Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/01116/И |
Дугаар | 00045 |
Огноо | 2017-01-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 00045
2017 оны 01 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2017/00045 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 3б дугаар байрны 06 тоотод оршин суух Өөлд овгийн Дуламын Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөрийн /регистрийн дугаар ФМ63070966/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-4-58 тоотод оршин суух, Үрэл овгийн Пионерийн Эрдэнэцэцэгт /регистрийн дугаар ФМ67020601/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, мөн гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 197 945 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч П.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Д.Тунгалаг нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Эрдэнэцэцэгт 100.000.000 / нэг зуун сая төгрөгийг 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ийнхүү зээлдүүлэхдээ Улсын бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р багт /Оюут дутуу барилгын ард/ байрлах 4 давхар Худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг Барьцааны/ гэрээээ байгуулж барьцаанд авсан ба энэхүү барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэтгэгдсэн болно. Гэтэл Эрдэнэцэцэг нь одоог хүртэл зээлийнхээ хүү болон үндсэн мөнгө, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй. Мөнгөө нэхэхээр элдэв шалтаг шалтгаан тоочиж өнөөдөр маргааш гэж хойшлуулсаар өгөхгүй байна. Иймээс Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу П.Эрдэнэцэцэгээс 100.000.000/ нэг зуун сая/ түүний 6 сарын хүү 18.000.000/ арван найман сая/ төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувь /271хоног 590.000/ 159.890.000/ түүний 50 хувь 79.945.000 төгрөг нийт 197.945.000 зуун ерэн долоон сая есөн зуун дөчин таван мянга төгрөг нэхэмжилж байх тул түүний барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар багт байрлах 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын үнийн дүнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Д.Тунгалагаас 86 000 000 төгрөгийн зээл аваагүй. Харин өөрийн хэрэглэсэн 36 000 000 төгрөгийг төлнө” гэв.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “ Д.Тунгалагийн Орхон аймгийн Жаргалант суманд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Орхон аймагт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд А.Орхонсайхан гэгч Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч хийж байсан эмэгтэйд 2012 онд 72 сая төгрөг зээлдүүлсэн. А.Орхонсайхан нь зээлийн өр төлбөрөө төлөхгүй байсан тул миний бие түүнээс удаа дараа дээрх зээлдүүлсэн мөнгөө төлөхийг шаардаж байсан боловч 2013 оны 12 сар хүртэл худал үнэн хэлж хойшлуулсаар ирсэн. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын дундуур над руу залгаж “...би говилд гэрэлтүүлгийн тендер авчлаа, мөнгийг чинь төлөх боломж гарчихлаа, харин гэрэлтүүлгийн ажлыг хийх мөнгө хэрэгтэй байна, барьцаа хэрэгтэй байна. Чи чимэг төвөө барьцаалчих” гэж удаа дараа ярьж эхэлсэн. Миний бие Чимэг төвийг барьцаалахгүй, дүүтэй хамтран эзэмшдэг, дүү ихэнх хувийг нь эзэмшдэг болохоор болохгүй гэж хэлтэл А.Орхонсайхан нь: “итгэмжлэл хийгээд өмнөөс нь авчихаж болно би мөнгө зээлэх хүн олчихсон,” гээд дахин дахин шамдуулсаар байгаад 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Орхон аймгийн Жаргалант сумруу хамт явж дүү П.Энхтайваны нэрээр итгэмжлэл хийлгэсэн ба тухайн үед А.Орхонсайхан нь манай намын таньдаг дүү байгаа юм гээд итгэмжлэл хийлгэсэн. Ийнхүү удалгүй А.Орхонсайхан нь “нөгөө мөнгө зээл хүн ирсэн байгаа, чи битгий олон юм яриарай, чимээгүй байж байгаарай, би яриад зохицуулсан байгаа” гэж хэлээд тэр өдрөө буюу 2013 оны 12 дугаар сарын 24-нд Д.Тунгалагтай зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийх үедээ надад огт мөнгө зээлдүүлээгүй, харин А.Орхонсайханы өр төлбөрийг надад шилжүүлж, миний дүүтэйгээ хамтран өмчилдөг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Овут багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэж ийнхүү зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн байна. Үүнээс хойш 2 хоногийн дараа 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Тунгалагаас 86 сая төгрөг миний дансанд орж ирсэн ба энэ талаар миний бие А.Орхонсайханаас лавлахад “тэгэх ёстой” л гэж хэлсэн. Үүнээс үзвэл А.Орхонсайхан, Д.Тунгалаг нар нь миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээгээр халхавчлан намайг хууран мэхэлсэн гэж үзэж байна. Учир нь энэхүү 86 сая төгрөний 50 сая төгрөгийг А.Орхонсайхан нь надаас тэр даруй залилан авсан болох нь Орхон аймгийн дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон болно. Угтаа 86 сая төгрөгийг авах хүсэлт надад огт байгаагүй, харин А.Орхонсайхан л тэр мөнгийг авах хүсэлтэй байсан болохыг сүүлд нь мэдсэн. Үүнээс үзвэл энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, харин А.Орхосайханы намайг залилан мэхлэх гэсэн гэмт санаа зорилго, Д.Тунгалагийн А.Орхонсайханаас авах барьцаагүй авлагаа барьцаатай болгох гэсэн санаа зорилгоос үүдэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн миний бие А.Орхонсайханд Д.Тунгалагаас шилжүүлсэн мөнгөний 50 сая төгрөгтэй нилээд 141.000.000 төгрөг залилуулсан бөгөөд багагүй зээлийн төлбөртэй байгаа, нөгөө талаас миний бие хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 65%-тай тахир дутуу бөгөөд ямар ч төлбөрийн чадваргүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөүүлэх хүсэлтэй байгаа ба энэ талаарх хүсэлтээ хавсаргав. Иймээс Д.Тунгалагийн надтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “Нэхэмжлэгч Д.Тунгалаг миний бие хариуцагч П.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Сөрөг нэхэмжлэлд бичсэн зүйлсүүд бүгд худал зүйл байна. Хариуцагч П.Эрдэнэцэцэг нь зээл авахаас өмнө буюу 2013 оны 3 дугаар сараас над руу залгаж “мөнгө зээлээч, дутуу барилгаа дуусгаж ашиглалтанд оруулмаар байна”, мөн “Эрдэнэтийн Гокоос мөнгө авах ёстой” хэмээн ам.долларын гүйлгээ хийсэн дансны хуулгаа үзүүлж байсан, зээл авах үедээ одоо рестораны тоног төхөөрөмж авч шинэ жилийн үйл ажиллагаа явуулбал их ашиг олох гээд байна гэх зэргээр олон дахин өөрөө гуйсан тул миний бие итгэж мөнгө зээлдүүлсэн нь үнэн болно. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг хариуцагч П.Эрдэнэцэцэг өөрийнх нь хүсэлтээр Жаргалант суманд очиж байгуулж баталгаажуулсан. Харин 86.000.000 төгрөгийн Зээлийн гэрээг 2013.12.24-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд байгуулсны дараа Улаанбаатар хотод ирснээр 2013.12.26-ны өдөр хариуцагч П.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5093043948 тоот данс руу шилжүүлсэн болно. Түүнчлэн зээлийнхээ дүнд оролцуулан АНУ-аас 2014.01.03-ны өдөр 1,850 ам.доллар /нэг ам.доллар 1,693.96 төг /, мөн 2014.01.07- ны 1,850 ам.долларын /нэг ам.доллар 1,721.16 төг/ бүтээгдэхүүний захиалуулж төлбөрийг төлж авсан болно. Зээл авснаас хойш хариуцагч П.Эрдэнэцэцэг нь зээлийг төлөхгүй байх бүхий л арга заль хэрэглэж, нэхэмжлэгч намайг олон жил хүндрэл чирэгдэлд учруулж, шүүхийн байгууллагыг арга хэрэгслээ болгоод байна. Түүний нэг жишээ нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016.02.24-ний өдрийн №000276 тоот шийдвэр юм. Уг шийдвэрээр П.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү нэхэмжлэгч П.Энхтайван нь 2013.12.24-ний өдрийн П.Эрдэнэцэцэг, Д.Тунгалаг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзаж, уг татгалзлыг шүүх шийдвэртээ дурдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.”, 74 дүгээр зүйлийн 74.4-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж хуульчилан заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх иргэний хэргийн зохигч П.Энхтайван, П.Эрдэнэцэцэг, Э.Пүрэвсүрэн, Д.Тунгалаг нар нь тухайн асуудлаар буюу 2013.12.24-ний өдрийн П.Эрдэнэцэцэг, Д.Тунгалаг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Хариуцагч П.Эрдэнэцэцэг нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа “Миний бие Орхон аймагт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг” гэсэн атлаа “...миний бие хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 65%-тай тахир дутуу бөгөөд ямар ч төлбөрийн чадваргүй...” гэх зэргээр мөнгө төлөх болохоор нэр хүндээ хүртэл уландаа гишгэж аливаа төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зээл авах хүсэлт надад огт байгаагүй, ... энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй” гэх зэргээр бүх хэргээ А.Орхонсайхан руугаа түлхэхийг оролдсон нь үндэслэлгүй юм. Үүнийг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016.02.24-ний өдрийн №000276 тоот шийдвэрт бичигдсэн нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Э.Пүрэвсүрэнгийн тайлбараас харвал П.Эрдэнэцэцэгийн зээл авах, буцааж төлөх хүсэл зориг байсан гэдэг нь гэрчлэгдэнэ. Хариуцагч П.Эрдэнэцэцэг нь авсан зээлээ юунд зарцуулах тэр дундаа А.Орхонсайхан өгсөн бусад зүйлд зарцуулах эсэх нь Д.Тунгалаг надад хамаагүй асуудал. Өөрөөр хэлбэл зээлийг юунд зарцуулах нь зээлдэгчийн асуудал тул бусдад залилуулсан гэх асуудал, мөн зээлдэж авсан мөнгийг хэрхэн зарцуулсанд зээлдүүлэгч буруугүй юм. А.Орхонсайханд 50 сая төгрөгийг П.Эрдэнэцэцэг нь өгсөн юм бол зээлийн үлдсэн мөнгө хаачсан, юунд зарцуулсан нь ч зээлдүүлэгч надад хамаагүй асуудал билээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зааснаар зээлдүүлэгч талаас мөнгө 86 сая төгрөг, эд хөрөнгөд бараа бүтээгдэхүүнийг өгсөн, зээлдэгч хүлээн авч захиран зарцуулсан тул шүүх энэ асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэж итгэж байна. Хамгийн гол нь П.Эрдэнэцэцэг зээлийг хүлээн авч захиран зарцуулсан боловч зээлийг төлөх болоход би аваагүй гэх зэрэг үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа ба хэрэв зээлдэгч зээлийг авах хүсэл зориг байгаагүй бол буцаан шилжүүлэх, хүлээн авахгүй байх бүрэн боломж байсан гэдгийг анхаарч үзнэ үү. Иргэн Д.Тунгалаг миний бие П.Эрдэнэцэцэгийн хууран мэхлээгүй, халхавчилж гэрээ хэлцэл байгуулаагүй, харин хуульд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл өгч олон жил хохирч байгаа нь үнэн болно. Одоо энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэж хариуцагчаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж хохиролгүй болох хүсэлтэй байна.Иймд хариуцагч П.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
|
Нэхэмжлэгч Д.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр хариуцагч П.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ нийт 197 945 000 төгрөг гаргуулах,
Хариуцагч зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 86 000 000 төгрөг, 6 сарын хүү 16 617 235 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алданги 46 158 986 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг, нийт 155 094 193 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа 42 850 807 төгрөгөөр бууруулж байна” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч П.Эрдэнэцэцэгээс дансаар шилжүүлсэн 86 000 000 төгрөг, үүн дээр гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг, нийт үндсэн зээл 92 317 972 төгрөгийг 6 сарын хүү 16 617 235 төгрөг, алданги 46 158 986 төгрөгийн хамт нийт 155 094 193 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...би Д.Тунгалагаас 86 000 000 төгрөгийн зээл аваагүй. Харин өөрийн хэрэглэсэн 36 000 000 төгрөгийг төлнө” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Тунгалагаас 86 000 000 төгрөгийг авах хүсэл надад огт байгаагүй. А.Орхонсайхан л тэр мөнгийг авах хүсэлтэй байсан.Энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, харин А.Орхонсайханы намайг мэхлэх гэсэн гэмт санаа зорилго, Д.Тунгалагийн А.Орхонсайханаас авах барьцаагүй авлагаа барьцаатай болгох санаа зорилгоос үүдэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Тунгалагийн надтай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хариуцагч П.Эрдэнэцэцэг нь зээл авахаас өмнө 2013 оны 03 дугаар сард “...мөнгө зээлээч дутуу барилгаа дуусгаж ашиглалтанд оруулмаар байна, Гок-с мөнгө авах ёстой” гэж ам долларын гүйлгээ хийсэн баримтыг үзүүлж, тоног төхөөрөмж аваад шинэ жилийн үйл ажиллагаа явуулбал их ашиг олох гээд байна гэх зэргээр оон дахин гуйсан учраас өөрийнх нь хүсэлтээр зээл болон барьцааны гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан.Ингээд П.Эрдэнэцэцэгийн өөрийнх нь данс руу 86 000 000 төгрөгийг бэлнээр, мөн өөрт нь болон охинд нь 3 700 ам долларын гоо сайхны бүтээгдэхүүн өгч зээлийн гэрээг хийсэн.Би П.Эрдэнэцэцэгийг хууран мэхлээгүй, халхавчилж гэрээ хэлцэл байгуулаагүй, харин хуульд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл өгсөн.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 229/2013 тоот зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр П.Эрдэнэцэцэг 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд барьцааны гэрээнд нэрлэн заасан үл хөдлөх хөрөнгө болох “Чимэг” худалдаа үйлчилгээний төвийг барьцаалжээ. /хх-ийн 5-р тал/
Гэвч дээрхи барьцаа хөрөнгийн өмчлөгч болох нэхэмжлэгч П.Энхтайван “....миний эгч П.Эрдэнэцэцэг миний зөвшөөрөлгүйгээр миний гарын үсгийг зурж бидний хамтран өмчилдөг “Чимэг” худалдаа үйлчилгээний төвийг барьцаанд тавьж Д.Тунгалагаас зээл авсан болохыг би саяхан олж мэдлээ.Намайг байхгүйд гарын үсгийг минь зурж П.Эрдэнэцэцэгт “Чимэг” худалдаа үйлчилгээний төвийг барьцаанд тавих эрх олгосон Орхон аймгийн Жаргалант сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын дарга Э.Пүрэвсүрэнгийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэл гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулж, тус итгэмжлэлийн үндсэн дээр П.Эрдэнэцэцэг, Д.Тунгалаг нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасныг баримтлан нотариатын тойргийн харъяалал зөрчин төлөөлүүлэгч П.Энхтайваныг байлцуулахгүйгээр гэрчилсэн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн П.Энхтайван, П.Эрдэнэцэцэг нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаар шүүхийн шийдвэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэгэнт “Чимэг” худалдаа үйлчилгээний төвийг барьцаалсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон учраас барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй.
Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригын илэрхийлэл болсон, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь хариуцагч П.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5093043948 тоот дансанд 86 000 000 төгрөг шилжүүлсэн нь П.Эрдэнэцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэцэцэгээс үндсэн зээл 86 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон 6 сарын хугацааны хүү 15 480 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 43 000 000 төгрөг, нийт 144 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгох үндэстэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч “...нэхэмжилж байгаа үнийн дүнд гоо сайханы бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг ороод нийт 100 000 000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээний 100 000 000 төгрөгт гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг багтсан гэдэг нь, нэхэмжлэгч 6 317 972 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг хариуцагч П.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 38-41 дүгээр талд авагдсан Jeunesse Global LLC компанийн баримтанд хүлээн авагч П.Эрдэнэцэцэг, Ж.Билгүүн гэж бичигдсэн байх боловч П.Эрдэнэцэцэг дээрхи бүтээгдэхүүнийг хүлээн авсан гарын үсэг зурагдаагүй тул дээрхи баримтыг үндэслэн хариуцагчаас гоо сайхны бүтээгдэхүүний үнийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Мөн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “...дээрхи 150 000 000 төгрөгнд А.Орхонсайханы 6 000 000 төгрөг, бүтээгдэхүүний 3 700 ам доллар бүгд орж байгаа” гэж дурьдсан байгаа боловч энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 3 700 ам долларыг П.Эрдэнэцэцэгийг хариуцна гэсэн тохиролцоо гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иймд хариуцагч П.Эрдэнэцэцэгээс гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6 317 972 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээний үүрэг 92 317 972 төгрөгнөөс тооцож илүү нэхэмжилсэн хүү, алданги, нийт 10 614 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд “...надад Д.Тунгалагаас мөнгө зээлэх шаардлага байгаагүй.Би 86 000 000 төгрөгний 50 000 000 төгрөгийг А.Орхонсайханд өгсөн, үлдсэн 36 000 000 төгрөгийг төлнө” гэж, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...А.Орхонсайхан анх мөнгө зээлээч гэж ирсэн гэж Д.Тунгалаг гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг. Д.Тунгалагийн хувьд 100 сая төгрөгийг П.Эрдэнэцэцэгт зээлж байгаа дүр үзүүлэн гэрээ хийж 86 сая төгрөг шилжүүлж байгаа нь өөрийнхөө А.Орхонсайхнаас авах ёстой авлагаа барьцаатай болгосон нь дүр үзүүлж байгаа хэрэг” гэж тайлбарлаж байгаа боловч 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч П.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5093043948 тоот дансанд 86 000 000 төгрөг шилжиж орж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоны дээр хариуцагч П.Эрдэнэцэцэг 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...Би 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн зээлийн гэрээнийхээ дагуу 86 000 000 төгрөг авсан учир энэ мөнгөө гэрээнд заасан хүү, алдангийн хамт төлөх учиртай.Миний төлөхийг зөвшөөрч байгаа тооцоо гэвэл үндсэн зээл 86 000 000 төгрөг, хүү 15 580 000 төгрөг, алданги 43 000 000 төгрөг, нийт 144 480 000 төгрөг төлнө” гэсэн тайлбар гаргаж байсан.
Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 229/2013 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригын илэрхийлэл болсон, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба дээрхи гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “...2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цагдаагийн байгууллагад Д.Тунгалагийн өгсөн мэдүүлэг, 170 тоот шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь Д.Тунгалаг П.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүхий нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 144 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 614 193 төгрөгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 147 675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 880 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4147 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА