсэн гэх асуудалд эмзэглэн дурдаж байсан билээ.

Хариуцагч нь шүүхэд янз бүрийн тайлбар хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг далдуур зөрчиж ашиг сонирхлын үүднээс гуравдагч этгээдийн эрх ашгийг илүүд үзсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Захиалагч барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг баримтаар шаардлага тавихдаа тендерт оролцогч компаниа нь 2017, 2018, 2019 онд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ба барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, тухайн онд уг ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргаж ирүүлэх гэж шаардлага тавьсан байдаг.

Гэтэл хариуцагч маань гуравдагч этгээд “Д х” ХХК-ийг тендерт шалгаруулахдаа 2019 онд биш 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын актыг хүлээн авч шалгаруулан нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

“Д ч” ХХК нь 2019 онд дуусаагүй барилга угсралтын ажлын талаар огт тодорхойлолт ирүүлээгүй байгаа ба энэ нөхцөлд тендерээс татгалзах үндэслэл болох талаар тендерийн өгөгдлийн 1.1 дүгээр зүйлийн 13-д шаардсан байдаг юм.

Үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн илт хууль бус шийдвэр нь “Д ч” ХХК-ийн хууль бус үйлдлийг шаардсан захиргааны акт гэж ойлгохоор байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Эрүүл мэндийн төвийн барилга, төслийн сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлага гаргажээ.

 Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зарлаж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлээр[1] үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар гуравдагч этгээд “Д ч” ХХК-ийг бага үнийн саналтай тендер ирүүлсэн, тендерийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгч “М” ХХК-д “танай компанийн ирүүлсэн тендерийн баримт бичиг шаардлагыг хангаж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн ...танай тендерээс татгалзсан” тухай мэдэгдлийг[2] хүргүүлсэн байна.

Маргаан бүхий тэмдэглэлд “Үнэлгээний хорооны хурал 80 хувийн ирцтэй хуралдав. Үнэлгээний хорооны гишүүн Ш.О нь Ковид 19 цар цахлын улмаас Дархан хотод хөл хорионд орсон тул хуралд оролцоогүй болно.” гэсэн атлаа гишүүн Ш.О нь хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байгаа нь алдаатай боловч үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаа мөн хуулийн 47.1.7-д заасан уг шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхээргүй байна.

Учир нь үнэлгээний хорооны хурал 80 хувийн ирцтэй хуралдаж, үнэлгээний хорооны гишүүн Ш.О нь Ковид 19 цар цахлын улмаас Дархан хотод хөл хорионд орсон тул хуралд оролцоогүй талаар тэмдэглэлд тодорхой дурдсан, мөн тэмдэглэлд хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэр гаргасан.

Үнэлгээний хороо нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 1 гишүүний эзгүйд 80 хувийн ирцтэй хуралдаж, хуралд оролцсон 4 гишүүн 100 хувийн саналаар гаргасан шийдвэрт хуралдаанд оролцоогүй 1 гишүүн гарын үсэг зурсан нь энэхүү шийдвэрийг ирц хүрээгүй, хуралдаанд оролцоогүй гишүүний саналыг тоолсон зэргээр хуралдаанаас гарсан шийдвэрийн утга агуулгыг алдагдуулсан, уг шийдвэрийн агуулгад нөлөөлсөн, уг шийдвэрийг бодит байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэхгүй.

Мөн нарийн бичгийн даргаас хурлын тэмдэглэлийг үйлдэхдээ хурал нээсэн цагийг буруу тэмдэглэснийг шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай бөгөөд бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Дээрхээс гадна гуравдагч этгээд “Д ч” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган өгсөн “Нурданеска” хуримын ордны барилгыг 2019 оноос эхэлсэн гэдэг нь Барилга угсралтын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ[3], Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт[4] зэргээр тогтоогдов.

Иймд нэхэмжлэгчийн “хариуцагч “Д ч” ХХК-г тендерт шалгаруулахдаа 2019 онд биш 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын актыг хүлээн авч шалгаруулсан,...2019 онд дуусаагүй барилга угсралтын ажлын талаар огт тодорхойлолт ирүүлээгүй байгаа” гэх гомдол үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Х.Халиасхарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Халиасхарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 59 дэх тал

[2] Хэргийн 66 дахь тал

[3] Хэргийн 108-109 дэх тал

[4] Хэргийн 104-106 дахь