Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 318

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал

иргэдийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа

улсын яллагч  Д.Ширэндэв

хохирогч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э........д,

гэрч Д.Д..........а

иргэний хариуцагч “............” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т.....л, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2316),

шүүгдэгч Б.Б............н, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0407), 

шүүгдэгч Л.Б............р,

шүүгдэгч Г.С............р, тэдний өмгөөлөгч Д.Наранцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0160) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны “А-1” танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Чонос овогт Б............р Б............н, Ялгасан гэгээн овогт Л............вын Б............р, Галсан Ёндон овогт Г............тын С............р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0100 0122 дугаартай 3 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгнээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Чонос овогт Б............р Б............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стратегич мэргэжилтэй, “.......................

2. Ялгасан гэгээн овогт Л............вын Б............р, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 1961 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 107 дугаар ангийн захирагч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, ....................

3. Галсан-Ёндон овогт Г............тын С............р, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .............................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

1. Шүүгдэгч Б.Б............н нь 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсгэт хүний 017 дугаар ангийн захирагч Л.Б............р, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С............р нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Т.....лын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн ............ байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч Л.Б............р нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “..Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “…хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах..” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “..Нягтлан бодох бүртгэлийг удирдах зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ.." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С............р, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б............н нартай бүлэглэн Б.Б............нд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Т.....лын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Б............ны оршин суух Хан-Уул дүүргийн ............ байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Г.С............р нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан ..Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “..Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө..” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “..хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах..” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “..Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б............р, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б............н нартай бүлэглэн Б.Б............нд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Т.....лын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Б............ны оршин суух Хан-Уул дүүргийн ............ байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Б............н мэдүүлэхдээ: “...Уг асуудал нь анх “............” ХХК-ийн амралтын газрын хажуу талд нь “UBS” телевизийн захирал Балхжавын амралт хамт байдаг. Тэр амралтын газрын барилгын ажлыг 017-р анги хийж байхыг манай эхнэр хараад цэргийнх нь барилгын ажлыг чанартай, хугацаандаа хийдэг юм байна гээд Б............ртой хуулийн дагуу гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан. Надад хэн нэгэн хүнд үүрэг, тушаал өгөх эрх зүйн үндэс байхгүй. Улс төрийн албан тушаалтан буюу зөвхөн Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх албан тушаалтай байсан. Дараа нь намайг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад 017-р анги эрх зүйн хувьд надад захирагдах үүрэггүй. Ангийн захирагчид захирагддаг. Үүгээр албан тушаалын дарамт, шахалт үзүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Яллах дүгнэлтэд Тэрэлжийн амралтын газрын засвар, мөн гэрийнхээ засварыг хийсэн мөнгө нийлээд гаргасан 109 сая төгрөг юм уу, эсвэл аль нэгнийх нь засварын мөнгө юм уу. Манайх гэртээ нэг өрөөг голоор нь хувааж засвар хийж түүнд хэрэглэгдсэн материалыг нь манай гэр бүлийн хүн авч, 7 хоног ажиллахад нь хоол, унд авч өгсөн байдаг. Тэрэлжид болсон асуудалд аудитын шалгалтыг миний гарын үсгээр баталгаажуулаад Сайдын тушаал гарсан байдаг. Зэвсэгт хүчний хяналт шалгалтынхан энэ асуудлыг шалгасан байсан. Надаар төлөвлөгөө батлуулаад явахдаа хэлж байсан. Улсыг хохиролгүй болго, мөнгө төгрөгийн асуудал гарсан байна танай гэр бүлийн хүнтэй холбоотой байна гэж хэлсэн. Улсын байцаагч Ижилмөрөн хэн байх нь хамаагүй шүүхээр явж улсыг хохиролгүй болгоно гээд иргэний шүүхээр явсан. Хуулийн зөвлөх Ганчимэг хоёр удаагийн шүүх хуралдаанд ирээгүй. Гэрээ нь иргэний шүүхээс буцсан. Миний хувьд өдөр шөнөгүй дарамталсан зүйл байхгүй, ажлаа л хийж байсан....” гэв.

2. Шүүгдэгч Л.Б............р мэдүүлэхдээ: “...2010 оны 12 дугаар сараас эхлээд 017-р ангийн захирагчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Б............н даргатай уулзсан санагдаж байна. Тэгэхэд 6, 7 ширхэг паар засуулна гэж хэлээд намайг дагуулж үзүүлсэн. Түүнээс хойш би тэр байшинд дахиж очоогүй. Ерөнхий инженер үйлдвэрлэлийн зураг төслийг гаргаж өгөхөөр санхүүгийн даргатай ярилцаад санхүүгийн асуудлыг нь шийддэг байсан. Ерөнхий инженер бусад ажилтнуудтай зургийн дагуу ажил хийж гүйцэтгэсэн. Ийм учраас үгсэн тохиролцсон, ямар нэгэн зорилго санаа байгаагүй. Б............н гэдэг хүнийг шүүх хуралдаанд хэд хэдэн удаа харж байна. 3 удаа мөнгөө нэхэж очсоныг эс тооцвол. Өөр ашиг сонирхлын зөрчил байхгүй, би шүүгдэгч гэж зогсох ёсгүй байсан гэж үзэж байна. Цэргийн ажилтны хувьд дээд тушаалын удирдлагад хийх ажлаа танилцуулсан байх ёстой. 6, 7 хэмжээний паар солих зүйл байгаа бол түүнийг нь солиод өгчих гэж хэлсэн. Барилга үйлдвэрлэлээс олсон ашгаа, ангийн захирагч санхүүгийн даргад танилцуулдаг. Тухайн үед 180 сая төгрөг төвлөрсөн байсан байх. Тухайн үед барилгын ажил олддоггүй байсан. Ажил олоод хэдэн хүнээ цалинтай байлгая гэж бодоод тэр ажлыг хийсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгээд 2016 оны 02 дугаар сард эцсийн тооцоо гарсан. Миний ойлгож байгаагаар тухайн үед 70 сая гэж ярьж байсан. Гэрт нь ямар засвар хийснийг би мэдэхгүй. Дараа нь би ажлаа хүлээлгэж өгсөн. Би ямар нэгэн байдлаар ашиг сонирхол байхгүй...” гэв.

3. Шүүгдэгч Г.С............р мэдүүлэхдээ: “...Өмнөх шүүх хуралдаанд хэлсэн зүйл хэвээр байгаа. Манай ерөнхий инженер О.С............р гэж хүн байдаг. Миний нэрийг Г.С............р гэдэг. Мэдүүлэгт гарч байгаа О.С............р дарга гэж байгаа нь манай барилгын ерөнхий инженер О.С............ртай холбоотой асуудал яригдаж байгааг ялгах хэрэгтэй. Би барилгад гарсан бараа материалыг бүртгэж тооцох үүрэгтэй. 4 удаагийн шалгалтаар миний бүртгэсэн тоо бүртгэлийн аль нь ч зөрөөгүй. Эхний шалгалтаар 109 сая төгрөгийн асуудал гарахад улсын байцаагчийн эрхгүй учраас болохгүй байна гэж байсан. Батлан хамгаалах яамны дотоод аудитаас хийсэн шалгалтад 109 сая төгрөг гарч ирсэн. Үүнд бичигдсэн хуулийн заалтуудыг өнөөдөр би өөрийн эсрэг ашиглуулаад сууж байна гэж бодоогүй. Тухайн үед гарын үсэг зурж танилцахдаа ашгүй авлагаа авах эрх зүйн үндэс бичиг баримттай болж байна гэж дотроо баярлаж байсан болохоос миний эсрэг, манай байгууллагын эсрэг хэрэглэгдэнэ гэж бодоогүй. Ижилмөрөн байцаагчид олон улсын стандартыг тайлбарлаж өгсөн байвал намайг буруутгаж байгаа хуулийн заалт актанд бичигдэхгүй байсан. Олон Улсын гэрээ стандартын дагуу надад хийгдсэн ажил. “............” ХХК болон Б............р хурандаатай нийлж эвсэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан зүйл байхгүй. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиг орлогоо сайжруулахын хүрээнд хийсэн гэж байна. Хийгдэх журмаар хийгдсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Миний хувьд олон улсын стандарт болон нягтлан бодох тухай хууль бусад хуулинд нийцүүлэн ажилласан...” гэв.

4. Хохирогч Б.Э........д мэдүүлэхдээ: “...Би шүүх хуралдаанд Батлан хамгаалах яамыг төлөөлж хохирогчоор оролцож байна. Төсвийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар Төсвийн ерөнхий захирагч буюу Батлан хамгаалах яамны сайд нь батлан хамгаалах асуудлын хүрээнд дотоод аудитыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу харьяа байгууллагын дотоод аудитын төсвийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Төсвийн тухай хуулийн 14.8.1-т засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийг захиран зарцуулна гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу харьяа байгууллагад шалгалт хийхэд өнөөдрийн энэ зөрчил гарсан. 109 сая төгрөгийн хохирлыг төсөвт төлүүлэх саналтай байна...” гэв

5. Иргэний хариуцагч С.Т.....л мэдүүлэхдээ: “...Анх гэрээ байгуулахдаа 70 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. 109 сая төгрөг зарцуулагдсаныг сайн ойлгоогүй. Хан-Уул дүүргийн иргэний журмаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэл буцсан. Би Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулаагүй, улсын төсвөөр гэрээ засуулаагүй. Тухайн үед Б............н бид хоёр гэр бүл болоогүй, Б............н төрийн нарийн бичгийн дарга байгаагүй. “............” ХХК-нь Б............нд хамааралгүй, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж байсан. Ямар ч хувьцаа эзэмшдэггүй үйл ажиллагаанд оролцдоггүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. 79 сая 109 сая төгрөгийн зөрүү нь ямар учиртай юм бэ гэж бодож байна...” гэв.

6. Гэрч Д.Д..........а мэдүүлэхдээ: “....Жил болгоны төсвийг Улсын Их хурлаас баталдаг ба тухайн жилд төсөв, төсөвт орлого татан төвлөрүүлэх талаар баталдаг. Батлан хамгаалахын яамны сайд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тушаал гаргадаг, энэ тушаал нууцаар...жил болгон гаргадаг. Би төсвийн төвлөрүүлэх захирагч албан тушаалыг хашдаг байсан. Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу өөрийнхөө шууд захирагч нарт төсвийг хувиарлах, төсөвт орлогын төлөвлөгөөг баталдаг...Шилэн дансны хууль гарсантай холбоотой төсөв санхүүгийн хувьд нууц биш, бие бүрэлдэхүүний тоо гэдэг утгаараа энэ зүйл нууц гэж байгаа...Хугацааны хувьд нууц болох эсэхийг мэдэхгүй байна. Хүний тоо нууц байдаг тул нууц гэж ярьдаг..Төрийн буюу цэргийн ангийн нууцад хамаардаг...Орлогын тухай асуудал нь нууц биш...Төрийн нууцын жагсаал батлах тухай хуулийн дагуу цэргийн ангийн тоо, бүрэлдэхүүн нууц байсан...Сайдын тушаал нууц гэж гарсан бол нууц...Орлого олох төлөвлөгөө тооцож болох учраас нууц байх...017-р анги нь барилгын цэргийн анги учраас барилгын үйлдвэрийн ажлыг хийж байж түүнээс олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ...Миний ойлгож байгаагаар бизнес төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөөнд тухайн орлого зарлагыг тусгадаг. Тэгээд аливаа гэрээлж авсан ажлаа өөрийнхөө үйл ажиллагааны зардлаас гүйцэтгэж, түүний ашиг орлогыг тооцож төсөвт төвлөрүүлдэг...Төлөвлөгөөг тасалж байсныг санахгүй байна. 2015, 2016 оны зүйлийг санахгүй байна...Төлөвлөгөөг давуулж байсан бол төсөвт тушаах зүйлээс тушаасан гэсэн...Батлан хамгаалах яамны төсвийг би хариуцаж байгаагүй...Зэвсэгт хүчний жанжин штабад харьяалагдаж Зэвсэгт хүчний 017-р анги гэж явдаг...Зөвлөхийн албан тушаал улс төрийн албан тушаал юм. Цэргийн албанаас чөлөөлөгддөг. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зөвлөх  нь жанжин штаб болон бусдыг дуудаж уулзах, үүрэг өгөх эрх хэмжээ байхгүй...Улсын төсөвт тодорхой тоо байлаа гэхэд зарим хэсэгт нь орлогыг нь баталдаг. Хуулийг ерөнхийлөн захирагчийн хувьд үүрэг даалгавар өгч албажуулдаг...Би мэдэх боломжгүй, төсөвт төвлөрүүлэх мөнгийг биелүүлсэн байна гэж үзэхээс ямар үйл ажиллагаа явуулаад олсныг мэдэхгүй...Төсвийн шууд захирагч буюу ангийн захирагч өөрөө шууд удирдаад гэрээ хэлэлцээрийг хийх эрхтэй. Ангийн захирагчид тоог нь тавиад явуулж байгаа болохоос энэ ажлыг хий гэж хэлэхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч Ц.У..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Зэвсэгт хүчний 017 дугаар ангид техникийн шалгах байрны даргын албан тушаалыг 2011 оноос хойш хашиж байна. ...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б............р... дарга намайг гадуур гараад ирье гэж хэлээд, надаар автомашинаа бариулаад гарсан. ...Дарга надад хэлэхдээ “хамтдаа Баянзүрхийн товчоо орно. Тэнд байдаг Петровисын колонк дээр нэг хүнтэй уулзана гэж хэлсэн. Тэгээд Баянзүрхийн товчооны Петровисын шатахуун түгээх станц дээр очсон. ...16 цаг өнгөрч байхад хар өнгийн Lexus-570 маркийн ...автомашин ирээд зогссон тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин зогсоод дотроос нь Б............н гэх манай Төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. Дарга ч автомашинаас буугаад хоорондоо юм яриад намайг хар өнгийн автомашиныг дагаад явж бай гэж хэлсэн. Би ч хар өнгийн автомашиныг дагаад явсан тэнд 3-4 давхар том байшин байсан ба дарга, Б............нтай явган ирээд уг байшин руу орсон. ...Дарга...анх явахдаа Баянзүрхийн товчоон дээр нэг даргатай уулзана гэж хэлж байсан. Тэр дарга нь заасан цагт, тогтоосон газар бэлэн бай гэж үүрэг өгсөн гээд дарга яараад байсан. Би Б............н гэх хүнийг огт танихгүй...харин сүүлд манай анги Тэрэлжид амралтын газарт нь засвар хийх үед нь ....Б............н гэдэг хүний амралтын газар юм байна гэж ойлгосон. Мөн дараа нь энэ хүн манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 84),

2. Яллагдагчаар Л.Б............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. ..9911-тэй дугаараас залгаад... “өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Б............н байна...16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэж хэлсэн. ...Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо өнгөрөөд очсон чинь хар өнгийн жийп маркийн автомашин байсан. Би буугаад уулзсан чинь өөрийгөө Б.Б............н гэж танилцуулсан хар өнгийн нүдний шил зүүсэн цайвар өнгийн хувцастай туранхайдуу нөхөр бууж ирээд танилцсан. Тэгээд...би таныг судалсан та Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч гэсэн би чамайг мэднэ гэж хэлээд одоо миний араас дагаад яв гэж хэлсэн. Би түүний араас дагаад явсан чинь Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. Тэнд Б.Б............ны эхнэр...очсон байсан бөгөөд нэрийг нь С.Т.....л гэж байсан. ...Б.Б............н надад “хоёулаа энд нэг байр үзээд орхьё” гээд байраа үзүүлээд “манай энэ байшин ноднин хөлдсөн...хэдэн радиаторууд солих хэрэгтэй байна” гээд 6-7 өрөөний радиатор үзүүлсэн. Мөн үзүүлсэн өрөөнүүдийнх нь зарим нэг өрөөний обой хууларсан...байсан. Тэгээд “ийм зүйл засуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “за болох юм байна” гэж хэлсэн. ...Мөн “би удахгүй танай Төрийн нарийн бичгийн даргаар очно” гэж хэлж байсан. ...Тэндээс буцах замдаа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д..........а генералд илтгэсэн. ...Маргааш нь ерөнхий инженер О.С............рыг дуудаж “ийм албан тушаалтай хүний амралтын газарт засвар хийх үүрэг” өгсөн. ...О.С............р үүрэг авснаас хойш 1-2 хоногийн дараа 1-2 хүн аваад амралтын газар луу явсан. Ажил эхлээд явж байгаад 2-3 хоногийн дараа О.С............р инженер надад “Даргаа тэр дарга чинь өдөр болгон ирээд ажил нэмж хий гэсэн үүрэг өгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та нар хурдан гэрээ хий гэж хэлсэн. О.С............р тэд нартай гэрээ хийх гэж нилээн явсан гэрээ хийхгүй байгаад байхаар нь би Б.Б............нтай нэг удаа утсаар ярьсан чинь “Гэрээгээ манай эхнэртэй хийчих, мөнгө бол асуудалгүй гэж хэлсэн. Манай инженер арай гэж 1 сар гаран явж байж эхнэртэй нь гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Б.Б............н Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нь би мөнгөө нэхэж очихоор “мөнгө ямар ч асуудалгүй чи зүгээр ажлаа хийж бай гэж хэлдэг... байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 144-148),

3. Гэрч Т.С..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр 017 ангийн ерөнхий инженер О.С............р намайг ажлаа хийж байхад дуудсан, яваад ороход тэрээр “Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Б.Б............н намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн байгаа учраас чиний машинтай яваадхъя” гэсэн. Ингээд миний хувийн машинтай Тэрэлжид байрлах “............” компанийн амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход тус амралтын газар гэх 4 давхар обьект байсан. Гадаа нь ангийн захирагч Л.Б............р, Б.Б............н нар байсан. Уулзахад Б.Б............н гэдэг хүн нь “цэргийн хүн тогтоосон газарт бэлэн байх ёстой” гэсэн юм ярьсан. ...

...Буцаж явах үед ангийн захирагч О.С............рт “хийгдэх ажил нилээд их байна, ажлыг яаралтай эхэл”...4 дүгээр бүлгийн засалчдыг ажилд гаргана, чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү” гэсэн үүргийг өгсөн. Ирэх долоо хоногоос нь тус бүлгийн хүмүүсийг гаргаж... Н..........уугаар ахлуулаад ажлыг хийлгэж эхлүүлсэн. ...Ажлуудыг 2015 оны 8 дугаар сараас эхлээд 12 дугаар сард дуусгасан. Дээрх ажлын зардал мөнгийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл Б.Б............н болон түүний гэр бүлээс ямар нэг барилгын материал авчирч өгсөн зүйл байхгүй. Ажиллах хугацаанд Б.Б............н, гэр бүлийнхээ хүний хамтаар 7 хоногийн амралтын өдрүүдээр ирж ажлыг шалгаад ажил нэмж хийх, хийгдсэн ажлуудыг үзэх гэх мэтээр зааж зөвлөөд явдаг байсан...Амралтын газрын засварын ажлыг дуусгаад үргэлжлүүлээд ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу 5-6 хүнээр гэрт нь засварын ажлыг хийсэн. Засварын ажлын материалыг тэд өөрсдөө гаргасан. Бид ажиллах хүчээ гаргаад 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дундуур хүртэлх хугацаанд ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “GREEN HOUSE 1” тоот байрлах 3 давхар барилгад засвар хийсэн.

Мөн засвар хийж дууссанаас хойш амралтын барилга ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учраас уг барилгад механик гэмтэл үүссэнийг бид засварласан. Энэ нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны ....хооронд.

Одоо ажлууд дууссан, актаар хүлээлцэж амжаагүй байна. Ажлаа хүлээлгэж өгье гэхээр утсаа авдаггүй, гэрт нь очихоор үүд хаалгаа тайлж өгдөггүй юм...Мөн тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан О.С............р нь өвчний улмаас 2016 оны 3 дугаар сард нас барсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-48),

4. Гэрч Б.Н..........уугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр ангийн ерөнхий инженер дэд хурандаа О.С............р намайг дуудаж “бүлгээ аваад Тэрэлжид байрлах “............” ХХК-ийн амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэ” гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр...бүлгийн 17 хүнээ аваад тэндээ байрлаж ажиллахаар ангийн портер машинтай явцгаасан. ...Ингээд засварын ажлынхаа тооцоог гаргаж ангируугаа захиалгын хуудсаар материалаа захиалдаг...миний хувьд 2 сар ажлаад өвчний учир чөлөө авсан. Үргэлжлүүлээд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер Билэгсайхан хариуцаад ажлыг дуусгасан. ...Миний зүгээс ажлын хэмжээг гаргаж, барилгын материалаа захиалдаг...өөрөөр хэлбэл тухайн засвар хийх газрын хэмжээ, материалын орцыг бодож гаргаад ямар хэмжээний материал орохоор байгааг гаргаж материалын нэрээр захиална. Барилгын засварын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Б............н ажил эхэлснээс хойш 7 хоногт 2 удаа ирдэг, хийсэн ажлын талаар үзэж хараад явдаг байсан. ...Нийт 17 хүн ажилласан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56-57),

5. Яллагдагчаар Г.С............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...ангийн захирагч хурандаа Л.Б............р Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн үед би даргад Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл аваарай гэж хэлж байсан. Тэгээд энэ асуудал чимээгүй болсон дахин яригдаагүй. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар cард хүлээн авахад “Тэрэлж Б.Б............н” гэсэн тайлангаар 33.600.000 төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захирагч хурандаа Л.Б............роос “энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм” гэж асуусан чинь тэрээр “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б............ны амралтын газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр байгуулсан гэрээ гэж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх вэ” гэж асуусан. Тэгэхэд “Жанжин штабын даргад мэдэгдсэн мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн” гэж хэлсэн. Ерөнхий инженер О.С............рт гэрээгүй ажил дээр хамаагүй их зардал гаргаад байгаа юм биш үү гэж сануулж байсан. Инженер О.С............р “дарга надад хий гэж хэлсэн дарга өөрөө мэдэж байгаа” гэж хэлж байсан. 2015 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардлууд гараад байсан. Энэ үед ангийн захирагчид бас “мөнгө нь одоо хэтэрч байна аа, та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ, та заавал гэрээ байгуулах ёстой” гэж хэлсэн. Тэгэхэд дарга надаас “зардал нь хэд орчим болж байна” гэж асуусан. Тэгэхээр нь би ерөнхий инженер О.С............ртай уулзаж “энэ ажил чинь одоо ингээд дуусч байгаа юм уу, дарга надаас зардлыг нь асуугаад байна” гэж хэлэхэд тэрээр “өдөр болгон ажил нэмэгдэх юм. Тэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б............н гэдэг хүн чинь их хэцүү хүн байна. Энэ ажлыг хий тэр ажлыг хий гэж хэлээд, хамаг юм голж шилээд загнаад аашлаад үүрэгдээд байх юм. Би барилга дээр болж байгаа бүх асуудлаа даргад нэг нэгэнгүй өдөр бүр танилцуулдаг гэж” хэлсэн. Тухайн үед 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байсан. Дахин нэмж юм хийх юм уу гэж инженер О.С............раас асуухад “Одоо нэг жоохон юм байгаа түүнийг нэмээд 70 орчим сая төгрөг болно” гэж хэлсэн. Би ангийн захирагч хурандаа Л.Б............рт ерөнхий инженертэй уулзлаа одоо 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Дахин юм нэмж хийнэ гэнэ нийтдээ 70 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. ...Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “............” болон манай анги хоорондоо байгуулсан гэрээг надад ...өгсөн. Энэ гэрээн дээр намаг байхгүй байхад нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан. ...2015 оны 12 дугаар сарын тайлангаар зардал нь нэмэгдэж гарсан байсан. ...2015 оны жилийн эцсээр ...нийт 109.415.831...төгрөгийн зардал гарсан байсан. ...2016 оны 1 дүгээр сарын эхээр Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газрын санхүүгийн хяналтын тасгаас манай ангид шалгалт орсон. Тухайн үед шалгалтаар ирсэн....хурандаа Ариунбаатар, дэд хурандаа Г............т нарт би “манай анги дээр Төрийн нарийн бичгийн даргын амралтын газартай холбоотой асуудал гараад байгаа тухай хэлээд... энэ асуудлыг акт болгож өгнө үү” гэж хэлсэн. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай актыг тавиулсан. Энэ актаа үндэслэн авлагат тусгуулах тухай Зэвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Г............т, бүртгэлийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Энхтөр нарт хэлсэн. Тухайн үед зэвсэгт хүчний жанжин штабын даргын зөвлөлийн хурлаар орж баталгаажих ёстой түүний дараа авлага ав гэж хэлсэн тул хурал хүлээж байсан. Хурал болохоос өмнө 2016 оны 05 дугаар сард Батлан хамгаалах яамны дотоод аудитын шалгалт орсон. 2016 оны 07 дугаар зарын 05-ны өдөр 06-02/02 тоот акт тавигдсан. Уг актанд “............” ХХК-аас 109.415.831 төгрөгийг төлүүлэх тухай шийдвэр гарсан. Ингээд....авлагад авсан.

Манай ангид барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэх, зардал гаргах эрх ангийн захирагч, ерөнхий инженер нарт байдаг. Тухайн үед энэ албан тушаалыг Л.Б............р, О.С............р нар хашиж байсан. Талбайд материал зарцуулахад талбайн инженер захиалгын хуудас бичиж ерөнхий инженер хянаж, ангийн захирагчаар батлуулан материал хангалтын инженерт өгдөг. Материал хангалтын инженер нь тухайн хуудсыг аваад зээлээр худалдан аваад барилгын талбайд шууд хүргэж өгдөг. Худалдан авсан зарлагын падаанаа няравт өгч орлого авахуулдаг. Нэхэмжлэхийг ангийн захирагчаар цохуулан надад өгдөг. Түүний дагуу би гүйлгээг нь хийдэг. Би инженерийн тайлангаас аль талбай руу ямар материал явсныг харж бүртгэгдэг. “............” ХХК-ний барилгын засварын ажил ч гэрийнх нь засварын ажил ч энэ журмаар явсан. ...Би цэргийн хүний хувьд ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 152-153),  

6. Гэрч Д.Д..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын даргын ажил үүргийг хийж байна. ...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч өөрөө төсвийн шууд захирагч ба хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгээд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж ойлгож болно. Тэгэхээр урьдчилаад Монгол Улсын төсвийн хөрөнгөөр шууд хөрөнгө гаргаад засвар үйлчилгээ явуулж болохгүй. Харин гэрээгээр маш сайн зохицуулж өгөх ёстой юм. Хэрэв гэрээн дээрээ мөнгө төгрөгийг заагаагүй байж шууд улсын төсвөөс хөрөнгө гаргаад засвар үйлчилгээ явуулж болохгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 248-250),

7. Гэрч Д.Ижилмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 2014, 2015 оны санхүү, аж ахуй, барилга угсралт засварын ажлын эдийн засгийн тооцоо, үр ашгийн байдалд дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтыг ...улсын байцаагч Б.Б..........гийн хамтаар...хийсэн...санхүүгийн баримтуудыг үзэж шалгах явцад бараа материалын дансанд 101.172.997.4 төгрөгийг “Тэрэлж” гэж бичилт хийж зарлагдсан байсныг тодруулж үзэхэд тус анги нь 2015-8-16-ны өдөр 70.000.000 сая төгрөгийн үнийн дүнтэй барилгын засварын ажлын гэрээг “............” ХХК-тай байгуулсан. Гэрээнээс хөөж үзэхэд гэрээний дагуу...нийт 109.415.531 төгрөгийн зардал гарсан байдаг. Зардал гаргачихаад ажлын гэрээгээ дүгнээгүй, гэрээний төлбөр төлөгдөөгүй, данс бүртгэлдээ зардалд бичсэн байсан. ...ингээд улсын ахлах байцаагчийн хувьд Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “............” ХХК-ийн барилга засварын ажилд нийт 109.415.531 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулж, данс бүртгэлд “авлага” үүсгэлгүй “зардалд” бичсэн нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2-т “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6-д “хөрөнгийн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасныг үндэслэн барилга засварын ажилд зарцуулж данс бүртгэлд “авлагаар” тусгаагүй “зардалд” бичсэн 109.415.531 төгрөгийг “............” ХХК-р нөхөн төлүүлэх, энэ ажлыг тус ангийн захирагч хурандаа Ж.Баясгалан, Санхүүгийн дарга хошууч Г.С............р нарт хариуцуулан “Нөхөн төлүүлэх тухай” 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт үйлдсэн. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь Төсвийн тухай хуульд... заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж орлого олж болно. Гэхдээ гэрээнд урьдчилгаа буюу үе шатны санхүүжилт гэж байх ёстой. Мөн дээрээс нь зураг төсөв байхгүй ажил хийгдсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 60-61),

“...Зэвсэгт хүчний 017 дугаар анги, нөгөө талаас “............” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээ өөрөө их учир дутагдалтай. Байгуулсан гэрээ нь төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээ, ...төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээнд...ангийн захирагч шууд төсөв мөнгө гаргаж болохгүй. Энэ нь төсвийн тухай хуульд батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэж байдаг юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247),

 

8. Батлан хамгаалах яамны Улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаар актад “...Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “............” ХХК-ий барилгын засварын ажилд нийт 109.415.831 төгрөгийг өөрийн хөрөнгөөс зарцуулж, данс бүртгэлд авлага үүсгэлгүй зардалд бичсэн нь Монгол Улсын “Төсвийн тухай” хуулийн 6.4.2 дахь “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5.5.1 дахь “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6 дахь “хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх баримт (1 хавтаст хэргийн 52-53) 

9. “Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлтэд “...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Батлан хамгаалах яамны, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 06-02/02 дугаартай “Нөхөн төлүүлэх” акт нь үндэслэлтэй. ...“............” ХХК-н...засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас ...нийт 109.415.831 төгрөг ...зарцуулагдсан байна. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь “............” ХХК-тай хийсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “авлагыг” 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй байна. Харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж, төлбөрийг нөхөн төлүүлэх тухай...06-02/02 дугаартай...акт гарсан байна. Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 46-79),

10.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн 221 дүгээр дүгнэлтэд

“....“Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай “Нөхөн төлүүлэх” акт нь үндэслэлтэй байна. ...“............” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар нийт 109.415.831.00 төгрөгийн зардал Зэвсэгт хүчний 017 дугаар анги...зарцуулсан байна. Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь “............” ХХК-тай хийсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авлагыг 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй байна. Харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж, “Нөхөн төлүүлэх” тухай акт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Батлан хамгаалах яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 06-02/02 дугаартай акт гарсныг үндэслэн Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан байна.

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасан байна. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь ...аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж болно...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 88-111),

11. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ дугаар 05-222 Монгол Улсын иргэн С.Т.....л - 45% ...Нидерланд Улсын иргэн Schiphorst Arend Roelot – 55% ...хувь хөрөнгийг тус тус оруулан ...аялал жуулчлал эрхлэх Монгол-
Нидерландын Вант улсын хамтарсан хөрөнгө оруулалтын “Тиарарезот” компанийг үүсгэн байгуулж 2005 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ, дүрмийн дагуу Улаанбаатар хотод байгуулахыг зөвшөөрсөн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А-781 тоот тушаалыг үндэслэн Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ олгов. Гэрчилгээ 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүчинтэй...” гэх баримт (2 хавтаст хэргийн 104),

- Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Г/721 дугаартай тушаалд “...2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А-781 тоот тушаалыг үндэслэн байгуулагдсан Монгол-Нидерландын Вант улсын хамтарсан хөрөнгө оруулалтын “Тиарарезот” ХХК-ийн хүсэлт ...дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулан гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг зөвшөөрсүгэй...” гэх баримт (2 хавтаст хэргийн 103),

12. Иргэний хариуцагч С.Т.....лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би “Тиарарезот” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг юм. ...Би энэ компанийн захирлын албан тушаалыг хийж байгаа ба би анхнаасаа л захирал нь байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 237-238), 

13. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаанд “....ЦД 6203..70 регистрийн дугаартай Чонос овогт Б............р Б............н ...ХА7310..07 регистрийн дугаартай Сүхжигт овогт С..........рын Т.....л нарын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1122790752-т 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх баримт (2 хавтаст хэргийн 239),

14. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд “...Б............р Б............ныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 217),

- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 241 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Өөр ажилд томилогдон ажиллаж байгаатай нь холбогдуулан Б............р Б............ныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхийн үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй...” гэх баримт (2 хавтаст хэргийн 217 дахь хуудасны ар дугааргүй),

- Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/73 дугаар тушаалд “...Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бэлтгэл хурандаа Б............р Б............ныг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс түр томилсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 78),

- Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаалд “...Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б............р Б............ныг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 79),

- Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар “Ажилд томилох тухай” тогтоолд “...Б............р Б............ныг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 80),

15. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаалд “...Бэлтгэл ахмад Л............вын Б............рыг Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагчаар 2010 оны 12 дугаар сарын 25-наас томилсугай...” гэх баримт (3 хавтаст хэргийн 120),

- Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Томилох, цалинжуулах тухай” Б/208 дугаар тушаалд “...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Л............вын Б............рыг сэлгэн ажиллуулж, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагчаар...томилсугай...” гэх баримт (3 хавтаст хэргийн 122),

16. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Томилох, шилжүүлэх тухай” 218 дугаар тушаалд “...ахлах дэслэгч Г............тын С............рыг шилжүүлж, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн санхүүгийн даргаар 2011 оны 03 дугаар сарын 17-ноос томилсугай...” гэх баримт (3 хавтаст хэргийн 121),

17. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичигт “...Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.8-д зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6.1, 6.1.14, 6.3-т заасны дагуу энэхүү албан тушаал нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчилж, захирагддаг, өөрөөр хэлбэл зөвхөн Ерөнхий сайдаас өгсөн тодорхой үүрэг, даалгаврыг биелүүлж ажилладаг тул түүний ажил үүргийн тодорхойлолтыг ерөнхий менежер баталдаггүй болно...” гэх баримт (2 хавтаст хэргийн 233),

- Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолтод “...5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал гэх хэсэгт Газрын дарга, Газрын орлогч, Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бусад мэргэжилтэн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 82-85),

18. Ангийн захирагч болон Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (3 хавтаст хэргийн 123-126),

19. Гэрч Л.Ганчимэгийн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 54-55), Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн тусгай зөвшөөрөл (1 хавтаст хэргийн 33)

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б............р, “Тиарарезот” ХХК-ийн захирал С.Т.....л нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ХА2015/08 дугаартай “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” (1 хавтаст хэргийн 35), Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн санхүүгийн ерөнхий журнал (1 хавтаст хэргийн 39-51),  “Тиарарезот” ХХК-ийн засварын ажилтай холбоотой Зэвсэгт хүчний 017 дугаар дугаар ангиас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд (1 хавтаст хэргийн 54-62), “Тиарарезот” ХХК-ийн амралтын газарт хийсэн засварын ажлын тооцоо, зарцуулсан бараа материалын журнал, холбогдох санхүүгийн баримтууд (1 хавтаст хэргийн 77-оос 2 хавтаст хэргийн 39), Батлан хамгаалах яамны албан бичиг (4 хавтаст хэргийн 140), хохирол төлсөн баримт (4 хавтаст хэргийн 141),

20. Шүүгдэгч

- Б.Б............ны иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 89), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 95), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (3 хавтаст хэргийн 5, 7, 14-19, 21-24, 27, 39),

- Л.Б............рын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 91), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 97), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 94, 3 хавтаст хэргийн 5, 6, 14-19, 21-24, 26, 38),

- Г.С............рын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 92), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 96), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 94, 3 хавтаст хэргийн 5, 8-9, 14-19, 21-24, 28, 33) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Улсын яллагч: Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн асуудал хэлэлцсэн баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 109.415.831 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид төлүүлэх саналтай байна

2. Шүүгдэгч Б.Б............ны өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б............ны хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний үйлдсан хэргийг хөнгөрүүлэх, цагаатгах байр сууринаас өмгөөлөгчөөр оролцож өмгөөллийн үгээ хэлье. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шүүхэд гомдол гаргасан гэвч дээд шатны шүүх хэлэлцэх эрх зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр шүүхийн тогтоол маш үндэслэлтэй гарсан. Улсын яллагчид харахад мод цавчихад зомгол үсэрдэг, улаан дээлтэй бол манай эхнэр гэдэг шиг зүйл харагдаад байна. Хуулинд заагдаагүй байгаа эрх хэмжээг энэ нөхөр эдэлчихлээ гээд яллах дүгнэлт үйлдээд байна.

Хэрэгт авагдсан ажил үүргийн хувиар Ерөнхий сайдын зөвлөх нь энгийн бөгөөд улс төрийн албан тушаалтан тодорхой байхад урвуулаад ашиглаад байна гэж байна. Юуг урвуулан ашиглаад байгаа юм бэ, яаж ашиглаж байгаа нь тодорхойгүй. Шүүн таслан ажиллагаанд гагцхүү хуулийг баримтлах ёстой. Өнөөдрийн буруутгагдаад байгаа зүйл анги бол нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Тухайн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. 109 сая төгрөг нь батлагдсан нотлогдсон зүйл байна уу гэж үзэхээр ангийн актыг үндэслэж гаргасан гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байдаг. Зардлын баримтыг үзэхэд талх, масло, мах, хүнсний хүргэлтийн зардал гэх мэт зүйлүүд тусгагдсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээтэйгээ уялдуулан харахад барилгын засвар үйлчилгээний ажлыг 70 сая төгрөгт багтаана хийнэ гэж маш тодорхой тусгасан. 017-р анги 70 сая төгрөгийн үйлчилгээ хийгээд зогсоогүй юм. 109 сая төгрөг болтол нь засвар хийчихээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Хохирол асуудал маргаантай гээд тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул хохирлыг асуудал шаардахгүй гэж үзсэн. Хууль нэг мөр үйлчлэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” гэж маш тодорхой заасан. Тухайн гэрээ байгуулагдах үед шүүгдэгч Б.Б............н нь ерөнхий сайдын зөвлөх, бүрэн эрх байхгүй, албан тушаалын байдал гэсэн зүйл байхгүй, зөвлөх үүрэгтэй улс төрийн албан тушаалтан байсан юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эрх хэмжээгүй хүн бүрэн эрхийг яаж урвуулан ашиглах юм бэ. Гэмт хэрэгт заавал байх шинж буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эрх хэмжээ байхгүй байхад шүүгдэгч Л.Б............рыг дарамталсан гэж байна. Дарамтлуулсан бол Л.Б............р, Г.С............р нар яагаад хэрэгтэн шиг суух юм бэ. Хохирсон хүмүүс байна. Байхгүй байгаа эрх хэмжээ, захиран тушаах хэлбэрийг урвуулж ашигласан гэдгийг яаж тогтоосон юм бэ. Байхгүй зүйлийг ашиглана гэж байхгүй. Өөрөөр хэлбэл үгүйсгэлийн үгүйсгэл юм. Прокурорын урвуулан ашигласан гэж цаасан дээр бичсэнээр нотолж байгаа хэрэг биш. Үүнийг үгүйсгэж байгаа баримт нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс хэргийг буцааж байсан зэргээс харахад аж ахуй нэгж байгууллагын хооронд байгуулсан маргаан юм. Б.Б............н Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Гомдол гаргасан өдөр нь Авилгатай тэмцэх газраас дуудан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шалгадаг. Энэ он сар өдөр нь таардаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Б............ныг ажилд нь эргүүлэн тогтоосон өдөр Б.Б............ныг яллагдагчаар татна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Б.Б............ныг ажилд нь эрүүлэн томилсон шийдвэр зөв гэж гарсан өдөр нь энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэхээр прокурорт шилжинэ. Улсын дээд шүүхийн шийдвэр гармагц Б.Б............ныг шүүхэд шилжүүлдэг. Үүнээс үзэхэд Иргэний шүүх хуралдаан хэвийн явагдаж байсан процессийг зогсоогоод эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгаад тогтоосон зүйл байхгүй. Анхан шатны шүүхээр хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна гэж үзсэн. 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан байхад 109 сая төгрөг зарцуулагдсан нь төсвийг хэтрүүлэн зарцуулсан зүйл байна уу гэдгийг шалгаж тогтоох боломжтой байсан. 70 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна уу, үгүй юу гэдгийг “............” ХХК дээр очиж үзээд нарийвчлан тогтоох боломжтой. Хохиролд маргах эрх нь иргэний хариуцагчид байна. Иргэний хариуцагчийн маргах эрхийг нь яагаад эдлүүлээгүй юм бэ. Аудитын дүгнэлт, яллах дүгнэлтээс үзэхэд ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний хооронд гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ийм урт хугацаанд гэмт хэрэг үйлдэгдээд байгаа юм уу. Эдгээр байдлаас харахад байхгүй юмыг байлгасан болгож, ашигласан гэж байгаа тул гэм буруугүй гэж тооцож цагаатгах үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг

3. Шүүгдэгч Л.Б............р, Г.С............р нарын өмгөөлөгч: “...Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Л.Б............р нь зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчаар ажиллаж байхдаа ангийн төсвийн хөрөнгөөр Б............ны эхнэрийн “............” ХХК-ний Тэрэлж дэх амралтын газрын, С1 тоотын засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хугацаанд хийж гүйцэтгүүлэн гэж байна. Аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтүүдэд “............” ХХК-нд барилгын засварын ажил хийсэн байна гэж байхад яллах дүгнэлтэд гэрт нь засварын ажил хийсэн гэж яллаад байна. Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нар үгсэн тохиролцоогүй байхад яаж үйлдлээрээ нэгдсэн нь яллах дүгнэлтэд тодорхойгүй байна. Шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р нарын мэдүүлэг, мөн гэрч У..........рын мэдүүлгээс үзэхэд 2015 оны 07 дугаар сард Б.Б............ныг энгийн цолгүй ерөнхий сайдын зөвлөхын албан тушаал хашиж байхдаа уулзсан нь огноогоор тодорхой харагддаг.  Яллаж байгаа зүйл анги нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаал байдаг. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалыг аль шинжээр холбогдсон нь яллах дүгнэлтэд тодорхой биш. Үйлдэл тодорхой биш учраас оролцоо нь тодорхой биш байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ, түүний журам, хэм хэмжээг баримтална. Монгол Улсын 2008 онд нэгдэг орсон Олон улсын нягтлан бодох бүртгэлийн тунхаг бичиг байна. Тунхаг бичигт 1.16, 40, 40б стандартын дагуу хууль ёсны хийгдээгүй гэрээ хэлэлцээрийг хамааруулдаг. Гэрээний орлого давсан, давхар тоологдсон хэлцэл зэрэг хамаардаг байна. Төсвийн хууль зөрчсөн гэхээс илүүтэйгээр Олон Улсын хэм хэмжээг анхаарах нь зүйтэй. Цэрэг буюу Батлан хамгаалах гэсэн гурван үгэнд Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нар хамаатай албан тушаалаа ашигласан гэж төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж яллах дүгнэлтэд дурдаад байгаа юм. Үүнийг улсын яллагч, мөрдөгч дурдаагүй, анх улсын байцаагчийн эрхтэй Ижилмөрөн энэ хуулийн зүйл заалтыг бичсэнийг үг, үсэг, таслалгүй хуулсан байна. Цэргийн албаны дотоод дүрмийн 30-р зүйлд шүүгдэгч Г.С............рыг тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно гэсэн. Гэтэл цэргийн дотоод албаны дүрмийн зарчим нь захирах захирагдах ёс байна. Төсвийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлд “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.  Төрийн албаны тухай хуульд цэргийн албан хаагч нь төрийн тусгай албан тушаалтан мөн байна. 4.2.1-т захирах захирагдах ёс байна гэж заасан. Төсвийн хуулийг зөрчсөн гэж яллаад байгаа төрийн албаны хариуцлага хүлээнэ, захирах захирагдах ёс байна. Цэргийн албан хаагч тушаал заавар биелүүлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тушаал, даалгавар биелүүлэх талаар заасан. Үүнд субъектийн хувьд цэргийн албан хаагч тушаал заавал биелүүлэх ёстой гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.1-т анхан шатны баримт бүрдүүлэх, зардал гаргах зэргийг Г.С............р хийснийг гэрч нар болон дүгнэлт гаргасан хүмүүс мэдүүлсэн. 017-р ангийн үндсэн үйл ажиллагаа нь барилгын засвар үйл ажиллагаа юм. Батлан хамгаалах яам үндсэн үйл ажиллагаанаас орлого олж болно гэчихээд яагаад хохирогч болдог юм бэ. Гэрч Д..........а мэдүүлэхдээ төсвийн шууд захирагч нь ангийн захирагч юм гэсэн. Тэгэхээр Л.Б............рын эрх зүйн байдал дордож байгаа болохоор 2015 оны тушаалын талаар надаар дамжуулан хэлсэн. Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартад 11 дүгээр бүлэгт барилгын гэрээ гэдэг зүйл байдаг. Энэ нөхцөл байдал энэ бүгдэд дүгнэлт хийхэд хохирлын төлбөр тооцоо бодит биш байна. Хамтран оролцооны хувьд тохиролцсон үг яриа байхгүй ч, үйлдэл нь мөн тодорхой бус байна. Нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэхэд эргэлзээтэй зүйл байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул шүүгдэгч Л.Б............р, шүүгдэгч Г.С............р нар нь гэм буруугүй байна гэх дүгнэлтийг

4. Иргэний хариуцагч С.Т.....лын өмгөөлөгч: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “............” ХХК болон Зэвсэгт хүчний 017-р анги гэрээ байгуулж, Тэрэлж дэх амралтын газрын барилгын засварын ажлыг эхлүүлсэн байдаг. 017-р анги нь барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд. Хуулинд хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. 017-р анги ажил эхлээд явж байх хугацаанд гэрээнд заасан ажлаа дутуу хийснээс маргаан гарсан. Гэрээнд бүх ажил дуусаад төлбөрийг төлнө гэж хийгдсэн. 017-р ангийн ерөнхий инженер эдгээр ажил дутуу гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 017-р анги хохирлоо барагдуулахаар иргэний шүүхэд хандаж нэхэмжилсэн гэтэл гэнэт иргэний шүүх хуралдаанд оролцохоор больж нэхэмжлэл буцаагдсан. Зэвсэгт хүчний 017-р анги хохирлоо барагдуулах процесс явагдаж байгаа болохоос төлбөрийг огт төлөхгүй гэсэн асуудал биш. Асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд хэдэн төгрөг төл гэнэ түүнийг төлөхөд бэлэн байна. Санхүүгийн шинжилгээ хийгдсэн нь нэг талыг барьсан. 109 сая төгрөгийн зарлага гаргасан. “............” ХХК-ний оролцуулаагүй, тэднээс ямар нэгэн санхүүгийн баримт аваагүй, барилга дээр очиж үзээгүй, дуудаж уулзахгүйгээр дүгнэлт гаргасан. Санхүүгийн дүгнэлт холбоотой асуудал дуусаагүй. Барилгатай холбоотой асуудал яригдаж байхад барилгын шинжээч томилох ёстой байсан. Иргэний хариуцагчийн зүгээс шинжилгээг огт зөвшөөрөхгүй байгаа. Барилгын шинжээч томилуулах хүсэлт гаргасан түүнийг огт хүлээж аваагүй. Яллах дүгнэлтэд “............” ХХК болон Грийн хаус гэж 2 газар хохирол учруулсан мэт уншигддаг. Грийн хаустай холбоотой хэдэн төгрөгийн хохирол учирсан нь байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотлоогүй гэж үзнэ. Иймд хэргийг прокурорт буцааж дээрх асуудлыг сайн нарийн нягталж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Б.Б............н нь Баянзүрхийн товчоо, Тэрэлжийн Болор зуслангийн орчим, 2015 оны 7 дугаар сарын сүүлээс мөн оны 12 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд тус тус ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б............рт нөлөөлөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлтээр, өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүн эхнэр С.Т.....лын үүсгэн байгуулсан “Тиарарезот” ХХК-ний амралтын газрын болон өөрийн оршин сууж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” хотхоны С-1 тоотод орон сууцны засварыг хийлгэх зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Зэвсэгт хүчний 017 дугаар анги буюу Батлан хамгаалах яаманд 109.415.831 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б............р нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын орчим байрлах Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 2015 оны 7 дугаар сарын сүүлээс мөн оны 12 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтны хувьд хууль, тогтоомж, дүрэм журмаар тогтоосон төсвийн хөрөнгийг захиран зарцуулах албаны эрх мэдлээ ашиглаж, гэрээгүйгээр, нөгөө талаас “Тиарарезот” ХХК-тай нөхөн гүйцэтгэж байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангахгүй буюу 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.С............рын гарын үсэггүй, гэрээний төлбөр төлөх нөхцөл тодорхой бус гэрээг үндэслэн “Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/” хууль, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд заасан албаны үүргээ зөрчин, шууд санаатай үйлдлээр, Б.Б............нд давуу байдал олгож Зэвсэгт хүчний 017 дугаар анги буюу Батлан хамгаалах яаманд 109.415.831 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.С............р нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын орчим байрлах Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 2015 оны 7 дугаар сарын сүүлээс мөн оны 12 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалын хувьд хууль, тогтоомж, дүрэм журмаар тогтоосон төсвийн хөрөнгийг захиран зарцуулах албаны эрх мэдлээ ашиглаж, “Тиарарезот” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангахгүй буюу өөрийнх нь гарын үсэггүй, гэрээний төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээг үндэслэн, “Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/” хууль, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, Цэргийн дотоод албаны дүрэмд заасан үүргээ зөрчин, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б............рын нөлөөнд орж, илт хууль бус тушаалыг биелүүлж, шууд санаатай үйлдлээр, Б.Б............нд давуу байдал олгож Зэвсэгт хүчний 017 дугаар анги буюу Батлан хамгаалах яаманд 109.415.831 төгрөгний хохирол учруулсан болох нь

- Гэрч Ц.У..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх...манай ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б............р... дарга намайг гадуур гараад ирье гэж хэлээд, надаар автомашинаа бариулаад гарсан. ...Баянзүрхийн товчооны Петровсын шатахуун түгээх станц дээр очсон. ...16 цаг өнгөрч байхад хар өнгийн “Lexus-570” маркийн ...автомашин ирээд зогссон, тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин зогсоод дотроос нь Б............н гэх манай Төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. ...Дарга...анх явахдаа Баянзүрхийн товчоон дээр нэг даргатай уулзана гэж хэлж байсан. Тэр дарга нь заасан цагт, тогтоосон газар бэлэн бай гэж үүрэг өгсөн гээд дарга яараад байсан....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 84),

- Яллагдагчаар Л.Б............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр ...“өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Б............н байна...16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэж хэлсэн. ...Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо өнгөрөөд очсон чинь хар өнгийн жийп маркийн автомашин байсан. Би буугаад уулзсан чинь өөрийгөө Б............н гэж танилцуулсан хар өнгийн нүдний шил зүүсэн цайвар өнгийн хувцастай туранхайдуу нөхөр бууж ирээд танилцсан. Тэгээд...одоо миний араас дагаад яв гэж хэлсэн. Би түүний араас дагаад явсан чинь Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. ...Б............н надад “хоёулаа энд нэг байр үзээд орхьё” гээд байраа үзүүлээд “манай энэ байшин ноднин хөлдсөн...хэдэн радиаторууд солих хэрэгтэй байна” гээд 6-7 өрөөний радиатор үзүүлсэн. Мөн үзүүлсэн өрөөнүүдийнх нь зарим нэг өрөөний обой хууларсан...байсан. Тэгээд “ийм зүйл засуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “за болох юм байна” гэж хэлсэн. ...Мөн “би удахгүй танай Төрийн нарийн бичгийн даргаар очно” гэж хэлж байсан. ...Маргааш нь ерөнхий инженер О.С............рыг дуудаж “ийм албан тушаалтай хүний амралтын газарт засвар хийх үүрэг” өгсөн. ...О.С............р үүрэг авснаас хойш 1-2 хоногийн дараа 1-2 хүн аваад амралтын газар луу явсан. Ажил эхлээд явж байгаад 2-3 хоногийн дараа О.С............р инженер надад “Даргаа тэр дарга чинь өдөр болгон ирээд ажил нэмж хий гэсэн үүрэг өгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та нар хурдан гэрээ хий гэж хэлсэн. О.С............р тэд нартай гэрээ хийх гэж нилээн явсан гэрээ хийхгүй байгаад байхаар нь би Б............нтай нэг удаа утсаар ярьсан чинь “Гэрээгээ манай эхнэртэй хийчих, мөнгө бол асуудалгүй гэж хэлсэн. Манай инженер арай гэж 1 сар гаран явж байж эхнэртэй нь гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Б............н Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нь би мөнгөө нэхэж очихоор “мөнгө ямар ч асуудалгүй чи зүгээр ажлаа хийж бай гэж хэлдэг... байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 144-148),

- Гэрч Т.С..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр 017 ангийн ерөнхий инженер О.С............р намайг ажлаа хийж байхад дуудсан, яваад ороход тэрээр “Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Б............н намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн байгаа учраас чиний машинтай яваадхъя” гэсэн. Ингээд миний хувийн машинтай Тэрэлжид байрлах “............” компанийн амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход тус амралтын газар гэх 4 давхар обьект байсан. Гадаа нь ангийн захирагч Б............р, Б............н нар байсан. ...Буцаж явах үед ангийн захирагч О.С............рт “хийгдэх ажил нилээд их байна, ажлыг яаралтай эхэл”...4 дүгээр бүлгийн засалчдыг ажилд гаргана, чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү” гэсэн үүргийг өгсөн. ...Ажлуудыг 2015 оны 8 дугаар сараас эхлээд 12 дугаар сард дуусгасан. Дээрх ажлын зардал мөнгийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл Б............н болон түүний гэр бүлээс ямар нэг барилгын материал авчирч өгсөн зүйл байхгүй. ...Амралтын газрын засварын ажлыг дуусгаад үргэлжлүүлээд ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу 5-6 хүнээр гэрт нь засварын ажлыг хийсэн. Засварын ажлын материалыг тэд өөрсдөө гаргасан. Бид ажиллах хүчээ гаргаад 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дундуур хүртэлх хугацаанд ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд GREEN HOUSE 1 тоот байрлах 3 давхар барилгт засвар хийсэн....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-48),

- Гэрч Б.Н..........уугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр ангийн ерөнхий инженер дэд хурандаа О.С............р намайг дуудаж “бүлгээ аваад Тэрэлжид байрлах “............” ХХК-ийн амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэ” гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр...бүлгийн 17 хүнээ аваад тэндээ байрлаж ажиллахаар ангийн портер машинтай явцгаасан. ...Барилгын засварын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б............н ажил эхэлснээс хойш 7 хоногт 2 удаа ирдэг, хийсэн ажлын талаар үзэж хараад явдаг байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56-57),

- Яллагдагчаар Г.С............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...ангийн захирагч хурандаа Л.Б............р Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна гэж хэлж байсан. ...Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар cард хүлээн авахад “Тэрэлж Б............н” гэсэн тайлангаар 33.600.000 төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захирагч хурандаа Л.Б............роос “энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм” гэж асуусан чинь тэрээр “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б............ны амралтын газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр байгуулсан гэрээ гэж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх вэ” гэж асуусан. Тэгэхэд “Жанжин штабын даргад мэдэгдсэн мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн” гэж хэлсэн. ...2015 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардлууд гараад байсан. Энэ үед ангийн захирагчид бас “мөнгө нь одоо хэтэрч байна аа, та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ, та заавал гэрээ байгуулах ёстой” гэж хэлсэн. ...Би ангийн захирагч хурандаа Л.Б............рт ерөнхий инженертэй уулзлаа одоо 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Дахин юм нэмж хийнэ гэнэ нийтдээ 70 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. ...Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “............” болон манай анги хоорондоо байгуулсан гэрээг надад ...өгсөн. Энэ гэрээн дээр намайг байхгүй байхад нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан. ...2015 оны 12 дугаар сарын тайлангаар зардал нь нэмэгдэж гарсан байсан. ...2015 оны жилийн эцсээр ...нийт 109.415.831...төгрөгийн зардал гарсан байсан. ...Би цэргийн хүний хувьд ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан....” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 152-153),  

- Гэрч Д.Ижилмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 2014, 2015 оны санхүү, аж ахуй, барилга угсралт засварын ажлын эдийн засгийн тооцоо, үр ашгийн байдалд дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтыг ...улсын байцаагч Б.Б..........гийн хамтаар...хийсэн...санхүүгийн баримтуудыг үзэж шалгаж явцад бараа материалын дансанд 101.172.997.4 төгрөгийг “Тэрэлж” гэж бичилт хийж зарлагдсан байсныг тодруулж үзэхэд тус анги нь 2015-8-16-ны өдөр 70.000.000 сая төгрөгийн үнийн дүнтэй барилгын засварын ажлын гэрээг “............” ХХК-тай байгуулсан. Гэрээнээс хөөж үзэхэд гэрээний дагуу...нийт 109.415.531 төгрөгийн зардал гарсан байдаг. Зардал гаргачихаад ажлын гэрээгээ дүгнээгүй, гэрээний төлбөр төлөгдөөгүй, данс бүртгэлдээ зардалд бичсэн байсан. ...ингээд улсын ахлах байцаагчийн хувьд Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “............” ХХК-ийн барилга засварын ажилд нийт 109.415.531 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулж, данс бүртгэлд “авлага” үүсгэлгүй “зардалд” бичсэн нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2-т “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6-д “хөрөнгийн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 60-61),

“...Зэвсэгт хүчний 017 дугаар анги, нөгөө талаас “............” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээ өөрөө их учир дутагдалтай. Байгуулсан гэрээ нь төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээ, ...төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээнд...ангийн захирагч шууд төсөв мөнгө гаргаж болохгүй. Энэ нь төсвийн тухай хуульд батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэж байдаг юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247),

- Батлан хамгаалах яамны Улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаар актад “...Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “............” ХХК-ий барилгын засварын ажилд нийт 109.415.831 төгрөгийг өөрийн хөрөнгөөс зарцуулж, данс бүртгэлд авлага үүсгэлгүй зардалд бичсэн нь Монгол Улсын “Төсвийн тухай” хуулийн 6.4.2 дахь “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5.5.1 дахь “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6 дахь “хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх баримт (1 хавтаст хэргийн 52-53) 

- “Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлтэд “...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Батлан хамгаалах яамны, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 06-02/02 дугаартай “Нөхөн төлүүлэх” акт нь үндэслэлтэй. ...“............” ХХК-н...засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас ...нийт 109.415.831 төгрөг ...зарцуулагдсан байна. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь “............” ХХК-тай хийсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “авлагыг” 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй байна. Харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж, төлбөрийг нөхөн төлүүлэх тухай...06-02/02 дугаартай...акт гарсан байна. Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 46-79),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн 221 дүгээр дүгнэлтэд

“....“Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай “Нөхөн төлүүлэх” акт нь үндэслэлтэй байна. ...“............” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар нийт 109.415.831.00 төгрөгийн зардал Зэвсэгт хүчний 017 дугаар анги...зарцуулсан байна. Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь “............” ХХК-тай хийсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авлагыг 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй байна. Харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж, “Нөхөн төлүүлэх” тухай акт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Батлан хамгаалах яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, улсын байцаагч Б.Б..........г нарын 06-02/02 дугаартай акт гарсныг үндэслэн Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан байна.

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасан байна...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 88-111),

- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ дугаар 05-222 Монгол Улсын иргэн С.Т.....л - 45% ...хөрөнгө оруулалтын “Тиарарезот” компанийг үүсгэн байгуулсан...” гэх баримт (2 хавтаст хэргийн 104),

- Иргэний хариуцагч С.Т.....лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би “Тиарарезот” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг юм. ...Би энэ компанийн захирлын албан тушаалыг хийж байгаа ба би анхнаасаа л захирал нь байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 237-238), 

- Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаанд “....Б............р Б............н ... С..........рын Т.....л нарын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх баримт (2 хавтаст хэргийн 239),

- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд “...Б............р Б............ныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 217),

- Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаалд “...Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б............р Б............ныг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулсугай...” гэх баримт (2 хавтаст хэргийн 79),

- Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаалд “...Бэлтгэл ахмад Л............вын Б............рыг Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагчаар 2010 оны 12 дугаар сарын 25-наас томилсугай...” гэх баримт (3 хавтаст хэргийн 120),

- Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Томилох, шилжүүлэх тухай” 218 дугаар тушаалд “...ахлах дэслэгч Г............тын С............рыг шилжүүлж, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн санхүүгийн даргаар 2011 оны 03 дугаар сарын 17-ноос томилсугай...” гэх баримт (3 хавтаст хэргийн 121),

- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичигт “...Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.8-д зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6.1, 6.1.14, 6.3-т заасны дагуу энэхүү албан тушаал нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчилж, захирагддаг, өөрөөр хэлбэл зөвхөн Ерөнхий сайдаас өгсөн тодорхой үүрэг, даалгаврыг биелүүлж ажилладаг тул түүний ажил үүргийн тодорхойлолтыг ерөнхий менежер баталдаггүй болно...” гэх баримт (2 хавтаст хэргийн 233),

- Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолтод “...5.Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал гэх хэсэгт Газрын дарга, Газрын орлогч, Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бусад мэргэжилтэн...” гэх баримт (2 хавтаст хэргийн 82-85),

- Ангийн захирагч болон Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (3 хавтаст хэргийн 123-126) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал Б.Б............н нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтад заасан “Ерөнхий сайдын зөвлөх”-ийн Төрийн улс төрийн албан тушаал, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ын түр орлон гүйцэтгэх Төрийн захиргааны албан тушаал,

Л.Б............р, Г.С............р нар нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтад заасан “зэвсэгт хүчний...офицер...” буюу Төрийн тусгай албан тушаал тус тус хашиж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан.

Өөрөөр хэлбэл тус хуульд заасан нийтийн албан тушаалтан гэх ойлголт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн байна.

Иймд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтанд хамаарна.

Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” тухай ойлголтыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар ойлгох бөгөөд тус зүйлд заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;” ойлгоно гэжээ.

Түүнчлэн дээрх хуульд заасан “хувийн ашиг сонирхол” гэх ойлголтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;” гэж, мөн зүйлийн 3.1.5 дахь заалтад “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;” хэлнэ гэж тодорхойлсон.

Тодруулбал Б.Б............н нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүний компанид албан тушаалын байдлаа урвуулан, албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан, Л.Б............р, Г.С............р нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийг ашиглаж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянга төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан их хэмжээ нь 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг ойлгохоор заажээ.

   Иймд шүүгдэгч нарын бусдад учруулсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 109.415.831 төгрөг нь их хэмжээний хохиролд хамаарч байна.

   Харин улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”-ыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй бөгөөд

- шүүгдэгч Л.Б............рын хувьд 2011 онд батлагдсан “Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.2 дахь заалтад заасан “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 2001 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ.”, 2015 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.6 дахь заалтад заасан “хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэснийг,

- шүүгдэгч Г.С............рын хувьд 2011 онд батлагдсан “Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.2 дахь заалтад заасан “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 2001 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 2015 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.6 дахь заалтад заасан “хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан “Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно.” гэснийг өөр өөрсдийн үйлдлээр зөрчиж үйлдлээрээ Б.Б............нтай бүлэглэсэн байна.

Хэдийгээр Г.С............рын хувьд би Б.Б............н гэдэг хүнийг танихгүй, “Тиарарезот” ХХК-тай байгуулсан манай ангийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй байсан, тухайн гэрээнд би гарын үсэг зураагүй,  би тухайн зөрчлийг өөрөө Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газрын санхүүгийн хяналтын тасгаас манай ангид шалгалт ороход хэлсэн, Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд авлага үүсгэлгүй зардалд бүртгэж дараа ондоо авлагад бүртгэж болно гэх тайлбарыг гаргах боловч тэрээр ангийн захирагчийн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх үүрэг өөрт нь байсан. Мөн тэрээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;” зөрчин 2015 оны 7 дугаар сараас 12 сарын хооронд гарсан зардлыг 2015 оны жилийн эцсийн тайланд зардлаар бүртгэлгүй харин эсрэгээрээ авлагаар бүртгэсэн болох нь Батлан хамгаалах яамны Улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаар акт, “Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн 221 дүгээр дүгнэлтэд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн хохирогчоор Батлан хамгаалах яам тогтоогдох учиргүй тухайн хохирол, хор уршиг нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас гарсан гэж шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэх боловч 1993 оны Монгол Улсын Батлан Хамгаалах тухай хуулийн 9 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийн зарцуулалтад  хяналт тавих;” эрхийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эдэлдэг тул хохирогчоор Батлан хамгаалах яамыг тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтүүд нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул тэдний дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Энэ гэмт хэргийн улмаас Б.Б............н нь өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүн С.Т.....лын “Тиарарезот” ХХК-н амралтын газар болон орон сууцанд Зэвсэгт хүчний 017 дугаар ангиар 109.415.831 төгрөгийн бараа, материалын зардал гаргуулан засвар, үйлчилгээг хийлгүүлсэн байна. Шүүгдэгч Б.Б............н, иргэний хариуцагч С.Т.....л нар нь  шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд дээрх төлбөрийг төлж барагдуулжээ. Иймд шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Б............р гэрчээр, шүүгдэгч Г.С............рын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг яллах талын нотлох баримтаар тооцож оруулсан байна.

Гэтэл шүүгдэгч Г.С............рын сэжигтнээр өгсөн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр (2 хавтаст хэргийн 73-74) өгсөн мэдүүлгийг прокурорын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор (2 хавтаст хэргийн 62-63) хүчингүй болгосон.

Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...;” гэж заасныг зөрчин энэ хэргийн шүүгдэгч болох Л.Б............роос гэрчийн мэдүүлэг авч тухайн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцсон байгааг шүүх нотлох баримтад үнэлээгүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............ныг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч   Л.Б............р, Г.С............р нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт хураагдсан эд баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй гэсэн дүгнэлтийг;

Шүүдэгч Б.Б............ны өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь  заалтад “учруулсан хохирлыг төлсөн” байдал нь банкны дансны хуулга, хохирогч Батлан хамгаалах яамнаас гаргасан албан бичгээр зэргээр нотлогдож байна. Мөн хуулийн 1.6 дахь заалтад “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь сонгох санкцтай тул торгох ял буюу 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирлыг хууль заасан хугацааны дотор төлж эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх урьдчилсан нөхцөлийг харгалзан үзнэ үү. Хувийн байдлын хувьд Б.Б............н нь бага насны нярай хүүхэдтэй, гэр бүлдээ анхаарал тавих нөхцөл бололцоог хангаж өгнө үү, нийтийн албаны ялын талаар хэлэх зүйл байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Б............р, Г.С............р нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б............р, Г.С............р нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөр гэж байхгүй. Мөн 1.3 дахь заалтад “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг  нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Л.Б............р, Г.С............р нарт торгуулийн ял хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Б............р, Г.С............р нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б............н нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б............ныг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Л.Б............рыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.С............рыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн 2017 0100 0122 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чонос овогт Б............р Б............н, Ялгасан гэгээн овогт Л............вын Б............р, Галсан Ёндон овогт Г............тын С............р нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

- шүүгдэгч Б.Б............ныг нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасч 25.000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох,

- шүүгдэгч Л.Б............рыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох,

- шүүгдэгч Г.С............рыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............н, Л.Б............р, Г.С............р нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

                                                    ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

                                                                                               Л.БААТАР