Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 586

 

Б.Б, Г.С, Л.Б   нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Б , Г.С , шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун, Ш.Мягмарцэрэн, Б.Оюунбилэг, Д.Наранцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд, иргэний хариуцагч С.Т , түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 646 дугаар магадлалтай, Б.Б, Г.С, Л.Б   нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б  өмгөөлөгч Ж.Энхчулуун, Ш.Мягмарцэрэн, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б , Г.С , тэдний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,  Ч овогт Б Б,

2. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Л Б,

3. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б , Л.Б , Г.С  нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 25,000,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Л.Б ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 7,000,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Г.С ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б , Г.С  нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Л.Б , иргэний хариуцагч С.Т ын өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Нэг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлалыг эс зөвшөөрч ...хэрэгт ноцтойгоор нөлөөлж болох үйл баримтыг анхааралгүй орхисон, хэрэгт хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт зайлшгүй тодруулж шалгах зөрүүтэй нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлэхдээ нэг талын буюу хохирогч гэх этгээдийн гаргасан шалгаж нягтлаагүй тооцооны баримтад үндэслэн хохирлыг үндэслэлгүй тооцож тогтоосон, хохирогчийг илт буруу тогтоосон байдлыг шууд орхигдуулж, гэм буруугийн талаар буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

1. Анхан шатны шүүх яллагдагч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал...”-ыг нотолсон байх шаардлагыг хангаагүй, ........ нь хуулиар ямар нэгэн үүрэг даалгавар өгөх, албан тушаалын хувьд эд хөрөнгө захиран зарцуулах, албаны эрх үүргийн хувьд ямар нэгэн захиран тушаах эрх хэмжээ байхгүй, зөвхөн зөвлөх үүрэг бүхий улс төрийн албан тушаалтан байхад гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулж тооцсон нь үндэслэлгүй, хуулийн дээрх заалтыг хангаагүй гэж үзнэ.

2. Шүүх энэ байдлыг орхиж “...нийтийн албан тушаалын хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ...” гэж зөв дүгнэсэн атлаа үргэлжлүүлээд “... албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар... нөлөөлөн ...” гэж ор үндэслэлгүй эсрэг дүгнэлт хийсэн нь хуульд заагаагүй гэмт үйлдлийн нэршил, нэр томьёо зохиож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шууд зөрчиж байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэг ойлголтыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “...албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг...” ойлгоно гэж тодорхойлсноос үзэхэд Б.Б ы хувьд ....... “албан тушаалаа урвуулан ашигласан” байх үндэслэлгүй болох нь шууд тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Б.Б  нь ...хуулиар ямар нэгэн үүрэг даалгавар өгөх, албан тушаалын хувьд эд хөрөнгө захиран зарцуулах, албаны эрх үүргийн хувьд ямар нэгэн захиран тушаах эрх хэмжээ байхгүй, зөвхөн зөвлөх үүрэг бүхий улс төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн байх тухай ямар ч эрх зүйн дүгнэлт, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт байхгүй, ийм боломж ч байхгүй байна.

4. Харин Б яамны ....ажиллаж байхдаа Т-д болсон асуудлыг шалгаж шийдвэрлэх, аудитын шалгалт оруулж илэрсэн зөрчлийг арилгах, “Т р” ХХК-ыг нэр заан оруулж төлбөрийг барагдуулах үүрэг даалгавар өгсөн болох нь гэрч Д.Д 2хх-248-250/, гэрч Д.И /2хх-60-61/, мөн аудит томилох удирдамж баталснаар гаргасан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 тоот “Нөхөн төлүүлэх” акт /1хх-52-53/ зэрэг баримтаар шууд нотлогдож байгаа нь гэм буруугийн талаар хийсэн шүүх, улсын яллагчийн дүгнэлтийг хангалттай үгүйсгэж байна.

5. Хуулийн заалтыг тайлбарлах хэрэглэхэд шууд утгаар нь тайлбарлаж, хэрэглэдэг. Харин аливаа хоёрдмол утга, далд санаа, ойлголтыг шүүхийн шийдвэр, тогтоол агуулж болохгүй, хэрэв ийм байдал үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой. Гэтэл дээрх үйл баримтуудаас үзэхэд Б.Б  нь хуулиар эрх олгогдоогүй албаны “эрх”-ийг урвуулж “...албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар...нөлөөлөн...” гэх хуульд заагаагүй үндэслэлээр ...дүгнэсэн нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан байх тул ...шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, шүүгдэгч Б.Б ы гэм бурууг нотолж тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл болж байна.

Хоёр. Хохирогч болон хохирол, иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлын талаар: 1. “Т р”  ХХК-ийн Т дэх амралтын газарт ...-р ангиас 109,415,831 төгрөг зарцуулсан гэх асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс үзэхэд ...“Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлцэж өгч авалцаагүй маргааны улмаас үүссэн иргэний хэрэг маргаанд ямар нэгэн эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй зүйл ангиар хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж өмгөөлөх тал үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчиж хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй шийдвэр гэж үзнэ.

2. Зөвхөн хохирогч гэх талын гаргаж өгсөн эргэлзээтэй баримтуудыг үндэслэн гаргасан “Авера аудит” ХХК-ийн дүгнэлт /3-хх46-79/ болон уг дүгнэлтийг үг, үсэггүй хуулбарласан ...221 тоот дүгнэлт /3хх-88-111/ нь бодит байдлаар гарсан, зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй баримтуудыг үндэслэсэн байх ба хэрэв хохирол нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотолж тогтоосон байх хуулийн шаардлагыг хангах ...нотлох баримтаар үнэлэх боломжтой болно. Гэвч энэ хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан мэргэжлийн байгууллага /Барилгын хөгжлийн төв/-ийг шинжээчээр томилж үнэхээр энэ хэмжээний зардал материал гарсан эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүх үндэслэлгүй татгалзсан болно.

3. Аливаа хэрэгт хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийг зөвхөн бодит, үнэн зөв нотлох баримтыг үндэслэн тогтоож шийдвэрлэдэг атал энэ удаад шүүх уг зарчмыг гажуудуулж “Ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнээгүй, зарцуулалтын тооцоо нийлээгүй, ажил хүлээлцсэн, хүлээлгэж өгсөн баримтгүй, гэрээгээр тохиролцсон 70,0 сая төгрөгийн төсвийг хэтрүүлэн, тохиролцсон зардлаас даруй 39,0 сая төгрөгийн зардал үндэслэлгүй нэмэгдэж илүү зардал гаргасан гэх байдлаар цаасан дээр бодит бусаар тайлагнасан, төсөв зардлыг харилцан баталгаажуулаагүй нь энэ хэрэгт хохирлыг бодитоор тогтоогоогүй, хүчээр тулгаж тогтоосон, төлүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

4. Өмчийн эрх нь өмчлөгчөөс үл хамааран адил тэгш эрхтэй байх ба өмчлөгчийн хөрөнгө чинээ, хаана хэнд хамаарч байгаагаас үл шалтгаалан, төр, хувийн өмчийн хэлбэрийг хамааралгүй уг өмчид учирсан хохирлыг шийдвэрлэхдээ адил тэгш эрх, шударга ёсны болон хууль ёсны зарчмуудыг үндэслэн шийдвэрлэх ёстой бөгөөд энэ хэргийн хувьд дээрх байдлаар хохирогчийн гаргасан нэг талын бодит эсэх нь эргэлзээтэй нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх заалтад харшлах байдлаар шууд гаргуулахаар шийдвэрлэсэн өмчийн талаар ялгаварласан шийдвэр боллоо.

5. Бидэнд байгаа баримтаар …Б.Б ыг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоосон Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр батлагдаж тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжлэн судлахаас татгалзах үндэслэл болох “...эсхүл шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”-ыг эсрэгээр нь үнэлж, гэм буруутайд тооцож байгаа байдлаас шууд харагдаж байна.

Нэгэнт гэм буруутайд тооцох шүүхээс ...109,415,831 төгрөгийн бүрэн нотлогдоогүй баримтыг үндэслэсэн төлбөрийг төлж, хуульд заасан сонгох ял шийтгэлийн хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх боломжийг хайхаас өөр арга үлдээгүй бөгөөд хэрэв төлөөгүй бол хорих ял авах зайлшгүй нөхцөл бүрдсэнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

...Б.Б ы үйлдэл холбогдол нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Б.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Мөн анхан шатны шүүх нь өмгөөлөгчөөс хурал давхцсан баримт гаргаж өгснийг харгалзан үзэлгүй өмгөөлөгчийг үндэслэлгүйгээр 300,000 төгрөгөөр торгосон ба шийтгэх тогтоолыг 1 сар 11 хоног /41 хоног/-ийн дараа бичгээр гаргаж гардуулж хууль зөрчсөн. Дээрх гомдлоор иргэний хариуцагч С.Т  болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, ...магадлалын Г.С-т холбогдох хэсгийг эс зөвшөөрч ...гомдол гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 36.7, 36.8, 39.9 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх нь хэргийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч нарын өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан байтал уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангалгүй хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэн зөвийг тогтоож шийдвэрлэх, шүүгдэгчдийн хэрэгт оролцсон оролцоог тодорхойлох боломжийг хаасан гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг анхаарч үзэлгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж Г.С ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Г.С ын хэрэгт оролцсон оролцоо, санаа сэдэл, хувийн ямар ашиг сонирхол байсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа хэрхэн, яаж урвуулан ашигласан ямар үйлдэл холбогдол байсан нь тогтоогдоогүй, Г.С ын үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субъектив санаа зорилго байгаагүйг шүүх анхаарч үзэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадаагүй.

4. Г.С  нь ....дугаар ангийн удирдлагад ордоггүй бөгөөд санхүүгийн хувьд гарсан зардлыг бүртгэсэн байтал “Т р” ХХК-д хийсэн барилгын засварын зардлыг гаргахаар шийдвэрлэсэн албан тушаалтныг эрүүгийн хэрэгт татаж шалгаагүй атлаа ангийн захирагч, барилгын инженер, албаны дарга зэрэг ангийн удирдлагуудын шийдвэрээр гарсан барилгын засвар хийсэн материалуудын санхүүгийн анхан шатны баримтуудыг бүртгэсний нь төлөө Г.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэж буйд гомдолтой байна.

5. Түүнчлэн Г.С ын буруутгаж буй санхүүгийн зардлын бүртгэл нь Олон улсын нягтлан бодох бүртгэлээр бүртгэхээр зөвшөөрөгдсөн байдаг талаар Г.С  нь анхан шатны шүүхэд холбогдох баримтыг өгч, тайлбарлан мэдүүлсээр байтал ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Б яамны ахлах байцаагч И-ийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 акт нь ...зөрчилтэй, энэ талаар гэрч И нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдэхгүй байсан” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн Г.С  нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ тодорхой бичиж, …шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлснийг шүүх огт анхаарч үзээгүй, “Авера аудит” ХХК-ийн 2017 оны 11р сарын 21-ний өдрийн 17/03, шинжээчийн 221 тоот дүгнэлтийг гол үндэслэл болгож Г.С ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болно.

Шүүх нь дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3 дахь заалтад заасныг тус бүр зөрчиж, …И нь өөрөө мэдэхгүйгээр санхүүгийн бүртгэлийн зөрчил гэж үзэж акт гаргасан, энэ актыг үндэслэн “Авера аудит” ХХК, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид дүгнэлт гаргасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7. Хэрэгт цугларсан нотлох баримт гэрч, шүүгдэгчдийн мэдүүлгээс үзэхэд ...эд хөрөнгийн санхүүгийн анхан шатны баримтуудыг ангийн санхүүгийн зарлага гарах журмаар гарган зардалд бүртгэх, гарсан зардлын дагуу төлбөрийг авах талаар өөрийн санаачилгаар өөрийн ажлын байранд заасан болон дүрэм, журамд заасны дагуу хөөцөлдөж, холбогдох ажилтан, удирдлагад удаа дараа шахалт үзүүлж, шаардлага тавьж байсан нь харагдаж байтал анхан шатны шүүх эдгээрт ач холбогдол өгөөгүй.

8. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн хохирогч хэн болохыг анхаарч үзсэнгүй. Тодруулбал: ...Б яамыг хохирогчоор тогтоож, хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхой бус, хохирол гэж үзэж буй хөрөнгө нь ...дугаар ангийнх эсхүл Б яамных болохыг тодруулалгүй эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан хэргийг хуульд заасан журмын дагуу хянаж, шийтгэх тогтоол, магадлалын Г.С т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.С , Л.Б , тэдний өмгөөлөгч Д.Наранцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалд дараах нөхцөл байдлуудыг үндэслэн гомдол гаргаж байна.

1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Л.Б , Г.С  нар Б.Б тай эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан түүнд давуу байдал олгосон үйлдэлд хамтран оролцох боломжгүй байдал тогтоогдсон байгаа. Л.Б  хэрхэн яаж Г.С тай бүлэглэсэн, Б.Б  мөн Г.С тай ямар үйлдлээр яаж бүлэглэсэн байдал тогтоогдоогүй. Б.Б  албан үүргийн хувьд Л.Б т үүрэг өгөх этгээд биш байгаа тохиолдолд Л.Б  санхүүгийн албаны дарга Г.С т барилгын ажил эхлүүлэх болон хийх үүрэг өгөх боломжгүй. Тэгээд ч Г.С  ажил эхэлснээс хойш гэрээ байгуулагдсаны дараа мэдэж санхүүгийн баримтдаа тусгасан байдаг.

2. .... дугаар анги хугацаат цэргийн албан хаагчгүй, жил бүр үндсэн үйл ажиллагаа болох барилгын засвар үйлчилгээний ажлаасаа орлого олж Б яамны барилгын санд төвлөрүүлдэг байна. ....дугаар ангийн төсвийг шууд захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан ангийн захирагч Л.Б  юм.

3. Магадлалд улсын байцаагч Д.И-н гаргасан дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт гэж дурдсан бөгөөд энэхүү дүгнэлт нь дараа дараагийн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон байдаг. Шүүх хуралдаанд оролцсон Д.И нь дүгнэлтийг бичгээр гаргах үед... Монгол Улсын нэгдэн орсон “Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн тунхаглал бичиг”-ээр зохицуулсан талаар мэдээгүй байсан... гэсэн ба тусгай мэдлэгтэй мэргэжилтний хувьд түүний гаргасан дүгнэлт зөрүүтэй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 16.15 дугаар зүйлүүдэд зааснаар гэм буруутайд тооцох нотлох баримтад хамаарахгүй. Дээрх ...тунхаглал бичгийн 11 дүгээр зүйлд нэгэнт байгуулагдсан гэрээг хүлээн зөвшөөрч зардалд тооцон гаргуулдаг үйлдлийг гэм буруутай үйлдэлд тооцдоггүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг энэ тохиолдолд хэрэглэх байсан. Шинжээч Д.И-ийн зөрүүтэй дүгнэлтийг үндэслэл болгон гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн байдлыг бий болгож байна.

4. Г.С ын хувьд Б.Б , Л.Б  нарын уулзалтыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан, нэг ч удаа ажил хийж байхад үед Б.Б тай уулзаж байгаагүй. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасныг Г.С т хамааруулан гэм буруугийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан бүлэглэсэн гэх нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй ба шүүхээс уг нөхцөл байдлыг дурдаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ба энэ талаар нэмэлт ажиллагаа хийгдээгүй байхад шүүх гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдлуудыг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хуулийг зөрчсөн.

7. Хэрэв албан тушаалын гэмт хэрэгт Л.Б , Г.С  нарыг холбогдсон гэж үзвэл Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл байсан. Дээрх нөхцөл байдлуудаар шүүх Л.Б , Г.С т хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн гэм буруутайд тооцсон, мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоогдоогүй, зөрүүтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Л.Б , Г.С  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч Ж.Энхчулуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж ... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлан заасан байна. Хууль тогтоогчийн хүсэл зориг, Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд энэ гэмт хэргийг “Материаллаг бүрэлдэхүүнтэй” гэмт хэрэг гэж хэвшсэн ойлголттой. Энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн онцлог нь үйлдэл, эс үйлдэхүй, үр дагаврын хооронд шалтгаант холбоо, үр дагавар байхыг заавал шаарддаг онцлогтой. Иймд мөрдөн шалгах ажиллагаа энэ чиглэлээр хуулийн хүрээнд явагдах учиртай.

...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн диспозицид заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал гэх ойлголт, гэмт хэргийн субьектыг ...хуулиудад заасан ёсоор ойлгоно гэж огт хуульчлаагүй.

Гэтэл энэ төрлийн ...гэмт хэргийн үр дагавар, хохирол шаарддаг бөгөөд хэргийн бүрэлдэхүүнд зайлшгүй байх учиртай элемент бол гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго байдаг. Энэхүү сэдэлт нь шунахайн болон өөр бусад зорилготой байхыг шаарддаг. Хэрвээ шунахайн сэдэлттэй гэж үзвэл нэхэмжлэгчид учирсан материаллаг хохирол, үйлдлийн хооронд зайлшгүй шалтгаант холбоо байж, нууц далд аргаар, урьдчилан тохиролцож үйлдэгдсэн, хохирол учруулсан /хохирогч/ иргэн, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, доголдуулсан байхыг шаарддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, өөр бусад байдлаар энэ сэдэлт бий болсон нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд “Их хэмжээний хохирол” учруулсан байхыг шаардаж хуульчилжээ. Энэхүү их хэмжээний хохирол хэрхэн яаж учирсан болохыг тогтоосон нөхцөл байдал дутуу шалгагдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гэдгийг “...нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл” гэж тодорхойлсон. Аливаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тухайн гэмт үйлдлийн улмаас иргэн, нийгэм, төрд учирсан хохирол, гэм хорын хэмжээгээр тодорхойлдог. Гэтэл иргэний гэрээний дагуу үүссэн, хуулийн этгээдүүдийн хоорондын харилцаа, ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүссэн төлбөр тооцооны асуудлыг “нийгмийн аюулын хэр хэмжээ” болгон тооцож байгаа нь эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны онол, эрүүгийн хуулийн зарчмуудад нийцэхгүй болно.

Нийгмийн аюулын хэр хэмжээ материаллаг тоо хэмжээнээс гадна ухамсарласан, гэмт үйлдлийн үр дагавар, хүрсэн үр дүн байдгаараа иргэний гэрээний харилцаанаас ялгагддаг. Ажил гүйцэтгэх гэрээ ёсоор 70 сая төгрөгийн ажил гүйцэтгэх байсан ч гүйцэтгэсэн ажлын чанар, хугацаа хожимдуулсан зэргээс хамаарч ажлаа бүрэн дуусгаагүй бөгөөд шинжээч нарын дүгнэлтээр 109 сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзжээ. ...Шинжээчдийн дүгнэлтийг дахин хянуулах, маргах эрхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт олгоогүй явдал нь нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал” гэж тодорхой заасан. 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой нотолж, тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогч, хохирлын хэмжээ, гэм буруугийн талаар дараах байдлаар дүгнэлт хийжээ.

Албан тушаалын байдал гэдэгт “Албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг бөгөөд ... даргаар ажиллаж байгаа нөлөөг ашиглан ... 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь ... гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Б , Л.Б , Г.С  нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн байдаг.

Шүүх бүрэлдэхүүний дээрх дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь: Эрүүгийн хуулийн энэ зүйл ангид (диспозицид) “Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” гэж маш тодорхой заасан ба улсын яллагчийн яллах дүгнэлтэд дээрх 3 үйлдлийг бүгдийг нь тусгаж буруутгасан. Анхан шатны шүүхээс дээрх үндэслэлүүдийг бататгаж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс зөвхөн “Албан тушаалын байдал” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрч, бусад үндэслэлүүдийн талаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийг бүхэлд нь хянах тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” Гэтэл энэхүү гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоож чадаагүй атлаа “Албан тушаалын байдал” гэж дүгнэлт хийж, улмаар хариуцлага хүлээлгэж буй нь ямар ч үндэслэлгүй юм.

3. Энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсэн заалтыг журамлан хариуцлага хүлээлгэжээ. Аливаа гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд дараах нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоосон байхыг шаарддаг. Үүнд:

а/ Бүлэглэж, санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд нэгнийх нь үйлдэл, бусдынхаа үйлдлийн урьдач нөхцөл болж байдаг.

б/ Гэмт хэргийн оролцогчид туйлын идэвхтэй үйлдэл хийж, хамтын үйл ажиллагааныхаа эцэст хүссэн үр дагавартаа хүрсэн байдаг.

в/ Гэмт хэргийн оролцогчид гэмт үйлдлийнхээ эцсийн үр дүн, үр дагаврыг бүрэн ойлгож, түүнд хүрэхээр санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хийж гүйцэтгэдэг.

г/ Зөвхөн санаатай гэмт хэргийн оролцогчид бүлэглэж гүйцэтгэдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бүлэглэсэн” гэх гэмт этгээдүүдийн санаа зорилго, нэгдмэл байдлын талаар ямар ч шалгаж тогтоосон, нотолсон зүйл байдаггүй болно.

4. Б.Б  нарын хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээд хэмжээгээр торгох ял шийтгэсэн байдаг.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хууль ёсны болон энэрэнгүй ёсны зарчмуудыг удирдлага болгодог онцлогтой. Гэтэл Авлигатай тэмцэх газар, Прокурор, Шүүхээс зөвхөн эрүүгийн ял шийтгэлийн дээд, доод хэмжээ нь өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хууль буцаан хэрэглэсэн ч энэ талаар шийтгэх тогтоол, магадлалуудад ямар ч дүгнэлт хийгдээгүй байдаг.

...Зөвхөн ялын хэмжээ өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн явдал нь учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүх ял оногдуулахдаа Б.Б ы хувийн байдлыг харгалзан гэж дүгнэсэн атлаа нэмэгдэл ялыг 5 жилийн хугацаагаар оноосон. Төрд ажиллах хугацаандаа үүнээс өөр ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй. Анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн байж энэ дүгнэлтийнхээ эсрэг шийтгэл оногдуулсан.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхүүдийн шийдвэрт шууд нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа нь хяналтын шатны шүүх хуралдааны явцад засаж, залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “...Б.Б ы гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж тогтоосон. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ...зөвлөх, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Б яамны ....үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан байдаг. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд энэ хугацааг гэмт хэрэг үргэлжилсэн хугацаа гэж үзсэн. Анхан шатны шүүхээс ........албан тушаалд байхдаа ямар байдлаар албан тушаалаа урвуулсан талаар нотолсон зүйл байхгүй. Эрх үүргийн хувьд үүрэг даалгавар өгөх, захиран зарцуулах эрх зөвлөхийн албан тушаалын эрх хэмжээнд байдаггүй. Тэгэхээр хуулийн нэр томъёог ашиглахдаа нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх асуудал дээр дүгнэлт хийгээгүй хийсвэр байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай. Шийтгэх тогтоолд нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй гэж зөв дүгнэсэн атлаа албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар нөлөөлсөн гэж ямар ч үндэслэлгүй, хуульд байхгүй дүгнэлт хийсэн. Албан тушаалын дээгүүр эрх гэдгийг юу гэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Хуулийг дураараа тайлбарласан нөхцөл байдал харагддаг. Хэрвээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа бол хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлээ хийсэн байх гол үндэслэлээ заасан байх ёстой. Гэм бурууг үгүйсгэх хангалттай нөхцөл байдал нь .... яамны ....үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдсоны дараа нэр бүхий 10 аж ахуй нэгжид аудитын шалгалт оруулахад иргэн С.Т д хамаарал бүхий “Т р” ХХК-ийг нэр заан оруулж, өр авлагыг барагдуулах, боломжгүй тохиолдолд шүүхэд өгөхөөр Б.Б  өөрөө тушаал гаргасан нь гэрч Д.Д, Д.И, нөхөн төлүүлэх акт, аудит томилох удирдамж зэргээр шууд нотлогддог. Хэрвээ албан тушаалаа ашиглаж байгаа юм бол аудит томилж, шүүхээр явж байгаа нь давуу байдал үүсгэсэн үү өр, авлагаа барагдуулахаар явсан уу гэдэг нь баримтуудаас тодорхой харагдана. Б.Б ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоосон Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэ үйл баримтыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр доорх байдлаар томъёолж гаргасан. Б.Б ыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргамагц Авилгатай тэмцэх газарт Б яамны гомдлоор хэрэг бүртгэлт нээдэг. Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гарсны дараа яллагдагчаар татдаг. Давж заалдах шатны шийдвэр гарсан өдрийн маргааш хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлнэ гэх мэт цаг хугацааны хачирхалтай байдлууд байгаа. Захиргаа болон эрүүгийн шүүхүүд эрх хэмжээний хувьд адил тэгш бөгөөд захиргааны хэргийн шийдвэр эрүүгийн хэрэгт хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Хэдийгээр өөр эрх зүйн харилцааг шийдвэрлэсэн боловч эрх хэмжээний хувьд тэнцүү байгаа шүүхүүдийн эрс зөрүүтэй шийдсэн байдлыг хэрхэн дүгнэх талаар асуудал гарч байгаа бөгөөд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдаж байна. Маргаан бол ажлаа хүлээлгэж 109 сая төгрөг нэхэмжилсэн буюу үүнээс шалтгаалаад ажлаа хүлээлгэж өгөөд зардлаа нотол гээд иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэгт байгаа. “Авера аудит” ХХК-ийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үг үсэггүй хуулж, хохирлыг тогтоосон мэт орж ирдэг. Гэтэл зөвхөн  нэг талын гаргаж өгсөн баталгаажаагүй баримтыг үндэслээд 109,415,831 төгрөгийг гаргуулахаар шийдсэн.  н.М-г мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэсэн боловч энэ асуудал орхигдсон. н.М бол 70,000,000 төгрөгийн засварын ажлын гэрээг хийсэн бөгөөд Б.Б  нөлөөлсөн эсэх талаар тодорхой зүйлийг ярих хүн байгаа юм. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэсэн шинжид дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн 40.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмууд бүгд зөрчигдсөн. Б.Б ы албан тушаалын байдлаа ашигласан гэдэг нь нотлогдоогүй учраас түүнийг цагаатгах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...1. Энэ хэрэгт шүүгдэгч нарын бүлэглэн учруулсан гэж иргэний хариуцагчаар татагдсан “Т ” ХХК-ийг 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотолсон байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад шийдвэрлэсэн. 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэх асуудлыг нотлогдоогүй гэж мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хараат бус шинжилгээ хийлгэх хүсэлтийг байнга тавьж байсан боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Т” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын үүргийн гүйцэтгэлд 109,415,831 төгрөгийг нэхэмжлэн иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогддог бөгөөд ...Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас “Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримтыг гаргуулах”-аар шүүгчийн захирамж гарч хүчин төгөлдөр болсон боловч …шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсоор байхад зөвхөн нэг талын баримт буюу ...санхүүгийн шинжилгээний дүгнэлтээр хохирол, иргэний нэхэмжлэлийн хэмжээг тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж хэрэгт хамааралтай онцгой ач холбогдол бүхий баримтыг хянаж үнэлээгүй, ...шүүхээс анхаарч үзэлгүйгээр 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2. Иргэний журмаар нэхэмжлэл гаргахаар ....дугаар анги нэхэмжлэгчээр оролцдог, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах болоход ...яам хохирогчоор оролцож буй эргэлзээ бүхий байдалтайгаар хохирлын буюу иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу субьектыг хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ....дугаар анги нь ...яамнаас олгосон барилга барих тусгай зөвшөөрлийн хүрээнд бие даасан шийдвэр гаргаж, 70 сая төгрөгийн төсөв бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах боломжтой МУ-ын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ...нөхцлийг бүрэн хангасан субьект болохыг шүүхээс огтхон ч анхаарч үзээгүй.

3. Нэг талын гаргаж өгсөн, үнэн өв эсэх нь эргэлзээ бүхий баримтуудыг үндэслэн гаргасан “Авера Аудит” ХХК-ийн дүгнэлт /3хх-46-79/ болон энэхүү дүгнэлтийг ямар ч зөрүүгүй шууд хуулбарласан 221 тоот дүгнэлт /3хх-88-111/ нь зөвхөн хийсвэр тоон тооцооллыг гаргаж, тухайн зардлууд нь бодитойгоор гарч, Тэрэлж дэх амралтын газрын барилгын ажил, засвар зэрэгт зарцуулагдсан эсэх нь огт нотлогдож тогтоогдоогүй гэдэг нь илэрхий байна. Гэтэл ийм хийсвэр, бодитойгоор нотлогдоогүй /нотлохыг ч хүсээгүй/ баримт дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг иргэний хариуцагчийн зүгээс хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэлгүйгээр шийдсэн гэж үзэж байна.

4. ...Б.Б , Л.Б , Г.С  нарт холбогдох хэргийн гэм буруугийн хуралдааны төгсгөлд шүүхээс 109,415,831 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б , иргэний хариуцагч С.Т  нар нь 2 хувааж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Учир нь мөрдөн байцаалтын явцад “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байдаг болохоос 45%-ийн хувьцаа эзэмшдэг С.Т ыг иргэн хүнийх нь хувьд татсан явдал байхгүй. Мөн шүүгдэгч Б.Б ыг ямар үндэслэлээр 109,415,831 төгрөгийн тал болох 54,707,915,5 төгрөгийг төлөх талаар тайлбарлаагүй. Нэгэнт шүүгдэгч нарыг бүлэглэн үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн атлаа хохирлыг ийнхүү ялгамжтай байдлаар хуваан төлүүлэх болсон үндэслэлээ мөн дурдаагүй болно.

5. Шүүгдэгч Б.Б ыг “Т” ХХК-ийн ... дэх амралтын газрын барилга болон өөрийн оршин суудаг ...байрны засварт тус тус хэдэн төгрөгийг зарцуулсан болох, хэний өмчлөл, эзэмшилд байдгийг нарийвчлан тогтоогоогүй, 109,415,831 төгрөгийн хохирлын аль хэсэг нь ...дэх амралтын газарт хамааралтай, аль нь байрны засварт зарцуулагдсан зэрэг нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчимтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр ...шийтгэх тогтоол, …магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин нягтлан шалгуулахаар прокурорт буцаан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр гомдол гаргасан. Г.С ыг бүртгэл хийснийх нь төлөө гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн заалт бөгөөд Г.С  нь албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан гэдгийг нотлоогүй. Харин эсрэгээрээ хуулиар олгогдсон эрхийн хүрээнд бүртгэл хийсэн. Г.С  бол зардал гаргах биш, гарсан зардлыг бүртгэдэг албан тушаалтан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-т “...санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт багтана” гэж тус тус заасан. Барилгын гэрээний стандартын 11-д зардал гарсны дараа бүртгэл хийхийг зөвшөөрсөн зарчим байдаг. Г.С  Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын барилгын гэрээний 11-т заасны дагуу бүртгэсэн учраас хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн Олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө”, 26.2-т “...Төсвийн бүртгэлийг тохируулсан аккруэл сууриар бүртгэж тайлагнана”, 26.3-т “...Улсын салбар, төсвийн бүртгэлд ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан. Батлан хамгаалах яамны ахлах байцаагч Д.И 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгэлийг хийгээгүй гэсэн акт гарсан. Гэтэл Д.И 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт Барилгын гэрээний 11-д тусгахгүйгээр тухайн зардлыг шууд зардал гэж тайлан бүртгэлд тусгадаг байсан талаар мэдээгүй гэж мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд байгаа. Д.И-ийн гаргасан актаар “Авера аудит” ХХК шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл Олон Улсын стандартад зардлыг гарсны дараа бүртгэдэг гэдгийг мэдээгүй байх үедээ улсын байцаагчийн акт гаргасан. Г.С  бол энэ хэргийн субъект биш, нягтлан бодох бүртгэлийн дагуу стандартын зардлын бүртгэлийг хөтөлсөн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед стандартыг гаргаж өгсөн байхад үүнийг анхаарч үзээгүй. Иймд гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул Г.С ыг цагаатгаж өгнө үү. Хохирогч бол Зэвсэгт хүчний жанжин штаб байх ёстой байсан. Харин ч зардлуудаа нэхэмжилж байсан хүн нь Г.С  бөгөөд Л.Б , Б.Б тай бүлэглэсэн гэх байдал тогтоогдоогүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б , Г.С  нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоолд Л.Б , Г.С  нар өөрсдийн үйлдлээ зөрчиж Б.Б тай үйлдлээрээ нэгдсэн гэсэн байдаг. Тэгэхээр Л.Б  албан тушаалын хувьд Б.Б , Г.С  нартай яаж холбогдсон талаар дүгнэлт хийгээгүй. Б.Б  нь .... ажиллаж байхдаа .... дугаар ангийн захирагч Л.Б той хувиараа уулзсан байдаг юм билээ. Тэгээд гэрээ байгуулсны үндсэн дээр засварын ажил эхэлсэн байдаг бөгөөд байгууллагуудын 3 дугаар улирлын тайлан гарах үеэр Г.С ын мэдсэн үйлдлийг яаж холбоод байгаа нь тодорхой бус байхад нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж хамааруулсан нь хууль бус гэж үзэж байна.  Хэдийгээр Г.С  Олон Улсын стандартын дагуу бүртгэл хийсэн хэдий ч ангийн захирагч Л.Б ын тушаалыг биелүүлэхгүй байх үүрэгтэй байсан гэж дүгнэсэн. Гэтэл ямар нэгэн тушаал өгсөн талаар баримт байхгүй учраас энэ дүгнэлт нь буруу юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн тунхаглалын дагуу төлөгдөөгүй төлбөрийг дараагийн тайланд оруулж тооцохыг зөвшөөрсөн байдаг. Д.И.-ийн дүгнэлт дараа дараагийн дүгнэлтийн үндэс болсон гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ..... дугаар анги нь аж ахуйн тооцоотой, барилгын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хоёрдмол удирдлагатай харагдаж байна. Гэрээнд Г.С ын гарын үсэг байхгүй, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр бүртгэл хийсэн гэм буруугийн асуудлыг шийдэхдээ хууль зөрчсөн. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт н.Д гэх хүн гэрчээр оролцсон бөгөөд 017 дугаар анги үндсэн үйл ажиллагаанаас олох орлогоо жил бүр давуулан биелүүлж байсан гэж мэдүүлсэн. Шүүхээс өмнө нь хэргийг буцааж 8 ажиллагаа хийлгэхээр дурдсан боловч дахин нэмэгдсэн баримт байхгүй. Тийм учраас Г.Б, Г.С  нар үйлдлээрээ нэгдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Б.Б  нарт холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон. Хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хэргийг 1 жил 3 сарын дараа шийдвэрлэсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд, тодорхой орон зайд нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэггүй буюу үргэлжилсэн цаг хугацаанд үйлдэгддэг онцлогтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга бөгөөд хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж, ард түмний төрд итгэх итгэлийг бууруулж, төрийн байгууллагын нэр хүндийг унагадаг хор уршигтай. Б.Б д оноосон ял хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч Э.Энхчулуун, Ш.Мягмарцэрэн,  иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б , Г.С , тэдний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б , Л.Б , Г.С  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уг хоёр хэсэгт тавих хууль ёсны шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Б.Б ыг 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ....-р, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл .... яамны .... үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж ....дугаар ангийн захирагч Л.Б , ..... Г.С  нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр ..... С.Т ын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн ........... дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух ....байрны засварын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн ..... дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Л.Б ыг ..... дугаар ангийн ....-р ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “..Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах..” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн .... Г.С , .... үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б  нартай бүлэглэн Б.Б д давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний .... С.Т ын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн .... амралтын газрын барилгын болон Б.Б ы оршин суух .... байрны засварын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн .... дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Г.С ыг .... дугаар ангийн ...-р ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б , ..., .... яамны .... үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б  нартай бүлэглэн Б.Б д давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний .... С.Т ын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн .... амралтын газрын барилгын болон Б.Б ы оршин суух ....тоот ....байрны засварын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн .... дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт, уг үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нар уг гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй дүгнэгдэх нөхцлүүдийн талаар хуулийн шаардлагад нийцүүлж дүгнэлтээ хийжээ.

Мөн давж заалдах шатны шүүх ч шийтгэх тогтоолын энэхүү хэсэгт нэмэлт тайлбар хийхдээ эрх хэмжээнийхээ хүрээ хязгаарыг давсан, хууль зөрчсөн дүгнэлт хийгээгүй байна.

Харин, анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулах 3 төрлийн сонгох ялаас хамгийн хөнгөн төрлийг сонгох болсон үндэслэлээ огт тайлбарлалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд ийнхүү ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр хуульчилсан байна.

Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлж, засуулалгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээрээ мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм.

Эрх зүйт төрийн шударга ёсны, хууль ёсны зарчмыг зөрчиж, цаашлаад эд хөрөнгийн эрхэд халдаж бодит хохирол учруулж байгаа нь уг гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэдэг тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болж хуульчлагдсан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулыг бүрэн тодорхойлоогүйгээс эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд хэрхэн нийцэж, тохирч байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар огт дүгнэлт хийгдээгүй давж заалдах шатны шүүхийн шийдвэр аль аль нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага нь “Шударга ёсны зарчим”-тай нийцсэн эсэхийг дүгнэх бололцоогүй нөхцөл байдалд хүргэж байх тул энэ талаар шүүх хуралдаанд оролцсон прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал нь ялын төрлийг сонгох, цаашлаад сонгосон ялын хэмжээнд ямар харьцаатай нөлөөлж байгаад эрх зүйн дүгнэлт өгвөл зохино.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын тухайд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрүүд бүхэлдээ хүчингүй болсон тул эцэслэн шийдвэрлэгдээгүй гэм буруугийн асуудлаар хариу өгөх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 646 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцаасугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН