Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 51

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 69 дүгээр магадлалтай, М.М-д холбогдох 201718020151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт М-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч М.М-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тогтоож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс шийдвэр гараагүй, харин шийтгэх тогтоол гаргасан бөгөөд хор уршиг арилсан гэсэн дүгнэлт огт хийгээгүй. Шүүгдэгчийн талаас талийгаачийг оршуулах ёслолд 3,072,000 төгрөгийг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь 1,000,000 төгрөгийг, шүүх хуралдаанд бэлнээр 2,310,000 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.М нь хүнд хэлбэрийн сүрьеэ өвчний улмаас 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдан тахир дутуугийн группт байдаг, 140,000 төгрөгийн тэтгэмжээс өөр орлогогүй, өндөр тунтай хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэсний улмаас чих нь дүлийрч сонсгол нь муудсан, өндөр насны тэтгэвэрт байдаг ээж, ажилгүй аавынхаа хамт амьдардаг залуу юм. Түүнийг авто осол гаргасан үеэс ах М.М нь хохирогчид шаардлагатай эм тариаг авч эмчилгээ сувилгааг хийлгэн, оршуулгын ажлыг гардан хийж, зардлыг нь гаргасан байдаг. Хохирогч талын хүмүүс түүнээс 30,000,000 төгрөг нэхэмжилж мөнгө өгвөл дүүд чинь гомдол саналгүй гэж хэлнэ хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилж ирсэн болно. Шүүх хэрэгт авагдсан хохирлын холбогдолтой нотлох баримтыг нэг бүрчлэн хэлэлцүүлэн нотлогдоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримттай 3,099,702 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хохиролтой холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан тул зөвхөн хохирлын асуудалтай холбогдуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг зөвшөөрөхгүй байна. М.М нь хувийн байдлын хувьд хөнгөн хэрэгт анх удаа холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримттай 6,382,000 төгрөг, баримтгүйгээр 1,355,000 төгрөг, нийт 7,737,000 төгрөгийн хохирлыг төлсөн, авто осол болсон өдрөөс эхлэн хохирогчийг ээлжлэн сахиж, эм тариа эмчилгээнд шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн, оршуулгын ажлын зардлыг гарган гардан хийсэн зэргийг шүүх хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зөрчөөгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон хор уршгийг арилгах талаар маргаантай байхад хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсан гэж буруу дүгнэлт хийсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх М.М нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 12 цагийн үед иргэн Д.Д-гийн эзэмшлийн “Хонда Пит” загварын хххх УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 7 настай М.Т-г мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримтыг тогтоож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх М.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудаас аль баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан, эсхүл хангаагүй талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсанд тооцон М.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсний дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит үнэнтэй нийцээгүй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд хохирлоо нөхөн төлсөнд тооцоход учирсан хохирол болон түүнийг нотлох баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана.

М.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хэр хэмжээний хохирол төлбөл зохих, түүнийг төлсөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгдээгүй байна.

Тухайлбал, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнэлт өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх үед төлбөл зохих хохирлын хэмжээг тогтоож чадаагүй, тэнсэх үндэслэл тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүй болсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 69 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН