Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 69

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Ц.Амаржаргал                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Э.Энхбат

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч           Н.Оюунцэцэг

Түүний өмгөөлөгч                Б.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч      С.Оюунцэцэг,

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын       29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020151 дугаартай, 149/2017/0126/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996  оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Сүүл толгойн 2-44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулга /Регистрийн дугаар: МИ96080816/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн “Хонда пит” загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд зам тээврийн осол гаргаж, 07 настай М.Түвшинбаатарыг мөргөсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 99 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилилйн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан үүрэг хүлэлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн улаан эрээн өнгийн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн адидасгэсэн бичигтэй углааш 2 ширхэг, улаан өнгийн автомашины замасканы хэлтэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, автомашины урд гуперийн чирэгдэх хэсгийн улаан өнгийн таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох, М.Мөнхтулгын №1039068 дугаартай АВ ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгуллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгаж,

-М.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг нь өмгөөлөгчид төлсөн хөлс, зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдэж,

-Энэ хэргийн улмаас Д.Дашдуламын эзэмшлийн Хонда пит маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 1.3 хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа би үйлчлүүлэгчийн хүсэлтээр дараах гомдлыг гаргаж байна.

1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтанд шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг Хөдөлгөөний аюулгүй бадылн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилилйн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг давхар баримтлаагүй хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2.Шүүгдэгч М.Мөнхтулга нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүний гэм бурууг дахин хөнгөрүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан Шударга ёсны зарчимтай нийцсэнгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг зөрчиж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэлээ тодорхойлохдоо хэт ерөнхий бичигдсэн.

3.Хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах боловч  шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэсэн боловч энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг нь амь хохирогч хүү М.Түвшинбаатарын оршуулгын болон түүний 21, 49 хоногийн цайллагуудыг хийхийн тулд иргэн С.Соёл-Эрдэнээс 2017 оны 06 дугаар сарын 07-нд 2.500.000 төгрөгийг зээлж авахдаа хүүхдийнхээ халамжийн дэвтэр, мотоцикль, Н.Оюунцэцэгийн супер портер маркийн 40-48 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг барьцаанд тавьж 6 сарын 30-нд 800.000 төгрөг, 7 сарын 30-нд 700.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй тус тус зээлсэн гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар байгаа. Гэтэл шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн 3.099.702 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээгээр авсан 4 сая төгрөг нь амь хохирогчийн буяны ажилд зориулагдсан бөгөөд буяны ажлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэхээр заасантай нийцэхгүй байгаа бөгөөд энэ зээлийн гэрээгээр авсан мөнгөөр дээрх зардлууд гарсан тул нотлох баримтыг үнэлүүлэх хүсэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний гэр бүл амь хохирогч хүүгээрээ, мөн амьжиргаагаа залгуулдаг байсан мотоцикль, супер портер маркийн авто машиныг барьцаалсан зээлд 15 хуувийн хүү төлж хохирсон дээрээ улам хохирч байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Шүүх иргэний нэхэмжлэлийн аль аль нотлох баримтыг үнэлсэн, алийг үнэлээгүй талаар шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй орхисон.

4.Өмгөөлөгч үйлчлүүлэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж ажлын хөлсөнд 2.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, урьдчилгаанд 800.000 төгрөгийг төлсөн бөгөөд өгсөн авсанд маргадаггүй, үлдэгдэл болох 1.200.000 төгрөгийн хамт шүүхээс гаргаж өгөхийг хүсье. Хэдийгээр үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч энэ гарч байгаа зарлууд нь түүнд орох байсан орлого орохгүй эд хөрөнгийн хохирол учирч байгаа тул хуульд нийцүүлэн иргэний хариуцагч Д.Дашдулам, шүүгдэгч М.Мөнхтулга нараас гаргуулж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 13.12-т Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалт нь мөн хуулийн 11.4 дүгээр зүлийн 1.1-д хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч... өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал гаргуулах заалттай зөрчилдөхгүй тул дээрх зардлуудыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул гаргуулж өгөхийг хүсье. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаж шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье. ” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбартаа:

Жолооч машиныг зогсоож болох байсан ч зогсоогоогүй хүүгийн минь дээгүүр дайраад гарсан байдаг. Шүүгдэгчийн талаас манай хүүхэд 90 хувийн групптэй гэдэг байсан. Тийм л юм бол яагаад машин жолоодуулаад явуулсан юм бэ? Манайх банкинд л өр ширтэй байсан. Гэтэл одоо хувь хүн гээд өчнөөн өр ширтэй болсон. Би өдрийн 30.000 төгрөгөөр ажиллаж өрөө төлсөн. Би гомдолтой байна. Нэг жилийн тэнсэнг дахиж хэлэлцэж өгнө үү. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндэслэлээ дараах байдлаар тайлбарлая. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг давхар баримтлаагүй хууль зөрчсөн гэдэг. Уг заалт нь “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэсэн байдаг. Энэ заалтыг оруулаагүй гээд байна. Үүнийг шийтгэх тогтоолд нарийвчлан тодорхой заасан. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож” шийдсэн. Шийтгэх тогтоолоор үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон арга хэмжээ аваагүй гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасан” байдаг. Мөн хохирлын асуудлаар ярьж байна. Хорих ял оногдуулах ёстой байсан. Энэ хүнийг шоронд хорих ёстой байсан гэж өмнөх шүүх хуралдаан дээр хашгирч байсан. Одоо ч хэлж байна. Үр хүүхдээ алдсан хэцүү байгаа гэдгийг эх хүний хувьд ойлгож байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч Монгол Улсын бүх иргэдийн адил хуулийн өмнө тэгш эрх эдлэнэ. Миний үйлчлүүлэгч 90 хувийн групптэй нь үнэн. Жолооны сургалтанд сурж дууссаныхаа дараа өвдөж хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан баримтаар 90 хувийн групп тогтоолгосон. Хүнд хэлбэрийн сүрьеэтэй, татаж унадаг, чих нь дүлийрсэн, сард 140.000 төгрөгний тэтгэвэр авдаг. Ээж аавтайгаа амьдардаг. Ээж нь сард 220,000 төгрөгний тэтгэвэр авдаг. Аав нь ажилгүй. Энэ гэр бүл бол сард 300.000 гаруй төгрөгний орлоготой. Гэтэл хохирогчийн тал 35.000.000 төгрөг нэхэмжилсэн ба “энэ мөнгийг өгвөл гомдолгүй гэж хэлнэ” гэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Дараа нь “нэхэмжилсэн үнийн дүнгээ багасгах боломж байхгүй юм уу” гэхэд “Мөнх-Эрдэнэ чинь наймаа хийдэг юм чинь төл” гэсэн. Хүүхэд анх осолд орсон цагаас эхлээд ээж нь тэтгэврийн зээлээ авч хохирлыг төлсөн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад хамт сахиж эм тариа бүгдийг нь авч ирж хийсэн. Сүүлд шарилаа орхиод явсан байхад нь араас нь авч очсон. Оршуулах ажиллагаа дуустал цуг байсан. Авсан зүйлүүдийг бүгдийг шүүгдэгчийн ах мөнгө гаргаж төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд “яагаад хохирол төлбөр барагдсан гэж үзэхгүй байгаа юм бэ?” гэхэд “тэрийг тусламж гэж үзнэ” гээд байдаг. Баримтгүй 1.355.000 төгрөг төлсөн, баримтаар 6.682.000 төгрөг төлсөн. Нийт 7.737.000 төгрөгийг төлсөн. Оршуулгын зардалд 1.307.080 төгрөг, 21 хоногийн зардалд 692.680төгрөг, 49 хоногийн зардалд 668.800 төгрөг гарсан. Эдгээр мөнгийг бүгдийг төлсөн. Бүхнийг хийсэн гэдгийг хохирогч талаас хүлээн зөвшөөрдөг ч түүнийг тусламж гэж үзнэ гэдэг.

…2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын талаар заасан. 16.12-д “..Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй...” гэсэн байдаг. Өмгөөлгчид өгөх үйлчилгээний хөлс 2.000.000 төгрөг өгсөн гэх нотлох баримт байхгүй, холбогдох хуулийн заалтанд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгчийг заавал нийгмээс тусгаарлах хүн биш, биеийн байдал нь хүнд байхад нийгмээс тусгаарлаж хорих шаардлагагүй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Нэгт. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг давхар баримтлаагүй гэдэг. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,  үүнийгээ шийтгэх тогтоолд дурдсан учир үндэслэлгүй байна.

Хоёрт. Ял шийтгэлийн хувьд хөнгөдсөн гэж байна. Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 9.1-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй. Энэ шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Учир нь зам тээврийн осол нь ганц жолоочийн буруутай үйл ажиллагаанаас бус амь хохирогч болон түүний эцэг эхийн хараа хяналт сул, сургуулийн насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх нь шүүгдэгч анхан удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  мөн түүний эрүүл мэндийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гуравт. Хохирлын асуудал дээр маргаж байна. Энэ хэрэгт хоёр талаас  хоёулаа баримт цуглуулсан байсан. Шүүгдэгч талаас бид нар бүх зүйлийг явж байгаад авч өгсөн гээд 3.072.000 төгрөгний баримтаар гаргаж ирдэг.  Хохирогч тэрнээс илүү гаргасан 2.661.000 төгрөгний баримт гаргаж өгдөг. Шүүгдэгчийн өмгөөлөгч 3.072.000 төгрөгөөр хохирол төлөгдсөн гэж хэлдэг. Шүүх хуралдаан дээр ялгаж зааглаад 954.760 төгрөгний  хохирол төлөх ёстой гэж гаргасны дагуу гэм буруугийн хурал дээр 2.000.000 төгрөг төлөөд бодит хохирол арилсан гэж үзсэний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар  төлөх үндэслэлтэй. Тухайн үед эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан боловч төлсөн баримт байхгүй байсан. Одоо л гаргаж өгч байна. Нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэв.

 

Тодорхойлох нь

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн “Хонда пит” загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд зам тээврийн осол гаргаж, 07 настай М.Түвшинбаатарыг мөргөсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 99 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгахаар ... тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэгийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас аль баримтуудыг нь ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан гэж  үнэлж байгаа, аль баримтуудыг нь ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа талаараа нарийвчлан заалгүйгээр шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “…насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг нь талийгаачийг оршуулах ёслолд шүүгдэгчийн талын гаргасан 3.072.000 төгрөгийн баримтаас гадна талийгаачийг оршуулах ёслолд өөрийн талаас гарсан зардал болон 21, 49 хоногуудад гарсан зардалд 5.404.467 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 7.404.467 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2.304.765 төгрөгийг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийг төлсөн нотлох баримтгүй тул хэлэлцэхгүйгээр орхих, үлдэх 3.099.702 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй…” гэсэн ерөнхий дүгнэлт хийж,  улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсанд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “…дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлын шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал…” гэж заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит үнэнтэй нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Мөнхтулгад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

         

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ