Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00413

 

            З.Д-гийн нэхэмжлэлтэй           

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2017/01329 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалтай,

З.Д-гийн нэхэмжлэлтэй,

“А” ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч З.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А ТӨҮГ-ын даргын тушаалаар Х-ийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл тус төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/382 тоот тушаалаар намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй.  Иймд Х-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 3 cap 22 хоногоор тооцож,   4.039.392 төгрөг гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Х-ийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т  албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй, 14 дүгээр зүйлийн 14.3-т албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй, 14.3.2-т өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө" гэсэн заалтыг зөрчин өөрийн хүүхдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу үйлдвэрийн газрын захирлын итгэмжлэлгүйгээр шүүхэд хариуцагчийг төлөөлж байгууллагад хохирол учруулсан. Захирлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Аймгийн Автотээврийн төв"-ийн нийтлэг дүрмийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай А/129 дүгээр тушаалаар аймгийн автотээврийн төвийн дүрмийн 4.2-т "Төвийн дарга, менежер, техникийн хяналтын инженер, ахлах нягтлан бодогчийг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө" гэснийг "төвийн ажилтнуудыг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө" гэж өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтөөр төвийн дарга нь хүнтэй холбоотой тушаал гаргах эрх хэмжээгүй болсон боловч Х-ийн дарга З.Д- нь эрх хэмжээгүй байхдаа П.Хүдэрбаатарыг чөлөөлж Д.Ганзүрхийг харуулын ажилд томилсон. З.Д- нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч дахин гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн буюу мэдэх буюу мэдэх боломжтой байсан өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 43 хоногийн дараа гардан авч дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2017/01329 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч З.Д-гийн " А " ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн олговорт 4.039.392 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч З.Д- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.590 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул А ТӨҮГ-т холбогдох Х- ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4.039.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01329 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

З.Д-гийн ажлаас халсан үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй, нөхцөл байдлыг сайн нотлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь ажлын цаг таслаагүй болохоо нотолсон. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй асуудлаар хэргийг түдгэлзүүлэн, хугацаа их алдуулж шийдвэрлэсэн. Хариуцагчаас 7 сарыг тасалсан мэтээр ирүүлсэн баримтыг нэхэмжлэгчээс уг баримтыг шинжлэн судлуулах шаардлагатай хүсэлтийг гаргасаар байхад хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь сахилгын зөрчил нь тогтоогдсон байх ёстой гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй, улмаар хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэх үндэс болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01329 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалд өөрчлөлт оруулж З.Д-г Х-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч З.Д- нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Ажил олгогч А ТӨҮГ-ын захирал 2016 оны 7 дугаар сарын 26-ний өдөр Б/382 дугаар тушаал гаргаж, шалтгаангүйгээр ажил тасалсан, хууль бусаар байгууллагыг төлөөлсөн гэх зөрчил гаргасан үндэслэлээр  З.Д-г Х-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 14 дүгээр зүйлийн 14.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.2, 11.7.2, 11.7.5, хөдөлмөрийн гэрээний 4.5.8 заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 7 дугаар тал/.

Нэхэмжлэгч зөрчил гаргасан эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх талаар талууд маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэх ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.8.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан, 2016 оны 5 дугаар сард ажил тасалсан гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

Хэргийн 70-71 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 27, 28, 7 дугаар сарын 6-8, 18, 19-ний өдрүүдэд ажил тасалсан гэж цагийн бүртгэлд тэмдэглэгдсэн 6 дугаар сарын 24-28-ний хооронд  томилолтоор ажиллаж байсан, 7 дугаар сарын 5-8-ний өдрүүдэд өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаа, томилолтын хуудсаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн  8 дугаар зүйлийн 8.2-т  зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд албан тушаалтан өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй талаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.2-т зохицуулжээ.

З.Д- нь өөрийн хүүхдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу үйлдвэрийн газрыг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Хөвсгөл аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар захирамжаар тогтоогдсон тул хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-г зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1582 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ