Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр            Дугаар 181/ШШ2017/00046          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Номин супермаркет, 39-218 тоотод оршин суух, Их монгол овогт Дэмбэрэлийн Наранцэцэг /РД:ХЕ73042061/-ийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                  

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173,804,338 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Д.Наранцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 39 байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 хороо, Хүрмэн эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулсан гэх бөгөөд албадан дуудлага худалдааны комиссын хурлын тогтоолоор миний дээрх эд хөрөнгийг 173,804,338 төгрөгт тооцож, С.Отгоннямд шилжүүлэн өгөх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс илтэд багаар үнэлэн С.Отгоннямд өгөх гэж байгаад гомдолтой байна. Миний газар түүн дээр дутуу баригдсан барилгын үнэлгээ нь зах зээлийн үнээр бол 300,000 орчим ам.долларын үнэтэй байхад хэт багаар үнэлж шилжүүлээд мөн орох орон байрыг маань хүртэл шилжүүлэн өгөх гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би орох оронгүй оочих аягагүй, бүх насаараа хуримтлуулсан гэр бүлийн хөрөнгөө алдвал яаж амьдрах билээ.

Би санал болгох хуралдааны тэмдэглэлийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хуулбар үнэнгээр авсан болно. Энэхүү тэмдэглэлээс тусдаа шийдвэр гэсэн баримт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гардаггүй бөгөөд энэхүү тэмдэглэл нь эцсийн шийдвэр учраас хавсаргав.

Иймд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дүгээр шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173,804,338 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Номинсупер маркетын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Хүрмэн эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газар эзэмших эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна.

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцож, орон сууцыг 113,750,000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал гаргасан. Төлбөр төлөгч Д.Наранцэцэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/94843 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 113,750,000 төгрөгийн 70 хувь буюу 79,625,000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 500,000,000 төгрөгийн 70 хувь 350,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Номинсупер маркетын 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 2 өрөө 45.3 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Хүрмэн эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв эзэмших эрхтэй газрыг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааны талаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/183 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдаанд доод үнийг харилцан тохиролцож тогтоосон эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон үнэлгээний 50 хувь буюу орон сууцыг 56,875,000 төгрөгөөр, эзэмших эрхтэй газрыг 250,000,000 төгрөгөөр тус тус 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/20161 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн шүүхэд мэдүүлсэн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгч Д.Наранцэцэгийг байлцуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөртөө тооцож төлбөр авагч С.Отгоннямын нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж тус албанд хүсэлт гаргасан дагуу энэ хугацааг олгож, хэрэв хугацаа өнгөрвөл орон сууцыг, газар эзэмших эрхийн хамт С.Отгоннямд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7221 дугаар шийдвэрээр Д.Наранцэцэгээс 173,804,338.81 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 262 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо явагдаж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033815 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 45,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 048236 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 240 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 147/1028, 147/6566 тоот актуудаар битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 147/0404, 147/0406 тоот актуудаар хураан авсан байна.

 

Төлбөр төлөгч Д.Наранцэцэг нь хураагдсан орон сууцаа 113,750,000 төгрөгөөр, газар эзэмших эрхээ 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа тухайгаа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр мэдэгдсэн байх ба энэхүү үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны санал болгох орон сууцны доод үнийг 113,750,000 төгрөгийн 70% болох 79,625,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийн доод үнийг 500,000,000 төгрөгийн 70% болох 350,000,000 төгрөгөөр тус тус тогтоох болохыг мэдэгдсэн 3/94843 тоот мэдэгдлийг Д.Наранцэцэгийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/183 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч, орон сууц, газар эзэмших эрхийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай Өнөөдөр сонины 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 099 /5792/ дугаараар дамжуулан нийтэд мэдээлж, уг тогтоолын хувийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Д.Наранцэцэгт  гардуулжээ.

 

Анхны албадан дуудлага худалдаанд орон сууц болон газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдаж авах тухай үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь заалтын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр дахь дуудлага худалдааг явуулах үндэслэлтэй болж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/170 тоот тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг товлож, оролцогчоос санал болгох доод үнийг орон сууцыг 56,875,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 250,000,000 төгрөг байхаар тогтоосон ба энэ тухай 1/20161 тоот мэдэгдлийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Д.Наранцэцэгийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. 

 

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч Д.Наранцэцэгийн өмчлөлийн орон сууц, газар эзэмших эрхийг худалдан авах талаар мөн үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Албадан дуудлага худалдааны комиссын хурал зарлаж, хурлын товыг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/25068 дугаартай мэдэгдлээр Д.Наранцэцэгт хүргүүлжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дээрх ажиллагаанууд төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар төлбөр төлөгч Д.Наранцэцэгээс аливаа гомдол, саналыг шүүхэд болон шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байгаагүй тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар орон сууц, газар эзэмших эрхийг зах зээлийн үнээс илтэд бага үнээр үнэлж төлбөр авагчид шилжүүлэх гэж байгаа нь өмчлөгчийн болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэж гомдсон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох хурлаар Д.Наранцэцэгийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033815 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 218 тоотод байрлах 45,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 048236 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 240 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч С.Отгоннямд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Энэхүү хуралд төлбөр төлөгч Д.Наранцэцэг биечлэн оролцож, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр болох 173,804,338 төгрөгийг төлж чадаагүй тохиолдолд орон сууц болон газар эзэмших эрхийг төлбөр авагч С.Отгоннямын нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, ямар нэг гомдол санал гаргахгүй гэсэн хүсэлт, тайлбар гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тогтоож, мөн хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад нийцсэн байх ба төлбөр төлөгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Төлбөр төлөгч Д.Наранцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох комиссын хуралд биечлэн оролцож, хурлын протоколтой танилцаж, түүнд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 73 тоот дүгнэлтээр тогтоогдсон байх тул уг хурлын протоколыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсныг хүндэтгэх шалтгаанд тооцох үндэслэлгүй бөгөөд шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

   

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 96 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА