Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 6

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид                                Л.Амарсанаа

                                                                               Г.Давааренчин

                        Оролцогчид

            Нэхэмжлэгч                         Б.Цэрэнчимэг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

           Хариуцагч                            Д.Бурмаа

            Хариуцагчийн өмгөөлөгч    Г.Амартүвшин

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 624 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын давж заалдах гомдлоор Б.Цэрэнчимэгийн нэхэмжлэлтэй, Д.Бурмаад холбогдох “Гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 9.000.000 төгрөг гаргуулах, хашаа байшинг буцаан өгөх тухай” иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Алтанбулаг сумын иргэн Д.Бурмаагаас Б.Эгшиглэнгийн эзэмшлийн газраас 897.8 мкв газар, мөн газар дээр байрлах байшинг 9.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах 9х12-ын хэмжээтэй хоёр өрөө нь ашиглалтанд ороогүй дутуу баригдсан байшин иргэн Б.Сансарчимэгийн том охин Эгшиглэнгийн нэр дээр байсан бөгөөд 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 5.000.000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нотариатын баталгаа гаргуулж авсан. Энэ байшинд Б.Сансарчимэг амьдардаг боловч Д.Бурмаа болон түүний охин Эгшиглэн нарын нэр дээр байдаг. Үлдэгдэл 4.000.000 төгрөгөө тохирсон хугацаандаа төлсөн. 7 хоногийн дараа түлхүүрээ аваад нөхрийнхөө дүүг манай худалдаж авсан байшинг хараад байж бай гэж хэлсэн. Гэтэл 7 орчим хоногийн дараа залгаад мөөг шиг зүйл гарч ирээд байна гэж хэлсэн. Ийм зүйл болохоор нь би Б.Сансарчимэг рүү залгаад “Танай байшин чинь мөөгтэй юм биш үү?” гэхэд “Мөөг байхгүй” гэж хэлсэн.

Ингээд маргаан үүсч эхэлсэн. Хэд хоногийн дараагаас мөөгөнцрийнх нь хэмжээ улам ихэсч эхэлсэн. Би нөхрийнхөө ахыг дуудаад үзүүлтэл мөөгөнцөртэй байшин байна гэж хэлсэн. Сүүлдээ ихсээд болохгүй байхаар нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан байшинд 7 хоногийн дотор мөөнгөнцөр ургасан тул миний бие гомдолтой байна. Яаж ч бодсон 9.000.000 төгрөгөөр худалдаж авчихаад тийм мөөнгөнцөртэй байшинд амьдарч чадахгүй. Одоо 9.000.000 төгрөгөө гаргуулан авч байшинг нь буцаан өгөх хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансарчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...2016 оны 2 дугаар сарын 27-нд Цэрэнчимэгийн нөхөр М.Цогтбаатартай /Солонгос руу/ яриад манайх хашаа байшингаа хямд зарна гэхэд Б.Цэрэнчимэг эгчийн нөхөр ахдаа 9.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэн. Би тэг тэг гэж зөвшөөрөөд “Үзэж харах хүн байгаа юм уу?” гэхэд “Ах нь эхнэрээ Сэлэнгээс явуулъя” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр нь буюу Б.Цэрэнчимэг ирж манай байшинг үзсэн. Үзэж хараад санаанд нийцэж байна гэж хэлээд урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохироод өгөлцөж авалцсан. Б.Цэрэнчимэг бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэд ирээд нотариатаар баталгаажуулан  худалдах худалдан авах гэрээ хийсэн ба үлдэгдэл 4.000.000 төгрөгөө 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар мөн адил гэрээ байгуулсан. Тухайн өдөртөө үл хөдлөх эд хөрөнгийн газар луу ороод нэр дээр нь шилжүүлж өгсөн. Ингэж гэрээ байгуулах үедээ үлдэгдэл мөнгөө өгч дууссаных нь дараа байшинг нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Байшинг нэр дээрээ шилжүүлж авсны дараа Б.Цэрэнчимэг эгч манайд нэг удаа ирж хоносон. Байшингаа хүлээж авахаас өмнө хоёр удаа ирж үзэж харсан. 2016 оны 06 дугаар сарын 28-нд ирж харсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-нд өөрт нь сайн үзүүлж харуулаад хүлээлгэж өгсөн. Намайг 2016 оны 07 дугаар сарын 22-нд Эрхүү явсан үеэр чатад таараад “Танай байшин чинь мөөнгөнцөртэй юм байна” гэж хэлсэн. Би “Манай байшинд ямар ч мөөгөнцөр ургаж байгаагүй наад асуудлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлсэн. Б.Цэрэнчимэг эгч “Ирээд надтай уулзаад мөнгийг маань хурдан өг” гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш Б.Цэрэнчимэг эгчийн нөхрийнх нь дүү болох Б.Ууганцэцэгийг байснаас хойш хаалга үүд нь хаалттай, цонхоо онгойлгохгүй даавуу унжуулаад байнгын битүү харанхуй байдалтай байдаг байсан. Мөөг ургасан байдалтай зургийг 2016 оны 08 дугаар сарын дундуур авсан. Түүнээс өмнө манай нөхөр очиж уулзаад янзлаад өгье гэхэд Б.Ууганцэцэг оруулдаггүй байсан. Энийг чинь улам ургуулж байгаад мэргэжлийн хяналт дуудаж үзүүлээд шүүхэд хандаж мөнгөө буцааж авна гэж хэлж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Цэрэнчимэг, Д.Бурмаа нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дагвасүрэнгийн Бурмаагаас 9.000.000 төгрөг гаргуулж, Баасансамбуугийн Цэрэнчимэгт олгож, Г-130100899 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, хашаа байшинг өмчлөгч Д.Бурмаа /Б.Эгшиглэн/-д буцаан олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 9 сая төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг нөхөн  гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 4 дэх талд авагдсан нэг хуудас бичгийн /газрын гэрчилгээний хуулбар/ баримтыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Бурмаа, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        “…Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурьдсан шаардлагын нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад өөр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хянан шийдвэрлэсэн.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага бол 2016 оны 02-р сарын 29-ний өдөр иргэн Д.Бурмаатай байгуулсан Г-1301000899 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний бус үнэ 9.000.000 төгрөг гаргуулах тухай юм.

Гэтэл 2016 оны 02-р сарын 29-ний өдрийн дээрх дугаартай гэрээ бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах 2-р баг, Суваргын 2-2-р хэсэгт байрлах 1795,6 мкв талбайтай газраас 897.8мкв талбайтай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж худалдан авагч тал 4.000.000 төгрөгийг худалдагч талд өгөх үүрэгтэй гэрээ юм. Өөрөөр хэлбэл энэ гэрээнд нэхэмжлэгчийн шаардлагад дурьдсан ...газар мөн газарт байрлах байшинг худалдан авахаар тохиролцож 2016 оны 02-р сарын 29-ний өдөр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ...гэх зүйл байхгүй ба хэрвээ шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм бол зөвхөн газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болж 4.000.000 төгрөг л буцаан гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр тухайн үед байшинг худалдах гэрээг хийсэн тэр нь нэхэмжлэгчид байгаа гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тал байшин худалдах асуудал дээр гэрээ хийгээгүй гэсэн болно. Гэтэл одоо энэ маргаан бүхий байшин нь нэхэмжлэгч талын нэр дээр шилжсэн ба тухайн үед байшин худалдах, худалдан авах гэрээ хийгдэж  байж үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдэж шилжигдэх ёстой юм. Гэтэл ямар шалтгааны улмаас гэрээгээ гаргаж өгөхгүй байхад хүчингүй болгож байгааг ойлгохгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тухайн байшинг эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна гэсэн учраас чанарын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзээд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцлоо гэсэн утгатай байна. Тэгэхээр тус шинжээчийн дүгнэлтийн 2 асуултанд ...Тухайн байшинд үүссэн мөөгөнцөр хэдийн хугацаанд үүсэх боломжтой эсэх гэхэд ...агаарын солилцоог бүрэн хийгээгүйгээс чийгшил их хэмжээгээр хуримтлагдаж мөөгөнцөр хурдан үүсдэг...мөөгөнцөр үүсэх нөхцөлийг арилгаагүй тохиолдолд ямар хугацаанд мөөгөнцөр үүсэх боломжтой гэсэн ба энэ нь зөвхөн нэхэмжлэгч талд гарсан утгатай дүгнэлт биш байхад нэг талыг барьж үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь өөрөө энэ байшинд 2016 оны 07-р сарын 01-нээс хойш амьдраагүй ба 2016 оны 07-р сарын 21-нд мөөгөнцөр ургаж эхэлсэн байна гэж хариуцагчид хэлснээс үзэхэд өөрсдийн буруугаас үүсгэсэн байх боломжтой.

Шинжээчийн дүгнэлт “..ямар ч хугацаанд мөөгөнцөр үүснэ...” гэдгийг шүүгч яагаад тодруулахгүйгээр худалдагч тал анхнаасаа мөөгөнцөртэй байшин зарсан мэтээр үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь анх 2016 оны 07-р сарын 01-ний өдөр хоосон байшинд түлхүүрээ аваад орж үзэхдээ ямар ч асуудалгүй гээд орсон, тэрнээс өмнө 3 сарын өмнө 2 ч удаа хонож үзсэн. Энэ үед ямар ч мөөгөнцрийн асуудал байгаагүй гэдгээ удаа дараа хэлж байхад анхаарч үзээгүй байна.

Тухайн үед мөөгөнцөр ургаж эхэлж байхад хариуцагч нь янзлаад өгье гэж хэлэхэд гэртээ оруулахгүй байсан, дараа нь шүүхэд гэрчээр асуугдсан Б.Ууганцэцэг нь маргаан бүхий байшинд ороход нэхэмжлэгч... ургуулж байгаа юм, ургаад ирэхээр нь Мэргэжлийн хяналтын газарт үзүүлэх гэж байгаа... гэсэн зэргээс мөн тухайн үедээ мэргэжлийн байгууллагад хандаагүй, сүүлд нь буюу 2016 оны 10 сард хандсан зэргээс үзэхэд анхнаасаа худалдаж авсан байшиндаа өөрөө амьдраагүй буюу шалтаг гарган гэрээгээ цуцлах хүсэлтэй байсан гэж үзэж байна.

         Иймээс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 624 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн уншсан шийдвэр нь хэвлэсэн шийдвэрээсээ зөрүүтэй байгаа тул шүүх хуралдааны тэмдэглэлийн бичлэгийг нотлох баримтаар шинжлүүлмээр байна...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хэрэгт газар худалдсан тухай гэрээ байгаа, гэтэл маргаан бүхий байшин нь нэхэмжлэгч талын нэр дээр шилжсэн байхад шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгож байгааг ойлгохгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тухайн байшинг эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна гэсэн учраас чанарын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзээд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцлоо гэсэн утгатай байна. Тэгэхээр тус шинжээчийн дүгнэлтийн 2 асуултанд ...Тухайн байшинд үүссэн мөөгөнцөр хэдийн хугацаанд үүсэх боломжтой эсэх гэхэд ...агаарын солилцоог бүрэн хийгээгүйгээс чийгшил их хэмжээгээр хуримтлагдаж мөөгөнцөр хурдан үүсдэг...мөөгөнцөр үүсэх нөхцөлийг арилгаагүй тохиолдолд ямар хугацаанд мөөгөнцөр үүсэх боломжтой гэсэн ба энэ нь зөвхөн нэхэмжлэгч талд гарсан утгатай дүгнэлт биш байхад нэг талыг барьж үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч нь өөрөө энэ байшинд 2016 оны 07-р сарын 01-нээс хойш амьдраагүй ба 2016 оны 07-р сарын 21-нд мөөгөнцөр ургаж эхэлсэн байна гэж хариуцагчид хэлснээс үзэхэд өөрсдийн буруугаас үүсгэсэн байх боломжтой гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Бид хашаа байшинг харилцан тохироод 9.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж мөнгөө бүрэн төлсөн. Гэтэл байшинд мөөгөнцөр ургасан энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн байшинд амьдрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул мөнгөө буцаан авч байшинг буцаан өгмөөр байна.   Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.  Хариуцагч нь доголдолтой хөрөнгө өөрөөр хэлбэл мөөгөнцөртэй байшин худалдсан нь  гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Талуудын хооронд 2 гэрээ хийгдсэн байгаа.  Талуудын хооронд хашаа байшин худалдах гэрээ хийсэн энэ гэрээний дагуу эд хөрөнгө шилжсэн. Нэхэмжлэгч нь байшин мөөгөнцөртэй байсныг нууж, худалдсан байсан тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: 1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Цэрэнчимэгийн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1655 дугаар шүүгчийн захирамжаар шүүгч Б.Мөнхзул иргэний хэрэг үүсгэсэн атлаа хэргийг өөр шүүгчид шилжүүлэн шийдвэрлэх болсон талаар эрхийн акт гаргалгүйгээр хэргийг өөр шүүгчид шилжүүлж, сум дундын ерөнхий шүүгч Л.Энхтайван нь хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан “...нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна...” гэснийг, 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан “...хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно...” гэснийг, 78 дугаар зүйлийн 78.2-д “...хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно...” гэснийг тус тус зөрчжээ.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээ цуцласнаас үүсэж буй үр дагаврын талаар маргасан гэж үзэхээр байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй улмаар хэрэгт огт авагдаагүй “хашаа байшин худалдсан тухай” гэх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэр гарсан болохыг шүүх хуралдаанд оролцогчдод танилцуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү танилцуулахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр, хэрхэн шийдвэрлэснийг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасанаар тайлбарладаг. Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохоор заасан бөгөөд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэрээ гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй.

Гэтэл зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг шүүгч уншин сонсгохдоо “...талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж сонсгосон атлаа бичгийн хэлбэрт оруулан зохигчдод хүргүүлсэн шийдвэртээ “...талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөр хоорондоо зөрүүтэй шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна. 

4. Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хир зэрэг сахин биелүүлж байгааг харуулах баримт билээ. Гэтэл шүүх хуралдааны бичлэг, хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл нь өөр хоорондоо зөрүүтэй байгаагаас үзэхэд тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн...” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Мөн анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд зохигч болон оролцогчдоос гаргасан хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарсан эрх зүйн актыг хэргийн зохигч, оролцогчдод гардуулах, давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш хэргийг гомдлын хамт 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлж байгаад цаашид анхаарах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 624 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                       ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА

                                                                                            Г.ДАВААРЕНЧИН