Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Д.Ганчимэг

          шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа

          хохирогч Н.Ганболд

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алтан ганжуур овгийн Б.Т, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дундговь аймгийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар гэснийг 5 жил 1 cap гэж, биечлэн эдлэх хорих ялыг 7 жил гэснийг 6 жил 1 cap болгон өөрчилж, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:......................./;

 

Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 5 дугаар гудамжны 191 тоот хашаанд байрлах нийтийн байрны өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн Н.Ганболдын 1.250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт,

Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Батхуягийн түрээслэн ажиллуулдаг "Түлээ нүүрс худалдан борлуулах цэг"-т итгэмжлэн хариуцуулсан түлээ, нүүрсийг нь зарж орлогын 429.500 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын урьд болон энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 80 (наяан) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас 1.679.500 (нэг сая зургаан зуун далан есөн мөнгө таван зуун) төгрөг гаргуулж, хохирогч Н.Ганболдод 1.250.00 төгрөг, хохирогч Б.Батхуягт 429.500 төгрөгийг тус тус олгож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэг болон хор уршгийг ойлгож гэмшиж байгаа. Анх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн цагаас хойш хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хэрэгт саад бэрхшээл учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний бие хэргийн улмаас учирсан хохирлоо өөрийн биеэр хөдөлмөр эрхэлж богино хугацаанд төлөх бүрэн боломжтой. Миний бие ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд сайн сайхан шударга амьдрах хүсэлтэйгээр эхнэр авч хүүхэдтэй болсон. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш эхнэр маань нялх хүүг минь Дундговь аймагт байдаг ээжид минь аваачиж өгөөд өөрөө сураггүй болоод салаад явсан. Хүүгийн минь нэрийг Б.Тын Анхбаяр гэдэг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, одоо 11 сартай бөгөөд угжаар угжиж өсгүүлж байгаа. Миний ээж Дундговь аймгийн улсын байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан даралт өндөртэй, бие тааруу эмнэлгийн хяналтад байдаг. Ээж, хүү хоёрыг минь харж хандах хүн надаас өөр байхгүй. Дээрх нөхцөл байдал бага насны хүүхэд, өндөр настай ээжийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж асран хамгаалах боломж олгон миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж хуулийн хүрээнд энэрэнгүй байдлаар хандаж бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хохирогч Н.Ганболдод 1.250.000 төгрөг, Батхуягт 429.500 төгрөгийн хохирол төлөхөөр заасныг төлж барагдуулаагүй байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн гэмт хэргийн хувьд хөнгөн ангилалд хамаарч байгаа. Мөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлдэг тул хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү... гэв.

 

          Хохирогч Н.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хохирлоо гаргуулан авмаар байна. Өөр тайлбар байхгүй... гэв.

 

          Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хор уршиг, хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.  

 

Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 5 дугаар гудамжны 191 тоот хашаанд байрлах нийтийн байрны өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн Н.Ганболдын 1.250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг,

Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Батхуягийн түрээслэн ажиллуулдаг "Түлээ нүүрс худалдан борлуулах цэг"-т итгэмжлэн хариуцуулсан түлээ, нүүрсийг нь зарж байхдаа орлогын 429.500 төгрөгийг авч завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Ганболд /хх 20-23/, хохирогч Б.Батхуяг /хх 88-92/, гэрч Б.Бат-Орших /хх 24/, гэрч Г.Эрдэнэбаяр /хх 93-94/, гэрч Х.Оюунцэцэг /хх 28-29/ нарын мэдүүлгүүд, Б.Тын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь “...бага насны хүүхэд, өндөр настай ээжийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж асран хамгаалах боломж олгон миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж хуулийн хүрээнд энэрэнгүй байдлаар хандаж бага ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй болон хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...хохирогч Н.Ганболдод 1.250.00 төгрөг...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...хохирогч Н.Ганболдод 1.250.00 төгрөг...” гэснийг “...хохирогч Н.Ганболдод 1.250.000 төгрөг...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

           

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ