Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 368

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05601 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.Нэмэхбаяр, Ж.Бэхмаа, О.Уянга нарт холбогдох         

Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 28 675 163,56 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, М.Жаргалмаа, Э.Мөнх-Эрдэнэ

Хариуцагч Ж.Бэхмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Нэмэхбаяр нь тус банктай 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцыг барьцаалсан. У.Нэмэхбаяр нь 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авто ослын улмаас нас барсан. Зээлдэгч нас барсан өдрөөр зээлийг тооцоход үндсэн зээл 22 726 960 төгрөг, хүү 5 536 661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 411 541 төгрөг нийт 28 675 163 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нас барсан тул түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах, үүний тулд банк өв нээгдэх 1 жилийн хугацааг хүлээсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Зээлдэгчийн өвлөгчийн хувьд эх Ж.Бэхмаа, О.Уянга, хүү Н.Өрнөхбаяр нар боловч О.Уянга нь өвлөх эрхээсээ татгалзсан. Харин Ж.Бэхмаа өвийг хүлээн авсан. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан өвлөгч юм. Иймд О.Уянгад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хуулийн 153, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт зааснаар Ж.Бэхмаагаар 28 675 163 төгрөгийн үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2012 онд У.Нэмэхбаяртай танилцаж, 2014 онд бидний дундаас Н.Өрнөхбаярыг төрүүлсэн. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 19-нд нөхөр У.Нэмэхбаяр автомашины осолд орж нас барсан. Иймээс нөхөр У.Нэмэхбаярын өмчлөлд байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас өөрийн хүү Н.Өрнөхбаярт ногдох хэсгээс татгалзаж, хадам ээж Ж.Бэхмаад өвийг шилжүүлэн өгснөөр өв хөрөнгөтэй холбоотой асуудал /Хас банкны зээл/-д хамааралгүй гэжээ.

Хариуцагч Ж.Бэхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгаач хүү У.Нэмэхбаяр нь байраа барьцаалан Хас банкнаас 25 000 000 төгрөгийг хадам эх н.Отгонтуяатай нийлж авсан, би энэ зээлийг аваагүй. Банкнаас хүн ирж намайг “Отгонтуяа юу” гэж асуусан. Хүүхдээ нас барсны дараа үүнийг мэдээд зээлийн эдийн засагчтай н.Отгонтуяаг уулзуулсан. н.Отгонтуяа нь О.Уянгын ээж бөгөөд 15 000 000 төгрөгийг төлнө гэж байсан. Би зээл аваагүй, зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас банк” ХХК нь талийгаач У.Нэмэхбаярын зээлд юу юу хэдэн төгрөг шаардаад байгаа нь мэдэгдэхгүй байгаа. О.Уянга нь өвлөх эрхээсээ татгалзсан, Ж.Бэхмаа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатчид хандсан боловч гэрчилгээ нь гараагүй. 800 000 төгрөг төлөх шаардлагатай, үүнийг төлж чадаагүй учраас гэрчилгээ нь гараагүй. Талийгаачийн зээлийг хэн төлөх нь мэдэгдэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бэхмаад холбогдох улсын бүртгэлийн Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Хас банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар У.Нэмэхбаярт холбогдох Хас банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Отгонтуяагийн Уянгад холбогдох 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Хас банк татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ ХасБанк болон У.Нэмэхбаяр нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдаж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасан Баталгаат ипотекийн гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч бөгөөд барьцаалуулагч У.Нэмэхбаяр 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан ба мөн өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 28 675 163,56 төгрөг байсан. У.Нэмэхбаяр нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн ганц өмчлөгч байсан бөгөөд хууль ёсны өвлөгч болох хүү Н.Өрнөхбаярын хууль ёсны төлөөлөгч О.Уянга нь Н.Өрнөхбаярт ногдох өвлөх эрхээс татгалзсан. Хууль ёсны өвлөгч Ж.Бэхмаа өвлөх эрхээсээ татгалзаагүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ гаргасан боловч хураамж, төлбөрөө төлөөгүйгээс гэрчилгээ гараагүй. Хасбанк нь нэхэмжлэлдээ үйл явдал, нөхцөл байдлуудыг тодорхой тусгаж, "У.Нэмэхбаяртай байгуулсан зээлийн гэрээний "зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг гүйцэтгэгдээгүй, зээл төлөгдөөгүй байгаа" учир 28 675 163,56 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох өвийн хөрөнгөөс хангуулж өгнө үү" гэдэг агуулгатайгаар гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт "зээлдэгч нас барснаар түүний иргэний эрх зүйн харилцаа үүсгэх бүхий л үүрэг дуусгавар болж, харин өвлөгчийн үүргийг өвлөгч хариуцах харилцаа үүснэ" гэж дүгнэсэн атлаа "нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн үүрэг буюу төлөх зээл хэд болох, үүргийг хэнээр гүйцэтгүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгэх эсэхийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, үндсэн үүргийг хэнээс ч шаардаагүй атлаа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй болжээ" гэсэн хоорондоо илтэд зөрүүтэй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Зээлдэгч У.Нэмэхбаяр нас барсан, тус зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авч харилцааг үргэлжүүлэхээр түүний өв залгамжлагч хүсэл зоригоо илэрхийлээгүй, зөвшөөрөөгүй байхад үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг Ж.Бэхмаагаас шаардах хууль зүйн үндэслэл банкинд байхгүй гэж үзсэн бөгөөд зээлийг төлүүлэх зорилгоор уулзалт хийхэд төлөх хүсэл эрмэлзэлгүй байгаагаа илэрхийлсэн уулзалтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Харин барьцаа хөрөнгөд ногдуулсан үүргийн хувьд хөрөнгийн өвлөгч /барьцаалуулагч/ байж болох этгээдийн хувьд хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэхээр хандсан болно.

Шүүхээс талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.7-д "өв залгамжлагч банктай тохироогүй тохиолдолд гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохирсон бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг нэгэн адил дуусгавар болно" гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний уг заалт тухайн харилцагчийн санхүүгийн байдал нь зээлийн гэрээний хувьд ач холбогдолтой нөхцөл байдал байдаг. Харин гэрээний үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг ба хэрвээ зээлдэгчийн гэр бүл, бусад холбогдох этгээд өөрөө зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авах хүсэлтэй болоод зээлийг төлөх боломжтой байвал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, харилцан тохиролцож болно гэснийг зээлийн үүргээс тусдаа байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргийн хувьд тохиролцоогүй байна гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч Ж.Бэхмаа нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “өв залгамжилж барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна” гэж тус тус заасан. Ж.Бэхмаа өвлөх эрхээсээ татгалзаагүй буюу хөрөнгийг өвлөх хүсэлтэй боловч хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авахгүй байгаа тул барьцаалагчийн хувьд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Иймд “Хас банк” ХХК-ийн Ж.Бэхмаад холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037735, эрхийн гэрчилгээний ГД-000160113 дугаартай орон сууц буюу барьцаа, өвийн хөрөнгөөс 1030014838 дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй 28 675 163,56 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, өвлүүлэгчийн үүрэг шилжсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч ”Хас банк” ХХК нь хариуцагч У.Нэмэхбаяр, Ж.Бэхмаа, О.Уянга нарт холбогдуулан   барьцаа   хөрөнгөөр  зээлийн   гэрээний   төлөгдөөгүй   үлдэгдэл  төлбөр 28 675 163,56 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

“Хас банк” ХХК, иргэн У.Нэмэхбаяр нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №1030014838 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулаглаж, 25 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттайгаар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, У.Нэмэхбаярын өмчлөлийн  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь зээлдэгч У.Нэмэхбаяр нас барснаар барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгүүлэхээр түүний өвлөгч болох Ж.Бэхмаагаас шаардсан бөгөөд хариуцагч нь энэ зээлийг аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх зээлдэгч У.Нэмэхбаяр 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан байхад түүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нотариатчид гаргасан “Өв хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлт, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтаар зээлдэгч У.Нэмэхбаярын хууль ёсны өвлөгч болох эхнэр О.Уянга, хүү Н.Өрнөхбаяр нар зээлийн барьцаанд байгаа 2 өрөө орон сууцыг өвлөхөөс татгалзаж, түүний эх буюу хууль ёсны өвлөгч Ж.Бэхмаа уг орон сууцанд амьдарч байгаа уг орон сууц зээлийн барьцааны зүйл болох нь тогтоогдсон байна /хх-40-41/.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний зээлдүүлэгчийн эрхээс салгаж үл болох эрх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлагыг гаргаагүй байхад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

        Үндсэн зээлийн гэрээний үүргээс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх бөгөөд энэ тохиолдолд эхлээд өвлүүлэгчийн үүрэг шилжсэн эсэхийг тогтоож улмаар өвлөгчид шилжсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн зөв дүгнэлт хийж чадаагүй нь нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ зөв тодорхойлж чадаагүйгээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан шийдвэрлэх шаардлагатай байсан гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа зөв тодорхойлж шүүхэд гаргах эрх нь нээлттэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                                     ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА