Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 293

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Н.Г........д,

шүүгдэгч Б.Т............л, түүний өмгөөлөгч Л.Б............а (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алтан ганжуур овогт Б............агийн Т............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0426 90008 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алтан ганжуур овогт Б............агийн Т............л, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............................., урьд

1. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Дундговь аймгийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар гэснийг 5 жил 1 сар гэж өөрчлөн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил гэснийг 6 жил 1 сар болгон өөрчилсөн. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Т............л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан ......................... тоот хашаанд байрлах нийтийн байрны өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн Н.Г........дын 1.250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Б...........гийн түрээслэн ажиллуулдаг “Түлээ нүүрс худалдан борлуулах цэг”-н итгэмжлэн хариуцуулсан түлээ, нүүрсийг нь зарж орлогын 429.500 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Т............л мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

2. Хохирогч Н.Г........д мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө манай эхнэр, эхнэрийн найз бид гурав явж байсан. Тэгтэл Б.Т............л замд таараад манайд очъё нэг шил архи хувааж ууя гээд бид нарыг дагуулаад явсан. Гэрт нь очиход 0,5 граммын ХХараа архи байсан. 01 цагийн үед манай эхнэрийн найз энэ хүн босоод яваад байна гэж хэлэхэд нь сэрсэн чинь Б.Т............л бид нарыг шөнө дунд ямар нэгэн аргаар яв гэж гэрээсээ хөөсөн. Манай эхнэр согтсон явж чадахааргүй байсан. Б.Т............лын гэрээс гараад бид нар гадаа нь зогсож байхдаа би цүнхэнд мөнгө байснаа санаад Т............лын гэрт буцаад орсон чинь цүнхэнд байсан мөнгө байхгүй байсан. Б.Т............лд цүнхэнд байсан мөнгө байхгүй байна гэж хэлсэн чинь Т............л гараад аваад өгье гэж хэлээд гараад гэртээ эргэж орж ирээгүй. Хохирлоо барагдуулмаар байна...” гэв.       

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хулгайлах гэмт хэргийн талаар.

- Хохирогч Н.Г........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай эхнэр найзын хамт Хархорин захын ард “TIGER” бааранд сууж байсан. Намайг утсаар дуудахаар нь би очоод нэг шил пиво уусан тэр хоёр намайг очиход 0.33 шилтэй архи уусан байсан нэмж 100 граммаар авч уусан...Тэндээ бүжиглээд хүний хоёр хоёр пиво ууцгааж байгаад гараад найз Ц...........рыг Саппорогийн тэнд хүргэж өгөх гээд явж байсан юм. Гэтэл Цамбагаравын автобусны буудлын ойролцоо М...........т гэж өөрийгөө танилцуулсан залуу дуудаж ханцуйндаа шил архи хийсэн байснаа харуулаад манайд очиж архи ууя гээд Цамбагараваас такси бариад 1-р хорооллын арын замаар явж байгаад дэлгүүр орж пиво ундаа аваад хойд дэнж рүү гэр рүү нь нийтийн байранд очиж архи уусан. Тэгээд ...унтаж байхад шөнө 03:00 цаг орчим манай найз Ц...........р намайг сэрээгээд хүн энүүгээр яваад байна босоорой гэсэн. Тэгээд сэрээд харсан чинь М...........т гэж өөрийгөө танилцуулсан залуу бүх хувцсаа өмссөн зогсож байснаа бид гурвыг босоод яв гээд хөөсөн. Бид шөнө болчихлоо хар шөнөөр хаачих юм гэсэн чинь хамаагүй та 3 яв гээд хөөсөн. ...Тэгээд би гарахдаа цүнхээ аваад гарах гэсэн чинь миний цүнх онгорхой дотор нь байсан 1.250.000 төгрөг байхгүй болсон байсан. Би тэр залууг гаднаас ороод ирэхэд нь барьж аваад чи миний мөнгийг авсан байна миний мөнгө алга гэсэн чинь шууд тиймээ би авсан гадаа нуусан байгаа одоо аваад ороод ирье гээд гараад явсан тэр чигтээ орж ирээгүй цаг хүлээж байгаад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...миний цалингийн урьдчилгаа мөн хүүхдийн сургалтын төлбөрын мөнгө болох 1.250.000 төгрөг явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)

- Гэрч Б.Б...........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны орой нөхөр Г........д цуг ажилладаг Ц...........р бид гурав Хархорины ард байдаг Тайхар пабад орж ганц, ганц пиво уучихаад гарсан. Пабаас гараад бид гурав яг чанх ард нь байдаг Вест бааранд орж пиво захиалж уугаад хэсэг бүжиглэсэн. Тэгээд баарнаас гараад Ц...........рыг гэрт нь хүргэж өгөх гээд Саппоро руу явж байсан чинь өөдөөс нэг танихгүй залуу хүрч ирээд манай нөхрийг таньдаг гээд юм хум ярьж хөөрөөд байсан. Тэгсэнээ өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд хэдүүлээ хувааж ууя, манайд очье гээд шалаад байхаар нь бид гурав тэр залууг дагаад гэрт нь очсон. Тэр залуугийн гэр нь Цамбагаравын арагшаа дэнж рүү өгсөөд нийтийн байранд байсан. ...Тэгээд гэрт нь ороод тэр залуугийн гаргаж ирсэн архийг хувааж уусан. Би архи, пиво нилээн уусан болохоор согтчихсон байсан. Тэгээд нэг сэрэхэд манай нөхөр цүнхнээсээ мөнгөө алдчихлаа гээд байсан. Хэн авсан гэхэд бид гуравтай замд таарсан залуу авчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Гэрч Х.О...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан ......................... тоот хашаанд 10 өрөөтэй нийтийн байр хариуцан ажиллуулдаг. ...2018 оны 9 дүгээр сарын 11-ний үеэр Н.Т............л гэгч залуу ээжийн хамт ирж надтай уулзсан. ...Тэгээд ээжийн бие муу эмнэлэгт үзүүлэхээр хөдөөнөөс ирсэн надаа байгаа 30.000 төгрөг байна. Энэ мөнгийг өгөөд нэг өрөөнд чинь орж байгаад 2-3 хоногоос цалин буугаад ажлын газраасаа бичиг баримтаа аваад гэрээгээ хийнэ гэж гуйж байгаад орсон. ...Тэр өдрөө ээжийнхээ хамт хоночихоод маргааш нь ээж нь ирээгүй өөрөө орой 23:00 цагийн орчим нэг залуу 2 хүүхний хамт ирсэн гэж хажуу айлын хүмүүс хэлсэн. Маргааш нь юмаа алддаг Г........д гэж залуу архи уугаад шөнө 01:00 цагийн үед цүнхнээс юмаа алдсан гэж над дээр ирж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Б.Т............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт байрлах Цамбагаравын ард байдаг дэнж дээр түрээсийн байранд амьдардаг байсан. Тэр өдөр би ажлаа тараад...явж байсан чинь хоёр эмэгтэй, нэг залуу зэрэгцээд явж байсан.  Тэгтэл зэрэгцээд явж байсан залуу нь надаас “гал байна уу” гэж асуусан юм. Тухайн үед би гал байхгүй тамхи татдаггүй гэсэн чинь тэр залуу намайг хамт явж ганц шил архи уух уу манай найз охины найз бид гурав явж байсан гэсэн.  Тэгэхээр нь зөвшөөрөөд тэр гурвыг дагуулаад ...гэрлүүгээ такси аваад явсан. Би гэртээ орохын өмнө дэлгүүрээс нэг шил архи гурван шил пиво аваад гэртээ орсон...тэр үед манай гэрт нөгөө хоёр эмэгтэй болон эрэгтэй архи ууж байгаад архиа дуусгаад бүгдээрээ амрахаар болоод амарцгаасан ба шөнийн 03-04 цагийн хооронд би 00 орох гээд гэрлээ асаасан чинь миний хөлний хажууд нэг эмэгтэйгийн цүнх нь задгай мөнгө нь асгарсан байсан. Тэгэхээр нь би мөнгийг нь аваад шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

2. Хөрөнгө завших гэмт хэргийн талаар;

- Хохирогч Б.Б...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай ажилтан На......ржийг түлээ нүүрсээ зарж борлуулж байхад Б.Т............лын эхнэр болох Г.Э...........р нь орж ирээд “танайд хийх ажил байна уу” гэж асуухаар манай ажилтан миний дугаарыг өгсөн байсан. Миний дугаар руу эхнэр нь залгаад “би нөхрийн хамтаар хөдөөнөөс хотод орж ирсэн. Нийтийн байраар амьдардаг юм одоогоор өөрийн гэсэн гэр оронгүй байгаа танайхаар хийх ажил байна уу” гэж асуухаар нь би хөдөөний хүмүүс гайгүй байх гэж бодоод түлээ нүүрсний цэгтээ ажилтнаар авч тэндээ байрлуулж ажиллуулахаар болсон. Би Б.Т............л, Г.Э...........р нарыг хийснээрээ буюу зарж борлуулсан орлогын хувиар цалинжихаар тохирсон. ...Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирж урд өдрийнх нь орлогыг тоолж аваад бараагаа тоолоод хүлээлгэж өгөөд явсан.  Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уг түлээ нүүрсний цэг дээрээ ирэхэд Б.Т............л гэх залуу урд өдрийн явах хүртэлх үеийн түлээ нүүрс зэргийг зарсан байсан ба мөнгийг нь эхнэртэйгээ муудалцаад аваад явсан гээд эхнэр нь байж байсан.  Тэгээд урд өдөр нь хүлээлгэж өгсөн бараагаа тоолоод үзэхэд 429,500 төгрөгний бараа бүтээгдэхүүн зараад орлогыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92)

- Гэрч Г.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт нүүрс түлээ боловсруулах цэг дээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллах болсон юм. Б.Т............л нь ...түлээ нүүрс борлуулах цэгийн худалдаа үйлчилгээг явуулаад данс тооцоогоо барьдаг байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бид хоёр гэр бүлийн асуудлаас болж хоорондоо бага зэрэг маргасан. Тэгтэл... хамтран амьдрагч Б.Т............л...надтай маргалдаж байгаад түлээ нүүрс борлуулах цэгээс гараад явахдаа тухайн үед орсон байсан орлого болох мөнгийг аваад яваад өгсөн юм. ...Тухайн үед 350.000 гаруй мянган төгрөг орсон...байсан юм. ...ихдээ л 380,000 төгрөг орсон байсныг авч явсан гэж бодож байна. ...Б.Т............л тэр орой муудалцаад гараад явснаас хойш гар утас 80120990 дугаарын утас нь огт холбогдох боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94)

- Б.Т............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би...Дундговь аймагт амьдардаг байж байгаад өөрийн хамтран амьдрагч Г.Э...........ртай танилцаж гэр бүл болоод бид хоёр Улаанбаатар хотод орж ирээд ажил хөдөлмөр эрхлээд нийтийн байр түрээслэн амьдардаг болсон юм. Тэгээд нийтийн байрнаасаа гараад тэрнээс хойш ажил олдохгүй явж байгаад Дэнжийн 1000-н “Хүчит Шонхор” худалдааны төв...-н урд талд зам дагуу байрлалтай түлээ нүүрс зардаг цэгт...ажиллахаар болоод уг газартаа ажилд орсон. ...миний санаж байгаагаар 8 хоног ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран амьдрагч ...Г.Э...........ртай ...түлээ нүүрсний цэгийн байрлаж байсан байранд “...нүүрс хийчих би жоохон хэвтэж амраадахъя, чи шөнө унтаад амарна би шөнөжингөө ажиллах юм” чинь гэж хэлсэн чинь “хийж чадахгүй чи өөрөө хийхгүй юу” гэж хэлснээс болоод маргаан гарсан.  ...Г.Э...........ртай муудалцаад гараад явахдаа би ...түлээ нүүрсний цэгийн орлогын мөнгө 395,000 төгрөгийг аваад явсан. ...Гарч яваад хороолол орж нэрийг нь мэдэхгүй хорооллын эцэст байх караокед ороод мөнгөөрөө архи пиво авч ууж байгаад тэндээсээ гараад урд талд байх бааранд орж дотор нь хүмүүстэй танилцаад архи авч уугаад хүмүүсийг дайлаад мөнгийг нь үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102)

3. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 34, 95), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр хавтаст хэргийн 99-100, 144-145, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 155),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 122-123, 126-129), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50-52, 117, 119)  зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Т............л

1. Сонгинохайрхан ......................... тоот хашаанд нийтийн байрны түрээслэн амьдарч байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Н.Г........дын 1.250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Г........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр...Цамбагаравын автобусны буудлын ойролцоо М...........т гэж өөрийгөө танилцуулсан залуу дуудаж ханцуйндаа шил архи хийсэн байснаа харуулаад манайд очиж архи ууя гээд Цамбагараваас такси бариад 1-р хорооллын арын замаар явж байгаад дэлгүүр орж пиво ундаа аваад хойд дэнж рүү гэр рүү нь нийтийн байранд очиж архи уусан. Тэгээд ...унтаж байхад шөнө 03:00 цаг орчим манай найз Ц...........р намайг сэрээгээд хүн энүүгээр яваад байна босоорой гэсэн. Сэрээд харсан чинь М...........т гэж өөрийгөө танилцуулсан залуу бүх хувцсаа өмссөн зогсож байснаа бид гурвыг босоод яв гээд хөөсөн. ...Тэгээд би гарахдаа цүнхээ аваад гарах гэсэн чинь миний цүнх онгорхой дотор нь байсан 1.250.000 төгрөг байхгүй болсон байсан. Би тэр залууг гаднаас ороод ирэхэд нь барьж аваад чи миний мөнгийг авсан байна миний мөнгө алга гэсэн чинь шууд тиймээ би авсан гадаа нуусан байгаа одоо аваад ороод ирье гээд гараад явсан тэр чигтээ орж ирээгүй цаг хүлээж байгаад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)

- Гэрч Б.Б...........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг сэрэхэд манай нөхөр цүнхнээсээ мөнгөө алдчихлаа гээд байсан. Хэн авсан гэхэд бид гуравтай замд таарсан залуу авчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Гэрч Х.О...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан ......................... тоот хашаанд 10 өрөөтэй нийтийн байр хариуцан ажиллуулдаг. ...2018 оны 9 дүгээр сарын 11-ний үеэр Н.Т............л гэгч залуу...30.000 төгрөг байна. Энэ мөнгийг өгөөд нэг өрөөнд чинь орж байгаад 2-3 хоногоос цалин буугаад ажлын газраасаа бичиг баримтаа аваад гэрээгээ хийнэ гэж гуйж байгаад орсон. ...Тэр өдрөө ээжийнхээ хамт хоночихоод маргааш нь ээж нь ирээгүй өөрөө орой 23:00 цагийн орчим нэг залуу 2 хүүхний хамт ирсэн гэж хажуу айлын хүмүүс хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Б.Т............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...шөнийн 03-04 цагийн хооронд би 00 орох гээд гэрлээ асаасан чинь миний хөлний хажууд нэг эмэгтэйгийн цүнх нь задгай мөнгө нь асгарсан байсан. Тэгэхээр нь би мөнгийг нь аваад шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63) зэрэг нотлох баримтаар.

2. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” худалдааны төвийн орчим байрлах “Түлээ нүүрс худалдан борлуулах цэг”-т 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 07-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа, шунахайн сэдэлтээр, хамтран амьдрагчтайгаа маргалдсан гэх шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Б...........гийн итгэмжлэн хариуцуулсан түлээ, нүүрсийг худалдан борлуулсны орлого болох 429.500 төгрөгийг авч завшсан болох нь:

- Хохирогч Б.Б...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...Б.Т............л, түүний эхнэр Г.Э...........р нарыг ...түлээ нүүрсний цэгтээ ажилтнаар авч тэндээ байрлуулж ажиллуулахаар болсон. ...Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирж урд өдрийнх нь орлогыг тоолж аваад бараагаа тоолоод хүлээлгэж өгөөд явсан.  Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уг түлээ нүүрсний цэг дээрээ ирэхэд Б.Т............л гэх залуу урд өдрийн явах хүртэлх үеийн түлээ, нүүрс зарсан мөнгийг эхнэртэйгээ муудалцаад аваад явсан гээд эхнэр нь байж байсан. Тэгээд урд өдөр нь хүлээлгэж өгсөн бараагаа тоолоод үзэхэд 429,500 төгрөгний бараа бүтээгдэхүүн зараад орлогыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92)

- Гэрч Г.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт нүүрс түлээ боловсруулах цэг дээр ажиллах болсон юм. Б.Т............л нь ...түлээ нүүрс борлуулах цэгийн худалдаа үйлчилгээг явуулаад данс тооцоогоо барьдаг байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бид хоёр гэр бүлийн асуудлаас болж хоорондоо бага зэрэг маргасан. Тэгтэл... хамтран амьдрагч Б.Т............л...надтай маргалдаж байгаад түлээ нүүрс борлуулах цэгээс гараад явахдаа тухайн үед орсон байсан орлого болох мөнгийг аваад яваад өгсөн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94)

- Б.Т............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэнжийн 1000-н “Хүчит Шонхор” худалдааны төв...-н урд талд зам дагуу байрлалтай түлээ нүүрс зардаг цэгт...ажиллахаар болоод уг газартаа ажилд орсон. ...миний санаж байгаагаар 8 хоног ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран амьдрагч ...Г.Э...........ртай ...түлээ нүүрсний цэгийн байрлаж байсан байранд “...нүүрс хийчих би жоохон хэвтэж амраадахъя, чи шөнө унтаад амарна би шөнөжингөө ажиллах юм” чинь гэж хэлсэн чинь “хийж чадахгүй чи өөрөө хийхгүй юу” гэж хэлснээс болоод маргаан гарсан.  ...Г.Э...........ртай муудалцаад гараад явахдаа би ...түлээ нүүрсний цэгийн орлогын мөнгө 395,000 төгрөгийг аваад явсан. ...Гарч яваад хороолол орж нэрийг нь мэдэхгүй хорооллын эцэст байх караокед ороод мөнгөөрөө архи пиво авч ууж байгаад тэндээсээ гараад урд талд байх бааранд орж дотор нь хүмүүстэй танилцаад архи авч уугаад хүмүүсийг дайлаад мөнгийг нь үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Т............л нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр өөрийн түрээслэн амьдарч байсан нийтийн байрандаа хохирогч Н.Г........дыг дагуулан очиж архидан согтуурч байхдаа түүний 1.250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”

Мөн хохирогч Б.Б...........гын “түлээ нүүрс худалдан борлуулах цэгт” ажиллаж байхдаа түүний итгэмжлэн хариуцуулсан түлээ, нүүрс худалдан борлуулсны орлогын мөнгө болох 429.500 төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Т............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г........дод 1.250.00 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б...........гт 429.500 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч Т............л нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул нийт хохирол болох 1.679.500 төгрөгийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Т............лын биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т............л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, түүний холбогдсон хэрэг нь хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгоно хэрэглэх боломжтой байгаа. Иймд манай үйлчлүүлэгчид дээрх хоёр хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гарган мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т............лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоох. Мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т............л нь энэ хэрэгтээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс (хавтаст хэргийн 34) 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 80 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 80 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй учир нь шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан оргон зайлсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн 1808 0426 90008 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,  36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтан ганжуур овогт Б............агийн Т............лыг

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т............лыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тус ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч Б.Т............лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т............лын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т............лын урьд болон энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 80 (наяан) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т............лаас 1.679.500 (нэг сая зургаан зуун далан есөн мөнгө таван зуун) төгрөг гаргуулж, хохирогч Н.Г........дод 1.250.00 төгрөг, хохирогч Б.Б...........гт 429.500 төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т............лын эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ