| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0917/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 294
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Э.Г...............х, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2049) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Сартуул овогт Э...............дын Г...............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0385 00375 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сартуул овогт Э...............дын Г...............х, Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "............................
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Г...............х нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 58 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хорооллын замд “Toyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.А...............рыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г...............х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Э.А...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Саппорогийн хажууд талд байдаг Хонконг зочид буудалд хүлээн авах ажилтан хийдэг байсан. 2018 оны 8 дугаар сарын 08-ны орой ажлаасаа 20 цаг өнгөрч байхад тараад гэр рүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр нэг хүнтэй уулзчихаад эргээд гарцаар гараад гэр рүүгээ орох гээд явж байхад урдаасаа хойшоо явж байсан нэг машин гэнэт орж ирээд миний баруун ташаа тал руу мөргөсөн. ...Тэгээд нэг сэртэл түргэний машин дотор хэвтэж байсан...намайг замаар гарахад ямар нэг машин ирж байгаа харагдаагүй...миний толгой өвдөөд байгаа. Гавал яс цуурсан, баруун талд цус хуралттай гэсэн. Би осол хэрэг гарснаас хойш 600 гаран мянган төгрөг гаргаад байгаа. Мөн ажлаа хийж чадахгүй байгаа. Би сард 450-500 мянган төгрөгний цалин авдаг байсан...осол хэрэг гарах үед миний утас хагарсан байсан. Жолоочоос утасны мөнгө болон хохирлын мөнгө гээд 900.000 төгрөг авсан. Эмчилгээндээ бол одоогоор 600.000 төгрөг гаргаад байгаа...би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ба хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9802 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: баруун бугалганы урд дээд хэсэгт 3х1.5см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын ядам хуруу боолттой, бүсэлхийн зүүн талд наалт наасан, баруун өгзөгний дээд хэсэгт 20х15см орчим хөх ягаан өнгийн цус хуралт, зулгаралттай, баруун шилбэний гадна дээд, дунд хэсгээр зулгарсан, зүүн шагайн гадна төвгөрт зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
ГССҮТ-ийн ГТ ГТ-ийн 10330 дугаартай өвчний түүхэнд: ...Өвчний түүх нээсэн 2018 оны 08 сар 9 өдөр 2057 цаг ....Өвчин эхэлсэн 2018 он 8 сар 08 өдөр 2110 цаг, Эмчид үзүүлсэн 2018 он 8 сар 09 өдөр 2000 цаг...
Хэвтэх үеийн зовиур: Толгой өвднө.
Ерөнхий үзлэг биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, Орчиндоо харьцаатай. Байрлал идэвхтэй.
КТГ: Түм нүхний ар хэсгээс дээш дагз яс хүртэл үргэжилсэн шугаман хугаралтай. Зүүн талын дух, зулай, силвиевийн ховилын субарахнойд зай өргөн. Атрофийн өөрчлөлттэй. Баруун талын духны суурь хэсэгт 2.1х1.1 см орчим хэмжээтэй +60HU нягтралтай цус хуралтай...Зулайн ар хэсгийн зөөлөн эдэд хавантай...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Э.А...............рын биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун духны дэлбэн дэх цус хуралт, баруун бугалга, баруун өгзөгт цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх бүсэлхий, баруун өгзөг, шилбэ, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
3. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 623 дугаар дүгнэлтэд
“...1. “Toyota Prius” маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Э.Г...............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66),
4. Шүүгдэгч Э.Г...............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны орой 21 цаг болж байхад би өөрийнхөө эзэмшлийн ХХБ”ний нэр дээр байдаг. Т.Приус маркийн ............... дугаартай автомашинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр нэг хүнийг гарцаар гарч байхад нь мөргөсөн...би одоогоор бэлнээр 1.310.000 төгрөг гаргаж өгөөд байна. Би жолоочийн болон тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай учраас гарсан зардлыг даатгалаас гаргуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 75-76),
5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15), жолоочийн болон явган зорчигчийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17), Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв (хавтаст хэргийн 55-61), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 80), Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, автомашины зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд (хавтаст хэргийн 91-94)
- Хохирогч Э.А...............рын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 26), өвчний түүх (хавтаст хэргийн 44-50), хохирлын 490.967 төгрөгний баримт (хавтаст хэргийн 31-33), хохиролд 2.500.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 34, 97-98),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 107, 83, 85), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86), “HERA EQUIPMENT” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 154), шүүгдэгчээс хохирогчид эм, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн 446.000 төгрөгний баримт (хавтаст хэргийн 105-106), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 154-161) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Г...............хэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г...............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Э.Г...............х нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хорооллын замд, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 58 минутын орчим, болгоомжгүйгээр, “Toyota Prius-20” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.А...............рыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Э.А...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны орой ажлаасаа 20 цаг өнгөрч байхад тараад гэр рүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр нэг хүнтэй уулзчихаад эргээд гарцаар гараад гэр рүүгээ орох гээд явж байхад урдаасаа хойшоо явж байсан нэг машин гэнэт орж ирээд миний баруун ташаа тал руу мөргөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9802 дугаар дүгнэлт “...1. Э.А...............рын биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун духны дэлбэн дэх цус хуралт, баруун бугалга, баруун өгзөгт цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх бүсэлхий, баруун өгзөг, шилбэ, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 623 дугаар дүгнэлтэд “.... 1. “Toyota Prius” маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Э.Г...............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66),
- Шүүгдэгч Э.Г...............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны орой 21 цаг болж байхад би өөрийнхөө эзэмшлийн ХХБ”-ний нэр дээр байдаг. Т.Приус маркийн ............... дугаартай автомашинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр нэг хүнийг гарцаар гарч байхад нь мөргөсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 75-76),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтад “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар 490.967 төгрөг (хавтаст хэргийн 31-33) нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Г...............х нь хохирогчийн хохирол, хор уршигт 446.000 төгрөгний эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, бэлнээр 2.500.000 төгрөг тус тус төлсөн болох нь (хавтаст хэргийн 34, 97-98, 105-106) тогтоогдсон. Нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нар нь хохирол барагдуулсан талаар сайн дураараа хэлцэл байгуулсан (хавтаст хэргийн 73) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г...............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г...............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг Э.Г...............хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Г...............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хорих ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч Э.Г...............хэд холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Э.А...............р (хавтаст хэргийн 34, 73), учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн 1808 0385 00375 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С” ангиллын 833696 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Саруул овогт Э...............дын Г...............хийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Г...............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г...............хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Э.Г...............хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В С” ангиллын 833696 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ